| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.Б,
Өмгөөлөгч Э.Наранцацрал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ш.Р,
Өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн Б-ын Бд холбогдох 2028002380165 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ........ тоотод байрлах байшингийнхаа гадна 23-47 УАА улсын дугаартай “Toyota Noah” загварын автомашинаа жолоодож хөдлөхдөө 1 нас 3 сартай Г.Амин-Эрдэнийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Юуны өмнө энэ хэрэг болсонтой холбогдуулан А охин, түүний эх Р, гэр бүлээс нь уучлалт гуйж байгаагаа илэрхийлье. Би 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед ангидаа аж ахуйн ажил хийж байгаад штабын даргаас Гашуун сухайт хилийн боомт руу явж яаралтай засвар хийх ёстой гээд би өөрийнхөө хувийн машиныг бариад Оюутын .........-т байрлах өөрийнхөө гэрийн гадаа машинаа тавьчихаад, хариуцсан албан тушаалтан болох Хошууч Б, ахлах дэслэгч М нартай ямар засвар үйлчилгээ хийх талаар ярилцсан. Гэрийнхээ гадаа ирэхэд А охин манай гэрийн гадаа манай дүүгийн дугуйг оролдоод сууж байсан. Би тухайн үед дүүдээ айлын хүүхэд дугуйнд чинь даруулчих байх шүү, дугуйгаа ав, эсхүл айлын хүүхдийг аваачиж өг гэж хэлчихээд нөгөө хоёр хүнтэйгээ засвар хийх талаараа ярилцсан. Энэ талаар ярилцаад би 20-30 минутын дараа гэр рүүгээ ороод хоолоо идчихээд хувцсаа солиод гэрээсээ гараад машиндаа суух үедээ ард тал болон урд талаа харсан. Яагаад гэвэл миний машины баруун урд талд хүүхдүүд тоглож байсан учраас би урд тал ард талаа харчихаад хөдөлсөн. Энэ үед би А охиныг гэртээ орсон гэж бодож байсан. Урьд нь хөрш айл учраас А охин мөлхөөд юм уу алхаад 2 удаа орж ирж байсныг гэрт нь хүргүүлж байсан. Би энэ хүмүүсийг хүүхдээ авсан, эсхүл гэр рүүгээ орсон гэж бодсон учраас хөдөлсөн. Хөдлөх үед хажуугаас М орилсон. Орилох үед нь би зогссон. Зогсоод би хүүхдийг хойд талын хоёр дугуйны голоос авсан. Тэвэрч аваад гэр рүү нь ороход Р, нөхөр Г, А гээд гурван хүн гэртээ байсан. Р хувцсаа угаагаад гэртээ байж байсан. Г, А 2 пиво уугаад сууж байсан. Сэтгэл санааны байдлаас болоод уурлаад эвгүй үг хэлсэн. Миний бие, Р, охин, А, Г гээд таван хүний бүрэлдэхүүнтэй эмнэлэг явж анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээг авсан. 1 хоног Өмнөговь аймгийн эмнэлэгт эмчлүүлээд, эмчилж байсан эмч болон түргэний машинтай явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин дараагийн шатны эмчилгээг хийлгэсэн. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэх Ш.Р шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэгт хохирсон А миний өөрийн охин. Одоо 1 нас 7 сартай. Энэ гэмт хэрэг гарах үед миний охин 1 нас 3 сартай байсан. Хавтаст хэрэгт авагдсан 488 тоот шинжээчийн дүгнэлтээр миний охины биед нь зүүн чамархай яс, суурь яс, зүүн хацрын нум, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, нүүр, дух, зүүн чамархайд зулгаралт, зүүн хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Гэмт хэрэг гарах үед би ээлжийн ажлаасаа бууж ирээд гэртээ амралттай байсан. Охиныг 10 минутын өмнө хувцсыг нь өмсгөөд гэрээсээ гаргасан. А нь миний хүү Эрдэнэбат, охин Н, Но нартай дөрвүүлээ тоглох гээд гарсан. Н ахыгаа дуудах гээд цаашаа явсан юм байна лээ. Эгч Но-тэйгээ айлын хажууд байж байгаад машин доор байсныг энэ хүн мэдэхгүй хөдөлсөн байна. Би юмаа угаагаад зогсож байхад Б гаднаас миний хүүхдийг тэвэрч орж ирээд уучлаарай, хүүхдийг чинь дайрчихлаа, машин доогуур байсныг мэдсэнгүй гэж хэлсэн. Би юу болов гээд орилоод тавчигчгүй гараад машинд суугаад явсан. Машинд явж байхад манай охин дуугарч чадахгүй байсан. Би охиныгоо дуудсаар байгаад эмнэлгийн хашааны гадаа очсон. Бид нар хашаа давж орсон. Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт миний охин нэг хоног эмчлүүлээд, хоорондоо ярилцаад, хот руу явж эмчлүүлэх, оношилгоонд орох шаардлагатай гэснээр 08 дугаар сарын 19-ний үдээс хойш аймгийн машинтай, эмчтэй, би охинтойгоо явсан. Энэ хэд миний араас өөрсдийн машинаар манай нөхөр, хүүхдүүдтэй хамт ирсэн. Шөнө гуйгаад Гэмтлийн эмнэлэгт шууд 6 хоног хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байх үед 2 хоног хэвтсэний дараа хүүхдийн цусан хуралтыг шимэгдүүлэх эмчилгээ хийнэ, хагалгаанд орохгүй гэсэн учир үргэлжлүүлээд 4 хоног хэвтсэн. 08 дугаар сарын 19-нөөс 25-ныг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан. Эмч нь нүдний хараа муудах, сонсгол муудаж магадгүй тул Эх нялхас юм уу хувийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Бид нар хувийн эмчийг сонгохгүй, улсын эмчийн хяналтад байя гэсний үндсэн дээр Эх нялхаст очиж, номер дугаар авч оочирлож явсаар байгаад чих, хамар, хоолой, нүд, мэдрэлийн эмчид үзүүлсэн. Мэдрэлийн эмч үзээд хэвт гэж хэлсэн. Эх нялхаст 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. 09 дүгээр сарын 14-нд давтан шинжилгээ хий гээд Гурван гал эмнэлгээр зураг авахуулаад давтан хамар хоолойн эмчид үзүүлсэн. Бас нүдний эмчид үзүүлсэн. Хотоос 09 дүгээр сарын 20-ны өдөр ирээд байж байхад хол замд явснаас болоод 27-ны шөнө түргэнд очиж, яаралтай тусламж үзүүлээд, 28-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. 4 хоног эрчимт эмчилгээ хийлгээд, 5 хоног гэрээр эмчлүүлсэн. 10 дугаар сарын 21-нд миний охин дагзаа маажиж уйлаад байхаар нь шөнө эмнэлэгт үзүүлсэн. Би Б-д хэлсэн. Эхнэрт нь байнга утсаар хэлдэг байсан. Өөрсдөө над руу залгадаггүй байсан. Тэр өдөр үзүүлэхэд ЭХО-д харуулсан. Хүүхдэд чинь яарч хагалгаа хийхгүй, шимэгдүүлэх эмчилгээ хийнэ гэсэн. Бид нар шимэгдүүлэх эмчилгээг нь давтан 11 дүгээр сарын 02-ноос 07-ныг хүртэл курс эмчилгээ хийсэн. 12 дугаар сарын 22-нд дахиад унтаж болохгүй эмнэлэгт очиж, Зөвлөх эмчид үзүүлсэн. Эмч хэвтэхгүй бол болохгүй нь гээд одоо эмнэлэгт эмчилгээ хийлгээд байж байгаа. 12 дугаар сарын 24-ний өдөр өчигдөр эмнэлэгт хэвтсэн. Гомдолтой байна. Миний охины биед хүнд гэмтэл учруулсан. 09 дүгээр сарын 23-наас хойш надтай дахиж холбоо бариагүй, миний хүүхдийн биеийг асуугаагүй. Утсаар нэг удаа ч яриагүй. Би энэ хүмүүсийн гэрт дахин дахин ороод манай хүүхэд өвдөөд байна гээд хэлээд байгаагүй. Өөрсдөө санаачилгаараа ярих байх гэж бодсон, гэтэл ганц удаа ч яриагүй. Манай ангиар боловсон хүчинд шүүх хурал дуусахаар би энэ хүмүүстээ дахин ажиллаж чадахгүй нь, гэр бүлийн хамтаар Боомт руу шилжмээр байна гэж хэлсэн байсан. Бид нар байнга мөнгө нэхэж, дарамталж, янз бүрийн асуудал үүсгэж байгаагүй. Эмчийн бичиж өгсөн жорын дагуу мөнгө авч байсан. Тэгэхэд байнга мөнгө нэхэж дарамталж байна, 2,000,000 төгрөг өгсөн гэж ангиар ярьж, нэр төр унагасан байсан. Би энэ асуудалд их гомдолтой байна. Нэг газар ажилладаг хүмүүс ах, дүү нар шигээ бодсон. Эхнэртэй нь ярьдаг байсан. Сүүл рүүгээ асуухаа ч болсон. Нийт осолд орсноос хойш энэ хүмүүсээс 2,647,200 төгрөг дансаар авсан. Бэ-с дансаар 566,850 төгрөг авснаас эм тариа авсан, баримтыг нь өгч байсан. 120,000 төгрөгийг ойр зуур хэрэглэсэн. Тухайн үед эм тариа хэрэгтэй гэхэд бага багаар шилжүүлсэн мөнгө нь. 2,000.000 төгрөг нь 10 дугаар сарын 08-нд шилжиж орж ирсэн. Энэ мөнгийг өгөхдөө эм тариандаа хэрэглээд байж бай, цаашаа шаардлагатай мөнгийг өгнө гэж утсаар хэлсэн. Үүнээс 514,250 төгрөг эм тарианд, 263,418 төгрөг шатахуунд, бусад зардалд 129,720 төгрөг, өмгөөлөгч 500,000 төгрөг, нийт 1,407,388 төгрөг зарцуулсан. 2,000,000 төгрөгөөс 592,612 төгрөг үлдсэн байгаа. 6,000,000 төгрөг нэхэмжлэхдээ хууль зүйн зөвлөгөө аваагүй байсан болохоор гараараа бичиж өгсөн. Энэ нь хавтаст хэргийн 65-66 дугаар хуудсанд байгаа. Эмч эмнэлгээс гарахад курс эмчилгээ бичиж өгсөн. Хурсан цусыг нь шимэгдүүлэх, тархи толгойн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр курс эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод бичсэн. Тухайн үед шаардлагатай уух эмийг нь буюу дандаа 3 сар 45 хоног тасралтгүй уух эм байсан. Жишээ нь тархины усан хаван хөөх, цусыг шимэгдүүлэх эмийг 3 жил хэрэглэх шаардлагатай гэх эмчийн зөвлөмж байгаа. Сорвины тос 1 жил 6 сар хэрэглэнэ. Чийгшүүлэгчтэй тос байгаа. Мөн нянгийн эсрэг саван, сорвины тос нь нийлээд 118,000 төгрөг болж байгаа. Сорвины тос нь 15 грамм учир сард 2 удаа хэрэглэж байгаа. Гэхдээ би сард 2 удаа хэрэглэгдэхээр биш үндсэн үнээр нь бодоход 1 жил 6 сарын хэрэглээ нь 2.124.000 төгрөг болж байгаа. 1 сарын хэрэглээний мөнгө болох 118,000 төгрөг авсан. Сорвины тосонд зөвхөн 2,006,000 төгрөг нэхэмжилсэн. Үлдсэн мөнгөнд нь хот руу явж эмчийн хяналтад ороход хэрэглэх замын зардал болон бусад зардлыг нь шингээсэн. Цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 6,000,000 төгрөгөөс авсан мөнгөнүүдээ хасаад 5,070,868 төгрөг өнөөдрийн байдлаар нэхэмжилж байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ш.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 11 цагийн үед манай 12 настай том хүү Эрдэнэбат, 9 настай охин Н, 4 настай охин Но, 1 нас 4 сартай бага охин А нарын хамт гадаа тоглохоор гараад удалгүй 5 гаран минутын дараа 4 настай охин Но гэдэг охин гэрт машин гэх зэрэг зүйл хэлээд орилоод байсан. Араас нь манай ангид томилогдоод удаагүй дэслэгч Б гэдэг залуу манай бага охин Амин-Эрдэнийг тэвэрчихсэн машин доогуур байсныг анзааралгүй би машинаараа дээгүүр нь гарчих шиг боллоо гээд сандарчихсан ороод ирсэн. Би охиноо хартал толгойн хэсгээс нь цус гоожсон зулгарсан ухаангүй байдалтай байхаар нь Б, манай нөхөр Г бид гурав Б-ийн авто машинаар эмнэлэг явахаар гартал манай бага охин А-тэй хамт тоглож байх ёстой манай хоёр том хүүхдүүд ойр орчимд харагдаагүй. Тэгээд би хүүхдүүддээ хэлж амжаагүй шууд эмнэлэг рүү явсан... Манай охин байнгын асаргаанд байгаа. Эмч хэлэхдээ амь насанд нь ямар нэгэн аюул байхгүй, гам бариад гэрээрээ эмчилгээгээ хийлгээд яваад байгаарай гэсэн зөвлөгөө өгсөн. Яваандаа нүдний хараа муудах, сонсгол муудах шинж тэмдэг илэрч магадгүй тиймээс хүүхдээ сайн ажигла гэж хэлсэн. Би хэдэн төгрөгийн эмчилгээний төлбөр тооцоо гарсныг нь мэдэхгүй байна, замын зардал эм тарианы мөнгийг нь Б бүгдийг нь гаргасан... Цаашид гарах эмчилгээ болон эм тарианы зардал мөнгийг нь шийдчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өнөөдөр эхнэр Р, 12 настай том хүү Эрдэнэбат, 9 настай охин Н, 4 настай охин Но, 1 нас 3 сартай бага охин А нарын хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын хилийн цэргийн 0131 дүгээр ангийн урд талд байх ..................... тоот гэртээ амарч байсан. 11 цаг өнгөрч байхад манай 4 хүүхэд гадаа тоглохоор гараад удалгүй 10 орчим минутын дараа манай ангид 1 сарын өмнө томилогдсон дэслэгч Б гээд манай хажуу айлын залуу манай бага А-ийг тэвэрчихсэн машин доогуур байсныг анзааралгүй би машинаараа дээгүүр нь гарчихлаа гээд сандарчихсан ороод ирсэн. Би охиноо хартал толгойн зүүн дээд талаас нь цус гоожсон, зулгарсан байдалтай байхаар нь Б, манай эхнэр Р бид гурав Б-ийн авто машинаар эмнэлэг явахаар гартал манай бага охин А-тэй хамт тоглож байх ёстой манай хүүхдүүд ойр орчимд харагдаагүй. Би хүүхдүүддээ хэлж амжаагүй шууд эмнэлэг рүү явсан... Нэг газар хамт ажилладаг юм чинь миний хүүхдийн эмчилгээний зардал, мөнгийг төлөөд биеийн байдал нь хэвийн болчихвол надад нэг их гомдоод байх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 06 цагт босч Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ажилчдын байрны гадна хашааг хийж байгаад 11 цаг нэлээн өнгөрч байхад гэр рүүгээ алхаад явж байхад манай гэрийн чанга урд талд байх Б өөрийнхөө Оюут 4-5-2 тоотын байшингийнхаа хажуунаас өөрийнхөө “Toyota Noah” загварын авто машинаа асаагаад хөдөлж эхлэхэд нь Б-ийн авто машины доор нь жоохон хүүхэд мөлхөж байсан. Би Б рүү хөөе гээд орилоод гараа өргөсөн. Тухайн үед Б машиныхаа зүүн ард талын дугуйгаараа дээгүүр нь гарчихлаа гэж харсан. Тухайн үед сандарчихсан байсан болохоор буруу ч харсан байж магадгүй. Б машинаасаа буугаад тэр хүүхдийг тэвэрч Гийн гэр рүү ороод эмнэлэг явсан... Би харахад хүүхэд урд болон хойд дугуйны яг харалдаа голд нь мөлхөөд явж байсан. Тухайн үед машин доогуур нь нэвт харагдаж байсан. Тэр хүүхдийн ойр орчимд ямар ч хүүхэд харж байсан хүн байхгүй хараа хяналтгүй явж байсан. Тэгээд ямар сайндаа Б хүүхдийн тэврээд гэр рүү нь ороход ээж, аав хоёр нь гэртээ байж байсан. Б машинаа асаагаад 1-ээс 2 метр л явсан байх.” /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг 30 минутын үед босоод цай ундаа уучихаад өөрийнхөө эзэмшлийн 23-47 УАА улсын дугаартай “Toyota Noah” загварын авто машинаа унаад ажил дээрээ очиж ажлаа хийж байтал намайг хилийн 8 дугаар застав буюу Ханбогд сумын Гашуун сухайт боомтын авто замын шалган нэвтрүүлэх постын камерын системийг засах үүрэг аваад тухайн өдрийнхөө 11 цаг 20 минутын үед ангиас машинаа унаж гараад ангийн хажууд байх ................ тоот гэр рүү явж гэрийнхээ үүдэнд машинаа тавьчихаад ажилчдын байрны гадна хашаа хийж байсан Мтэй уулзаж хилийн боомтод засвар хийх талаар 15-аас 20 орчим минут ярилцаж байхад А охин ганцаараа гэрийн үүдэнд байсан. Манай дүүгийн унадаг дугуйг оролдоод байхаар нь би дүүдээ дугуйнд чинь хүүхэд дарагдах гээд байна дугуйгаа оруул гэж хэлчихээд гэр рүүгээ орсон. Би гэртээ 15-аас 20 орчим минут хүүхдэдээ хоол идүүлээд, өөрөө мөн хоолоо идчихээд боомт явах бэлтгэл ажлаа хангаад хувцсаа сольчихоод гэрээс гараад машиныхаа ард талыг харчихаад урдуур нь тойроод суусан учир тухайн үед миний машины баруун талд ойролцоогоор 4 билүү 5 бага насны хүүхдүүд тоглож байсан. Би машиндаа суугаад машинаа асаагаад 2 цонхоо нээгээд хөдөлгөөн үйлдээд 1-ээс 2 шахуу метр урагшаа хөдөлж байтал М миний баруун хойд талаас муухай хашхирахаар нь би машинаа зогсоогоод машинаасаа буутал М айлын хүүхэд дайрчихлаа гэж орилохоор нь би машиныхаа хойд тал руу гүйгээд очтол А охин миний машины хойд буферны харалдаа доошоо харсан байдалтай ямар ч дуугүй хэвтэж байхаар нь би хүүхэд дайраад алчихлаа гэж их айгаад шууд тэврээд Гийн гэр рүү гүйгээд орсон чинь манай хилийн албаны орчуулагч ахмад А, А охины аав хошууч Г хоёр пиво уугаад сууж байсан. Харин эхнэр Р хувцас угааж байсан. Би тухайн нөхцөл байдалд их уурлаад шууд хүүхдээ харж байхгүй юугаа хийж байсан юм бэ гээд Г, Р, А нарын хамт миний машинтай А охиныг аваад Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явсан. Ойролцоогоор 1.000.000 гаран төгрөгийн эмчилгээний зардал, замын зардал, бусад зардлыг оруулаад төлсөн. Би Г, Р нараас ямар нэгэн мөнгө гаргуулаагүй, хэлсэн бүгдийг нь авч өгсөн гэж бодож байгаа... Би өөрийн биеэр Г, Р нартай хамт өөрийн хувийн авто машинаар Гэмтлийн эмнэлэгт томографын шинжилгээ өгөөд 3 хоног эмчилгээ хийлгэхэд эмнэлгээс биеийн байдал нь одоо зүгээр, эмнэлгээс гарч болно гэсэн. Тэгсэн чинь Гийн ар гэрийнхнээс эмч нартай ярилцаж дахиж 2 хоног сунгаж нийт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд “Мөнгөн гүүр” гэдэг хувийн эмнэлэгт очиж Монгол Улсын гэмтлийн зөвлөх эмч Х гэдэг хүнд хохирогч охиныг үзүүлж эмчилгээ болон цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөгөө авсан. Их нялхас эмнэлэгт очиж 7 хоног хэвтэж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн. Дараа нь “Гурван гал” эмнэлэгт очиж тодосгогчтой шинжилгээ хийлгээд ерөнхийдөө биеийн байдал нь гайгүй одоо сорвины тосыг 1 жил 6 сар түрхэнэ, өөр дархлаа сэргээх нэмэлт амин дэмүүд хэрэгтэй гэж би ойлгосон. Түүний дараагаар бид нар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирсэн. Хэдийгээр санамсар болгоомжгүй ч гэсэн би А охины биед хохирол учруулсандаа их эмзэглэж харамсаж байна. Миний анхаарал болгоомжгүй байдлаас болж энэ хэрэг гарлаа. Би гэмшиж байна. /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/
Мэргэжилтэн Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг. Би дээрх дуудлагад очсон. Хүүхэд машинд дайрагдсан гэх газар нь Хилийн 0131 дүгээр цэргийн ангийн ажилчдын айлуудын дунд ямар нэгэн тээврийн хэрэгслийн замгүй газарт ............... тоот айлын гадаа болсон байсан тул зам тээврийн осол гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослыг зам дээр болсон байхыг хэлсэн байна. Зам гэдгийг мөн хуулийн 3.1.4-т зааснаар тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж тодорхойлсон байна. /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 488 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.А-ийн биед зүүн чамархай яс, суурь яс, зүүн хацрын нум, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал. Зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа. Нүүр, дух, зүүн чамархайд зулгаралт, зүүн хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/
Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1041 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/
Хилийн 0131 дүгээр ангийн баримт бичгийн шалгагч, дэслэгч Б-ын Б-ийн ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 57-62, 130-133 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,
Бага насны хохирогч Г.А-ийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас/
Бага насны хохирогч Г.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/
Эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 134-151 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ........ тоотод байрлах байшингийнхаа гадна 23-47 УАА улсын дугаартай “Toyota Noah” маркийн автомашинаа жолоодож хөдлөхдөө 1 нас 3 сартай Г.А-ийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас 1 нас 3 сартай А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөрт цаашид гарах эмчилгээний зардалд 5,070,868 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн буруутай ажиллагаа байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэсэн. Учир нь 1 нас 3 сартай бага насны хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр гадаа тоглуулж байсан хайхрамж, болгоомжгүй үйлдэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд байсан. Гэвч шүүгдэгч Б нь автомашинаа хөдөлгөхдөө урд, хойдхоо харсан гэж байгаа боловч бага насны хүүхэд гадаа тоглож байх гэрийнхээ гаднаас машинаа хөдөлгөхдөө доогуур нь харж үзээгүй, болгоомжгүй байдлаар энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Ийм учраас шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэх дүгнэлтийг гаргав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг нэг талдаа жолоочийн буруутай үйлдэл, нөгөө талдаа хохирогчийн эцэг, эхийн буруутай үйлдэл байгаа, үр хүүхдээ хараа хяналтдаа байлгаагүй гэх 2 байдлаар улсын яллагч тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн зүгээс үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь 100 хувь жолоочийн үүрэг, хариуцлага, болгоомжгүй нөхцөл байдлаас зам тээврийн осол гарсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тэр дундаа тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг бусдад учруулсан нь 100 хувь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас гарсан гэж үзнэ. Хохирогч болон хохирогчийн эцэг, эхийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Учир нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтуудаас хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэргийн 9, 11 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Бүдүүвч зурган дээр харагдах байшинд тулгаад машинаа тавьсан байгаа байдал нь хэний буруутай үйл ажиллагаа вэ? хүүхэд байшингаасаа хол явахгүй байгаа нь нэг талдаа тухайн хүүхэд гэрээсээ хол явдаггүй нөхцөл байдлыг харуулж байна гэж үзэж байгаа. Жолооч тээврийн хэрэгслээ байшинтай тулгаж тавиагүй бол өнөөдөр осол болох уу үгүй юу гэдэг байдлаас харахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж өмгөөлж хамгаалж тайлбарламаар байна. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байна. Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэсэн зүйл анги байдаг. Энэ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учруулсан гэж гэмт хэргийн шинжийг зааж өгсөн байдаг. Мэргэжилтэн Түмэнжаргалаас энэ хэргийг зам тээврийн осол мөн үү, биш үү гэдгийг асуусан. Зам тээврийн осол гэдэг үг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд байхгүй, зам гэдэг үг байхгүй. Яагаад зам тээврийн осол мөн үү, замаар явж байгаад хүүхэд дайрсан уу гэх ганц асуулт асуугаад байгаа юм. Энэ өрөөсгөл ойлголт. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэх ерөнхий ухагдахуунаар энэ зүйл ангийг тодорхойлоод өгчихсөн. Мэргэжилтнээс зам тээврийн осол мөн үү гэж асуухын оронд авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж үү, ашиглалтын журам зөрчигдөж үү гэх асуултыг асуусан бол энэ зүйл ангиар зүйлчлэгдэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актын хэм хэмжээ зөрчсөний улмаас гэж байдаг. Зам мөн үү, биш үү гэдэгт маргахгүй. Зам гэх тодорхойлолтыг мэргэжилтэн үнэн хэлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д зам гэж юу байдгийг тодорхойлсон. Б ямар дүрэм, журмын зөрчсөн бэ гэхээр Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан зүйл заалт нь замын хөдөлгөөний дүрэм гэх зүйл зөрчсөн гэж хэлэх гээд байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-т хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх гэсэн ерөнхий ухагдахуун байгаа. Энэ дүрмийн 10.1-т жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр өөрчлөх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана гэж байгаа. Энэ заалтыг Б зөрчсөн гэж үзэж байна. Замтай холбогдсон зүйлийг яриагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэргийн шинжийг агуулж байна. Тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдалгүй газрыг сонгож зогсох, буцаад хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг бий болгож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгана гэж байгаа. Биеэр шалгасан нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар Б-ийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хасдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх хасах нь 2 жил байдаг. 1-3 жилийн эрх хасах ял нь хугацааны хувьд хүндэрч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 6 сараас 3 жилийн хорих ялтай бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хугацааны хувьд адилхан. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2.700 нэгжээс 14.000 нэгжээр торгох буюу нийгмээс тусгаарлахгүй байдлаар хөнгөрүүлсэн торгох ялын санкцитай. Хэргийн зүйлчлэлийг тохирохгүй байна гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах ял шийтгэлтэй зүйл анги руу оруулахаар маргаж байгаа учраас Бд холбогдох эрүүгийн хэргийг Прокурорын газарт буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Учир нь миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэм буруутай байдлаа тууштай мэдүүлсээр ирсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг учир хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн зүгээс гэмт хэрэг гарахад буруутай зүйл байхгүй талаар тайлбарлаж хэлж байна. Энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгчийн хайхрамж, болгоомжгүй байдал нөлөөлсөн. Мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл маргаагүй. Машиныхаа доогуур харсан бол ийм зүйл болохгүй байсан гэх байдлыг шүүгдэгч мэдүүлсээр ирсэн. Хэргийн бодит байдлыг харахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж харагддаг. 1 нас 3 сартай хүүхдийг ямар ч хараа хяналтгүй явуулж байна гэдэг нь үнэхээр аймшиг, 4 хүүхэдтэй эцэг эхийн хариуцлага маш сул байсан учир энэ хэрэг гарлаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд Б-ийн зүгээс 3,000,000 төгрөгийг төлсөн, үүнд маргах зүйл байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлж байгаагаар дансаар авсан мөнгө нь нэг их зөрүүтэй гардаггүй. 139,000 төгрөгийн хувьд өөрөө авч өгсөн гэдэг утгаар хохирол төлбөрт орж тооцогдоод явж байгаа. Шүүгдэгч Б-ийн хувьд гэм буруутай байдалдаа гэмшиж, харамсаад, эмнэлгийн тусламж яаралтай авч, хүүхдийн эрх ашиг хохирсон учраас ажлаа орхиод, гэр бүлийнхээ хүнтэй Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд шаардлагатай эмчилгээ, шинжилгээг цаг алдалгүй хийлгэснээс хүүхдийн биеийн эрүүл мэндийн байдал дээрдсэн гэж үзэхээр байгаа. Хохирол төлбөрийн хувьд 2,000,000 төгрөг бэлнээр өгөөд, Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт эмчлүүлсэн зардал 1,000,000 орчим төгрөг гарсан гэдгийг тайлбарлаад биччихсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүх хурлын өмнө гаргаж өгсөн нотлох баримтаар 2,000,000 төгрөгөөс 1,407,388 төгрөгийн зардал гараад, үлдэгдэл нь 592,618 төгрөг байгаа. Энэ мөнгөөр өчигдөр хүүхэд эмнэлэгт хэвтсэн тул эмчлүүлнэ гэх талаар ярьж байгаа. Баримтад өмгөөлөгчийн хөлсийг оруулж тооцсон байдаг. Урсгал зардал, шатахууны болон эм тарианы мөнгө нь нийлээд 900,000 гаруй төгрөг болсон гэх тайлбарыг хэлдэг. Өмгөөлөгчийн зардлыг бодит хохирол гэж хуульд үздэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийн хөлс, төлбөртэй холбоотой мөнгийг нотлох баримтаар тооцохгүй гэсэн хуулийн заалт байдаг. Энэ нэхэмжилж байгаа 500,000 төгрөгийг эмчлүүлсэн гэж нэмж нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаж тооцуулах саналтай байна. Нэхэмжилж байгаа 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэргийн хүрээнд Болд-Эрдэнийг хохирол төлбөргүй байна гэж үзэж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Хүүхэд хүнд гэмтсэн учраас хүүхдийн эрх ашгийн төлөө ингээд орхихгүй, ямар ч байсан эмчилгээтэй холбоотой зардал гарвал төлнө гэсэн байгаа. Өмнө нь ч 2,000,000 төгрөг өгөхдөө энэ мөнгийг зарцуулж бай, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид утсаар хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардалд 5,070,668 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эмчлүүлэх талаар ямар нэгэн эмчийн бичиг байхгүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гараар бичиж байгаа эм тариаг хийх шаардлагатай эсэхэд эргэлзэж байгаа учраас одоо нэхэмжилж байгаа мөнгийг шүүхийн шатанд төлөх боломжгүй гэх өмгөөлөгчийн байр суурьтай байна. Цаашид гарах зардалд ямар нэгэн маргаан байхгүй, төлнө гэж үзэж байгаа. Баярмаа өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт хэрэг гэж хэлж байна. Хавтаст хэргийн хүрээнд зам тээврийн осол мөн үү гэдэгт мэргэжилтнээс мэдүүлэг авсан. Замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэхгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хамаарахгүй гэх зүйлийг мэргэжилтэн мэдүүлсэн байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т зам гэдэг тодорхойлолт байдаг. Зам тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан зурвас газрыг зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж тодорхойлсон. Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг ойлгоно гэж байгаа. Мөн зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-д замын хөдөлгөөнд оролцогч гэж замаар явж байгаа жолооч тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг гэж, мөн хуулийн 3.1.8-д Замын хөдөлгөөнд оролцогч зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг, 3.1.11-т явган зорчигч гэж явган яваа зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж замаар яваа хүнийг ойлгоно гэж тус тус заасан байдаг. Энэ дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна гэх мэргэжилтний мэдүүлэг үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох ёсгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа учир улсын яллагчаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу өөрчилж, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.
Учир нь: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна.”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7-д “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг” ойлгохоор тус тус хуульчилсан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдэлд дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих гэмт хэрэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийг дүрмийн дээрх зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан зурвас газар, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас бүхий зам дээр зам тээврийн осол гаргасан тохиолдолд энэхүү гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байх бөгөөд энэ хэргийн хувьд эдгээр нөхцөл байдал үгүйсгэгдсэн болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ........ тоотод байрлах байшингийнхаа гадна 23-47 УАА улсын дугаартай “Toyota Noah” загварын автомашинаа жолоодож хөдлөхдөө 1 нас 3 сартай Г.Амин-Эрдэнийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Р-ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 11 цагийн үед манай 12 настай том хүү Эрдэнэбат, 9 настай охин Н, 4 настай охин Но, 1 нас 4 сартай бага охин А нарын хамт гадаа тоглохоор гараад удалгүй 5 гаран минутын дараа 4 настай охин Но гэдэг охин гэрт машин гэх зэрэг зүйл хэлээд орилоод байсан. Араас нь манай ангид томилогдоод удаагүй дэслэгч Б гэдэг залуу манай бага охин Амин-Эрдэнийг тэвэрчихсэн машин доогуур байсныг анзааралгүй би машинаараа дээгүүр нь гарчих шиг боллоо гээд сандарчихсан ороод ирсэн...” /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, гэрч А.Г-ийн “... 11 цаг өнгөрч байхад манай 4 хүүхэд гадаа тоглохоор гараад удалгүй 10 орчим минутын дараа манай ангид 1 сарын өмнө томилогдсон дэслэгч Б гээд манай хажуу айлын залуу манай бага Амин-Эрдэнийг тэвэрчихсэн машин доогуур байсныг анзааралгүй би машинаараа дээгүүр нь гарчихлаа гээд сандарчихсан ороод ирсэн. Би охиноо хартал толгойн зүүн дээд талаас нь цус гоожсон, зулгарсан байдалтай байхаар нь Б, манай эхнэр Р бид гурав Б-ийн авто машинаар эмнэлэг явахаар гартал манай бага охин А-тэй хамт тоглож байх ёстой манай хүүхдүүд ойр орчимд харагдаагүй. Би хүүхдүүддээ хэлж амжаагүй шууд эмнэлэг рүү явсан...” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, гэрч Б.М-гийн “...Өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 06 цагт босч Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ажилчдын байрны гадна хашааг хийж байгаад 11 цаг нэлээн өнгөрч байхад гэр рүүгээ алхаад явж байхад манай гэрийн чанга урд талд байх Б өөрийнхөө Оюут 4-5-2 тоотын байшингийнхаа хажуунаас өөрийнхөө “Toyota Noah” загварын авто машинаа асаагаад хөдөлж эхлэхэд нь Б-ийн авто машины доор нь жоохон хүүхэд мөлхөж байсан. Би Б рүү хөөе гээд орилоод гараа өргөсөн. Тухайн үед Б машиныхаа зүүн ард талын дугуйгаараа дээгүүр нь гарчихлаа гэж харсан. Тухайн үед сандарчихсан байсан болохоор буруу ч харсан байж магадгүй. Б машинаасаа буугаад тэр хүүхдийг тэвэрч Гийн гэр рүү ороод эмнэлэг явсан...” /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, мэргэжилтэн Т.Түмэнжаргалын “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг. Би дээрх дуудлагад очсон. Хүүхэд машинд дайрагдсан гэх газар нь Хилийн 0131 дүгээр цэргийн ангийн ажилчдын айлуудын дунд ямар нэгэн тээврийн хэрэгслийн замгүй газарт ................... тоот айлын гадаа болсон байсан тул зам тээврийн осол гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослыг зам дээр болсон байхыг хэлсэн байна. Зам гэдгийг мөн хуулийн 3.1.4-т зааснаар тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж тодорхойлсон байна. /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 488 дугаартай Г.А-ийн биед зүүн чамархай яс, суурь яс, зүүн хацрын нум, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, нүүр, дух, зүүн чамархайд зулгаралт, зүүн хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Болд-Эрдэнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас 1 нас 3 сартай Г.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй хэлбэрээр учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Рд эмчилгээний төлбөрт дансаар 2,696,125 төгрөг /хавтаст хэргийн 90, 91, 97, 100, 104/, өөрөө авч өгсөн эмийн төлбөрт 48,925+2,565+49,500+16,060+11,700=134,750 төгрөг, /хавтаст хэргийн 89 , 92, 93, 94, 96/ нийт 2,830,875 төгрөгийг нотлох баримтгүйгээр төлсөн байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс цаашид гарах эмчилгээнд зориулж 6,000,000 төгрөг нэхэмжилснээс /хавтаст хэргийн 65-66/ шүүгдэгчийн өгсөн дээрх мөнгөөр авсан эм болон автомашины түлш, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болох 929,132 төгрөг хасаж, үлдэх 5,070,868 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Учир нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй байхаар заасан хуулийн зохицуулалт болон хохирогч Г.А-ийн биед учирсан зүүн чамархай яс, суурь яс, зүүн хацрын нум, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, нүүр, дух, зүүн чамархайд зулгаралт, зүүн хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал зэрэг амь насанд аюултай гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарахаар дурдсан шинжээчийн 488 дугаартай дүгнэлт, хүнд гэмтэлтэй холбоотойгоор урт хугацаагаар сорвины болон чийгшүүлэгч тос, нянгийн эсрэг саван, хүүхдийг асарч сувилах, хордлого тайлах эмчилгээ хийлгэх, байнгын эмчийн хяналтад байлгахыг зөвлөж эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл болон амбулаториор эмчлүүлэгсдийн картанд бичигдсэн тэмдэглэгээ зэргийг тал бүрээс нь харгалзан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Р нь шүүгдэгчээс өмнө эмчилгээнд зориулж авсан төлбөрт өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг оруулан тооцож авсан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн оролцогчдын мэдүүлгээр тогтоогдсон тул уг зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмнөх төлбөрөөс бус, цаашид гарах дээрх эмчилгээний төлбөр болох 5,070,868 төгрөгнөөс хасаж, үлдэх 4,570,868 төгрөгийг шүүгдэгч Б.Б-эс гаргуулахаар шийдвэрлэв.
Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах нь тухайн хүний өөрийнх нь хүсэл зоригтой холбоотой асуудал тул зайлшгүй гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохгүй юм.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчид эмчилгээ хийлгэхээр хот руу автомашинаар авч явахад түлшний төлбөр гэж бусдад 200,000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг мөнгийг төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Р нь хохирогчийг цаашид дээрх гэмтэлтэй холбоотойгоор дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжилж болохыг дурдаж, уг эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Б.Б нь завсарлага авч, шүүхээс тогтоосон 4,570,868 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Рд төлж барагдуулсан болох нь оролцогчдын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт биелэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас 1 нас 3 сартай хохирогч А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хохирол төлбөрт шүүхээс шийдвэрлэсэн хэмжээгээр буюу 4,570,868 төгрөгийг шүүх хуралдааны завсарлагаар шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ: Шүүхээс Болд-Эрдэнийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарлаа. Үүнд тусгайлан гаргах зүйл байхгүй. Шүүхээс оногдуулах ялын хувьд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тусгайлан шүүхэд гаргах саналгүй. Гэхдээ өнөөдөр хүүхдэд амь насанд аюултай гэмтэл учирсан. Хүн чА гаргаад, эргэх холбоотой байгаасай гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Улсын яллагчаас оногдуулах ялын хувьд тусгайлан дэмжих зүйл байхгүй. Шүүгч өөрийнхөө эрх хэмжээнд ял оногдуулах байх гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Нэгэнт миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас дүгнэлтээ хэлнэ. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Бусдад учруулсан хохирол төлбөрөө шүүхийн шатанд төлж барагдуулсан зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас миний үйлчлүүлэгчид улсын яллагчаас санал болгосон 1 жилийн хорих ялыг заавал нийгмээс тусгаарлалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох болон хорих ялын санкцитай. Миний үйлчлүүлэгчийн хувьд торгох ялыг авахаас илүү хохирогчийн төлбөрт энэ мөнгө зарцуулагдаж байвал дээр гэж үзээд тэнсэж өгнө үү гэх байр суурьтай байна. Б-ийн хувийн байдлын хувьд залуу гэр бүл, одоо 1 нас 3 сартай бага насны хүүхэдтэй. Хүүхдээ тэжээн тэтгэх, ажил амьдралаа залгуулах гээд маш хариуцлагатай гэр бүл гэж хардаг. Цаашдаа хохирогчтой эргэх холбоотой байна. Хүүхдийн асуудал учир залуу хүний хувь ухамсаргүй хандлага гаргахгүй байх гэж хэлэхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлээд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Бо-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.
Б.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан нийт 7,401,743 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Р-д төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай саналыг шүүх хүлээж аваагүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялтай хамт заавал хэрэглэхээр хуульчлахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрх зэрэг үндсэн 3 төрлийн эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хориглохоор байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан нь түүний мэргэжлийн үйл ажиллагаа, эрхэлсэн ажил, үүрэгтэй хамааралгүй байх ба харин тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэлтэй холбоотойгоор хохирогчийн эрүүл мэндэд дээрх хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан тул уг үйлдлийг хориглох зорилгоор шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Ийнхүү шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авах, тэнссэн 1 жилийн хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, “В” ангиллын 1067100 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгдэгч Б.Б-д тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, жолооны үнэмлэх хэрэгт хураагдаж ирээгүй, шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7,401,743 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овгийн Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, “В” ангиллын 1067100 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгдэгч Б.Бд тус тус даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, жолооны үнэмлэх хэрэгт хураагдаж ирээгүй, шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7,401,743 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс болох 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Р нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ