Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц,

Шүүгдэгч Б.Б,

Өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Б-ийн Бод холбогдох 2028000000183 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ......................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ..................... тоотын гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Л.Ц-ын зүүн бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би ажилдаа явах гэж байгаад болиод амаръя гээд амраад унтаж байхад манай хүн айлын ажил хийгээд ирье гээд гараад явсан. Өдөр нь би хэвтэж байгаад босоод эхнэр рүү утсаар ярихад зүгээр ажлаа хийж байна гэж ярьсан. Өдөр нь тэгж байж байгаад найзтайгаа гадуур гараад найзтайгаа таараад нэг юм авч уучихаад гэртээ амрах гээд ирэхэд манай хажуу айлын хүн байсан. Намайг Дулааны цахилгааны станцын ой болж байна гээд айраг уу гээд тэр айргийг уугаад согтсон байсан. Эхнэр рүүгээ хоёр гурван удаа залгаад ирэх болж байна уу гэхэд одоо очлоо гээд байсан. Харанхуй шөнө нохой ихтэй байхад ганцаараа ирэх байх гэж санаа зовоод дахиад нэг залгахад одоо очиж байна гэж хэлсэн. Нэлээн согтуу халамцуу байсан болохоор миний уур хүрээд юу хийгээд архи уугаад ганцаараа харанхуй шөнө яваад байгаа юм гэж хэлсэн. Эхнэр ирээд надад хэлсэн үгийг би одоо мартчихсан байна. Манай хуурай дүүтэй хамт ирэхэд нь маргаж муудалцаад ганц, хоёр цохилцоход манай эхнэр алга болсон байсан. Тэгээд гэр рүү оръё гэхэд эхнэр орохгүй гээд байсан. Тухайн үед айраг уусан байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Ийм асуудал болсон гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө би 08 цагт театрын барилга дээр ажиллаж байсан чинь Д гэж залуу хүйтрэхээс өмнө манай гэрт хувиараа шаврын ажил хийгээд өгөөч гэхээр нь би тэр ажлыг нь хийж өгсөн чинь Д надад хордлого тайлах 0.33 граммын “Хараа” нэртэй архи авч өгөхөөр нь би тэр архийг аваад А-ы гэрт очсон. Тэгсэн чинь А гэртээ байхгүй байхаар нь би А руу залгаад ирэх болж байна уу гэсэн чинь одоо очиж байна гэж хэлсэн. Би хүлээж байгаад А-ыг ирэхээр нь гэрт очиж 0.33 граммын архиа Болороо, А бид 3 хувааж уучихаад манай нөхөр Б намайг гэртээ дуудаад байхаар нь би А-аар гэртээ хүргүүлж очсон чинь хашаанаас Б гарч ирээд шууд миний зүүн гарын бугуй руу хутгалчихсан. Би Б-оос чи яаж байна гэхэд Б зугтаачихсан. Би дотор муухайраад байхаар нь Өмнөговь дэлгүүрийн гадаа очсон чинь түргэний машин тэнд ирсэн. Би хүрээд очсон чинь намайг хэвтэж бай гээд машиндаа хэвтүүлсэн. Миний бугуйг боогоод хурдан эмнэлэг орж оёдол тавихгүй бол болохгүй гээд намайг эмнэлэг аваад явсан. Би эмнэлэгт очоод 4 оёдол тавиулаад дусал залгуулаад хэвтсэн... Б манай нөхөр... Б согтуу байсан... Надад гомдол, санал хүсэлт байхгүй... Би гэртээ орчихоод буцаж гарах гэсэн чинь Б хаачих гээд байгаа юм гэхээр нь би зүгээр бай би жоохон гадаа гаръя гэж хэлээд гэрээс гарсан чинь миний зүүн гар руу халуу дүүгээд явчихсан. Тэгээд гэрээс гарч гүйгээд гар утсаараа А руу залгаад түргэн дуудаад өг гэсэн чинь түргэний машин дуудаж өгсөн. Би бодохдоо зүгээр бай гээд зүүн гараа хойш нь савахад Б-ын барьж байсан хутганд зүсэгдсэн байх гэж бодож байна. Манайх нэг эвхдэг хутгатай. Бас нэг заазуур байсан, гэхдээ тэр заазуураар мод зүсэж хагалдаг. Би нөхөртэйгөө сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар эдгэж бие зүгээр болсон. Ажлаа хийж байгаа учир санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 13-14, 17-18 дугаар хуудас/

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Ц эгч манайд ирчихээд нөхрийгөө өнөөдөр архи уучихсан одоо хүртэл уучихсан байна гээд надад хэлж байсан. Ц эгч манайхаас гараад айлд очиж барилгын шаврын ажил хийнэ гээд явсан. 17-18 цагийн үед намайг гадуур явж байхад Ц эгч манайд ирж байна намайг гэртээ байна уу? гэхээр нь би гадуур явж байна гэсэн чинь Ц эгч манайд ирчихсэн байна гэж хэлсэн. Би гадуур явж байсан чинь Ц эгч дахиад залгаад намайг ирж байна уу гэхээр нь би очиж байна гэсэн чинь Ц эгч манай гэрийн үүдэнд хоёр талаас ирээд манай гэр рүү хамт орсон. Би тухайн үед найзтайгаа хамт гэртээ ирсэн. Ц эгч, манай найз бид 3 манай гэр рүү ороод Ц эгчийн авсан 0.33 литрийн Хараа нэртэй архийг хувааж уугаад дараа нь юм ярьж сууж байгаад Ц эгч нөхрөө архи уучихаад хэрүүл хийгээд байхын эгчийгээ гэрт хүргээд өг гэхээр нь найзыгаа гэртээ үлдээгээд би Ц эгчийг хүргэж өгсөн чинь Б ах хашааныхаа үүднээс гарч ирээд Ц эгчтэй муудалцаад байхаар нь би тэр хоёрт явлаа гэж хэлээд эргээд алхсан чинь Ц эгч хүлээж бай гээд уйлаад хашаанаасаа гарч ирэхээр нь би яасан гээд эргээд харахад Ц эгч надад эгчийг нь хутгалчихлаа гээд цусаа гоожуулаад хүрээд ирсэн. Араас нь Б ах гүйж гарч ирснээ намайг нүүр рүү нэг цохиж аваад над руу дайраад байхаар нь би Б ахыг тэвэрч байгаад хавирч унагасан. Би Б ахад та одоо боль гэж хэлээд дахиж ийм зан гаргавал би хүлнэ шүү гэсэн чинь Б ах намайг чи чадахгүй гээд байсан. Ц эгчийг баруун тийшээ нэлээн холдоод явчихаар нь би Б ахыг түлхчихээд Ц эгчийн араас нь яваад Өмнөговь дэлгүүрийн хажууд очоод Ц эгчтэй уулзсан чинь гар нь аймар болчихсон байсан чинь Ц эгч цагдаа дууд гэсэн тэгээд би цагдаа дуудсан.” /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө нь би гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан одоо нэмж ярих зүйл байхгүй. Манай гэрт 1 ширхэг заазуур, 1 ширхэг эвхдэг хутга байдаг. Эвхдэг хутгаа яс эвдэж байсан. Тухайн үед эхнэрээ хутгалсан гэдгээ мэдээгүй. Эрүүлжүүлэхэд орохын өмнө цагдаа нар ирээд машинд суулгаад аваад явахад мэдсэн. А манай эхнэрийг хашааны гадна хүргэж өгчихөөд надтай маргалдаж байгаад гэр рүүгээ ганцаараа явсан. Эхнэр хажууд байхаар нь би эхнэрээ дагуулаад гэртээ орсон.” /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Л.Ц-ын биед зүүн бугалганд 2 хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-10 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

“Жи Жи Ай” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 89/20 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1652 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 257 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 56-61 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ..................... тоотын гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Л.Ц-ын зүүн бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц, гэрч Т.А нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 572 дугаартай дүгнэлт, эвлэрлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.Б өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц-ын биед хөнгөн хохирол учирсан боловч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрсэн байна гэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл дүгнэлтдээ: Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Манай үйлчлүүлэгч Б.Б өөрийн буруутай үйлдлийн улмаас эхнэр Л.Ц-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөговь аймгийн Прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхойлж хуульчилсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь ямар тохиолдолд зөрчлийн хэрэг болж, ямар тохиолдолд гэмт хэрэг болоод байгааг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нэг буюу хоёр удаа давтагдсан тохиолдолд зөрчлийн хэргийн шинжтэй байна. Байнга буюу гурваас дээш удаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл давтагдсан тохиолдолд гэмт хэрэг болж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн үзэж байгаа шинж маань гэмт хэргийн шинжийг агуулж байж хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэг болсон гэдэг нь тухайн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байгаа хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй, бэлгийн эрх чөлөө, бие махбод, эдийн засаг, сэтгэл санааны хувьд дарамтад суурилсан харилцааг үзнэ гэж ойлгож байгаа. Б.Б-ын үйлдсэн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болохоос биш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар энэ гэмт хэргийг үйлдээгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хохирогч мөн энэ талаар манай нөхөр өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж миний бие махбод эрх чөлөөнд халдаж байсан үйлдэл байхгүй гэж мэдүүлсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлүүлэх саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Л.Ц-ын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, мөн хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн зүйл байдаггүй. Б.Б-ын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэв.

 Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа болон өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөх тухай хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.

Учир нь хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл байхаар тодорхойлсон бөгөөд ингэхдээ хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж буюу “хөнгөн хохирол учруулах” үйлдлийг хэний эрүүл мэндэд учруулсан эсэхээс хамааран хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хүндрүүлэхээр байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “бие махбодын”, “сэтгэл санааны”, “эдийн засгийн”, “бэлгийн” гэсэн хүчирхийллийн 4 хэлбэрийг хуульчилж, улмаар уг зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заажээ.

Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангахаар байна. Харин гэм хор, хохирол учруулаагүй боловч учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй давтамжтайгаар үйлдэгдсэн байдлаасаа шалтгаалж Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргээр эсхүл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр байна.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Л.Ц нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч тэд 9 жил хамт амьдарч буйгаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан ба шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Л.Ц-ын зүүн бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь халдсан үйлдлийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн зүйлчлэл дээр мэтгэлцэж буй дүгнэлт няцаагдаж байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ..................... тоотын гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Л.Ц-ын зүүн бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц-ын “...А-ыг ирэхээр нь гэрт очиж 0.33 граммын архиа Болороо, А бид 3 хувааж уучихаад манай нөхөр Б намайг гэртээ дуудаад байхаар нь би А-аар гэртээ хүргүүлж очсон чинь хашаанаас Б гарч ирээд шууд миний зүүн гарын бугуй руу хутгалчихсан. Би Боос чи яаж байна гэхэд Б зугтаачихсан. Би дотор муухайраад байхаар нь Өмнөговь дэлгүүрийн гадаа очсон чинь түргэний машин тэнд ирсэн. Би хүрээд очсон чинь намайг хэвтэж бай гээд машиндаа хэвтүүлсэн. Миний бугуйг боогоод хурдан эмнэлэг орж оёдол тавихгүй бол болохгүй гээд намайг эмнэлэг аваад явсан. Би эмнэлэгт очоод 4 оёдол тавиулаад дусал залгуулаад хэвтсэн... Б манай нөхөр... Б согтуу байсан...” /хавтаст хэргийн 13-14, 17-18 дугаар хуудас/, гэрч Т.А-ы “...Ц эгчийг хүргэж өгсөн чинь Б ах хашааныхаа үүднээс гарч ирээд Ц эгчтэй муудалцаад байхаар нь би тэр хоёрт явлаа гэж хэлээд эргээд алхсан чинь Ц эгч хүлээж бай гээд уйлаад хашаанаасаа гарч ирэхээр нь би яасан гээд эргээд харахад Ц эгч надад эгчийг нь хутгалчихлаа гээд цусаа гоожуулаад хүрээд ирсэн. Араас нь Б ах гүйж гарч ирснээ намайг нүүр рүү нэг цохиж аваад над руу дайраад байхаар нь би Б ахыг тэвэрч байгаад хавирч унагасан. ...Өмнөговь дэлгүүрийн хажууд очоод Ц эгчтэй уулзсан чинь гар нь аймар болчихсон байсан. Ц эгч цагдаа дууд гэсний дагуу би цагдаа дуудсан.” /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 572 дугаартай Л.Ц-ын биед зүүн бугалганд 2 хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Ц-ын биед зүүн бугалганд 2 хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болно гэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч Б.Б-ын хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа, мөн гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ илэрхийлж байгаа. Ажил хөдөлмөрийн хувьд “Жи Жи Ай” ХХК-д засал чимэглэл, барилгын ажлыг хийдэг. Тогтмол цалин хөлс орлоготой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцтай. Б.Б-ын хувьд торгох шийтгэл оногдуулсан тохиолдолд төлөх чадвартай гэдгээ илэрхийлж байгаа учраас өөрийн үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Б.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Ц хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Б-ийн Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Ц хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ