| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2020-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э,
Шүүгдэгч М.О,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ма-ийн О-д холбогдох 2028000000184 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 5-8 тоотод оршин суух Д.Ц-гийн гэрт М.Э-тэй маргалдсаны улмаас аягыг нүүрэн тус газарт нь шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.О-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр бид нар нийлээд 2, 3 пиво уусан. Урьд нь Э манай хаалга, үүдийг эвдээд, намайг зодож байсан. Тэр өдөр юу болсон бэ гэхээр Э өөрөө ууж идчихээд уусан, идсэнээ шингээж чадахгүй манай эцэг, эх, үр хүүхдийг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилсон. Өөрөө хувцас ураад дээрээс нь хайруулын тавгаар цохисон. Тухайн үед миний уур их хүрээд чи яагаад намайг байнга ингэж доромжилж байдаг юм бэ гээд тухайн үед санамсаргүй байдлаар ширээн дээр аяга байсныг нь мэдээгүй нэг юм аваад шидсэн чинь аяга таарсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед О өөрөө эхэлсэн. Намайг гэртээ байхад бүгдээрээ архи уусан байсан. Намайг архи биш, цай уу гэж хэлж дуудаж оруулсан. Архи уусан байсан О өөрөө эхэлж хэрүүлийг эхэлсэн. Би биеэ бариад буцаж гарах хооронд аягаар цохисон. О намайг дандаа доромжилж байдаг гэж хэлж байна. Тэр асуудал дээр хүүхдүүд хоорондоо маргаснаас болж хэрүүл үүсдэг байсан. О тэрийг согтуудаа хэлсэн. Тухайн үед Ог очиж үсэдсэн нь үнэн. Согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор би болилоо, орлоо гээд буцаад явж байсан. Тэгээд гарах хооронд аягаар цохисон. Намайг араас дуудсан эргээд харахад над руу аяга шидсэн. Тухайн үедээ маш их цус алдаж байсан болохоор юу авч шидсэнийг нь мэдээгүй. Би яагаад О-гаас бэлэн 500,000 төгрөг шаардсан бэ гэвэл бид хоёр хоёулаа эмэгтэй хүн, аль аль нь хүүхэдтэй гэдэг үүднээс цагдаа, шүүхээр явахгүй байя гээд бэлэн 500,000 төгрөг өг гэж хэлсэн. Би тэр мөнгийг эмчилгээнд зарцуулъя гэж нэхсэн. Бусдаар миний гадуурх өр ширийг дараадах гэж хэлээгүй. Одоо болтол оёдлоос болоод миний зүүн нүдний хараа асуудалтай байгаа. Гэтэл О миний бусдад төлөх ёстой байсан 472,800 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан тул 500,000 төгрөг авахгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө хажуу айлын эгч Ц эгч намайг дуудаад боссон юм уу? босохоороо манайд ирж цай уугаарай гэхээр нь би 2 хүүхэд гэрт унтаж байсан болохоор Ц эгчийн гэр рүү ганцаараа очсон чинь О, Ц эгч, Ц-гийн эгчийн найз гээд нэг залуу гэрт нь пиво уугаад сууж байсан. Гэрт нь ороход тэд нар будаатай цайгаа чанаж эхлээгүй байсан. Будаатай цай болтол пиво ууя гэхээр нь би хамт пиво уусан. Удалгүй Ц эгчийн найз нь явна гэхээр нь бид нар найзаар нь дахиад нэг том пиво авахуулж үлдсэн. Тэр пивоо ууж байгаад арай дуусахаас нь өмнө О таксинд явдаг залуу намайг хаана байна гэхээр нь би дуудчихлаа, тэр залуу нэг юмтай ирэх юм шиг байна гэсэн. Тэгээд нөгөө таксины залуу нэг том пивотой ирээд бид 4 пиво ууж байгаад О бид хоёр маргалдаад миний уур хүрээд би Ог үсэдчихсэн чинь Ц эгч О бид хоёрын голоор ороод салгасан. Би уурлаад гэртээ орлоо болъё гэсэн чинь О над руу чи намайг үсэддэг хэн бэ гэхээр нь би яахын чи намайг зодох гээд байгаа юм уу зодооч дээ гэж хэлээд гэрээс нь гарах гээд хаалга руу эргэсэн чинь О араас хөөе гээд дуудахаар нь яасан гээд эргээд харсан чинь юу шидсэн мэдэхгүй нэг юм аваад над руу шидсэн. Би 2 гараа нүүрэн дээрээ тавьсан чинь нүүрээр дүүрэн цус тогтохгүй асгараад байсан. Би О-гаас чи намайг яачихваа гэсэн чинь О би чамаар дарлуулахгүй шүү ална шүү гээд хашхираад байсан. Цус нь тогтохгүй асгараад байхаар нь би аманд орсноороо хараасан. Би Ц эгчтэй хамт түргэний машинаар эмнэлэг яваад оёдол тавиулсан... Миний хөмсөг, зовхи, духанд оёдол тавьсан. Толгойн орой хагарсан гэхдээ оёдол тавиагүй. 2 нүд хөхөрсөн. Би шөнө унтаж чадахгүй толгой янгинаж өвдөөд байдаг. Бас зүүн нүд бүрэлзээд байгаа. Би одоо эмчилгээний зардлыг бүгдийг нь О-гаас гаргуулмаар байна. Тухайн үед намайг оёдол тавиулсны дараа эмч антибиотик эм бичиж өгсөн гэсэн. Би тэрийг нь мэдэхгүй гарсан болохоор одоо аваагүй байгаа. Одоогоор би 40,000 төгрөгийн эм авч эмчилгээндээ зарцуулсан. О надад зарим нэг шаардлагатай эм бинтийг авч өгсөн... Намайг цаашдаа бүрэн эдгэсэн гэж эмч хэлсэн цагт би гомдолгүй болно... Би бэлэн мөнгө 500,000 төгрөг нэхэмжилсэн чинь О миний дэлгүүрт тавьсан өр болох 52,000 төгрөгийн өрийг төлсөн гэсэн. Би мөнгөө аваагүй болохоор гомдолтой байна. Би эмчид үзүүлэх шаардлагатай байсан чинь мөнгө байхгүй болохоор үзүүлж чадахгүй байна. О миний гадуур тавьсан өрийг барагдуулна гэж хэлсэн. Би гадуур өрөө төлүүлэх шаардлага байхгүй. Миний мэдэж байгаагаар 52,000 төгрөг төлсөн. Бусад хүмүүстэй нь холбогдож өр барагдуулсан талаар мэдэж чадаагүй байна. Ялгуун дэлгүүрийн 52,000 төгрөг төлсөн гэсэн. Угаалгын машины 120,000 төгрөгийг төлнө гэж хэлээд утсаа тасалсан. Байрны түрээс 420,000 төгрөг төлсөн гэж О хэлсэн. Гэхдээ төлсөн үгүйг нь би лавлаж асуугаагүй байна... Би нүүрэн дээрх сорвио эдгээхийн тулд эмчилгээнд явмаар байна. Бас толгой өвдөөд, зүүн талын нүд бүрэлздэг хэвээрээ эдгэхгүй байгаа энэ бүгдээ эдгээж авмаар байна. Гоо сайхан маань ийм муухай сорвитой эдгэж байгаад би гомдолтой байна. Эмчилгээний төлбөр 500,000 төгрөг нэхэмжилж байна.” /хавтаст хэргийн 07-08, 09-10, 11-12 дугаар хуудас/
Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед О над руу залгаад нэг том пиво аваад ир, ирэхээр нь тооцоог нь хийнэ гэж хэлсэн. Би дэлгүүрээс нэг ширхэг Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво аваад О-гийнд очсон чинь Ц гэж эгчийндээ намайг ороод ир гэсэн. Цэцэг гэж эгчийнд нь орсон чинь Цэцэг гээд эгч нь Э, О 3 пиво уусан бололтой будаатай цай гал дээр чанаж байсан. Би пиво өгсөн чинь тэр 3 хувааж уугаад дуусгасан. Харин би машин барьж байсан болохоор пивоноос нь уугаагүй. Пивоо ууж дуусгачихаад надаас тамхи архи нэхээд байхаар нь би өөрийнхөө ууж байсан тал шил архийг машинд байгаа гэсэн чинь Э тэр архийг чинь ууя гээд машин руу хамт гараад архиа оруулж ирээд Э аягалаад уусан. Тэр 2 гэнэт муудалцаад нэг нэгнийгээ үсдэлцээд зодолдоод байхаар нь Цэцэг гэж хүүхэнтэй хамт очиж салгаад Э-ийг хорьж байсан чинь О, Э-ийн нүүр рүү аяга аваад шидчихсэн. Тэгсэн чинь Э-ийн духан дээр нь оноод цус гараад байсан чинь цусаа тогтоохгүй О зодох гээд хайруулын тавгаар нуруу руу нь цохиод ишийг нь мурийлгасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Дараа нь эмнэлэг бас ирсэн. О Э-ийг үсдээд байхаар нь шидсэн байх. Бас фудволкыг нь урсан болохоор аяга шидсэн байх. Гэхдээ Э-ийг цохих гэж шидээгүй байх. Өөрийгөө хамгаалж шидсэн байх.” /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/
Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өглөө 10 цагийн үед би Гансэлэм гэж найзтайгаа гэртээ байж байхад О манайд орж ирсэн. Гансэлэм дэлгүүр яваад том Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво авчрахаар нь би Э-ийн гэрийн үүдийг тогшиж Э-ийг дуудсан. Удалгүй Э манайд ирээд цай уугаад дараа нь пивоо задалж О, Э бид 3 хувааж уусан. Харин Гансэлэм уудаггүй болохоор хажууд сууж байсан. Пивоо ууж дууссан чинь Э дахиад нэг пиво ууя гэсэн чинь бид нарт мөнгө байгаагүй. Гансэлэм дахиад нэг 2.5 литрийн Боргио авч өгчихөөд дүүгийнх рүүгээ явсан. Бид 3 тэр пивоог хувааж уугаад дууссан чинь О нэг таксины жолоочтой хамт нэг том 2.5 литрийн пиво бариад гэрт ороод ирсэн. Тэр пивоог бид 3 хувааж уугаад дууссан. Харин таксины жолооч машин барьж байгаа гээд уугаагүй. Пивоо уугаад дуусахаар нь Э дахиад нэг пиво аваад ир гэсэн чинь таксины жолооч надад мөнгө байхгүй гээд миний машинд хүн ууж байгаад орхисон задалсан архи байгаа гэсэн чинь Э таксины жолоочтой хамт гараад тэр архийг нь оруулж ирээд Э тэр архийг өөрөө аягалсан. О руу аягалсан архиа өгсөн чинь О би архи, пиво хоёр холихгүй, би орой гал түлж байгаа гэж хэлсэн чинь Э уурлаад би гал түлж байхдаа уудаг байсан хэзээ чи архи уухаа байсан юм гээд Э, О хоёр маргалдсан. Тэр оруулж ирсэн архиа өөрөө уугаад дуусгасан. Э, Ог хэл амаар доромжлоод янхан гичий гээд дуудаж байснаа босоод Ог үсдээд авсан. Дараа нь хайруулын тавгаар Ог нуруу руу нь цохичхоод нойл руу Э алхаж байхад нь О, Э рүү газар байсан аягийг аваад шидчихсэн. Тэгсэн чинь Эийн нүүрнээс цус урсчихсан. Тэгээд цагдаа дуудсан. /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
Шүүгдэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2 удаа дагуулж таксигаар авч яваад доод эмнэлэг дээр боолт хийлгэсэн. Боолтонд орох бинт, марал, тамидин, цаасан скоч, өвчин намдаах эм авч өгсөн. Бас бэлэн мөнгө 30,000 төгрөг өгсөн. Хажуу дэлгүүрийн 2 ширхэг пивоны мөнгө 5,600 төгрөгийг төлсөн. Дахиж таксидаж яваад эмийн сангаас жирэмсний тест, өвчин намдаах эм авч өгсөн. Би Ц эгчийн ширээн дээр байсан шаазан аягыг аваад шидчихсэн... ” / хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э, О хоёрыг танина. Э манайд өрөө түрээсэлж байгаад одоо түрээсийн өрөөнөөсөө гарсан. О манайд бас өрөө түрээсэлдэг. Хамаатан садан төрлийн холбоо байхгүй. Э манайд өрөөний түрээсийн 150,000 төгрөг, 3 хаалга эвдсэн төлбөр нь 270,000 төгрөг, нийт 420,000 төгрөгийн өртэй байсан. Тухайн өрийг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр О бүрэн төлж барагдуулсан. Одоо надад Этэй хийх төлбөр тооцооны асуудал байхгүй.” /хх-ийн 16 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 582 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.Э-ийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг орчмын зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины эсгэгдсэн шарх, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/
Өмнөговь аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М.О-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 5-8 тоотод оршин суух Д.Ц-гийн гэрт М.Э-тэй маргалдсаны улмаас аягыг нүүрэн тус газарт нь шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э, гэрч Эрдэнэцог, Ц нарын мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 582 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.О-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч М.О нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.О-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 5-8 тоотод оршин суух Д.Ц-гийн гэрт М.Э-тэй маргалдсаны улмаас аягыг нүүрэн тус газарт нь шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э-ийн “...Таксины залуу нэг том пивотой ирээд бид 4 пиво ууж байгаад О бид хоёр маргалдаад миний уур хүрээд би Ог үсэдчихсэн чинь Ц эгч О бид хоёрын голоор ороод салгасан. Би уурлаад гэртээ орлоо болъё гэсэн чинь О над руу чи намайг үсэддэг хэн бэ гэхээр нь би яахын чи намайг зодох гээд байгаа юм уу зодооч дээ гэж хэлээд гэрээс нь гарах гээд хаалга руу эргэсэн чинь О араас хөөе гээд дуудахаар нь яасан гээд эргээд харсан чинь юу шидсэн мэдэхгүй нэг юм аваад над руу шидсэн... /хавтаст хэргийн 07-08, 09-10, 11-12 дугаар хуудас/, гэрч А.Э-йн “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...Цэцэг гэж эгчийнд нь орсон чинь Цэцэг эгч, Э, О 3 пиво уусан бололтой будаатай цай гал дээр чанаж байсан. Би пивоо өгсөн чинь тэр 3 хувааж уугаад дуусгачихаад надаас тамхи архи нэхээд байхаар нь би өөрийнхөө ууж байсан тал шил архийг машинд байгаа гэсэн чинь Э тэр архийг чинь ууя гээд машин руу хамт гараад архиа оруулж ирээд Э аягалаад уусан. Тэр 2 гэнэт муудалцаад нэг нэгнийгээ үсдэлцээд зодолдоод байхаар нь Ц гэж хүүхэнтэй хамт очиж салгаад Э-ийг хорьж байсан чинь О, Э-ийн нүүр рүү аяга аваад шидчихсэн....” /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Д.Ц-гийн “...О руу аягалсан архиа өгсөн чинь О би архи, пиво хоёр холихгүй, би орой гал түлж байгаа гэж хэлсэн чинь Э уурлаад би гал түлж байхдаа уудаг байсан хэзээ чи архи уухаа байсан юм гээд Э, О хоёр маргалдсан. Тэр оруулж ирсэн архиа өөрөө уугаад дуусгасан. Э, Ог хэл амаар доромжлоод янхан гичий гээд дуудаж байснаа босоод Ог үсдээд авсан. Дараа нь хайруулын тавгаар Ог нуруу руу нь цохичихоод нойл руу Э алхаж байхад нь О, Э рүү газар байсан аягийг аваад шидчихсэн. Тэгсэн чинь Э-ийн нүүрнээс цус урсчихсан.” /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 582 дугаартай шинжээчийн М.Э-ийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг орчмын зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины эсгэгдсэн шарх, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.О нь хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.О-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч М.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг орчмын зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины эсгэгдсэн шарх, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч М.О нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э-ийн бусдад төлөх байсан 472,800 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Отгонпүрэвийн “...Э манайд өрөөний түрээсийн 150,000 төгрөг, 3 хаалга эвдсэн төлбөр нь 270,000 төгрөг, нийт 420,000 төгрөгийн өртэй байсан. Тухайн өрийг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр О бүрэн төлж барагдуулсан. Одоо надад Э-тэй хийх төлбөр тооцооны асуудал байхгүй.” /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст бичгээр гаргаж өгсөн тодорхойлолтоор /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ хохирогч М.Э-ийн төлөгдөөгүй байсан өрөөний түрээсийн төлбөр болох 420,000 төгрөгийг Ж.Отгонпүрэв гэх хүнд төлсөн, мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн тодорхойлолтоор /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ хохирогчийн “Ялгуун” дэлгүүрээс зээлсэн байсан 52,800 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ог хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э-т 472,800 төгрөгийг нотлох баримтгүйгээр төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Учир нь энэ гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гарсан гэж дүгнэж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй гэх саналыг гаргав.
Шүүгдэгч М.О нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар гаргав.
Шүүгдэгч М.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 472,800 төгрөгийг нөхөн төлсөн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 472,800 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Ма-ийн О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.О нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 472,800 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ