| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/11 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/11
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Г.П,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Г-ын П-ид холбогдох 2028002760196 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.П нь 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 1 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 5 дугаар баг, Шивээхүрэн нүүрс тээврийн замын 26 дахь километр Ц.Б-той маргалдан улмаар биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.П-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед эхлээд хохирогч над руу дайрсан. Өмнө нь хүнтэй маргалдсан юм шиг байсан. Зүгээр байхад гэнэт ирээд бид нар руу дайрсан. Тэгэхээр нь би өөрийнх нь машинд хүргэж өгөөд найз М-ын кабинд орж суусан. Тэгсэн хохирогч дахиж буцаж ирээд миний цээж рүү цохиод авахаар нь би зүгээр байж чадаагүй уурандаа цохисон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын орчимд ганцаараа явж байгаад үл таних эрэгтэй хүн миний хажуугаар зөрөхдөө бид хоёр биеэрээ шүргэлцсэн. Тэгтэл нөгөө эрэгтэй хүн намайг “Яаж яваад байгаа п... вэ” гэхээр нь би “Яасан юм бэ” гэхэд миний хамар руу баруун гараараа хоёр, гурав удаа цохиж газар унагаагаад миний ар нуруу хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн эрэгтэй хүн намайг зодож цохичихоод орхиод яваад өгсөн. Би газраас босоод өөрийнхөө машин руу явсан... Тэр эрэгтэй хүн эхлээд ганцаараа байж байсан бөгөөд хамт явж байгаа бололтой хоёр эрэгтэй хүн хажууд нь байж байсан. Намайг цохисон эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан... Тухайн үед миний хамарнаас маш их цус гарсан. Би Улаанбаатар хотод хамарныхаа зургийг эмнэлгийн байгууллагаар авхуулахад хамарны дотор талын таславч цөмөрсөн байна гэж оношилсон... Би эмнэлгийн байгууллагад хандсан. Нийт 700,000 гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн... Би шинжээч эмчийн 549 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоо эмчилгээнд гарсан зардлын баримт гэх зүйл байхгүй байна. П надад эмчилгээний зардалд гэж 1,000,000 төгрөгийг өгсөн. Би тэр мөнгөөр биеэ эмчлүүлээд дууссан. Одоо миний зүгээс П-ид гаргах гомдол санал байхгүй. Мөн П-оос нэхэмжлэх хохирол мөнгө байхгүй.” /хавтаст хэргийн 22-23, 25-26 дугаар хуудас/
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Б, А нарын хамтаар өөрийн машин дотроо 0.5, 0.75 литрийн багтаамжтай “Ерөөл” нэртэй архийг жижиг тэрэгтэй эмэгтэй, эрэгтэй 3 хүн юм зараад явж байхаар нь авч уусан. А архи ууж дуусаад өөрийнхөө машин руу явсан. Би Б-той хамт Я гэх залуугийн машинд очиж хоол идсэн. Б түрүүлээд машин руугаа явсан. Би араас нь удалгүй гарсан. Тэгэхэд Б зам дээр хэвтэж байсан. Хажууд нь хэдэн залуучууд байхаар нь би машинаасаа лапатка аваад та нар хүн алчихлаа гээд уурлаад орилж хашхичсан. Тухайн үед эрүүл хүмүүс байхаар нь тайвширч учрыг нь олъё гэж ярилцсан. Бийг машин руу нь оруулж унтуулаад би өөрийн машин руугаа явж унтсан. Өглөө нь унтаж байхад миний хамарнаас цус гараад тогтохгүй байна гээд Бийн хамрыг цэвэрлэсэн. Тэгээд тогтохгүй байхаар нь эмч дуудаж өгч явуулсан.” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Э намайг дуудсан машинд яваад очиход архи авчихсан байсан. Тэр архийг нь Б, Э-тэй хувааж уусан. Машинаас нь буугаад өөрийнхөө машинд орсон. Нээх их удаагүй байж байхад хүмүүс шуугилдаад замын хажууд машин ирчихсэн байсан. Намайг очиход Б машины гупер түшчихсэн зогсож байсан. Би Б дээр очоод машин руу нь оруулж өгчихөөд буцаад очиход менежер нь бололтой хүн жолооч нарыгаа машиндаа ор гээд хэлж байсан. Би тухайн үед тэнд очиход өөрийнхөө машин руу буцаад явсан.” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/
Гэрч Б.Да мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө намайг нүүрс тээврийн замын хоосон талд оочирт байж байхад Э, Б нар орж ирсэн. Тэгээд хоол цай идчихээд Б түрүүлээд гараад явсан. Араас нь Э гараад явсан. Эргэж ирээгүй. Би машинаасаа огт гараагүй амарсан... Би Бийг бусдад зодуулсан талаар мэдээгүй байсан. Маргааш нь хүнд зодуулсан эмч дуудсан гэж л сонссон.” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд байхаа өөрийнхөө машины кабин дотор П, Батхүү нартай хамт хоол идээд сууж байхад нэг согтуу залуу ирээд Н-хан байна гээд П-ийн цээж рүү цохисон. П буугаад тэр залууг яаж байгаа юм бэ боль гэж хэлэхэд нэг залуу араас хүрээд ирсэн. Тэр залуутай нь хамт П машинд хүргэж өгсөн. Удаагүй байж байхад тэр залуу буцаад ирсэн. Тэр залуу Пүүжээг цохисон. Тэгэхэд П бас зөрүүлээд цохих шиг л болсон. Тухайн үед манай ХХАБ-н ажилтан 2 залуу ирсэн байсан. Араас нь менежер ирээд тэд нарыг тарааж явуулсан.” /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
Гэрч В.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай эмнэлэгт Шивээхүрэн хилийн боомтын эмч Даваахүү нь хамрандаа цохиулж гэмтэл авсан гэх Ц.Б гэх 25 настай эрэгтэй хүргэж ирсэн. Ирэхдээ хамарнаас цус гарна, хамар хаван хавдар цус хуралттай, царай цонхигор байсан ба өөр биед нь ил гэмтэл шархгүй ирсэн. Ц-ийн хамарнаас цус тогтохгүй гарч байсан тул чихээс хийж цус тогтоосон. Дараа нь халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлсэн. Шинж тэмдгийн эмчилгээ хийсэн. Манай эмнэлэгт 2 хоног хэвтээд Шивээхүрэн хилийн боомтын тусгаарлах байр руу явсан. Ц.Бийн хамрыг гадна тэмтрэлтээр үзэхэд ясны хугарлын шинжгүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө хүнд зодуулсан гэж л хэлсэн. Өөр зүйл яриагүй.” /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр өдөр “Айфронтер” ХХК-н ХХАБ-н ажилтан Амарболдын хамтаар нүүрсний зам дээр оочирт хонож байгаа жолооч нарыгаа шалгаад явж байсан. Нүүрс тээврийн замын 27 дахь километрийн орчимд манай компанийн машины гэрэл нь асаалттай байсан. Би Амарболдтой очиж уулзахад М гэх жолоочийн машинд П хамт цай чанаж уух гээд одоо унтлаа гэж байсан. Би буцаад машиндаа очоод эрүүл мэндийн хуудас, маск, бээлийг нь аваад эргээд очиж байхад нэг залуу очоод Пийг машины кабинаас чирээд буулгасан. Пийг 2 удаа цохих шиг болсон. Би тухайн үед жоохон зайтай байсан болохоор гүйж очоод салгасан. Тэр залуугаас юу болж байна яаж байна гэхэд өөрийнхөө машин руу явах шиг болсон. Удаагүй гартаа төмөр турба /дамакратны гар/ барьчихсан бас л ална гээд эргээд ганцаараа ирээд П-ийг бариад авсан. Би хажуу талаас нь орж гарнаас нь турбаг нь булааж авсан. П зууралдаад өөдөөс нь дайраад байхаар нь 2 удаа нүүр рүү цохисон байх, шөнө сайн харагдаагүй. Хоёулаа зууралдаад газар унасан. Тэр залуу П-ийн дор нь орчихсон байсан. П-ийг тавихгүй байсан. Тэгэхэд цагаан комбинзонтой бас нэг согтуу нөхөр гартаа лапатка барьчихсан манай дүүг алчихлаа гээд орилоод ирсэн. П руу лапаткаа бариад цохих гээд зангаад байсан. Тэгэхэд нь П нь танай дүү чинь согтуу над руу дайраад байна гэж байсан. Тэр залуу нь дайрахаа болчихсон байсан. Тэгж байхад Мөнхдорж менежерийг дуудсан байсан хүрээд ирсэн. Тэр 2 жолоочийг тайвшруулаад машин руу оруулж унтуулсан. Тэнд байсан жолооч нар машин машин руугаа орсон, бид нар ч кемп рүүгээ буцаад явсан. П-ийн биед гэмтэл шарх учирсан гэх юм байгаагүй. Нөгөө согтуу залуугийн хамарнаас нь цус гарчихсан байсан. Өөр нээх гэмтэж бэртсэн зүйл байгаагүй. Тэр залуу бол нэлээд их согтсон байсан. Цагаан комбинзонтой залуу бас л адилхан согтуу байсан. П-ийг архи уусан эсэхийг нь би тухайн үед мэдээгүй ер нь бол эрүүл байх шиг байсан. П л цохисон байх, өөр хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Яагаад П руу дайрч цохисныг нь мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Мө гэх жолоочийнхоо машинд сууж байхад нэг хүн хаалга нээсэн. Тэр хүн согтуу гартаа турба барьчихсан та нарыг NM-н п...-ууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинд нь хүргэж өгсөн. Миний сууж байсан машинаас ертөнцийн зүгээр хойд зүгт өмнө талын машинд хүргэж өгсөн. Тэр машин нь өөрийнх жолоодож явж байсан машин байсан. Эргээд М машинд сууж байхад дахиад ирсэн. Цохиж зодоогүй байхад намайг яахаараа зоддог юм гээд над руу дайраад миний нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиж авсан. Тэгэхэд нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Хажуунаас цагаан комбинзонтой залуу гарч ирээд хүүхэд цохилоо гэж дайрсан. Би уг залууг цааш нь түлхээд машин руугаа явсан. Тухайн үед манай компанийн ХХАБ, менежер нар ирсэн байсан... Би Бт эмчилгээний зардал гэж 1,000,000 төгрөгийг 5890131000 гэсэн дансаар шилжүүлсэн. Бямбасүрэн гэх хүний данс байсан бөгөөд Бийн ээжийнх нь данс руу мөнгийг шилжүүлсэн. Одоо надаас ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй байгаа. Би Бт учруулсан хохирлыг төлж барагдуулсан.” /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 549 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Бийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хялгасан судасны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.П-ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.П нь 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 1 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 5 дугаар баг, Шивээхүрэн нүүрс тээврийн замын 26 дахь километр Ц.Б-той маргалдан улмаар бие махбодид нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, гэрч Э, М, Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 549 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн гэм буруугийн шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Г.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирол төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 1,000,000 төгрөг төлсөн талаараа мэдүүлгээрээ хохирогч илэрхийлсэн гэх саналыг гаргав.
Шүүгдэгч Г.П нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.П-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.П нь 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 1 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 5 дугаар баг, Шивээхүрэн нүүрс тээврийн замын 26 дахь километр Ц.Бтой маргалдан улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бийн “...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын орчимд ганцаараа явж байгаад үл таних эрэгтэй хүн миний хажуугаар зөрөхдөө бид хоёр биеэрээ шүргэлцсэн. Тэгтэл нөгөө эрэгтэй хүн намайг “Яаж яваад байгаа пиздаа вэ” гэхээр нь би “Яасан юм бэ” гэхэд миний хамар руу баруун гараараа хоёр, гурав удаа цохиж газар унагаагаад миний ар нуруу хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн эрэгтэй хүн намайг зодож цохичихоод орхиод яваад өгсөн. Би газраас босоод өөрийнхөө машин руу явсан...” /хавтаст хэргийн 22-23, 25-26 дугаар хуудас/, гэрч Э.Эийн “...Б зам дээр хэвтэж байсан. Хажууд нь хэдэн залуучууд байхаар нь би машинаасаа лапатка аваад та нар хүн алчихлаа гээд уурлаад орилж хашхичсан. Тухайн үед эрүүл хүмүүс байхаар нь тайвширч учрыг нь олъё гэж ярилцсан. Бийг машин руу нь оруулж унтуулаад би өөрийн машин руугаа явж унтсан. Өглөө нь унтаж байхад миний хамарнаас цус гараад тогтохгүй байна гээд Бийн хамрыг цэвэрлэсэн. Тэгээд тогтохгүй байхаар нь эмч дуудаж өгч явуулсан.” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, гэрч Г.Аийн “...2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ...нээх их удаагүй байж байхад хүмүүс шуугилдаад замын хажууд машин ирчихсэн байсан. Намайг очиход Б машины гупер түшчихсэн зогсож байсан. Би Б дээр очоод машин руу нь оруулж өгчихөөд буцаад очиход менежер нь бололтой хүн жолооч нарыгаа машиндаа ор гээд хэлж байсан. Би тухайн үед тэнд очиход өөрийнхөө машин руу буцаад явсан.” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, гэрч Б.Д-ийн “...2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө намайг нүүрс тээврийн замын хоосон талд оочирт байж байхад Э, Б нар орж ирсэн. ... Би Бийг бусдад зодуулсан талаар мэдээгүй байсан. Маргааш нь хүнд зодуулсан эмч дуудсан гэж л сонссон.” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, гэрч М.М-ын “...2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд байхаа өөрийнхөө машины кабин дотор П, Батхүү нартай хамт хоол идээд сууж байхад нэг согтуу залуу ирээд НМ-хан байна гээд П-ийн цээж рүү цохисон. ... Тэр залуутай нь хамт П машинд хүргэж өгсөн. Удаагүй байж байхад тэр залуу буцаад ирсэн. Тэр залуу Пүүжээг цохисон. Тэгэхэд П бас зөрүүлээд цохих шиг л болсон. Тухайн үед манай ХХАБ-н ажилтан 2 залуу ирсэн байсан. Араас нь менежер ирээд тэд нарыг тарааж явуулсан.” /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, гэрч В.Бодьцэцэгийн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай эмнэлэгт Шивээхүрэн хилийн боомтын эмч Даваахүү нь хамрандаа цохиулж гэмтэл авсан гэх Ц.Б гэх 25 настай эрэгтэй хүргэж ирсэн. Ирэхдээ хамарнаас цус гарна, хамар хаван хавдар цус хуралттай, царай цонхигор байсан ба өөр биед нь ил гэмтэл шархгүй ирсэн. Ц.Бийн хамарнаас цус тогтохгүй гарч байсан тул чихээс хийж цус тогтоосон. ...2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө хүнд зодуулсан гэж л хэлсэн. Өөр зүйл яриагүй.” /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, гэрч С.Эрдэнэбаатарын “...нэг залуу очоод Пийг машины кабинаас чирээд буулгасан. П-ийг 2 удаа цохих шиг болсон. Би тухайн үед жоохон зайтай байсан болохоор гүйж очоод салгасан. Тэр залуугаас юу болж байна яаж байна гэхэд өөрийнхөө машин руу явах шиг болсон. Удаагүй гартаа төмөр турба /дамакратны гар/ барьчихсан бас л ална гээд эргээд ганцаараа ирээд П-ийг бариад авсан. Би хажуу талаас нь орж гарнаас нь турбаг нь булааж авсан. П зууралдаад өөдөөс нь дайраад байхаар нь 2 удаа нүүр рүү цохисон байх, П-ийн биед гэмтэл шарх учирсан гэх юм байгаагүй. Нөгөө согтуу залуугийн хамарнаас нь цус гарчихсан байсан. Өөр нээх гэмтэж бэртсэн зүйл байгаагүй...” /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 549 дугаартай Ц.Бийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хялгасан судасны гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.П нь хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.П-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Г.П нь Ц.Б-той маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нотлох баримт шаардахгүйгээр хохирогчийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.П-ийг шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр, 1 ширхэг лапаткыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна саналыг гаргав.
Шүүгдэгч Г.П нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгч Г.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.П-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 төмөр турба, 1 ширхэг лапатка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Г-ын П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пид 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.П нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 төмөр турба, 1 ширхэг лапатка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ