| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Ц.Н,
Өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овгийн ................... –т холбогдох ............ тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, регистрийн дугаар,
Шүүгдэгч Ц овогтой Н нь 2020 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... тоот хашаанд Ө.Мтэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Н-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би М-ийг түрүүлж цохьсон. Дараа нь М намайг боогоод газар хэвтсэн. М-ийг чи үзэх юм уу? гэхэд үзье гээд, М гэр рүүгээ орж гутлаа өмсчихөөд гараад ирсэн. М-ийн шүдийг нь цохьчихсон чинь ёо ёо шүд гээд гэр рүүгээ орсон. Би болон манай найзууд бүгд дагаад нь орсон. Бид нарыг байж байхад гадаа машинтай хүмүүс ирсэн. Учруулсан гэмтэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний сүүлийн 2 сарын цалин буугаагүй, гэрээ хийсэн хугацаандаа мөнгөө төлнө.
Хохирогч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Нт зодуулсны улмаас миний үүдэн дээд 2 шүд булгарч унасан. Шүдний эмчилгээний зардал болох нийт 14.170.000 төгрөгийг нэхэмжилнэ. Улаанбаатар хотод байдаг Мирал нэртэй шүдний эмнэлэгт шүд хийлгэх төлбөр байгаа юм. Одоогийн гаргаж өгсөн байгаа баримтууд нь шүдний үзлэгийн төлбөр болон эм худалдаж авсан, шүдний зураг авахуулахад гаргасан зардлуудын баримтууд байгаа. Эдгээр нь нийтдээ 170.000 төгрөг болж байгаа. Би Мирал гэдэг нэртэй шүдний эмнэлэгт үүдэн 2 шүд хийлгэх төлбөрийн үнэ байгаа юм. Энэ талаар одоогоор баримт байхгүй. Шүдээ эмчлүүлсний дараа баримтаа гаргаж байна. /хх-ийн 11-12-р хуудас/
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн үед би гэртээ байж байтал манай найзууд уулзъя гэж ярьсан. Тухайн үед Н машинтай ирж бид нарыг гэр гэрээс нь авсан. Тэгэхэд Н, Б, Ц, С бид нар Дундсайханы 8-8 тоотод М байна гэхээр нь тийш очсон. Бид нарыг очиход А тэр хоёр хамт байж байсан. Бид нар тэнд очоод машинд байсан тал шил архийг уусан байх. Тэгж байгаад А, С бид гурав машинаар дэлгүүр яваад ирсэн чинь М хашаандаа Н-тай зууралдчихсан зогсож байсан. Тэгээд бид нар салгасан чинь М миний шүд эвгүй болчихлоо гэсэн. М-ийн дээд уруул нь язарсан байсан. Тэгээд бид нар явцгаасан. Н, М нар хоорондоо муудалцсан байх. Өөр хүнтэй муудалцаагүй. Бид нарыг дэлгүүр явахад тэнд Б, Ц, М, Н нар л үлдсэн. /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний орой Н, Д, Ц, С нартай уулзаад 0.5 литрийн архи авч хувааж ууцгаасан. Тэгээд хамтдаа явж Дундсайханы 8-8 тоотод М-д очсон. Тэгэхэд А бас хамт байсан. Бид нар тэнд очоод хашааны гадаа уулзацгааж байхдаа машинд байсан өмнөх архины үлдэгдлийг гаргаж өгсөн. Тэгж байхад Д, А, С нар машинаар дэлгүүр явсан. Тэгэхэд Ц, М, Н нар үлдсэн. Н, М нар уулзаад бид нараас жаахан зайтай байгаад байсан. Тэгээд би утсаар ярьж байгаад дууссан чинь хашааны гадаа тэр хоёр муудалцаад байх шиг байхаар нь Ц бид хоёр очиход хашааны гадаа М Нын цамцны захаар нь араас нь боогоод газар унагачихсан хоёулаа хэвтэж байсан. Тэгэхээр нь салгасан. Тэгсэн чинь М Н-ыг чи намайг барахгүй гэх мэтээр хэл үгээр өдөөд байсан. Тэгж байснаа би чамтай зодолдоно гээд гэр рүүгээ орж гутлаа өмсөөд гарч ирсэн. Тэр хоёр хашаан дотроо дахиад зодолдсон. Тэгсэн чинь дэлгүүр рүү явсан найзууд ирээд тэр хоёрыг салгаад гэр рүү нь хамтдаа орцгоосон. Гэрт орсны дараа харахад М-ийн уруул нь язарсан бас нэг шүд нь эмтэрчихсэн байсан. Н-ын хүзүү нь улайчихсан байсан. Түүнээс хойш зодоон болоогүй тарцгаасан. /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Н, Д, Ц, Б нар манай гэрт ирээд намайг аваад явсан. Тэгэхэд тэд нар архи уусан бололтой үнэртэж байсан. Өөрсдийнх нь ярьснаар бол нэг шил архи хувааж уусан гэж байсан. Манайхаас шууд М гэдэг найзтайгаа уулзах гэж Дундсайханы 8-8 тоотод очоод хашааны гадаа нь бид нар бүгдээрээ уулзацгаасан. Тэд нар хоорондоо ярьцгаасан. Би тэд нартай их найз биш болохоор ярианд нь оролцоогүй. Тэнд манай найз Д байсан болохоор би хамт явж байсан юм. Тэгж байгаад А, Д бид 3 хамт машинаар нь дэлгүүрээс архи авах гэж явсан чинь дэлгүүрүүд хаачихсан байсан. Тэгээд буцаад нөгөө хашааны гадаа очиход Н, М нар хашаан дотроо муудалцаад нэгнийгээ түлхэлцээд барилцаад байсан. Тэгж байгаад бие биенээ цохьсон. Тэгэхээр нь тэнд байсан найзууд нь салгахад М ёо ёо шүд гэж хэлж байсан. Тэгээд бид нар М-ийн гэрт орсон. Тэгэхэд М-ийн амруу нь цохьсон бололтой шүд өвдөөд гээд байсан. Н-ын хүзүү нь улайчихсан байсан. /хх-ийн 20-21-р хуудас/
Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед М, Н нарын зодолдсоны дараа гэрт нь байж байтал гадаа машинтай хүмүүс ирэхээр нь бид нар гарсан тэгсэн чинь танихгүй 2 хүн М, Н нартай уулзаад байсан тэд нар бид нараас жаахан зайтай байсан нэг өндөр ах ирээд та нар яах гэж архи уугаад байгаа юм одоо тарцгаа гэртээ харь гэж хэлсэн тэгэхээр нь би тэндээс явсан тэнд өөр юу болсныг мэдээгүй. М, Н хоёрыг хашаан дотор зодолдсоны дараа салгаад бүгд гэрт нь орсон хойно М миний шүд эвгүй болчихлоо гээд толинд харсан чинь Н бас чи миний хүзүүг ийм болгочихлоо гээд үзүүлээд байсан тэгэхэд Нын хүзүү нь улайчихсан, тохой нь зулгарсан байсан өөр гэмтэл харагдаагүй. /хх-ийн 150-р хуудас/
Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Н, Д, С, Б нартай нийлж яваад М гэдэг найзтайгаа уулзах гэж Дундсайханы 8-8 тоотод очоод хашааны гадна нь М, А нартай уулзаад машинд байсан архины үлдэгдлийг гаргаж өгснийг тэр хоёр уусан. Тэгж байгаад Б бид 2 хашаа руу нь орж ОО-д бие засчихаад гарч ирсэн чинь машин байхгүй байсан. Тэгсэн чинь хашааны гадаа хаалганаас жаахан зайтай М Н-ыг хүзүүгээр нь гараараа боочихсон хоёулаа хэвтэж байсан. Тэгээд Б араас ирээд бид хоёр салгаад хамтдаа хашаа руу орсон. Тэгсэн чинь М гэртээ орчихоод гутал өмсч гарч ирээд Н-тай дахиад муудалцсан. Тухайн үед тэр хоёрыг яагаад муудалцаад байгааг би ойлгоогүй. Тэр хоёр нэгнийгээ зодолдох уу чи намайг барах уу гээд байсан. Тэгж байгаад бие биенийхээ нүүр рүү хэд хэд цохих шиг болсон. Тэгж байгаад М шүд эвгүй болчихлоо гээд байсан. Тэр үед машинтай явсан хүмүүс ч ирээд тэр хоёрыг салгасан. Түүнээс хойш зодолдоогүй. Гэрт нь ороод харсан чинь М-ийн амнаас нь цус гарчихсан байсан. Н-ын хүзүү нь улайчихсан байсан. /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: М, Н хоёрыг хашаан дотор хоорондоо зодолдохоор нь салгаад гэр рүү нь орсон. Тэгээд жаахан байж байсан чинь гадаа хүн ирлээ гээд гарцгаасан. Тэгсэн чинь Б-гийн ах нь гэх нэрийг нь мэдэхгүй, зүс таних нэг ах ирчихсэн та нар яагаад архи уугаад байгаа юм гэртээ харьцгаа гээд хашааны гадаа байж байсан. М тэр ахад энэ намайг зодсон гэж хэлж байсан. Тэгэхэд Н би зодоогүй чи бас намайг зодсон гэж хэлж байсан. Би С-тай хамт хашаанаас нь жаахан холдоод гэр рүүгээ явъя гээд зүүн талын хашааны өмнө очсон чинь дахиад нэг машинтай хүн ирсэн. Тэгсэн удалгүй араас нь Н ирсэн. Тэгснээ М-ийн ах нь ирж байна. Цагдаад хэлнэ гэж байна гэхээр нь би шууд гэр рүүгээ явчихсан. /хх-ийн 151-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.М-ийн биед дээд 2 үүдэн шүд булгарч эрүүний яс руу шигдсэн, 21-р шүд хугарсан, зүүн хацар шанаа, дээд доод уруулын зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор талд үүссэн 2 шарх зэрэг гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.52.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-иар алдагдуулна. Ө.М-ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/
Яллагдагч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй /хх-ийн 44-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /31-32-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /33-36-р хуудас/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 53-60-р хуудас/
Эвлэрлийн гэрээ /хх-ийн 163-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы ..... тоот хашаанд Ө.М-тэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.М-ийн биед дээд 2 үүдэн шүд булгарч эрүүний яс руу шигдсэн, 21-р шүд хугарсан, зүүн хацар шанаа, дээд доод уруулын зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор талд үүссэн 2 шарх зэрэг гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.52.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-аар алдагдуулна. Ө.М-ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 26-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Н нь өөрийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч шаардах эрхтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ц.Нт зодуулсны улмаас миний үүдэн дээд 2 шүд булгарч унасан. Шүдний эмчилгээний зардал болох нийт 14.170.000 төгрөгийг нэхэмжилнэ... /хх-ийн 11-12-р хуудас/ гэх ба шүүгдэгч Ц.Н нь хохирогч Ө.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 340.000 төгрөг төлж, шүүгдэгч, хохирогч нар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.500.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, Эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шийдвэртээ тусгах талаар хуульчилсан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэв.
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.М-ийн дээд 2 үүдэн шүд булгарч эрүүний яс руу шигдсэн, 21-р шүд хугарсан... /хх-ийн 26-р хуудас/ болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч учирсан хор уршиг, түүнтэй холбоотой гарсан зардлын талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нар нь 2.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан байх боловч 2 шүд 2.500.000 төгрөгөөр эмчлэгдэх талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гаргаж өгөөгүй, хохирол төлбөрийн талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх тухай Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзэв.
Иймд шүүх 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Ц.Н нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч .... овгийн ....... Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Н нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ө.М-д 340.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.М нь 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч Ө.М-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА