Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хүралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

           Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2038005310441 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 34-8 тоотоос иргэн******* өмчлөлийн улсын дугааргүй Мустанг-200 загварын улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 34-8 тоотоос иргэн******* өмчлөлийн улсын дугааргүй Мустанг-200 загварын улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005310441 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Алаг цэцэрлэгийн гудамжнаас согтуу ганцаараа явж байгаад улаан өнгийн Мустанг-200 маркийн мотоцикль байхаар нь кундактрыг нь салгаж асаагаад унаад Түнэл сум руу яваад нэг танихгүй төмөр авдаг гуанзтай хүнд 200.000 төгрөгөөр зарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цаг 30 минутын үед Мөрөн сумын 5 дугаар багийн 34-8 тоотод хадам ээж Эрдэнэчимэгийнхээ гэрт ирээд байшингийн цонхон доор өөрийн унаж ирсэн улсын дугааргүй “Мустанг-200” загварын улаан өнгийн мотоциклийн рулийг нь түгжээд тавьсан. Тэгээд маргааш өглөө 8 цагийн үед босоход миний мотоцикль алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 Гэрч******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 08 сарын 02-ны өдөр 5 дугаар багийн 24 дүгээр гудамжны зүүн жигүүрт таксинд явах гээд зогсож байтал нэг согтуу залуу над дээр ирээд мөнгөө харуулаад Сондор хүртэл 1.500 төгрөгөөр явах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгтэл Сондорын наад талын ягаан хаалган дээр буугаад дотогшоо орж байгаа харагдсан. Тухайн өдрийн орой 22 цагийн үед миний өдөр гэрт нь хүргэж өгсөн залуу согтуу муу улаан мотоцикльтой ардуураа 1 хүн сундалдчихсан явж байсан. Би өдөр нь гэрт нь хүргэж өгсөн учраас маш сайн таньсан...Тэр өдрийн маргааш нь таксинд явах гээд “Цагаан- Уул” дэлгүүрийн орчимд зогсож байтал өмнөх орой муу мотоцикльтой явж байсан залуу цоо шинэ мотоцикльтой миний зогсож байсан дэлгүүрийг өнгөрөөд зогссон. Ардуураа хар куртиктэй цагаан пүүзтэй хүн суулгасан байсан. Урдуур нь суусан залуу яах аргүй миний өмнөх өдөр “Сондор” дэлгүүрийн гудамжинд хүргэж өгөөд орой хальт тааралдсан хүн мөн байсан...Тэр мотоцикль улаан өнгийн хар суудалтай 2 тольгүй, Мустанг маркийн мотоцикль байсан... Сая таны харуулсан зураг миний харсан хүн яг мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 19-20-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038005310441 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч******* нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 34-8 тоотоос иргэн******* өмчлөлийн улсын дугааргүй Мустанг-200 загварын улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч******* /хх-ийн 13-р хуудас/, гэрч******* /хх-ийн 14-15-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

 Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 19-20-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч******* нь******* мотоциклийг хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоос 230.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлж, үлдэгдэл 1.100.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч******* 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч*******ын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу нийт цагдан хоригдсон 31 хоногийг 248 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2038005310441 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 31 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ухаа дээлт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу нийт цагдан хоригдсон 31 хоногийг 248 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч******* 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ******* олгосугай.

6. Эрүүгийн 2038005310441 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР