Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01355

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Б-д холбогдох,

Зээл, зээлийн хүү, алдангид 12 025 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ж.Бямбасүрэнгийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Х.Б, О.Отгонсүрэн нар нь мөнгө зээлэх талаар надтай уулзахдаа “Мөнгөний хэрэг гараад байна, өөр газар руу яваад мөнгө олдохгүй байна, танай дүү нар чинь гадаад дотоодод байдаг биздээ, мөнгө зээлээч” гээд манай дүү Ж.Б-ын утасны дугаарыг аваад Эрдэнэт хот руу явсан. Үдээс хойш нь 15,16 цагийн үед манай дүүтэй очиж уулзсан байсан. Х.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний дүү Ж.Б-оос 1 сарын хугацаатай 6 500 000 төгрөгийг 25 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Зээлийг авахдаа гэрээг бичгээр байгуулж, мөнгийг нотариатчийн хажууд хүлээн авсан. Мөн зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Приүс маркийн 71-02 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн. Миний дүү Ж.Б нь 2016 оны 10 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу ажиллаж амьдрахаар явсан. Дүү маань тус улсаас элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн үндсэн дээр Х.Б-гаас үндсэн зээл 6 500 000 төгрөг, зээлийн хүү 1 625 000 төгрөг, алданги 3 900 000 төгрөг, нийт 12 025 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр О.Отгонсүрэн эгч намайг Эрдэнэт яваад өгөөч гэж гуйхад нь би жолоочийн үүрэг гүйцэтгэж явсан. Эрдэнэтэд очоод Ж.Б-той уулзаж мөнгө төгрөгний асуудал ярьсан. Тэгэхэд Ж.Б барьцаа өг гэж хэлсэн. О.Отгонсүрэн эгч намайг машинаа барьцаалаад өгөөч дараа нь чамд туслана ш дээ гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч зээлийн гэрээ байгуулахаар болсон. Ж.Б О.Отгонсүрэнд 6 500 000 төгрөг банкнаас авч өгсөн. Мөнгийг би аваагүй О.Отгонсүрэн эгч тоолж аваад гадаад руу шилжүүлэхээр банк руу явсан. Ж.Б бид хоёр гэрээ байгуулахаар нотариат явсан, нотариатч мөнгө хаана байна гэж асуугаад байхаар нь О.Отгонсүрэн эгчийг дуудаж мөнгийг нь харуулсан. Би тэр мөнгөнд гар хүрээгүй. Ж.Бямбасүрэн эгчээс мөнгө гуйж байгаагүй. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны орой Ж.Бямбасүрэн эгч нөхөртэйгээ гэрт ирж дарамталсан. Ж.Б-ыг утсаар ярихад нь О.Отгонсүрэн мөнгө авсан гэдгийг хэлсэн. Тэгээд би О.Отгонсүрэн рүү залгаж Ж.Б мөнгөө нэхээд байна гэж хэлэхэд удахгүй мөнгө олж өгнө гэж хэлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би өөрийн гар дээр мөнгө аваагүй учраас зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэж үзэж байгаа. О.Отгонсүрэн Ж.Б хоёр мөнгө өгөлцөж авалцахыг би харсан. О.Отгонсүрэн эгч нотариатчид мөнгөө ирж харуулчихаад буцаагаад аваад явсан. Үүнийг Ж.Б мэдэж байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Бямбасүрэн эгч нөхөр болон О.Отгонсүрэн нарын хамт гэрт ирж дарамталсан. Би машинаа өгөхгүй, харин түлхүүрийг нь ав гэж хэлсэн. Гэтэл тэр 3 миний машиныг чирээд аваад явсан. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ж.Бямбасүрэнгийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Х.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд тэр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж дүүгээс маань мөнгө зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул би нөхрийн хамт Х.Б-гийн гэрт нь очиж машиныг нь авсан. Одоо тэр машин манай хашаанд байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Х.Б-гаас 10 400 000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Ж.Б-д олгож, үлдэх 1 625 000 /нэг сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Б-гийн сөрөг нэхэмжлэлээс Ж.Бямбасүрэнгийн хууль бус эзэмшлээс Приус маркийн 71-02 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар төлөөлөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 207 350 /хоёр зуун долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Х.Б-гийн төлсөн 259 350 /хоёр зуун тавин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-гаас 181 350 /нэг зуун наян нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж төлөөлөн нэхэмжлэгч Ж.Бямбасүрэнд, төлөөлөн нэхэмжлэгч Ж.Бямбасүрэнгээс 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Б-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар магадлалаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж Булган аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181 350 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч мөнгийг хүлээн аваагүй, О.Отгонсүрэн гэдэг хүн мөнгийг хүлээн авч, банкинд тушааснаа анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. ...Энэ гэрээг би хийсэн ч мөнгийг аваагүй, хэрэглээгүй учраас энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ биш дүр үзүүлэн хийсэн гэрээ юм.

Иймд хэргийг хянаж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Х.Б-гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6 500 000 төгрөг, хүүд 1 625 000 төгрөг, алдангид 3 900 000 төгрөг нийт 12 025 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Х.Б шаардлагыг эс зөвшөөрч, Ж.Б-оос мөнгөө зээлж аваагүй, О.Отгонсүрэнгийн зээлийн үүрэгт өөрийн автомашиныг барьцаалсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн хувьд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Х.Б нар нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Х.Б 6 500 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 25%-ийн хүүтэй зээлж, Тоёота Приус маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.

Хариуцагч Х.Б зээлийн гэрээнд зээлдэгчээр, барьцааны гэрээнд барьцаалуулагчаар оролцсоноос гадна мөнгийг бэлнээр хүлээн авсан гэж гарын үсгээ зурсан байна.

Тухайн зээлийг О.Отгонсүрэн хэрэглэсэн, мөнгийг бэлнээр авсан, захиран зарцуулсан гэх хариуцагчийн тайлбар түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

О.Отгонсүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн ба шүүх гэрчийн мэдүүлгийг зохих журмын дагуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б гэрээнд зээлдэгчээр оролцсон Х.Б-г хариуцагчаар татан, түүнээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардлагад нийцсэн байх ба Х.Б нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардахад энэ хэргийн шийдвэрлэлт саад болохгүй юм.

Түүнчлэн, Нийслэлийн Цагдаагийн газраас өгсөн тодорхойлолтод О.Отгонсүрэнд холбогдуулан үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт Х.Б хохирогчоор тогтоогдсон болохыг заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 181 350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээхээр заахдаа үнийн дүнг “181 350 000” гэж ташаа бичсэнийг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Техникийн шинжтэй уг алдаа магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН