Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 468

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Анхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01411 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Анхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сод-Эрдэнэ

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: М.Бадрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Э.Ганбат нь 2010 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр-Орд хороолол, 601 дугаар байр 1107 тоот орон сууцыг өөрийн төрсөн дүү Э.Энхбатаас шилжүүлэн авч, гэр бүлийн хамт амьдран сууж байгаа юм. Гэтэл н.Түвшинзаяа нь хууль бусаар өөрийн нэр дээр эрхийн гэрчилгээ гаргуулан маргалдаж байна. Ц.Түвшинзаяа нь маргаж буй байрыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-н иргэн Ү.Зунхайгаас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан гэх бөгөөд уг байрыг барьсан “Сүрэг агт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаантай байдлыг далимдуулан Ү.Зунхуй болон “Сүрэг агт” ХХК-ийн ажилтан Н.Лхамсүрэн нар хуйвалдан хууль бусаар гэрчилгээ гаргуулан авчээ.

Э.Энхбат нь энэхүү орон сууцыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар барих барилгын газрыг зуучлан олж өгсний хөлсөнд “Сүрэг агт” ХХК-иас авсан болно. Улмаар төрсөн ахдаа шилжүүлэн өгч, иргэн Э.Ганбат нь Иргэний хуулийн 106, 114 дүгээр зүйлд зааснаар уг орон сууцыг шударгаар эзэмшиж, өмчилж байгаа юм.

Гэтэл орон сууцнаас чөлөөлөн гаргах тухай шүүхийн буруу шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэллээ. Иргэн Э.Ганбат болон П.Анхбаяр нар нь уг орон сууцны шударга эзэмшигч, өмчлөгч мөн. Иймд орон сууцыг албадан чөлөөлөхийг мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01103 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “ Сүмбэр орд” хороолол Их монгол улсын гудамж 601 дүгээр байрны 1107 тоот орон сууцыг Э.Энхбат, Э.Ганбат нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16261342 дугаар үүсгэх тогтоолоор үүсгэж 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3/258741,3/25872 дугаар албан бичгээр Э.Энхбат, Э.Ганбат нарыг шүүхийн шийдвэрт заагдсан орон сууцыг сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.Түвшинзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01103 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08- ны өдрийн 685 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001/XT2016/00700 дугаар тогтоолоор Ц.Түвшинзаяагийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Сүмбэр орд” хороолол, 601 дүгээр байр 1107 тоот орон сууцыг Э.Энхбат, Э.Ганбат нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгчид шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн ажиллагаа явуулсан нь буруу биш юм. Иймд П.Анхбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар П.Анхбаярын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан орон сууцыг албадан чөлөөлөхөөр явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Анхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 3374 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа дурдсангүй. Э.Энхбат нь энэхүү орон сууцыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар барих барилгын газрыг зуучлан олж өгсний хөлсөнд "Сүрэг агт" ХХК-иас авсан болно. Улмаар төрсөн ахдаа шилжүүлэн өгч, иргэн Э.Ганбат нь Иргэний хуулийн 106, 114 дүгээр зүйлд зааснаар уг орон сууцыг 2010 оноос эхлэн шударгаар эзэмшиж, өмчилж байгаа юм. Гэтэл түүнийг орон сууцнаас нь албадан гаргах тухай шүүхийн буруу шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасны дагуу дээрх орон сууцны талаар гуравдагч этгээдийн хувиар Э.Ганбатын эхнэр П.Анхбаяр бие даасан шаардлага, гомдол гаргасан. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч П.Анхбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Түвшинзаяа нар эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1103 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 685 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 700 дугаар тогтоолоор хариуцагч Э.Ганбат, Э.Энхбат нарын хууль бус эзэмшлээс Ц.Түвшинзаяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Сүмбэр орд” хороолол Их монгол улсын гудамж 601 дүгээр байрны 1107 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16261342 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3/25871 тоот мэдэгдлээр хариуцагч Э.Ганбатыг орон сууцнаас өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг нүүлгэн чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамж болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд нийт 337 950 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны дотор тус байгууллагын 2617001560 тоот дансанд тушаахыг мэдэгдсэн мэдэгдлийг хариуцагч Э.Ганбатын эхнэр П.Анхбаяр хүлээн авч, гардуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч П.Анхбаяр нэхэмжлэлийн үндэслэлээ маргаж буй орон сууцыг өмчлөх эрх Э.Ганбат, Э.Энхбат  нарт шударгаар үүссэн гэж тайлбарлах боловч Э.Ганбат, Э.Энхбат нарын орон сууц эзэмших эрх нь хууль бус болох талаар гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

Түүнчлэн хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хуульд заасан ажиллагаа явуулах эрх хэмжээтэй тул бусдын эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх олж авах байдлыг тогтоох үүрэггүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА