Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/430

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0430

              Улаанбаатар хот

“ӨМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэгч: “ӨМ” ХХК

    Хариуцагч: БОАЖС

    Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”;

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0308 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0920/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ӨМ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0308 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус  баримтлан БОАЖС-д холбогдуулан гаргасан БОАЖС-ын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий “ӨМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах гомдолдоо:

     3.1. Шүүхийн шийдвэрт “Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.         

            3.1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргахад хүлээж аваагүй нь өмгөөлүүлэх эрхийг зөрчиж байгаа зөрчил болно.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эсхүл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч гэж тухайн захиргааны хэрэгт огт байхгүй тул хууль зүйн туслалцаа авах эрхийг маань зөрчсөн.

            3.1.2. Шийдвэрт "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талаас шалтгаалан шүүх хуралдаан удаа дараа хойшилсон, тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шалтгаалан, тэдний хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн болон 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн шүүх хуралдаан хойшилсон ба 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг шүүх зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж, тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно." гэжээ.

           2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хойшилсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжит хугацаа шүүхээс олгоогүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаа нотолсон баримтыг хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлээд байхад түүний оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахдаа хүсэлтийг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэсэн үндэслэлээ шүүх хууль зүйн талаас нь тайлбарласангүй.

      3.2. Тэгэхээр "анхан шатны шүүх хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн" зөрчил гаргасан.

      3.3. Талууд эвлэрэхээр ярилцаж байсан. Тэгэхээр эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулах ёстой. Гэтэл энэ талаар сайн тайлбарлаж өгөөгүйгээс уг асуултад би хариулаагүй өнгөрүүлсэн.

      3.4. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулах үүднээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                             ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. БОАЖС-ын  2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-222 дугаар тушаалаар (Хавтаст хэргийн 64, 65 дахь тал) Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд 2.0 га газрыг 5 жилийн хугацаагаар “ӨМ” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/64 дүгээр эрхийн гэрчилгээ (Хавтаст хэргийн 51 дэх тал) олгожээ.

4. Үүний дараа БОАЖС-ын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар (Хавтаст хэргийн 56, 57 дахь тал) “газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсны дотор хавсралт 159 дэх дугаарт “ӨМ” ХХК багтжээ.

5. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон БОАЖС-ын тушаалд эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээс гадна, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр (Хавтаст хэргийн 66 дахь тал) ирүүлсэн санал,  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11и-з/5988 дугаар албан бичгээр (Хавтаст хэргийн 56, 57 дахь тал) ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдэл зэргийг үндэслэл болгосон байна.

         6. Нэхэмжлэгчээс “...захиргаанд удаа дараа хүсэлт гаргаж байсан ч гэрээ байгуулагдаагүй, ... гэрээ байгуулаагүй байж газрын төлбөр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй, ...өөрийн ашиглалтын газарт хашаа барьсан үйлдэл нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй ...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй ... газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талаарх баримтаа ирүүлээгүй, ...газар ашиглах гэрээ байгуулаагүй шалтгаанаар газрын төлбөр төлөөгүй нь үндэслэлгүй ...” гэж тус тус маргажээ.

 

          7. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж,

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гэж,

          Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.” гэж,

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа”, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

 

  8. БОАЖС-ын  маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэлх хугацаанд газар ашиглагч “ӨМ” ХХК-аас өөрийн ашиглах эрхтэй гэх 2.0 га газрын төлбөрийг төлж байгаагүй нь хэрэгт авагдсан 106,906,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар (Хавтаст хэргийн 95 дахь тал) тогтоогдож байна.

  Тодруулбал, газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

             9. Мөн нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр (Хавтаст хэргийн 109-119 дэх тал) тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...цар тахлаас шалтгаалан... санхүүгийн хүнд нөхцөлд орсон тул газар дээрээ хашаа барьсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

   10. Түүнчлэн, 2015-2016 онуудад “ӨМ” ХХК-аас Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ байгуулах хүсэлт ирүүлээгүй нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/787 дугаар албан бичгээр тогтоогдсон байх тул гурвалсан гэрээ байгуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

11. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, БОАЖС-ын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэж, “ӨМ” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

   12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж аваагүй, ... итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтаан биш гэж үзсэн, ... талууд эвлэрэхээр ярилцаж байсан” гэх гомдлын тухайд:

        12.1. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр уг захиргааны хэргийг үүсгэж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр товлон зарлажээ.

       Үүнээс хойш хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд нийт 3 удаа шүүх хуралдаан хойшилсны 2 нь нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшлуулсан ба шүүхээс шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн байна.

        12.2. Дээрх хугацаанд шүүх нэхэмжлэгчид захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгч, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан гэж үзэхээр байх ба уг эрхийг нь шүүх хязгаарлаагүй төдийгүй 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийг биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасан гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.     

        12.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-оос шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр ирүүлээгүй ба Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуульд хичээлтэй гэсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байх тул анхан шатны шүүхээс түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасантай нийцсэн байна.  

        12.4. Түүнчлэн, нэхэмжлэгч “ӨМ” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар албан бичгээр Г.Н, Б.Н нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдсан байна.

13. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

             ШҮҮГЧ                                                                                  Г.БИЛГҮҮН

             ШҮҮГЧ                                                                                  Т.ЭНХМАА