| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0127/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/124 |
| Огноо | 2020-12-20 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/124
2020 12 02 2020/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-т холбогдох эрүүгийн 2019000000140 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй,боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр баг, Сулин хээр гэх газар оршин суух, урьд Дорноговь аймгийн 4 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулан, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Д.Х /регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Х нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, хот тохижуулахын хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бага насны хүүхэд болох 13 настай О.Э-гийн баруун, зүүн гарыг униар 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр архи уугаад хүүхдийн гарыг гэмтээсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэрээс илүү гарсан унь бараан дээр хураалттай байсан. 2020 оны 9 дүгээр сарын 19-ний орой манай ээж залгаад “Х 2 хүүхдийг чинь зодоод байна” гээд уйлаад ярихаар нь би яаруу сандруу гүйж гараад такси бариад яваад очтол бүх зүйл болоод өнгөрсөн байсан. Манай хүүхэд Зүүнбаянгийн эмнэлэгт байсан. Одоо 1 сарын цалин 900 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 900 000 төгрөг, эм тарианы мөнгө 82 650 төгрөг, унааны зардал 80 000 төгрөг нийт 1 962 650 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч эм тарианы мөнгө гэж дөнгөж сая 90 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сайншанд сумын Зүүнбаян багт эмээ Э-гийнд дүү О.Д-гийн хамтаар амьдардаг юм. Дүү бид хоёр Зүүнбаян багийн сургуульд сурдаг. 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой дүү бид хоёр гэрийн гадаа тоглож байтал манай эмээгийн найз манай эмээгийнд амьдраад байдаг Х ах согтуу гаднаас ирээд гэрийн гадаа эмээтэй маргалдаад байсан. Тэгтэл эмээ Х ахыг, чи миний гар утсыг өгөөд яв гэж хэлээд гар утсыг нь аваад манай дүү Дд өгсөн. Д гар утсыг нь аваад надад өгсөн. Би гар утсыг нь аваад гутлаа үдээд сууж байтал Х ах гэрийн хойно байсан унийг аваад миний зүүн гар руу унины модоор 2 удаа цохисон. Дараа нь баруун гар руу 1 удаа цохисон. Цохиулсны дараа миний хоёр гараар өвдөөд хөдөлж болохгүй, би уйлсан чинь манай дүү Д-г зодсон. Гараараа цохиод бас унины модоор 2, 3 удаа цохисон. Дүү бид хоёр зугтааж гараад цагдаа дээр очсон” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э ах гар утас аваад гутлаа өмсөөд сууж байтал Х ах гэрийн хойно байсан унийг аваад Э ахыг зодоод байсан. Тэгж байгаад над дээр ирээд гараараа миний шанаа руу цохисон. Дараа нь барьж байсан униараа миний толгой руу 1 удаа, гар руу 3 удаа, хөл рүү 1 удаа цохихоор нь Э ах бид хоёр зугтаасан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр 2020 оны 06 дугаар сараас эхлэн хоорондоо харилцах болсон. 2020 оны 08 дугаар сард Д.Х Зүүнбаян багт ирээд хот тохижуулах газарт ачигчаар ажилд орсон. Түүнээс хойш Х манайд амьдарч, бид хамтран амьдрах болсон. ...2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчимд санаж байна, би ач нарын хамтаар гэртээ байж байтал Х архи уучихсан, нэлээд согтуу орж ирээд хүүхдүүд телевиз үзэж байтал зурагтын дуугаа сулла, гар утас үзэхээ боль гэх мэтээр загнасан. Тэгтэл манай том ач О.Энх- Орчлон танд ямар хамаатай юм гэж хэлж байх шиг сонсогдсон. Х уурлаад би танайхаас явна гэж хэлсэн. Х миний гар утсыг түр барьж байсан болохоор би Хт, чи явах гэж байгаа бол миний гар утсыг үлдээгээрэй, чиний хоол ундыг хийгээд хирийг чинь угаагаад байж байгаа нь миний буруу болж гэж хэлтэл манай том ач О.Э Хын ширээн дээр тавьсан гар утсыг аваад дүүтэйгээ гарч зугтаасан. Тэгтэл Х араас нь гараад гэрийн хойно байсан унийг авч, О.Э, Д хоёрыг зодсон. Би Х-т чи явах гэж байгаа бол миний гар утсыг үлдээгээрэй гэж хэлсэн болохоор манай ач хүү миний утсыг авах гэж ширээн дээр тавьсан байсныг авсан. Тэгтэл Х гар утсыг авлаа гэж уурлаж араас нь гараад гэрийн униар зодож цохисон. ...О.Э-гийн зүүн гар нь санаж байна, шуу хэсгээр хугарсан, Д-гийн толгойн ар хэсгээр хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02/0269 дугаартай шинжээчийн “...О.Эгийн биед зүүн шуу ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, хот тохижуулахын хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бага насны хүүхэд болох 13 настай О.Э-гийн баруун, зүүн гарыг униар 2-3 удаа цохиж, зүүн шуу ясны зөрөөтэй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний орой манай ээж залгаад “Х 2 хүүхдийг чинь зодоод байна” гээд уйлаад ярихаар нь би яаруу сандруу гүйж гараад такси бариад яваад очтол бүх зүйл болоод өнгөрсөн байсан...”
гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой ...Би гар утсыг нь аваад гутлаа үдээд сууж байтал Х ах гэрийн хойно байсан унийг аваад миний зүүн гар руу унины модоор 2 удаа цохисон. Дараа нь баруун гар руу 1 удаа цохисон. Цохиулсны дараа миний хоёр гараар өвдөөд хөдөлж болохгүй, би уйлсан чинь манай дүү Д-г зодсон. Гараараа цохиод бас унины модоор 2, 3 удаа цохисон. Дүү бид хоёр зугтааж гараад цагдаа дээр очсон” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э ах гар утас аваад гутлаа өмсөөд сууж байтал Х ах гэрийн хойно байсан унийг аваад Э ахыг зодоод байсан. Тэгж байгаад над дээр ирээд гараараа миний шанаа руу цохисон. Дараа нь барьж байсан униараа миний толгой руу 1 удаа, гар руу 3 удаа, хөл рүү 1 удаа цохихоор нь Э ах бид хоёр зугтаасан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчимд санаж байна, Х уурлаад би танайхаас явна гэж хэлсэн. Х миний гар утсыг түр барьж байсан болохоор би Хт, чи явах гэж байгаа бол миний гар утсыг үлдээгээрэй, ...гэж хэлтэл манай том ач О.Э Хын ширээн дээр тавьсан гар утсыг аваад дүүтэйгээ гарч зугтаасан. Тэгтэл Х араас гараад гэрийн хойно байсан унийг авч, О.Э, Д хоёрыг зодсон....О.Эгийн зүүн гар нь санаж байна, шуу хэсгээр хугарсан, Дгийн толгойн ар хэсгээр хавдсан байсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 02/0269 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Д.Х-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд Д.Х-ыг Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, хот тохижуулахын хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бага насны хүүхэд болох 13 настай О.Эг гэрийн униар цохиж зүүн шуу ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Х-т ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор,өмгөөлөгч нарын санал,дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Д.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмийн үнэ 82650 төгрөг, ажилгүй байсан хугацаа цалин 900 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 900 000 төгрөг, замын зардал 80 000 төгрөг нийт 1 962 650 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь шүүхийн шатанд эмийн үнэ 90000 төгрөг төлсөн байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн цалингийн нотлох баримтыг шинжлэн судалбал ажил олгогч байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтод “...2020 оны 9 сарын 19-ний өдөр ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн...сард 900 000 төгрөгийн цалинтай”/хх-ийн 55/, гэрч Д.Цгийн 2020 оны 10 сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгт“... сард 900000 төгрөгийн цалин авдаг. Чөлөө авч яваад одоогоор ажлаа хийхгүй байгаа...” гэсэн мэдүүлгээр сард 900 000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлж байгаа боловч цалин олгох хүснэгтэд үндсэн цалин тогтмол биш/ сар бүр өөр бичигдсэн/, 9, 10 дугаар сард хэдэн удаа гарах байснаас хэд гарсан /ээлжийн ажилтай/ тухай мэдээлэл байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна.
Иймд хохирогчийн цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг дан ганц цалингийн тодорхойлолтыг үндэслэж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. Мөн хэрэгт замын зардлын ямар нэг баримт авагдаагүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн гэрийн 1 ширхэг унийг шинжлэн судлахаар талууд хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 58-р тал/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Хт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмийн үнэ 90000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс цалин, замын зардлын 980000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөлөгчийн зардал 900000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн 1 ширхэг гэрийн унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН