| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/08082/И |
| Дугаар | 102/ШШ2017/00472 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/00472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, … байрны ..тоотод оршин суух, …регистртэй, Боржигон ургийн овогт Б овогтой Э-н,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кёкүшюзаны …дугаар байрны ..тоотод оршин суух, …регистртэй, Боржигон ургийн овогт Н овогтой Б-д холбогдуулан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,513,200 /таван сая таван зуун арван гурван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Н.Б нь иргэн Б.Э-С зээлийн гэрээ байгуулан 5,012,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 8 сар 14 хоногийн хугацаатай, хүүгүйгээр, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 10 хоногт 10 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл маргах журмаар төлж дуусгасан байна гэж харилцан тохиролцсон боловч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж төлөлт хийхгүй байх тул Н.Бгоос гэрээнд заасан хүү алдангийг оруулаад нийт 5,513,200 төгрөгийг гаргуулж Б.Э-Н хохирлыг барагдуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “алданги” хэмээн бичиглэлийн алдаа гарсан байгааг шүүх анхаарна уу. Хэдийгээр зээлийн гэрээнд зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцохоор заасан боловч нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Бгоос алданги шаардаагүй. Харин үндсэн зээлийн төлбөр болох 5,012,000 төгрөг дээр, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 10 хоногийн хүү болох 501,200 төгрөгийг нэмж, нийт 5,513,200 төгрөгийг хариуцагч Н.Бгоос гарган Б.Эт олгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсөөр төлөөлүүлэн, хариуцагч Н.Бгоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,513,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугласан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй. /хх-6, 11/
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Б.Э нь 5,012,000 төгрөгийг 8 сар 14 хоногийн хугацаагаар буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, зээлийн хүүг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүүгүй байхаар, уг өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл буюу 10 хоногийн 10 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-3/
Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдсэн зээлийн гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын 21-ний өдөр 3,012,000 төгрөгийг тус тус зээлдэгчид хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч Н.Бгийн гарын үсгээр тогтоогдож байна.
Хариуцагч Н.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл 5,012,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 501,200 төгрөг, нийт 5,513,200 төгрөгийг шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги шаардах эрхтэй боловч хариуцагчаас шаардаагүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч …регистртэй Боржигон овогт Н.Б-с 5,513,200 /таван сая таван зуун арван гурван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..регистртэй, Боржигон овогт Б.Эт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА