| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0135/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/132 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/132
2020 12 14 2020/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Х.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х.Ит холбогдох эрүүгийн 2019001820143 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Чандмань-Илч ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, ээж, аавын хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багт оршин суух хаягтай одоо Дорноговь аймгийн Сайшанд сум Маааньзавын 2-27
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.И нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны оройн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далантүрүү” гэх газарт иргэн Б.Бын эзэмшлийн “Redmi note-8” маркийн гар утас, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Иын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Ц, С, С нар нь Бор-Өндөр рүү явчихаад ирье гээд явсан. Бор-Өндөр сум руу нэг цаг гаран яваад ирсэн. Бор-Өндөр сумын залуучууд бид нар руу томорч эхэлсэн. Тэгээд бид нар яв яв гэж хэлээд өөр өөрсдийн автомашиндаа суугаад хөдлөх гэсэн чинь Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Бор-Өндөр сумын иргэн Бын найз болон машин барьж байсан залуу нь тээврийн хэрэгслийн урдуур орж, тээврийн гупер хэсгийг шүргээд зогссон... Тэгээд зодолдох гээд бужигнаан үүсэхэд Б гэж залуу нь гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудна гэхэд би яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд Б гэх залууг тэвэрч аваад, гар утсыг булаагаад авсан...Би цагдаа дээр очихдоо Баас авсан гар утсаа гэртээ орхиод, цагдаа руу явсан. Би бусдын биед халдах оролдлого хийгээгүй…” гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Бтай хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далан түрүү” гэх газарт нэг шил архи уухаар очсон... Ц над руу утсаар яриад, “Далан түрүү” гэх газар ирэхээр болсон. Баа бид 2 архиа ууж дуусаад, баруун тийшээ найзынхаа хөдөө гэр лүү явах ёстой байсан. Бор-Өндөр сумаас Цг иртэл хүлээгээд сууж байсан... “Далан түрүү” гэх газарт сууж байсан газраасаа хөдлөөд, бид нараас урагш модон дунд сууж байсан хүмүүсийн хажууд очиж зогсоод, тэд нараас С гээд залууг асуусан чинь байхгүй байхаар нь хөдлөөд явсан. Тэгтэл бид нарын араас тэнд байсан залуучууд кроун маркийн машинтай ирээд гүйцэж гарахдаа манай машиныг шүргэхээр нь зогсоод уулзсан. Ц машин бариад явж байсан болохоор араас ирж машин шүргэсэн жолоочтой уулзаад, маргалдаад байсан... Тэгсэн тэр үед надтай муудалцаад байсан цагаан подвалктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, пүүзтэй залуу ирж миний нүүрэн тус газар 1-2 удаа өшиглөж, гарт барьж байсан утсыг маань булаагаад аваад явсан. Тэгэхээр нь би босож утсаа авах гэтэл хамт явж байсан залуучууд нь надруу дайрч давшлаад ирэхээр нь би зугтаачихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-12, 87 дугаар хуудас/,
Гэрч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө ажилдаа гараад орой 17 цаг өнгөрч байхад ажлаасаа буусан. Ажлаасаа буучихаад гэртээ хариад, гэртээ байж байхдаа орой 21 цагийн үед найз Б луу утсаар ярьсан чинь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Далан түрүү” гэх газарт байна, хөдөө найзынх руугаа явах гэж байна, намайг хүрээд ир гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинтай Далан түрүү гэх газарт очсон... Бид нар сууж байсан газраасаа хөдлөөд урагшаа явж байхад модны хажууд хэдэн залуучууд зогсож байхаар нь очиж уулзаад хөдөлсөн. Тэндээс хөдлөхдөө би тэр залуучуудын машиныг шүргэсэн. Тэгтэл араас ирээд машинаараа хашиж зогсохоор нь би машинаасаа бууж уулзсан. Тэгтэл тэд нартай хамт явж байсан С гэх залуу миний нүүр лүү нэг удаа цохисон. Би Сд цохиулаад өөрийнхөө машинд суучихсан. Намайг машинд сууж байхад манай найз Б.Быг тэр залуучууд нийлээд зодоод байхаар нь би буугаад салгах гэтэл намайг бөөнөөрөө зодох гээд байхаар нь эргээд машиндаа суусан... Б.Быг машиндаа суулгаад байхад нөгөө залуучууд дахиж ирээд машины 2 талын хаалга онгойлгоод 2 талаас зодсон. Тэгэхэд Б.Баа машинаас гараад зугтаасан Б.Б зугтаж яваад цагдаад дуудлага өгсөн байсан. Б.Быг зугтаад явахаар нь тэр хавиар хайж байгаад олдохгүй болохоор нь Бор-Өндөр сум руу гэр лүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 13 дугаар хуудас /,
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б бид 2 Далан түрүү гэх газарт очоод нэг шил архи гаргаж хувааж уусан. Бид 2-ыг архи уугаад сууж байхад манай найз Ц Б луу залгаад, дараа нь удалгүй хүрээд ирсэн... Бид нар хөдлөөд удаагүй, бид нараас урагш модны дэргэд сууж байсан хүмүүстэй очиж уулзсан. Тэгээд хөдлөхдөө Ц тэнд байсан нэг машиныг шүргэсэн. Тэгтэл тэр машинтай залуус араас ирээд Цтэй муудсан. Тэгэхээр нь би ганцаараа зугтаад, гүйгээд явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарын хажууд Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсоод, Ц гэх өмнө харж байгаагүй залуу нь манай найз Сийг “юу байна ахын дүү” гэсэн чинь С “чи намайг хэзээ ахын дүү гэдэг байсан юм, чи намайг найз найз гээд л яваад байсан. Манай ахын найзуудтай найзлаад ирэхээрээ намайг ахын дүү гэдэг юм уу?” гэж хэлсэн. Тухайн үед С хэрүүл хийгээд яахын бэ явъя гэж хэлээд машиндаа суугаад хөдөлж байхад, Тоёота Приүс 20-той хүмүүс бид нарын сууж явсан автомашины урдуур машинтайгаа орж ирж, бид нарын автомашины урд талын гупер хэсгийг шүргэсэн... машин дотор сууж байгаад буугаад очиход намайг заамдаж авч, цохисон, би буцаагаад 2 удаа цохисон. Тэгээд зугтааж байтал нөгөө автомашинд байсан Улаакаа, И нар болиулсан. Тэгээд байж байтал Б гэх залуу нь цаашаа нэг юм шидээд гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудлаа гэхэд И нь яах гээд байгаа юм боль гээд тэврээд авсан. Тэгээд удалгүй бүгд хэрэлдэж маргалдахаа больсон...Тэгээд ойролцоогоор 2 цаг гаран зогсоод цагдаагийн ажилтан гар утас гаргаж өгөхгүй бол бүгдийг чинь шоронд явуулна, эрүү үүсгэнэ гэхэд И нь үнэнээ хүлээж, Самсунг Ноте-8 маркийн гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд манай найз охин Зулцэцэг нь бид нарыг авсан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 33- 35 дугаар хуудас/,
Гэрч Н.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үед С нь хэрүүл хийгээд яах бэ явъя гэж хэлээд машиндаа суугаад хөдлөх гэтэл, Тоёота Приүс 20-той хүмүүс бид нарын сууж явсан автомашины урдуур машинтайгаа орж ирж, бид нарын автомашины урд талын гупер хэсгийг шүргэсэн... бид нарыг дагуулан найзууд дээрээ очсон байсан. Тэгээд С, С нар тухайн хүмүүстэй маргалдаад байсан. Би автомашинаасаа буугаагүй. Мөн яг юу болоод байгаа нь мэдэгдээгүй. Тэгээд орой болж хүмүүс маргалдаж хэрэлдэхээ больсон. Бид нар хөдлөх гэж байтал Бор-Өндөр сумын цагдаа нар ирээд, манай найз залууг найзуудтай нь бариад явсан... Тэгээд бид нартай хамт явсан өөр хүн байна уу? гэж асууж байгаад Иыг дуудаж цагдаа асуусан. И нь аваагүй гэж хэлээд байсан. Тэгээд ойролцоогоор 2 цаг гаран зогсоод цагдаагийн ажилтан гар утас гаргаж өгөхгүй бол бүгдийг чинь шоронд явуулна, эрүү үүсгэнэ гэхэд И нь үнэнээ хүлээж, Самсунг ноте-8 маркийн гар утсыг гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны үнэлгээ хийсэн баримт / хх-ийн 61-63 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 93 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.И нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далантүрүү” гэх газарт иргэн Б.Бын эзэмшлийн “Redmi note-8” маркийн гар утас, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны үнэлгээ хийсэн баримт, хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Бтай хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далан түрүү” гэх газарт нэг шил архи уухаар очсон... Тэгтэл бид нарын араас тэнд байсан залуучууд кроун маркийн машинтай ирээд гүйцэж гарахдаа манай машиныг шүргэхээр нь зогсоод уулзсан. Ц машин бариад явж байсан болохоор араас ирж машин шүргэсэн жолоочтой уулзаад, маргалдаад байсан... Тэгсэн тэр үед надтай муудалцаад байсан цагаан подвалктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, пүүзтэй залуу ирж миний нүүрэн тус газар 1-2 удаа өшиглөж, гарт барьж байсан утсыг маань булаагаад аваад явсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд байж байтал Б гэх залуу нь цаашаа нэг юм шидээд гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудлаа гэхэд И нь яах гээд байгаа юм боль гээд тэврээд авсан. Тэгээд удалгүй бүгд хэрэлдэж маргалдахаа больсон...цагдаа дээр ирээд цагдаагийн ажилтан Баас гар утсыг чинь авсан энд байна уу гэхэд байхгүй байна гэсэн.Тэгээд бид нартай хамт явсан өөр хүн байна уу гээд Иыг цагдаа дуудаж асуусан. И нь аваагүй гэж хэлээд байсан. ойролцоогоор 2 цаг гаран зогсоод цагдаагийн ажилтан гар утас гаргаж өгөхгүй бол бүгдийг чинь шоронд явуулна, эрүү үүсгэнэ гэхэд И нь үнэнээ хүлээж, Самсунг Ноте-8 маркийн гар утсыг гаргаж өгсөн....”,гэсэн мэдүүлэг гэрч Н.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хөдлөх гэж байтал Бор-Өндөр сумын цагдаа нар ирээд, манай найз залууг найзуудтай нь бариад явсан... Тэгээд бид нартай хамт явсан өөр хүн байна уу? гэж асууж байгаад Иыг дуудаж цагдаа асуусан. И нь аваагүй гэж хэлээд байсан. Тэгээд ойролцоогоор 2 цаг гаран зогсоод цагдаагийн ажилтан гар утас гаргаж өгөхгүй бол бүгдийг чинь шоронд явуулна, эрүү үүсгэнэ гэхэд И нь үнэнээ хүлээж, Самсунг ноте-8 маркийн гар утсыг гаргаж өгсөн...”гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Ит прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах саналтай,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Х.Ит холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн,прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Х.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Х.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ит хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Х.Ит тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Ит мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН