| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0087/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/92 |
| Огноо | 2020-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/92
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Бийн Од холбогдох 2017000000097 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т овогт Бийн О /РД:ЕС/, Д аймгийн З суманд 1983 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Г аймгийн Ш сумын 1 дүгээр баг, Т 4 тоотод оршин суух, “ШО” ХК-нд зуухны машинист ажилтай, дээд боловсролтой, уул уурхайн технологич мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Г аймгийн Ш сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах мал нядалгааны /бойны/ газарт иргэн Р.Ттай маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар түлхүүртэй гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Г аймгийн Ш сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах мал нядалгааны /бойны/ газарт Р.Ттай маргалдан нүүрэн тус газар автомашины түлхүүр барьсан гараараа цохиж хацарт нь урагдсан шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр гэртээ 1 шил архи ганцаараа уусан. Манай эхнэр найз Б луу яриад намайг согтуу машинаа авах гээд байна гэж хэлсэн байсан. Тэгээд Б, аавтай хамт ирээд миний машин аваад явсан. Би араас нь мах нядалгааны газарт охинтойгоо очоод машиныхаа түлхүүрийг авсан. Намайг очиход С эгч, Б, Т, Бямбаа нар ажлаа хийгээд байж байсан. Би машины ард зогсож байтал мах ачихаар машин хөдлөхөд Т намайг машинд дайрууллаа холд гээд түлхэхээр нь би уурлаад нэг удаа цохисон. Гарт машины түлхүүр байсан. Тэрийгээ мэдээгүй нэг удаа цохисон. Би хохирогчид эхлээд 200 000 төгрөг, дараа нь 300 000 төгрөг өгсөн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
1.2. Хохирогч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 09 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчим Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг Бын мал бойлдог газар ажиллаж байтал О гэх залуу саарал өнгийн машинтай урд талдаа охиноо суулгасан согтуу орж ирээд машинаас буугаад чанга хашхираад хашаанд байх граж руу орж ирсэн. Тэгтэл араас нь мах ачих гээд Б ах машинтайгаа ухраад ороод ирсэн чинь О машиных нь ар талаар нь орохоор нь би машинд дайруулах нь гэж бодоод татаад авсан чинь миний зүүн хацар луу цохисон. Миний хацраас цус гарч байхаар нь бариад үзсэн чинь хацар дээр цоорчихсон байсан. О тухайн үед гартаа машиныхаа түлхүүрийг барьчихсан байсан юм байна лээ. Тэгээд С эгчийн гэрт очиж цусаа угаасан чинь миний хацар дэр шалбарсан байсан. О бид хоёрт маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. О тухайн үед нэлээн согтуу байсан. Би Оыг цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-9 хуудас/
1.3. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бын бойны газар мах ачиж Улаанбаатар хот руу явахаар өөрийн эзэмшлийн 50-40 ГСА улсын дугаартай Бонго маркийн авто машинтай байж байтал О тэр хавиар согтуу хүн болгон руу агсрах маягтай яваад байсан. Тэгээд Б машинаа ухраагаад оруулчих махаа ачъя гэхээр нь би машинаа ухраагаад граж руу нь оруулаад машинаасаа буугаад иртэл О, Т нар хоорондоо маргалдаад зогсож байгаад О Тыг баруун гараараа нүүр лүү нь цохихоор нь би тэнд байсан хүмүүсийн хамт салгасан. Тэгтэл Тын нүүрнээс нь учиргүй их цус гоожоод эхлэхээр нь харсан чинь зүүн хацар дээр нь шалбарсан байсан. Оын гар луу нь харсан чинь гарт нь түлхүүр байсан. Т тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/
1.4. Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мал нядалгааны газарт гэдэс цэвэрлэгчээр ажилласан. Орой ажил дуусах гэж байтал Б О архи уучихсан байна, очихоос гээд дүүтэйгээ хамт явсан. Тэгээд Оын машинтай хашаа руу ороод ирсэн. О машинаасаа буугаад тэр хавиар хашхираад л байсан. Гаднаас мах ачих гээд машин орж ирж байтал гэнэт учиргүй О, Т нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад О Тыг цохиж авсан. Б бид хоёр очиж салгасан. Тэгтэл Тын хацар дээрээс нь цус гоожиж байхаар нь би гэр лүү орж цэвэрлэ гээд дагуулаад орсон. О нэлээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/
1.5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад манай найз О над руу залгаад эхнэр уурлаад гэрээс явчихлаа найз нь гэртээ ганцаараа архи ууж байна гэхээр нь би дүү Бр Оын гэрийн үүдэнд хүргүүлж буугаад гэрт нь орсон чинь О охин Стэй хамт гэртээ байсан. О ганцаараа 0,5 литртэй Ерөөл нэртэй архи ууж байхаар нь би чи хүүхэдтэй яаж хоёулаа хонодог юм манайд очиж хоноё гээд машиныг нь жолоодоод хүүхдийг нь аваад мал нядалгааны газар луугаа очсон. Тэгээд би машинаас буухад О урд талын суудлаас хүүхдээ дагуулаад буугаад мах өлгөсөн өлгүүр лүү очоод зогсож байтал гаднаас мах ачих машин орж ирсэн. Тэгсэн чинь О яг машины хойд талд нь зогсож байх таараад Т түлхэж байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би наанаас нь салгах гээд очиж байтал О Тыг цохиод авахаар нь салгатал Тын хацар дээр нь шалбарчихсан байсан. О нэлээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/
1.6. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр бид хоёр гэр бүлийн асуудлаас болж маргалдсан. Тэгээд архи ууна гэхээр нь би чи архиа сонгож байгаа бол би явлаа гээд нөхрийнхөө эгчийн гэрт хонохоор хоёр хүүхдээ аваад явсан. Намайг явах үед О гэрт ганцаараа архи уугаад үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь ирсэн чинь хүнтэй муудалцсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
1.7. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 295 дугаар дүгнэлтэд: Р.Тын биед зүүн хацарт урагдсан шарх гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2020 оны 09 дүгээр сарын 22-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хацрын урагдсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. / х.х-ийн 17 хуудас/
1.8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 39-40 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-9 хуудас/
2.2. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “О нь ажилд их шаргуу амьдралын төлөө зүтгэдэг залуу” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/
2.3. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “О ер нь их даруухан бусадтай нийцтэй харьцдаг хүн. Нэг ажил эхлүүлсэн бол заавал дуусгаж байж салдаг их хөдөлмөрч, амьдралын төлөө зүтгэсэн хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
2.4. Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 34 хуудас/
2.5. “Ш” ХК-ний тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 33, 37-38 хуудас/
2.6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 41-42, 49 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Оыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.О нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА