| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/376/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/369 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2038005680437 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн нутаг “Уртын ам” гэх газраас 3.6 метр куб хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 809.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн нутаг “Уртын ам” гэх газраас 3.6 метр куб хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 809.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005680437 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Модонд очоод цахилгаан хөрөөгөөр ганцаараа дөрвөн ширхэг мод огтолж унагааж машинд ачихаар богинхон тайрч бэлтгэсэн. ******* мод унагааж байхад хол зогсоосон байсан. Би өөрөө модоо бэлтгэж тайрсны дараа машинд ачихад л Батбаяр тусалсан. Модоо ачаад дөнгөж хөдлөөд явж байхад Тариалан сумын экологийн байцаагч Баярцэнгэл, Доржсүрэн цагдаа нар зогсоож шалгасан. Модны эрхийн бичгийг авсан уу гэж асуухаар нь аав ******* түлээнд явж байна гээд аавын мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлэхэд наад эрхийн бичиг чинь бэлтгэх хугацаа нь дууссан учраас хүчингүйд тооцно. Сумын төв рүү машинаа жолоодоод ор гэж хэлсэн. Тэгээд сумын төв орсны дараа очиж уулзахад таны мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан болохоор хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гээд түлээтэй машиныг журамласан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-19-р хуудас/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Тариалан сумын экологийн байцаагч дэслэгч Ц.Баярцэнгэл, хэсгийн цагдаа Д.Доржсүрэн нарын хамтаар модны хяналт шалгалтаар явж байгаад мэдсэн. Мод бэлтгэсэн газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн нутаг дэвсгэрт байх Уртын ам гэдэг нэртэй газар байгаа. Тариалан сумын Уртын ам гэдэг газар мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийдэггүй газар. Бэлтгэсэн мод нь 1 метр 60 см хэмжээтэй тайрч бэлтгэсэн, нийт бэлтгэж тайрсан модны тоо 52 ширхэгтэй, 5.5 метр куб хэмжээтэй, хуурай шинэс гэдэг нэртэй мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед миний хуурай ах болох Отгонбаяр гэдэг айлд түлээний модыг нь бэлтгэж өгөх гээд Отгонбаяр гуайн хүү болох Батбаярын хамт Тариалан сумын Таван толгойн багийн нутаг болох уртын ам гэдэг газар луу бид хоёр мод бэлтгэхээр явсан. Мод бэлтгэх газраа очоод Батбаяр бид хоёр харж байгаад хуурай, арай том гэсэн модыг харж байгаад 4 ширхэг босоо мод унагааж 1 метр 60 см хэмжээтэй тайрч бэлтгэсэн...Тэгээд хоёр цагдаа бууж ирээд машины бичиг баримт, мод бэлтгэх гоожин, зөвшөөрлөө гаргаад ир гэсэн. Тэгэхээр нь Батбаяр бичиг баримтаа гаргаж үзүүлсэн. Тэгсэн мод бэлтгэх гоожингийн чинь хугацаа 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна. Энэ гоожин хүчингүй ээ, мод хийхдээ байгаль хамгаалагчаар сунгалт хийлгээд гарахгүй яасан юм гээд модоо аваад сумын төв рүү орно гээд цагдаа нар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:
1. Иргэн *******ын модонд хэмжилт хийх чанар байдлыг тодорхойлоход 3,36 метр куб түлээний хуурай шинэс мод байв.
2. *******ын бэлтгэсэн мод нь түлээний хуурай мод байв. Мод бэлтгэсэн гэх газар нь ашиглалтын бүсийн 3-р мужийн ойд хамаарч байна.
3. Дээрх газар нутаг нь тусгай хамгаалалтад байдаггүй.
4. *******ын тээвэрлэж явсан модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ нь 269850 төгрөг,
5. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Соёлмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд:
1. Ойн санд учруулсан нөхөн төлбөр 269.850 төгрөгийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 809550 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4 дэх хэсэгт Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөр ногдуулна гэсний дагуу нөхөн төлбөрийг тооцно...гэх дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 67-р хуудас/,
Хохирогч Э.Энхбадрах нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 68-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1-р дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 58, 62-66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005680437 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн нутаг “Уртын ам” гэх газраас 3.6 метр куб хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 809.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ******* /хх-ийн 25-26-р хуудас/, гэрч ******* /хх-ийн 30-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-19-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны улсын байцаагч З.Соёлмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 67-р хуудас/,
Хохирогч Э.Энхбадрах нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 68-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******* нь экологи эдийн засагт 269.850 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 809.550 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100171900988 дугаарын дансанд 809.550 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 71-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2038005680437 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаа/ 3.36 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж хэрэгт битүүмжлэгдсэн 91-10 УБТ улсын дугаартай Бонго Пронтер маркийн машины хууль ёсны өмчлөгч нь иргэн О.Бадмаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс машины үнэ 2.040.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, 91-10 УБТ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038005680437 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038005680437 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 3.36 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг, 91-10 УБТ улсын дугаартай Бонго Пронтер маркийн машины үнэ 2.040.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 91-10 УБТ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн 2038005680437 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР