Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 632

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй, НЗД, УБЕГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б /иргэний үнэмлэхийн хуулбар 1-р хавтас хх  19/, хариуцагч УБЕГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /итгэмжлэл 2-р хавтас хх 151/, гуравдагч этгээд Б.П /1-р хавтас хх 34/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов. Хариуцагч НЗД-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М /итгэмжлэл 2-р хавтас хх 132/ шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай тул эзгүйд шийдвэрлэх хүсэлт гарган, хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдаанд үргэлжлэн оролцоогүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэл 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  /1-р хавтас хх 1-2/:

 “Нэхэмжлэгч Б миний аав Б овогтой Б нь 2006 онд НЗД-н 87 дугаар захирамжаар нэгж талбарын 23/0169 дугаар бүхий 140 м.кв газрыг С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт эзэмших эрхтэй болж, улмаар газар эзэмших эрхийн 00601.. тоот гэрчилгээ олгогдсон байдаг бөгөөд аав маань тус газар дээр үйлчилгээ, орон сууцны  зориулалттай 3  давхар  барилга  барьж,  хараахан  бичиг  баримтыг нь нэг тийш болгоогүй байж байгаад өвчний учир таалал төгссөн болно.

Ингээд холбогдох хууль журмын дагуу 2009 оны ******* сарын 02-ны өдөр 98 тоот өвлөх эрхийн гэрчилгээ надад олгогдсон боловч өнөөг хүртэл газрын эрхээ хууль ёсны болгож чадаагүй байна. Учир нь Б овогтой П хууль бус өвлөх эрхийн гэрчилгээ давхардуулан гаргуулан авч, улмаар түүнд НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар түүнд газар эзэмших эрх олгогдсон байна. Ингэснээр хууль ёсны өвлөгч, мөн газар эзэмшигч миний эрх ашиг иргэн Б.П болон Нийслэлийн Газрын алба буюу одоогийн Өмчийн харилцааны газрын дур зоргын золиос болон хувираад байна. /Өнгөрсөн хугацаанд иргэн миний бие дээрх хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан байдаг боловч өнөөг хүртэл шийдвэрлүүлж чадсангүй. Хамгийн анхны өргөдөл тухайн үеийн Газрын албаны өргөдөл бүртгэх дэвтрийн №1230, 2012 оны 07 дугаар сард бүртгэгдсэн байдаг.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3-д заасны дагуу НЗД-н дээрх А/455 дугаар захирамжийн иргэн Б.П-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, иргэн Б.Б намайг энэхүү газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож өгөхийг НЗД, түүний харьяа өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгож өгнө үү.

НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар газар эзэмшүүлэх захирамжийн иргэн Б овогтой П-т холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн 00601.. дугаар гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах, мөн С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 23/0169 дугаар бүхий 140 м.кв уг газрыг Б овогтой Б миний нэр дээр эзэмшүүлэх шийдвэр гаргахыг НЗД, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

1.2. Нэхэмжлэгч Б.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ /1-р хавтас 94/:

 “Нэхэмжлэгч миний бие энэхүү хэргийн гуравдагч этгээд болох Б.П нь энэхүү хууль бусаар түүнд өвлөгдсөн газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өмчийн эрхийн хувьд мөн маргаантай байгаа байшин /хаяг: УБ10415.. Нийслэл, С******* дүүрэг, ******* хороо, М*******гийн гудамж, .. дүгээр байр/-г түүний   суурь,  1,  2,  3  дугаар   давхар   болон   түүний   өргөтгөлийн   хамтаар  эд 

хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг саяхан олж мэдлээ.

Иймд  газрын  маргааныг  захиргааны хэргийн шүүхээд эцэслэн шийдвэрлэтэл 

энэхүү хэргийн гуравдагч этгээд болох Б.П /ЧР*******.../-ын нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Y-2201030... дугаартай эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулахаар нэхэмжлэлийн шаардлагынхаа хэмжээг нэмэгдүүлж байна.” гэжээ.

1.3. Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ /1-р хавтас хх 98/:

“Нэхэмжлэгч миний бие гуравдагч этгээд болох Б.П нь энэхүү хууль бусаар түүнд өвлөгдсөн газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өмчийн эрхийн хувьд мөн маргаантай байгаа байшин / хаяг: УБ10415.. Нийслэл, С******* дүүрэг, ******* хороо, М*******гийн гудамж, .. дүгээр байр/-г түүний суурь, 1, 2, 3 дугаар давхар болон түүний өргөтгөлийн хамтаар эд хөрөнгийн эрхийн улсын Y-2201030...-д бүртгүүлсэн болохыг саяхан олж мэдлээ. Гэтэл энэхүү Y-2201030... дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь иргэн Б.П биш төдийгүй уг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь өөрөө хууль бус бөгөөд Б.П нь хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээг УБЕГ-т өгч уг гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 

УБЕГ-с иргэн Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-2201030... дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж өгнө үү” гэжээ.

1.4. Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа /2-р хавтас хх 218-220/:

“Б.Б миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргах үед Б.П бидний хоорондын иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байсан үед гаргасан байсан болно. Үүнээс хойш иргэний маргаан шийдвэрлэгдэж дууссанаар нөхцөл байдал илүү тодорхой өөр болсон тул дараах байдлаар шаардлагаа тодруулж байна. Иргэний хэргийн шүүхэд доорх нэхэмжлэлийг гарган

- Нотариатч Д.Ц-н 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн иргэн Б.П-т олгосон 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах,

- Өвлөгдөх эд хөрөнгө болох С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Б-г, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Ц-г тогтоолгох,

- Мөн өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоолгох

- Мөн С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаягт байрлах 3 давхар барилгын өргөтгөлийн зоорийн өмчлөгчөөр Б.Б-г тогтоолгох гэсэн хэрэг байсан юм.

С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү маргааныг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянаж 02078 дугаар шийдвэрээр нэг дэх шаардлагыг хангаж, харин хоёр дахь шаардлагыг минь хэрэгсэхгүй болгож, гурав дахь шаардлагыг хангаж, 4 дэх шаардлагын зарим хэсгийг хангаж Б.Б намайг хамтран өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянаж, 2352 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан ба тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсгийг баримтлан С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Б-г уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Ц-нг тус тус тогтоосугай" гэж, мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтын "хууль ёсны" гэсний дараа "хамтран" гэж нэмж, С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны хамтран эзэмшигчээр Б.Б Я.Ц биднийг хамтран эзэмшигчээр тогтоож, 4 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянагдаж 001/ХТ2018/00310 дугаар тогтоолоор магадлалд өөрчлөлт оруулсан ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх заалтыг баримтлан "С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.Б-г, мөн барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.Ц г тус тус тогтоосугай" гэж өөрчлөн, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг 108.1 дэх хэсэгт зааснаар С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, М*******гийн гудамжны .. тоот хаяг бүхий 3 давхар үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.П нарыг тогтоосугай" хэмээн эцэслэн шийдвэрлэж бусад заалтыг хэвээр үлдээсэн болно. Ийнхүү бидний хоорондын маргаан шүүхээр шийдвэрлэгдэх урт хугацаанд маргаан бүхий газрыг эзэмших эрхийн хугацаа дууссан бөгөөд хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн бөгөөд энэхүү шалтгаанаа тайлбарлахдаа шүүхийн маргаантай учир ямар нэгэн хөдөлгөөн, үүнд хугацааг сунгах ажиллагааг ч хийхгүй гэсэн ба хугацаа сунгагдвал хүчин төгөлдөр үйлчлэх акт юмаа. Үүнд:

- Б.П нь хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч Д.Ц-р гаргуулан авч, улмаар үүнийг нь үндэслэн НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 тоот захирамжаар Б.П нь маргаан бүхий эдэлбэр газрын эзэмших эрх олгогдсон нь Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна. Иймд тухайн акт гарах үндэслэл болсон нотлох баримт нь хууль бус гэж хүчингүй болгосон тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3-д заасны дагуу НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 тоот захирамжийн иргэн Б.П-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны хамтран эзэмшигчээр Б.Б Я.Ц, нар болохыг тогтоосон акт гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж өгнө үү.

- Б.П нь хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч Д.Ц-р гаргуулан авч, улмаар үүнийг нь үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2201030... дугаар гэрчилгээг гаргуулан авсан болох нь иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Улсын бүртгэлийн газраас Б.П-т олгосон Ү-2201030... дугаар гэрчилгээнд өөрчлөлт оруулж, "С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б-гийн нэр дээр мөн барилгын 2 дугаар давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг Я.Ц-н нэр дээр олгохыг ОӨУБЕГ-т даалгаж өгнө үү.

- С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаяг бүхий 3 давхар барилгын үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг, хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоогдсон Б.Б, Я.Ц нарын нэр дээр /нэг хүнд ногдох хэсэг нь 33,3% олгохыг ОӨУБЕГ-т даалгаж өгнө үү.” гэжээ.

Хоёр. Хариуцагч НЗД-н 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга /1-р хавтас хх 56, 57/:

 “С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байршилтай маргаан  бүхий  140  м.кв  газрыг  анх  Б.Бд НЗД-н 87 дугаар захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

Дээрх газрыг 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.Б-гийн П-т өв залгамжлалын журмаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Иргэн Б.П нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр N-17 дугаартай С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр Саппоро төвийн ард байрлах газрын эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ авч, мөн түүний дүү Б.Б 2001 оны ******* сарын 02-ны өдөр мөн газрын эзэмших эрхийг өвлөх эрхийн 98 дугаартай гэрчилгээ тус тус авсан байна.

Дээрх хоёр газар эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээг аль нь хуулийн хучин төгөлдөр гэрчилгээ болохыг шүүхээр шийдвэрлүүлэх хүртэл иргэн Б.Б-гийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд иргэн Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.”

Гурав. Хариуцагч УБЕГ-с хариу тайлбарын агуулга

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч-с 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа /1-р хавтас хх 112, 166/:

“Эрхийн улсын бүртгэлийн Y-2201030... дугаарт бүртгэлтэй, С******* дүүргийн ******* хороо, М*******гийн гудамжны 39 дугаартай 512 м.кв талбайтай, гурван давхар барилгыг иргэн Б.П-ийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн уг барилгыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас олгосон тус барилгын хаяг, Нийслэлийн Газрын албаны 0400951 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газрын хянан баталгааны дүгнэлт, “УЦТС” ХК, УСАГ, “УДС” ХК”-ийн тус барилгад олгосон техникийн нөхцлүүд, “АО” ХХК-ийн 2005 онд зурсан 02/2007 шифртэй барилгын  ажлын зураг, фото зураг зэрэг баримтуудыг үндэслэн 90 хувийн гүйцэтгэлтэй, 512 м.кв талбайтай дуусаагүй барилгын өмчлөх эрхийг иргэн Б.П-н өмчлөлд бүртгэн, 000216... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

Мөн иргэн Б.Б-гийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан бүртгэл хүчингүй болгуулах өргөдлийн хамт 196 нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ, С******* дүүргийн шүүхийн 2010 оны 1422 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 1211 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 92 дугаар тогтоол зэрэг баримтууд хуулбараар авагдсан байна.

Тус газар нь иргэн Б.П-н өмчлөлд бүртгэсэн С******* дүүргийн ******* хороо, М*******гийн гудамжны .. тоот хаягтай барилгын өмчлөх эрхийн бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан байна.

Иймд иргэн Б.Бд олгогдсон 000216... дугаар гэрчилгээ, Y-2201030... дугаартай бүртгэлийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-с 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030... дугаарт бүртгэлтэй  С******* дүүргийн 12 хороо, М*******гийн гудамжны .. дүгээр байр, 512 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас олгосон тус барилгын хаяг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, Ус суваг ашиглалтын газар, “Улаанбаатар дулааны станц” ХК-ийн уг барилгад олгосон техникийн нөхцөлүүд, “Алсын оргил” ХХК-ийн 2005 онд зурсан 02/2007 шифртэй барилгын ажлын зураг зэргийг үндэслэн 000216... дугаартай Ү-2201030... дугаарт бүртгэн 512 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ олгосон байна.

Мөн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгч иргэн Б.Б-гийн бүртгэл хүчингүй болгуулах тухай өргөдөл, С******* дүүргийн шүүхийн 2010 оны дугаар 1422 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн дугаар 1211 магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны дугаар 92 тогтоол зэрэг баримтууд хувийн хэрэгт хуулбараар авагдсан байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны ******* сарын 09-ний өдрийн дугаар 3274 захирамжаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Нэгдүгээрт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 зүйлд заасны дагуу бүрдүүлэхээр заасан баримтуудыг бүрдүүлэн өргөдөл мэдүүлэг гарган хандсан байна. Манай байгууллага уг хуулийн 14 зүйлд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд бүртгэхээр заасан учраас улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байна. Иймд уг бүртгэлийг хүчин төгөлдөр бус болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, мөн тус хуулийн 13.9 дүгээр зүйлд мэдүүлэг гаргач нь мэдүүлэг,  түүнд  хавсаргах  баримт  бичгийг  үнэн  зөв  гаргах  үүрэгтэй  бөгөөд энэ 

үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг.

Хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар №1422 Сонгинхайрхан дүүргийн шүүх 3 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоож, 1, 2 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна. 2010 оны ******* сарын 17-ны өдрийн дугаар №1211 Нийслэлийн шүүх мөн дээр гарсан шийдвэрийг хэвээр үлдээсэн. 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар №92 дээд шүүхийн шийдвэр ч мөн адил нэхэмжлэгч Б.П-н гомдлыг хэрэгсээгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан байна. Иргэн Б.П нь маргаан бүхий хөрөнгө нь анхнаасаа маргаантай уг хөрөнгийн 100 хувь өмчлөгч биш, зөвхөн 3 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоосон гэдгийн мэдсээр байж мэдүүлэг гарган улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа учраас дээр дурдсан хуулийн 13.9 зүйлийн дагуу хариуцлагаа өөрөө хүлээх ёстой.

Мөн бүртгэлийг хүчингүй болгохоор маргаж буй хөрөнгийн талаар дахин иргэний хэргийн анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр гарч уг хөрөнгийн хэсэгчлэн хэрхэн өмчлөх талаар тодорхой шийдвэрлэсэн бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч улсын бүртгэлийн Ү-2201030... дугаартай бүртгэлийг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсан тухай заасан байна.

Иймээс энэ бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа /2-р хавтас хх 228-229/:

“Нэгдүгээрт, Б.Б-гийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад маргаан бүхий  улсын бүртгэлийн Ү-2201030... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг иргэний шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн болох уг бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт, С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаягтай 3 давхар барилгыг хэсэгчлэн тус тусад нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухайд манай байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх; түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 зүйлд заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно гэж заасны дагуу манай үйлчилгээний заалаар мэдүүлэг гарган үйлчлүүлэх шаардлагатай. Мэдүүлэг гаргаж хандаагүй тохиолдолд харьяа дүүргийн бүртгэлийн байгууллага өөрийн санаачлагаараа бүртгэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Нэхэмжлэгч Б.Б болон гуравдагч этгээд Б.П нар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.4 зүйлд “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасны дагуу өмчлөх эрхээ тогтоолгох боломжтой учраас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын 2, 3 хэсэгт дурдсанаар бүртгэхийг даалгах шаардлагагүй гэж үзэж байгаа тул энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн сайн дураараа талууд хандах боломжгүй гэж үзвэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар өмчлөх эрхээ тогтоолгох эрх нь нээлттэй байгаа. Энэ тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 5.6 дугаар зүйлд “Шүүх арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжүүлэх зохицуулалтыг зохицуулсан бөгөөд 5.11-р зүйлд заасны дагуу шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа болон албадан дуудлага худалдаагаар худалдагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах, авах боломжгүй бол энэ тухай мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар хүчингүй болгож олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” гэж заасны дагуу холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн мэдүүлэг гаргаж бүртгэл хийлгэж болно.” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд Б.П нь шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Гуравдагч этгээд Б.П нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа /1-р хавтас хх 36-37/:

“Миний бие Б.П нь эцэг, эхээс ах дүү есүүлээ билээ. Миний бие нь аав Б.Б-д С******* дүүргийн ******* хороонд 2006 онд НЗД-н 87 тоот захирамжаар олгосон газарт нь хөрөнгө оруулалт хийн 3 давхар байшин барьсан болно. Дээрх барилгыг аав нас барснаас хойш дүү Б.Б булаацалдан хууль бус аргаар өмчлөхөөр улайран зүтгэх болсон.

Б.Б нь 2009 онд хуурамчаар буюу бусад өвлөгч нарын зөвшөөрөлгүйгээр өв нээлгэн өв залгамжлалаар газар эзэмшин эрх шилжүүлэн авахаар баримт бүрдүүлэн 2009 оны ******* сарын 03-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хандсан байсныг миний бие нь хаяг хөөцөлдөж яваад олж мэдсэн. Б.Б-гийн хуурамчаар авсан өвлөх эрхийн гэрчилгээг С******* дүүргийн шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэлийн дагуу С******* дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэрт “хэрэгт 00601.. дугаартай Б.Б-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлээгүй байх бөгөөд уг гэрчилгээг 2009 оны ******* сарын 04-ний өдөр нэхэмжлэгч хүчингүйд тооцуулж зарлуулсан баримт авагдсан байна. Дээрх 00601.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өв нээсэн гэх хэлцэл хэрэгт авагдаагүй, уг хэлцэлд нэхэмжлэгчийн эх, ах, эгч, дүү нараас хэн хэн оролцсон, хариуцагч оролцсон эсэх нь тогтоогдохгүй байна” гэж тусгасан байна.

Эндээс үзэхэд Б.Б нь танай шүүхэд хандан “хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн газрын асуудлаа шийдүүлэхээр удаа дараа хандсан, түүнчдэн А/455 дугаар захирамжийг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болох нь доор шалтгаантай. Үүнд:

Б.Б нь өв залгамжлалаар газар эзэмшин эрх шилжүүлэх авахаар баримт бүрдүүлсэн 2009 оны ******* сарын 03-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хандсан байсан боловч өөрийн хүсэлтээр 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дээрх өргөдөл болон өвлөх эрхийн гэрчилгээгээ буцаан авсан байсан /Өргөдлийн бүртгэл хяналтын картын хуулбарыг хавсаргав/. Б.Б нь хуурамчаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсныг нь намайг болон бусад ах дүүсээ мэдчихлээ гэж бодсоны үндсэн дээр өргөдлөө буцаан авсан байна.

Миний бие нь 2010 оны 06 дугаар сард Б.Б-гийн хуурамчаар авсан өвлөх эрхийн гэрчилгээг С******* дүүргийн шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад Б.Б нь шүүхэд энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулснаа нуун дарагдуулсан нь С******* дүүргийн шүүхэд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэрт тусгагдсан байна.

Аавыг нас барснаас хойш миний бие нь тухайн газрын төлбөрийг Нийслэлийн Газрын албанд төлж ирсэн /Төлбөрийн хуудсыг хавсаргав/. Шат шатны шүүхээр уг газар дээрх барилгын 3 дах давхрын өмчлөгчөөр намайг тогтоосон. Миний бие нь ах Б.Т, Б.Н, эгч Б.Д, дүү Б.М, Б.Б нарын зөвшөөрөл татгалзсан өвийг хүлээн авч 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээг авсан билээ. Өвөөс татгалзсан хүсэлтийг тус тус хавсаргав.

Нийслэлийн Газрын алба нь зохих хууль журмын дагуу надад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон болно. Иймд Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

4.2. Гуравдагч этгээд Б.П нь 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа /1-р хавтас 178-179/:

“Дүү Б.Б нь тус шүүхэд С******* дүүргийн ******* хорооны .. дүгээр байрны Ү-2201030... дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Миний бие нь холбогдох хууль журмын дагуу эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан болно.

Анх миний зүгээс 2004 онд есөн сая төгрөгийг энэхүү байшинг барихад зарцуулан оруулсан болно. Үүний дагуу С******* дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэрт 3 дугаар давхрын өмчлөгчөөр намайг тогтоосон болно.

Улмаар миний бие нь ах Б.Т, Б.Н, эгч Б.Д, дүү Б.М, Б Б нарын зөвшөөрөл татгалзсан өвийг хүлээн авч 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ авсны үндсэн дээр Нийслэлийн Газрын албанаас газар эзэмшин эрхийн гэрчилгээ, УБЕГ-н эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулан авсан билээ.

Байшингийн өргөтгөлийг барих ажлыг 2012 оноос иргэн Ж.Р, “МГ” ХХК-тай хамтран хийсэн болно. Түүнчлэн 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ж.Р-той хамтран ажиллах гэрээ байгуулан 66 сая төгрөгийг барилгын ажилд оруулан 3 дах давхрыг өгөхөөр тохиролцсон. 2013 онд “МГ” ХХК-иас 86 сая сая төгрөг авч барилга барихад зарцуулан тус барилгын 1 дэх давхрыг өгөхөөр тохиролцсон болно.

Миний бие нь 2010 оноос 2013 онд Х банкнаас 23 сая 960 мянган төгрөгийн зээл авч байшингаа барихад мөн зарцуулсан юм.  Надаас болон дээрх хуулийн этгээд, хувь хүнээс нийтдээ 175 сая 960 гаруй мянган төгрөг гарч барилгын өргөтгөлийн ажлыг барихад зарцуулагдсан болно. 

Дүү Б.Б нь ээжтэй хамтран бусад ах дүү нарын зөвшөөрөлгүйгээр хуурамчаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч С******* дүүргийн ******* хорооны . дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан  байсан.  Мөн аавын нэр дээр байсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн аман дах зуслангийн газрыг Б.Б нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Энэ явдлыг ах дүү бид мэдсэн боловч миний зүгээс ээжийгээ өрөвдөөд С******* дүүргийн ******* хорооны . дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцний өөрийн өвлөх эрхээс татгалзсан билээ. Бид эцэг, эхээс ах дүү есүүлээ бөгөөд 2 ах, эгч маань 2010 оноос 2013 онд талийгаач болсон. 

Манай ах дүү нарын амьдрал ахуй тааруу билээ. Б.Б нь эцгийн голомтыг минь хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсандаа шунахай сэтгэл нь ханахгүй намайг бусад хүмүүстэй хамтран ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгө гарган өргөтгөл байшин барьж дуусангуут зарга үүсгэж байна. Тэрээр өөрөө энэ байшинг барихад огт оролцоогүй хөрөнгө мөнгө гаргаагүй байж хууль бус арга замаар энэ байшинг өмчлөх гэж улайрч байна.

Иймээс миний бие болон “МГ” ХХК, иргэн Ж.Р нар нь тус байшинд хөрөнгө мөнгө ихээхэн хөдөлмөр хөлс хүчээ гарган барьсан тул Б.Б-гийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б-гийн НЗД, УБЕГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1. Нэхэмжлэгч Б.Б-гээс “НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.П-т газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга-д холбогдуулан шүүхээс 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ /1-р хавтас хх 21/. 

1.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “УБЕГ-с иргэн Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-2201030... дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ /1-р хавтас хх 94, 98/. 

1.3. Нэхэмжлэгчээс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэжээ: 

- НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 тоот захирамжийн иргэн Б.П-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 

- С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны хамтран эзэмшигчээр Б.Б Я.Ц, нар болохыг тогтоосон акт гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж өгнө үү.

- Улсын бүртгэлийн газраас Б.П-т олгосон Ү-2201030... дугаар гэрчилгээнд өөрчлөлт оруулж, "С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б-гийн нэр дээр мөн барилгын 2 дугаар давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг Я.Ц-н нэр дээр олгохыг ОӨУБЕГ-т даалгаж өгнө үү.

- С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, .. тоот хаяг бүхий 3 давхар барилгын үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг, хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоогдсон Б.Б, Я.Ц нарын нэр дээр /нэг хүнд ногдох хэсэг нь 33,3%/ олгохыг ОӨУБЕГ-т даалгаж өгнө үү.” гэжээ.

Энэхүү нэхэмжлэлийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ихэсгэсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж шүүх хуралдааны явцад гарсан. Уг захирамжид гомдол гаргах эрхтэйг танилцуулахад талуудаас гомдол гаргахгүй гэсэн тул шүүх хуралдаан үргэлжилж  /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан шийдвэрлэв. 

Хоёр. “НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.П-т газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Анх НЗД-н 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаар шийдвэр /1-р хавтас хх 73-74/-ээр С******* дүүргийн ******* хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах нэгж талбарын 18638310467491 дугаар бүхий 140 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 00601.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хавтас хх 78/-г олгож, газрыг эзэмшүүлэх гэрээ /1-р хавтас хх 68-71/-г нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аав Б.Б-тэй Нийслэлийн газрын албанаас байгуулжээ. 

НЗД-н 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/33 дугаар тушаалаар Б.Бд олгосон 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 00601.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1-р хавтас хх 62/

Гуравдагч этгээд Б.П-аас “өөрийн аав Б.Б 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, өвлөх эрхийн гэрчилгээ үйлдсэн учир газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт /1-р хавтас хх 79/, нотариатч Д.Ц гийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ /1-р хавтас 81/, бусад баримтыг үндэслэн НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн хавсралтын 27 дахь хэсгээр Б.Б-гийн эзэмшиж байсан маргаан бүхий 140 м.кв газрыг гуравдагч этгээд Б.П-н нэр дээр шилжүүлэн баталгаажуулж, 0400951 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хавтас 114/-г 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ /1-р хавтас 115-116/-г Б.П-тай Нийслэлийн газрын албанаас байгуулжээ. 

Харин нэхэмжлэгч Б.Б нь “маргаан бүхий газрын эзэмших эрхийг өв залгамжлалаар шилжүүлэн авах” хүсэлтийг 2009 оны ******* сарын 03-ны өдөр Нийслэлийн газрын албанд гаргасан боловч өргөдлийг өөрийн хүсэлтээр буцаан авчээ /1-р хавтас хх 49/. 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 420/278510 дугаар шийдвэр /1-р хавтас 232-234/-ээр нэхэмжлэгч Б.Б-гийн 2009 оны ******* сарын 02-ны өдрийн 98 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцжээ.  

С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт /2-р хавтас хх 58-ын арын нүүр/-аар нотариатч Д.Ц-н 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ Б.П-т олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцжээ. 

С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар /2-р хавтас хх 58-ын арын нүүр/-аар С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, М*******гийн гудамжны .. тоот хаягт байрлах 140 м2 талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоожээ.

Уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хууль ёсны” гэсний дараа “хамтран” гэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт /2-р хавтас хх 122-ын арын нүүр/-аар нэмжээ, харин дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулаагүй байна.

Улсын     дээд     шүүхийн    2018    оны    02    дугаар    сарын    27-ны   өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоол /2-р хавтас хх 100-114/-оор С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн дээр дурдсан Тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад өөрчлөлт оруулаагүй байна. 

Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Б.П-т эзэмшүүлэх эрх олгогдсон шийдвэрийн үндэслэл болсон Өвлөх эрхийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай гэрчилгээг Б.П-т олгосон нотариатын үйлдлийг шүүхээс хүчингүйд тооцож, мөн шүүхээс маргаан бүхий газрын хууль ёсны хамтран эзэмшигчийн нэгээр нэхэмжлэгч Б.Б-г тогтоожээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3-д эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авахдаа эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулах үүрэгтэй байхаар зохицуулжээ. 

Маргааны тохиолдлын хувьд газар эзэмшигч Б.Б-гийн газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу шилжүүлэн авах эрхтэй этгээд нь зөвхөн гуравдагч этгээд Б.П биш, уг газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Бтэй хамтран хэрэгжүүлэхээр байгаа нөхцөл байдлыг хариуцагчаас тодруулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Б.П дангаараа эзэмших эрхтэй эсэх нь тогтоогдоогүй, газар эзэмших эрхийг өмнөх эзэмшигчээс өвлөн авсан гэх нотлох баримт нь хүчингүйд тооцогдсон байхад гуравдагч этгээд Б.П газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм. 

 Цаашлаад Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заажээ. 

Хариуцагч НЗДас гуравдагч этгээдийг газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг шалгалгүйгээр түүнд газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон маргаан бүхий актаас шалтгаалж нэхэмжлэгч Б.Б-гийн газар эзэмших эрхийг өвлөн авах, шилжүүлэн авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байх тул НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн хавсралтын 27 дахь хэсгийн гуравдагч этгээд Б.П-т холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгох нь үндэслэлтэй байна. 

Хоёр. “УБЕГ-с иргэн Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-2201030... дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Б.П нь УБЕГ-н С******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст “С******* дүүргийн ******* хороо, М*******гийн гудамжинд байрлах .. дүгээр байрыг нийт 86.000.000 төгрөгөөр барьж босгосон. Одоо уг барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ... тул үл хөдлөх эд   хөрөнгийн   гэрчилгээ  олгож  өгнө  үү”  гэсэн  хүсэлт  /1-р   хавтас   хх   113/-ийг холбогдох баримтын хамт 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргажээ. 

УБЕГ-с С******* дүүргийн ******* хороо, 1 дүгээр хороолол /18030/, М*******гийн гудамж .. тоот, орон сууцны зориулалттай 512 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр гуравдагч этгээд Б.Пийг /нэг хүний өмч/ эрхийн улсын бүртгэлд Y-2201030... дугаарт бүртгэж гэрчилгээ /1-р хавтас хх 129/-г 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгожээ.

Гэтэл С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалт /2-р хавтас хх 58-ын арын нүүр/-аар С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, М*******гийн гудамжны .. тоотод байрлах, Ү-2201030... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б-г тогтоожээ. Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын  27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоол /2-р хавтас хх 100-114/-оор С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, М*******гийн гудамжны .. тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.Б-г, мөн барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.Ц-г тус тус тогтоон, С******* дүүргийн ******* хороо, . дүгээр хороолол, М*******гийн гудамжны .. тоот хаяг бүхий 3 давхар үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.П нарыг тогтоожээ. 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ гуравдагч этгээд Б.П-ын нэг хүний өмч биш харин нэхэмжлэгч Б.Б-тэй хамтран өмчлөгч гэдэг нь тогтоогджээ. 

Иймээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэгдэнэ, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана, 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй байхаар зохицуулжээ. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д улсын бүртгэгч мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар, 18 дугаар зүйлийн 18.4.3-т хамтран өмчлөгчийг бүртгэлийн гэрчилгээнд тусгахаар тус тус заажээ. 

Гэтэл хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас дээр дурдсан хуульд заасан журмыг баримтлаагүйгээс шалтгаалж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл үнэн зөв болж чадаагүй, хамтран өмчлөгч Б.Б-гийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б-гээс 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр УБЕГ-н Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “... Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-2201030... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” хүсэлтийг гаргажээ /1-р хавтас хх 134/. Уг хүсэлтийг хариуцагч байгууллагаас шийдвэрлээгүй байна. 

 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.” гэсэн заалтын дагуу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой байсан боловч уг шийдвэрийг гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй. 

 

          3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 18 дугаар зүйлийн 18.4.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн НЗД-д холбогдуулан гаргасан “НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.П-т газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах”, УБЕГ-т холбогдуулан гаргасан “УБЕГ-с иргэн Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-2201030... дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, НЗД-н 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжын хавсралтын 27 дахь хэсгийн гуравдагч этгээд Б.П-т холбогдох хэсэг, УБЕГ-с иргэн Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-2201030... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.САРАНГЭРЭЛ