Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2021/0506/З |
Дугаар | 221/МА2022/0431 |
Огноо | 2022-06-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0431
:
Ш.Л-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: Ш.Л
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага:
“БОАЖЯ-д хандан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан регистрийн дугаар буруу бичигдсэнийг засаж гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгуулах, БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Ш.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0506/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Л-ээс БОАЖС-д холбогдуулан “БОАЖЯ-д хандан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан регистрийн дугаар буруу бичигдсэнийг засаж, гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ш.Л-ээс Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “БОАЖЯ-д хандан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан регистрийн дугаар буруу бичигдсэнийг засаж гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгуулах, БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Ш.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-оос анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхээс Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлүүдийг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан үүнийг хариуцагчийн зүгээс зөв шалгаж тогтоосон гэж дүгнэсэн нь дараах хэд хэдэн үндэслэлээр буруу болсон гэж үзэж байна. Үүнд:
3.1.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно", 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заасан хуулийн агуулга, дараалалтай холбож тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.
3.1.2. Ашиглах эрх олгогдсон байгаа гэдэг нь бодитоор шууд газрыг ашиглаж ашигтай чанарыг нь хэрэглэсэн гэж ойлгох нь маш өрөөсгөл зүйл гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэхүү ялгааг ойлгоогүй гэж үзэж байна.
3.1.3. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай холбоотой дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгч газраа бодитоор ашиглах боломж бүрдээгүй, хуулиар зөвшөөрсөн хүрээнд байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглээгүй, хэрэглэх, ашиглах боломжийг олгоогүй байхад нь шударга бусаар төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг оруулж хүчингүй болгох шийдвэр гаргасныг хуульд нийцсэн гэж шүүхээс захиргааны байгууллагын үйл ажиллагааг дэмжих нь буруу, регистрийн дугаар буруу бичиж олгосон, гэрчилгээг хугацаанд нь олгоогүй атлаа бүх хугацааг хамааруулан төлбөр байгаа нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
3.2. Эрх бүхий байгууллагаас нь газар ашиглах эрхээсээ татгалзсаны дараа бусад этгээдэд шилжүүлэх боломжтой гэх зөвлөгөөний дагуу хүсэлтээ гаргасан бөгөөд уг үйл явдлыг нотлох баримтуудыг шүүхээс үнэлээгүй нь буруу болсон.
3.3. Газраа бодитоор ашиглуулаагүй /зөвхөн ашиглах эрхийн нэр дурдагдсан/ атлаа ашигласан мэтээр төлбөр нэхэмжлэх нь шударга бус бөгөөд шүүхээс энэхүү байдалд холбогдуулж нотлох баримт, хуулиа хэрэглээгүй тул дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. БОАЖС-ын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар (Хавтаст хэргийн 43 дахь тал) Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд 1.7 га газрыг 5 жилийн хугацаагаар иргэн Ш.Л-д ашиглуулахаар шийдвэрлэж, мөн өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0160847 дугаар эрхийн гэрчилгээ (Хавтаст хэргийн 7 дахь тал) олгожээ.
4. Үүний дараа БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар (Хавтаст хэргийн 20, 21 дэх тал) “газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсны дотор хавсралтын 102 дахь дугаарт Ш.Л-ийн газар багтжээ.
5. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон БОАЖС-ын тушаалд эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээс гадна, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11и-з/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдэл зэргийг тус тус үндэслэл болгосон байна.
6. Нэхэмжлэгчээс “...газар ашиглах боломжийг олгоогүй байхад шударга бусаар төлбөр төлөөгүй... регистрийн дугаар буруу бичиж олгосон, гэрчилгээг хугацаанд нь олгоогүй атлаа бүх хугацааг хамааруулан төлбөр нэхэмжилж байгаа ... газар ашиглах эрхээсээ татгалзсаны дараа бусдад шилжүүлэх боломжтой гэх зөвлөгөөний дагуу хүсэлтээ гаргасан ...” гэж, хариуцагчаас “...Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон...” гэж тус тус маргажээ.
7. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гэж,
БОС-ын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан БОС-ын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.” гэж,
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа”, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.
8. БОАЖС-ын маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэлх хугацаанд газар ашиглагч Ш.Л нь өөрийн ашиглах эрхтэй гэх 1.7 га газрын төлбөрийг төлж байгаагүй нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13/3912 дугаар албан бичгээр “...2017-2021 оны газрын төлбөрийн орлогын тайланд бүртгэлтгүй, газрын төлбөр төлж байгаагүй бөгөөд 2021 онд газрын кадастрын нэгдсэн системд ... газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн” гэсэн баримтаар (Хавтаст хэргийн 97 дахь тал) тогтоогдож байна.
8.1.Тодруулбал, газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
8.2. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ш.Л-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бөгөөд нэхэмжлэгч газар ашиглах эрхээсээ татгалзан иргэн А.Алтан-Очиртой хамтран төсөл хэрэгжүүлэх, улмаар иргэн А.Алтан-Очирт ашиглуулахад татгалзахгүй зэргээр хандаж байсан нь газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, эсвэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий тушаал хууль зөрчөөгүй байна.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Л-ээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “...шилжүүлж байгаа газрыг ашиглах эрхээсээ татгалзаж байгаа тул хүчингүй болгож өгнө үү”, мөн тус газарт гаргасан хүсэлтдээ (огноо бичигдээгүй, хэзээ гаргасан хүсэлт болох нь тодорхойгүй) “...газар ашиглах эрхээсээ татгалзаж байгаа тул хүчингүй болгож өгнө үү ... иргэн А.Алтан-Очир уг газрыг ашиглах гэж буйг дэмжиж байна” гэх, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр БОАЖЯ-д “...регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчлүүлэх” тухай тус тус хүсэлт гаргасныг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр албан бичгээр “...ашиглаж буй газраа бусдад шилжүүлэх эрхгүй ...газар ашиглах эрхээсээ татгалзсаныг төрийн захиргааны төв байгууллагад уламжилсан”, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/7113 дугаар албан бичгээр “...2020 оны 3 дугаар улирлын байдлаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг бусад холбогдох баримт бичгийн хамт ирүүлнэ үү” гэх, мөн яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7629 дүгээр албан бичгээр “...газар ашиглах эрхийг цуцлах тухай захиргааны акт гаргах болсныг урьдчилан мэдэгдье” гэх баримтуудаас үзэхэд хариуцагч өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “...гэрчилгээн дээр бичигдсэн регистрийн дугаар зөрүүтэй байна гэсэн шалтгаанаар татгалзаж байсан” гэх гомдол үндэслэлгүй.
10. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах тухай цахимаар болон албан бичгээр урьдчилан мэдэгдсэн,
БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэж, Ш.Л гийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
11. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА