Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 359

 

Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/01175 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах  иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Энхцэцэг миний бие 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн билээ.

Тиймээс урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилогдох хүсэлтээ гаргасан боловч орон тоо байхгүй гэсэн хариу гарсан тул уг асуудлыг шийдүүлэхээр өргөдөл гаргав.

 Ажиллаж байх үедээ ямар нэг сахилгын шийтгэл болон зөрчил гаргаж байгаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учир албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.Энхцэцэг нь анх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 209 дугаар тушаалаар Албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар 6 cap хүртэлх хугацаагаар түр томилогдон ажиллаж, байгаад 2014 оны 07 дүгээр сарын 18-ны өдрийн Б/288 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан М.Мөнгөнчимэгийн оронд түр томилогдож ажилласан. Хүүхэд асрах чөлөөтэй байсан М.Мөнгөнчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа эргэж орох хүсэлт гаргаж өргөдөл өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Энхцэцэгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/359 дугаар тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс чөлөөлж М.Мөнгөнчимэгийг тухайн өдрийн Б/360 дугаар тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжпийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд нь томилсон. Б.Энхцэцэг нь Улсын байцаагчаар ажиллахдаа өөрөө зөвшөөрч ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өөрийн гараар бөглөж шалгуулаад томилогдсон болно. Ингэж томилогдохдоо буцаж албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллах талаар тохиролцоогүй. Иймд иргэн Б.Энхцэцэгийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхцэцэгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.146. төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 49.291 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтан-Од Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

            ...Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Өргөдөл, гомдол, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнаар 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 209 дугаар тушаалаар анх томилогдохдоо 6 cap хүртэлх хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр ттомилогдсон. 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/288 дугаар "Б.Энхцэцэгийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай" тушаалд "...18-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, тухайн өдрөөс..." хэмээн өмнөх ажлаас бүр мөсөн чөлөөлсөн. Б Энхцэцэг нь Улсын байцаагчаар ажиллахдаа өөрөө зөвшөөрч ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өөрийн гараар бөглөж шалгуулаад томилогдсон болно. Ингэж томилогдохдоо буцаж Албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллах талаар тохиролцоогүй. Шүүхийн  шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хүүхэд асрах чөлөө авсан М.Мөнгөнчимэг нь ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/360 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дахь Мэргэжпийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд томилсноор Б.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 5.1.7-д заасан "хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол" үүссэн байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй хэвээр үргэлжлэн түүний ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана..." гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед жил, албан тушаалыг хэвээр хадгалах асуудлыг зохицуулсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 11-д "Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан "ажил, албан тушаалыг хэвээр хадгалах" гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шзлтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг энэ хуулийн 28 дугаар зүйлийн 128.1.2,-т заасан гомдолтой адилтган шүүх хянаж шийдвэрлэнэ. Мөн Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал "зөвлөмж"-ийн 1.5-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээс гадна бусад хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд ажилтны ажил, албан тушаалыг хадгалах талаар тохиролцсон эсэхийг шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд авч үзвэл зохино." гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Б.Энхцэцэгтэй хүүхэд асрах чөлөө авсан байсан хүн ажилдаа эргэж орсон тохиолдолд буцаж өргөдөл гомдол, албан бичиг хариуцсан ажилтнаар ажиллах талаар тохиролцсон зүйл байхгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар мэдүүлгээр нотлогдож байгаа. Шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан "хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол" гэснээс аль тохиолдол үүссэнийг тодорхой заагаагүй, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд хуучин албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиролцоо хийгдээгүй, аль ямар хууль тогтоомжийн аль заалтад ажлын байрыг хэвээр хадгалах тухай заасан байгааг тодорхой тусгаагүй байна. Иймд шүүх шийдвэрээ гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс талуудын хоорондын үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд  хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, хууль зүйн үндэслэл муутай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулж үндэслэлгүй ажлаас халагдсан гэх үндэслэлээр тус газрын албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар, 2014 оны 07 дүгээр сарын 18-ны өдрөөс Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан үйл баримтыг шүүх нотлох баримтыг зөв дүгнэж тогтоосон, талууд энэ талаар маргаангүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 209 тоот тушаалаас үзвэл Б.Энхцэцэгийг тус газарт өргөдөл гомдол, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнаар 6 сарын хугацаатай томилсон байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/288 тоот тушаалаар Б.Энхцэцэгийг албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг М.Мөнгөнчимэг жирэмсний амралт авсан тул түүний оронд Б.Энхцэцэгийг уг ажил албан тушаалд түр томилсон байна. Ингэснээр Б.Энхцэцэгийг албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллуулах ажлын байрны талаар тохиролцсон талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар дуусгавар болжээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/359 тоот тушаал нь  ажилтныг уг ажил, албан тушаалаас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжүүлэх, сэргээх үндэслэл болохгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчжээ. Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой байна.   

Иймд шинэ ажил, албан тушаалд томилогдсноор өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч байгууллагын албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардах эрхгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгосноос үүсэх үр дагавар болох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/01175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай Б.Энхцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА