| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0133/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/127 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Д.Л /онлайнаар/,
шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Я-ийн Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019002220138 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал малладаг, барилга, гэр ахуйн мужаан мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дорноговь аймаг Мандах сум 4 дүгээр баг, “Сэрвэн Баянхошуу” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овог Я-ийн Д /РД: ЕЕ92122019/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Я.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2300-2400 цагийн орчимд Дорноговь аймаг Мандах сумын 5 дугаар баг, Шар хадны 02-02 тоотод оршин суух М.О-ийн гэрт Д.Л-тэй маргалдан түүн рүү ус буцалгагч шидсэний улмаас нүүрэн тус газарт нь онож, биед нь дух, зүүн нүдний гадна булан, доод уруул, эрүүний буйланд шарх, зүүн доод 2, 3-р шүдний завсрын түүшингийн сэртэнгийн эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт зэрэг гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Я.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нүүж, суух ажилтай тул бензин тос авахаар Мандах сумын төвд орж ирээд гэртээ очиход манайд Д.Л, Б.Мөнх-Оргил, Г.М-Э, Г.Т, А.А, бас нэг залуу, М.О нар архи уугаад сууж байсан. Би орж ирээд “юу болоод манайд архи уугаад байгаа юм” гэтэл Г.Т“уучлаарай, А.А-ийн ангийнхан нь байгаа юм” гэхээр нь би “дүүгийнхээ ангийнхныг бүгдийг нь танина” гэж хэлсэн. Гэтэл Д.Л “уучлаарай, танилцая” гэхэд араас нь Г.М-Э архи хийж надад өгсөн, би уруулаа хүргээд архийг буцааж өгсөн. Тэд нар архиа ууж дуусаад “салхинд гарч хоол хийж идчихээд, ажил руугаа явлаа” гэж хэлээд агаарт гарахаар болж тэд приус-30 машинтай, би араас нь мотоцикльтой явсан. Тэнд байхад хоёр залуу нь хоорондоо муудалцаад байхаар нь би гэртээ буцаж ирээд найз Өсөхбаяртайгаа 0.75гр “Соёрхол” архи хувааж уусан, дүү ирэхгүй байхаар нь утас руу нь залгахад холбогдох боломжгүй гээд байсан. М.О-ийн гэрт нь очиход хаалгаа нээхгүй болохоор нь цонхыг нь цохисон чинь хагарахад М.О гарч ирэхээр нь тамбарт ороход дүү гараад ирсэн, “хариач” гээд зөөлхөн алгадсан чинь цаанаас Д.Л нэг залуутай гарч ирээд Д.Л нь миний гуянд өшиглөсөн боловч шүргээд өнгөрсөн, нөгөө залуу мөрөнд хальт хүрсэн. Тэгээд дүүгээ аваад явах гэтэл цаанаас нэг залуу ус буцалгагч шидэхээр нь би зөрүүлээд дүүгийнхээ дээгүүр шидсэн, гэтэл “цус гарлаа, хүн аллаа” гэсэн. М.Б-О, Б.Э хоёр намайг чирээд гаргасан, хашаанаас гараад мотоциклоо асаах гэхэд бид нар руу төмөр, чулуу, хогийн пошик шидээд байхаар нь би Б.Э-ын ард суугаад зугтаасан. А.А “Д.Л эмнэлэгт оёдол тавиулж байна” гэж хэлэхээр нь эмнэлэг дээр очиход “намайг тоосгоор цохисон хүнийг олоод ир” гээд байсан, түүнд “би, ус буцалгагч шидсэн юм” гэдгээ хэлсэн”. гэв.
Хохирогч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны орой А.А гэх хүүхний найз О-ийн ахынх нь гэх айлд очсон. Тэр айлд бид нар нэг шил архи, нэг том пиво хувааж уугаад сууж байсан чинь гадна талаас айлын цонхыг хагалсан, тэгэхээр нь би хаалга онгойлгоод “залуучуудаа хэл амаараа учир зүйгээ ольё” гэж хэлсэн чинь өөдөөс тоосго юм уу, юу нь ч мэдэгдэхгүй том хатуу зүйл нүүр лүү чулуудсан. Миний толгойнд 8 оёо, уруул сэтэрсэнд 7 оёо, зүүн нүдний хөмсөгний доод талд зовхины хэсэгт 3 оёо тавьсан. Эмчилгээний зардалд 384.000 төгрөг, Улаанбаатараас-Сайншанд, Сайншандаас-Улаанбаатар хот руу явсан зардал 105.000 төгрөг болсон, үүнийгээ гаргуулж авна. 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 38 хоног ажилгүй байсан, үүнээс эмнэлэгт хэвтсэн 10 хоногийг хасаад нийт 28 өдрийн цалин болох 2.800.000 төгрөг нийт 3.289.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Гэрч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын хамгийн урд талын эгнээнд цагаан байшинтай айлд Б.М-Э, Б.М-О, Д.Л, Д.Э, А.А, М.О нарын хамтаар очсон...том өрөөнд нь сууж байтал байшингийн зүүн талын урд цонх хагарахаар нь М.О гэх эмэгтэй босоод гараад явсан...хүмүүс хашхиралдаад эхэлсэн, би том өрөөнөөс гараад очиход Д.Л цусаа гоожуулчихсан гал тогооны өрөө рүү явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-12/,
Гэрч Б.М-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 23 цаг өнгөрөөд 00 цагийн орчимд М.О-ийн гэрт сууж байтал...хаалга тогшихоор нь А.А онгойлгосон, би ард хараад зогсож байсан, гэтэл ах нь А.А-г шууд алгадчихсан...Д.Л үүдний коридорт хальт очоод “больцгооё залуусаа” гэж хэлээд л нүүрээ дараад буцаад ирсэн, нүүрнээс нь цус гараад л цагдаа, эмнэлэг дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-14/,
Гэрч Б.М-О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 23 цаг өнгөрөөд 24 цагийн орчимд Мандах сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хамгийн урд эгнээнд М.О гэх хүүхний гэрт Б.М-Э, Д.Л, Г.Т, Д.Э, А.А, М.О нарын хамтаар хоол хийж идэх гээд ороод байж байсан... цонх хагалсан, гэрт ямар нэгэн чулуу, модны зүйл орж ирээгүй, хэн нь эхэлж хаалга онгойлгосныг мэдэхгүй байна, Д.Л “юу болж байна, залуучуудаа” гээд л цусаа гоожуулаад ороод ирсэн, тэгсэн хамт байсан А.А гэх хүүхэн нь “хүн аллаа” гээд орилоод эхэлсэн...коридор дотор Я.Д, А.А, Д.Л нар байсан.” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр...намайг хөдөөнөөс орж ирэхэд цаг нэлээн орой болсон байсан, Я.Д над руу утасдаад “Мөнхтогоо ахын хашаанд хүрээд ир” гэж ярьсан, би очоод хашааных нь гадаа зогссон, хашаан дотор Я.Дэмбэрэлээс гадна 2-3 хүн зогсож байгаа харагдсан...би Я.Дэмбэрэлээс “яасан юу болов” гэсэн чинь “энд хэдэн хүмүүстэй маргалдаад” гэхээр нь “хаанахын юун хүмүүс юм” гэж асуусан чинь “урд төмөр замд ажилладаг кемпийн хүмүүс гэсэн” гэж хэлсэн. Тэгээд аваад явах гэсэн дийлэхгүй болохоор нь орхичихоод буцаад зүүн талаар нь хашаа тойртол Б.Эр ах, М.М-О ах хоёр таараад “энд юун хүн хашхираад байгаа юм” гэхээр нь би “Я.Д хэдэн залуучуудтай муудалцаж байна” гэж хэлээд бид гурав хамт очтол Я.Д хашаа руу ороод яваад өгсөн...Я.Д цонхыг нь гараараа цохиод хагалсан, гэрээс М.О гэх хүүхэн хаалга нээгээд гараад ирсэн чинь хажуу тийш нь түлхчихээд зөрөөд шууд ороод коридорт зогсож байсан... өөдөөс охин дүү А.А нь гарч ирсэн, цаанаас нь 2-3 залуучууд гарч ирсэн би харж байгаагүй, танихгүй залуучууд байсан, тэгсэн тэр гурвын нэг нь Я.Д-ийг хальт цохиод өшиглөх шиг болохоор нь Я.Д-ийг араас нь татаж коридороос авч гараад хаалгыг нь хаагаад дарчихсан чинь Я.Д хажуугаар дайраад хаалга нээгээд орохоор нь би хаалгыг нь хаахгүй бариад зогсож байсан, гэрээс ус буцалгагч, хогийн савны хуванцар таг, шанагатай ус шидсэн...Д.Л-ийн биед Я.Д гэмтэл учруулсан болов уу гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-20/,
Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр...Я.Д үүдэнд зогсоод орж ирэхгүй охин дүүтэйгээ юм яриад байсан, тэгсэн Я.Д дүү А.А-аа нэг удаа алгадсан, тэгсэн хамт байсан Г.Т, Б.М-Э, Д.Л гурвын нэг нь “яахаараа эмэгтэй хүнийг алгаддаг юм бэ” гээд өшиглөсөн юм шиг байна лээ, би том өрөөнд сонсоод байж байхад Я.Д “чи намайг өшиглөчихлөө” гэж ярьж байхаар нь би “та гараад хэрэггүй, энэ хүмүүсийг оруулаад ч хэрэггүй шал дэмий юм болно” гэж хэлээд байж байтал Д.Л “намайг цохичихлоо” гээд нүүрээ дараад тонгойхоор нь гал тогооны өрөө рүү аваад орсон чинь хөмсөгний дээд талаас нь их хэмжээний цус гоожиж байхаар нь “эмч дуудаарай, хүн цус алдаад байна” гэж.” гэсэн мэдүүлэг /хх-30-31/,
Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед байхаа...манай ах Я.Д орж ирээд намайг шууд алгадаад авсан...тухайн үед ах Я.Д халамцуу, согтуу ирсэн. Б.М-О, Д.Л, Б.М-Э, Г.Т нар намайг алгадахаар нь гарч ирээд манай ахтай “чи эмэгтэй хүн алгадлаа” гээд хэрүүл хийж хоорондоо хэрэлдээд эхлэхээр нь би голоор нь орсон, миний урд талд манай ах, миний ард талд Б.М-О, Д.Л, Б.М-Э, Г.Т дөрөв зогсож байсан, нэг хэсэг маргалдаж, бужигнаж байгаад эргэж харахад Д.Л-ийн толгойноос цус гарчихсан байсан,...би Д.Л-тэй хамт эмнэлэг явсан, ах руу залгаад “энэ хүн чинь цус алдаад, оёдол тавиулж байна” гэсэн чинь манай ах алхаад хүрээд ирсэн. Тэгээд эмнэлэг дотор ах, Д.Л-д хандаж “за хөгшөөн уучлаарай, найз охин, дүү хоёрыг аваад явчихаар нь уурлаад дүүгээ алгадсан нь үнэн, би чиний толгойг тоосгоор цохиогүй шүү” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-36/,
Я.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед Мандах сумын төвд дүү охин А.А-ийн гэрт очиход Б.М-О, Д.Л, Б.М-Э, Г.Т гэх хүмүүс байсан, би гэрт ороод хамгийн түрүүнд Д.Л-тэй танилцаад бусад хүмүүсийн нэрийг тогтоож аваагүй...салхинд гарч хоол идэхээр болоод хамт явцгаасан, замдаа Б.М-О, Д.Л, Б.М-Э, Г.Т, Д.Э нараас хоёр нь хоорондоо муудалцаад, Д.Л, Д.Э нар салгасан, тэгэхээр нь би шууд гэр лүүгээ яваад, гэртээ ирээд байж байсан чинь манай найз Ө ирээд бид хоёр нэг шил “Соёрхол” архи уучихаад, найзыгаа хөдөө гэрийнх нь замд оруулж өгөөд гэртээ ирсэн чинь манай охин дүү гэртээ ирээгүй болохоор нь утас руу нь залгасан, утас нь холбогдохгүй байсан...М.О-ийн хашаанд нөгөө хамт явсан хүмүүсийн машин байхаар нь очоод байшингийн хаалгыг нүдсэн, тайлахгүй болохоор нь урд талын цонхыг гараараа цохисон чинь М.О гэрээсээ гарч ирсэн, “дүүгээ авья” гээд зөрөөд үүднийх коридорт ороод зогссон чинь өөдөөс дүү охин гараад ирэхээр нь “чи энд юугаа хийж байгаа юм бэ, харь” гээд нэг удаа хацар дээр нь алгадсан. Тэгсэн гэр дотроос хоёр хүн үүд рүү ирсэн, нэг нь намайг бөгсний дээд талд нэг удаа өшиглөсөн, нөгөө нь мөрний хэсэгт гар нь хальт хүрээд өнгөрсөн, миний биед учирсан гэмтэл байхгүй...ус буцалгагч шидэхээр нь...зөрүүлээд шидэхэд “толгой хагалчихлаа, цус гоожоод тогтохгүй байна, хүн цохичихлоо” гээд орилоод эхэлсэн,...гэртээ хариад байж байсан чинь манай дүү утсаар яриад “оёо хийлгэж байна” гэхээр нь очиж Д.Л-тэй уулзахад “намайг тоосгоор цохисон хүнийг олоод ир” гэхээр нь “тоосго шидсэн хүн байхгүй ээ, би ус буцалгагч шидсэн, өөр зүйл байхгүй” гэж хэлсэн чинь “би чамтай ярихгүй ээ, намайг цохисон хүнийг олоод ир” гээд байсан. Би никель ус буцалгагч байсныг шидсэнд Д.Л оногдсон байхаа, өөр юм шидсэн хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-24-25, 59-61/,
Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр...А гэх хүүхний найз Оюунаагийн ахынх нь гэх айлд очсон. Тухайн айлд нь хүн байгаагүй бид нар гэрт нэг шил архи, нэг том пиво хувааж уугаад сууж байсан чинь гадна талаас бид нарын байсан айлын цонхыг хагалсан, тэгэхээр нь би хаалга онгойлгоод “залуучуудаа хэл амаараа учир зүйгээ ольё” гэж хэлсэн чинь өөдөөс тоосго юм уу, юу нь ч мэдэгдэхгүй том хатуу зүйл нүүр лүү чулуудсан, миний толгойноос их хэмжээний цус гарсан, эмч дуудаж ирээд толгойнд 8 оёо, уруул сэтэрсэнд 7 оёо, зүүн нүдний хөмсөгний доод талд зовхины хэсэгт 3 оёо тус тус тавьсан...ямар ч байсан Я.Дэмбэрэл гэх залуу байсан, юу болсон, хэн цохисон талаар Я.Дэмбэрэл бүгдийг нь мэднэ...А.А “хүн алчихлаа” гээд орилоод уйлсан чинь бүгд мотоциклоо унаад зугтаасан...миний эмчилгээний зардал 384.000 төгрөг болсон...2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 38 хоног ажилгүй байсан, үүнээс эмнэлэгт хэвтсэн 10 хоногийг хасаад нийт 28 өдрийн цалин болох 2.800.000 төгрөг, нийт 3.289.000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 33-34, 99/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9363 дугаартай “...Д.Л-ийн биед дух, зүүн нүдний гадна булан, доод уруул, эрүүний буйланд шарх, зүүн доод 2, 3-р шүдний завсрын түүшингийн сэртэнгийн эмтрэл, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-44-45/,
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хүний их эмч С-ийн Б гэсэн тодорхойлолт /хх-40/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-41-42/,
Хохирогч Д.Л-ийн дүрс оношилгооны хариу /хх-41/,
Я.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79/, Дорноговь аймгийн Мандах сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-81/,
Хохирогч Д.Л-ээс гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-89-91, 95/,
Шүүгдэгч Я.Д-ийн гаргасан “хохирогч Д.Л-д 1.000.000 төгрөгийг нэг сарын дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн баталгаа”, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Я.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн оройн 2300-2400 цагийн орчимд Дорноговь аймаг Мандах сум 5 дугаар баг, Шар хадны 02-02 тоотод оршин суух М.О-ийн гэрт Д.Л-тэй маргалдан түүн рүү ус буцалгагч шидсэний улмаас нүүрэн тус газарт нь онож, биед нь дух, зүүн нүдний гадна булан, доод уруул, эрүүний буйланд шарх, зүүн доод 2, 3-р шүдний завсрын түүшингийн сэртэнгийн эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт зэрэг гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; хохирогч Д.Л-ийн “...2020 оны 8 дугаар сарын 08-ны орой А.А гэх хүүхний найз Оюунаагийн ахынх нь гэх айлд очсон. Тэр айлд бид нар нэг шил архи, нэг том пиво хувааж уугаад сууж байсан чинь гадна талаас айлын цонхыг хагалсан, тэгэхээр нь би хаалга онгойлгоод “залуучуудаа хэл амаараа учир зүйгээ ольё” гэж хэлсэн чинь өөдөөс тоосго юм уу, юу нь ч мэдэгдэхгүй том хатуу зүйл нүүр лүү чулуудсан.” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Я.Д-ийн; “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нүүж, суух ажилтай тул бензин тос авахаар Мандах сумын төвд орж ирээд гэртээ очиход манайд Д.Л, Б.М-О, Г.М-Э, Г.Т, А.А, бас нэг залуу, М.О нар архи уугаад сууж байсан...дүүгээ аваад явах гэтэл цаанаас нэг залуу ус буцалгагч шидэхээр нь би зөрүүлээд шидсэн, гэтэл “цус гарлаа, хүн аллаа” гэсэн...А.А “Д.Л эмнэлэгт оёдол тавиулж байна” гэж хэлэхээр нь эмнэлэг дээр очиход “намайг тоосгоор цохисон хүнийг олоод ир” гээд байсан, түүнд “би, ус буцалгагч шидсэн юм” гэдгээ хэлсэн”. гэсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; гэрч Г.Т-ын “...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын хамгийн урд талын эгнээнд цагаан байшинтай айлд Б.М-Э, Б.М-О, Д.Л, Д.Э, А.А, М.О нарын хамтаар очсон... хүмүүс хашхиралдаад эхэлсэн, би том өрөөнөөс нь гараад очиход Д.Л цусаа гоожуулчихсан гал тогооны өрөө рүү явж байсан.” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.М-Э-ийн “...Д.Л үүдний коридорт хальт очоод “больцгооё залуусаа” гэж хэлээд л нүүрээ дараад буцаад ирсэн, нүүрнээс нь цус гараад цагдаа, эмнэлэг дуудсан.” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.М-О-ын “...Д.Л “юу болж байна, залуучуудаа” гээд л цусаа гоожуулаад ороод ирсэн, тэгсэн хамт байсан А.А гэх хүүхэн “хүн аллаа” гээд орилоод эхэлсэн...коридор дотор Я.Д, А.А, Д.Л нар байсан.” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Э-ийн “...Д.Л “намайг цохичихлоо” гээд нүүрээ дараад тонгойхоор нь гал тогооны өрөө рүү аваад орсон чинь хөмсөгний дээд талаас нь их хэмжээний цус гоожиж байхаар нь “эмч дуудаарай, хүн цус алдаад байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,
гэрч А.А-ийн “...нэг хэсэг маргалдаж, бужигнаж байгаад эргэж харахад Д.Л-ийн толгойноос цус гарчихсан байсан,...би Д.Л-тэй хамт эмнэлэг явсан, ах руу залгаад “энэ хүн чинь цус алдаад, оёдол тавиулж байна” гэсэн чинь манай ах алхаад хүрээд ирсэн. Тэгээд эмнэлэг дотор манай ах Д.Л-д хандаж “за хөгшөөн уучлаарай, найз охин, дүү хоёрыг аваад явчихаар нь уурлаад дүүгээ алгадсан нь үнэн, би чиний толгойг тоосгоор цохиогүй шүү” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9363 дугаартай дүгнэлт, хүний их эмч С-ийн Б гэсэн тодорхойлолт /хх-40/, Яаралтай тусламжийн хуудас, хохирогч Д.Л-ийн дүрс оношилгооны хариу зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Я.Д нь хохирогч Д.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Я.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Д.Л “эмчилгээний зардалд 335.000 төгрөг, шатахууны зардалд 154.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 38 хоногийн хугацаанд ажилгүй байсан ба үүнээс 10 хоног эмнэлэгт хэвтсэн тул 28 хоногийн хугацаанд ажилгүй байсан цалин 2.800.000 төгрөг, нийт 3.289.000 төгрөг” нэхэмжилсэн байна.
Хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний болон шатахууны төлбөрийг нэхэмжилсэн 489.000 төгрөгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь шүүх хэлэлцүүлгийн үед Хаан банкны интернэт банк ашиглан хохирогчийн дансанд 489.000 төгрөгийг шилжүүлсэн болно.
Харин хохирогчоос гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж түүнийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэхээр байсан ч шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрэн хэлэлцэж, хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа 1.800.000 төгрөгөөр багасгаж, шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг 1 сарын дотор /2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн дотор/ төлж барагдуулахаар баталгаа гаргасан тул шүүгдэгч Я.Д-ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүхээс шүүгдэгч Я.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 489.000 төгрөгийг төлсөн, шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрэн хэлэлцэж, шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг 1 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хэрэгт татагдсан болох нь хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд байх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон тул үүнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-ийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч Я.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Я-ийн Д-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Я.Д-ийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч Я.Д нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн дотор хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар баталгаа гаргасныг дурьдаж, хэрэв шүүгдэгч нь тогтсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Я.Д-ээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-д олгосугай.
6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ