Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/93

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч А.Р нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Аын Рид холбогдох 2017001880100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Аын Р /РД:ЗН/, Д аймгийн С суманд 19... оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 4 дүгээр баг, З х гэх газарт оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч А.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 51-55 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотор эхнэр Д.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч А.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .. дугаар баг, ... дугаар байрны гадаа 51-55 улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотор эхнэр Д.Стай найзынхаа хүүхдийн үсний найранд оруулсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхинд, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч А.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөөнөөс айлын найранд ирж архи уугаад эхнэртээ гар хүрсэндээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Би бага зэргийн согтолттой байсан. Эхнэрийнхээ үгэнд орохгүй ийм хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 19-ний өглөө нөхөр Рийн хамт Чойрт ирээд нөхрийн эгчийнх нь хүүхдийг бэр гуйж байхад гэрт нь очоод, дараа нь манай эгчийн хүүхдийн гэрийн найранд очоод манай нөхөр нэлээд согтсон. Тэгээд гэр лүүгээ харихаар болоод хөдөлсөн боловч манай нөхөр өөрөө машинаа бариад миний үгэнд орохгүй шууд хонхор луу явж найзынхаа хүүхдийн үсний найранд очно гээд 12 дугаар байрны гадаа ирээд зогссон. Би одоо яах гээд байгаа юм бэ чи нэлээд согтсон байна, энэ айл руу орвол согтоод гэр лүүгээ харьж чадахгүй болно гэсэн чинь чи намайг уулгаж идүүлэхгүй найз нөхдөөр минь оруулахгүй байна гээд уурлахаар нь би хүүхдээ аваад явлаа гээд машинаас буугаад явсан. Тэгээд машинд цүнхээ мартсанаа санаад буцаад машин дээрээ ирээд нөхөртөө чи найзындаа ор, би явлаа гэтэл машиндаа суу хамт гэр лүүгээ явъя гэсэн. Би машиндаа суутал надаас хэрүүл өдөөд намайг хацар дундуур алгадахаар нь би яаж байгаа юм бэ чи намайг зодохгүй гэж хэлээ биз дээ гэсэн чинь өөрөө арчаагүйгээсээ болоод надад зодуулж байгаа гээд миний баруун нүд рүү хоёр удаа гараараа цохисон. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн. Өөр надад гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6-9 хуудас/

 

1.3. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Бид нар гэртээ ирээд нэлээн байж байгаад аавын гэрт ороход Р, С, түүний эгч гэх нэг хүүхэн ирчихсэн С хөдөө явж байхад Р намайг ингээд цохичихлоо гээд нүдээ харуулахад баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. Удалгүй С эгчтэйгээ гараад явсан. Тухайн үед Р нэг их уугаагүй. Айраг л уугаад суугаад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/

 

1.4. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний охиныг нөхрийн тал нь бэр гуйж авахад хүү Р, бэр С нар ирсэн. Р, С хоёр харилаа гээд үдээс хойш явсан. Түүнээс хойш нэг их удаагүй бэр С манайд ирээд Р явж өгөхгүй маргалдаад намайг цохичихлоо гэж байсан. Нүдний доод талд нь хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/

 

1.5. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охиныдоо байж байтал 18-19 цагийн үед С над руу залгаад эгчээ намайг ирээд аваач гэхээр нь хаана байгаа юм бэ, яасан гэхэд Р намайг зодчихлоо хадмынд хүрээд ир гэсэн. Гэрт нь ирэхэд Сгийн нүд нь хөхөрч хавдчихсан байсан. Роос яасан юм бэ гэхэд наадах чинь айл руу орох гэтэл оруулахгүй гэснээс болсон гэж хэлсэн. Би дүүгээ аваад гэр лүүгээ явсан. Р нь түргэн ааштай, сүүлийн үед дүүд минь жаахан дээрэнгүй байдал гаргаад байдаг юм болов уу гэж бодогддог болоод байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/

 

1.6. Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 337 дугаар дүгнэлтэд: Д.Сгийн биед баруун нүдний зовхинд, салстад цус хуралт  гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. / х.х-ийн 20 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч А.Рийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.Рийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Шүүгдэгч А.Р нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч А.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 08-09 хуудас/

 

2.2. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Р бие муутай, хүнд их тусархуу хөгжилтэй зантай. Гэр бүл найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн. Өмнө нь хэрэгт төвөгт орооцолдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

 

2.3. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Р нь хүнд их тусархуу хөгжилтэй зантай, олон таван үггүй даруухан зантай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

 

2.4. А.Рийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 27 хуудас/

 

2.6. Гэрлэлтийн баталгааны гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 36, 41 хуудас/

 

2.7.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 55,57 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Рийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч А.Р нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Р нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Аын Рийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Рийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Рид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Рид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Р нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Рид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА