| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0134/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/130 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
хохирогч Я.М,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт С-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2019002540151 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Алтанжолоо гудамж 1104 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, У овогт С-ын Б /РД: ЕЮ76080711/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч С.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын гудамжны 1-107 тоотод хохирогч Я.М-ийн толгой, нүүрэн тус газарт 4-5 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний буруу, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байгаа...би өөрийн цалингийн 70-аас 80 хувийг хүүхдүүддээ зарцуулаг. Энэ бол миний үүрэг.” гэв.
Хохирогч Я.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цонхоор орж ирээд миний биед халдаж эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа байнга дарамтанд байдаг байсан. 2018 онд зодуулж байсан. 2019 онд салахаар шийдээд тусдаа амьдарч байгаа. Зүгээр байж байгаад гэнэт зодож нүдээд байдаг байсан.” гэв.
Я.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн; “...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг орчим гэртээ байж байхад манай хамтран амьдрагч байсан С.Б манай гэрийн хаалгыг тогшиход нь би нээгээгүй. Гэтэл миний түрээсэлж амьдардаг байрны урд талын вакум цонхоор архи нэлээд их үнэртүүлсэн байдалтай орж ирчихээд “чи муу яагаад хаалгаа нээдэггүй юм” гээд миний толгой, нүүр, баруун гарын шуу, бугуй хэсэг рүү цохиж зодоод байсан. Би гэрээс зугтааж гарсан. Намайг С.Б зодож байх үед манай гурван хүүхэд ааваасаа айгаад ариун цэврийн өрөө рүү орж байсан...С.Б-д зодуулсны улмаас миний толгойн ар дагз хэсгээр хатгуулж өвддөг болсон ба хааяа нүд бүрэлзээд байдаг, мартаж санадаг болсон...надтай уулзахдаа “яах гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм гэж хэлж байсан...дуудлага өгсний дагуу арга хэмжээ тооцогдож байсан талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-11-12, 80/,
С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би “хүүхдүүд гаднаас нь цоожилж үлдээлээ” гээд загнасан чинь өөдөөс хэрэлдээд байхаар нь толгой руу нь хоёр удаа цохиод авсан чинь Мөнхцэцэг зугтаад гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-15, 34-35/,
Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсоёлын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би ээж, хоёр дүүгийн хамт гэртээ байж байсан чинь аав гэрийн гадна ирээд цонх, хаалга тогшоод байсан...Намайг хоёр дүүгээ дагуулаад ариун цэврийн өрөөнд байхад аав “ахиад цагдаа дуудах юм бол ална шүү” гэж хэлсэн. Тэгтэл ээж уйлах чимээ гарсан. Тэгээд гэрээс гараад явчихсан, аав араас нь гарсан. Тэгээд би хоёр дүүтэйгээ гэртээ байж байхад ээж гэрт орж ирсэн. Ээжийн нэг нүдийг нь цохиод цус гарчихсан байсан, тэгээд ээж гэрт орж ирээд хувцсаа солиод эмнэлэг рүү явсан.” гэсэн мэдүүлэг /хх-38-40/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02/0279 дугаартай “...Я.Мийн биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, баруун бугалгын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-18/,
Хохирогч Я.М-ээс Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-3-4/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-5-7/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-19-20/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-41-49/,
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-51-55, 58-62, 65-69/,
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШШ2019/00244 шийдвэр /хх-76-77/,
Хохирогч Я.М-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-81/,
Яллагдагч С.Б-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-82/,
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч нарын №19 дугаартай “Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт” /хх-72-73/, зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч С.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын гудамжны 1-107 тоотод хохирогч Я.Мийн толгой, нүүрэн тус газарт 4-5 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; шүүгдэгч С.Б, хохирогч Я.М нарын мэдүүлгүүд,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Я.Мийн “...С.Б архи нэлээд их үнэртүүлсэн байдалтай орж ирчихээд “чи муу яагаад хаалгаа нээдэггүй” юм гээд миний толгой, нүүр, баруун гарын шуу, бугуй хэсэг рүү цохиж зодоод байсан.” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсоёлын “...Намайг хоёр дүүгээ дагуулаад ариун цэврийн өрөөнд байхад аав “ахиад цагдаа дуудах юм бол ална шүү” гэж хэлсэн. Тэгтэл ээж уйлах чимээ гарсан. Тэгээд гэрээс гараад явчихсан, аав араас нь гарсан. Тэгээд би хоёр дүүтэйгээ гэртээ байж байхад ээж гэрт орж ирсэн. Ээжийн нэг нүдийг нь цохиод цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг,
яллагдагч С.Б-ийн “...Би “хүүхдүүд гаднаас нь цоожилж үлдээлээ” гээд загнасан чинь өөдөөс хэрэлдээд байхаар нь толгой руу нь хоёр удаа цохиод авсан” гэх мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02/0279 дугаартай дүгнэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд “шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах боломжтой байсан хэдий ч хохирогч Я.М-ийн “гомдол саналгүй гэсэн, түүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, шүүгдэгч С.Б нь үр хүүхдүүдээ тэжээн тэтгэхэд байнга анхаарч, тэдэнд тусалж дэмждэг байдал, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Мт 500.000 төгрөгийг нөхөн төлсөн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч С.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт С-ын Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 250.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ