Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2017/00072/И |
Дугаар | 102/ШШ2017/00474 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/00474
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж, 71 дүгээр байранд байрлах, “Эв-Эе 84” СӨХ-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж, …дүгээр байр ..тоотод оршин суух, Ц.Мт холбогдох,
СӨХ-ны төлбөрт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг 17 дугаар хороо, 71 дүгээр байр .. тоотын оршин суугч Ц.М нь 2014 оны 7,8,9,10,11,12 сар хүртэл, 2015 он, 2016 онуудыг дуустал СӨХ-ны төлбөрөө төлөлгүй 600,000 төгрөгийг хохирлыг учруулаад байна. Удаа дараа СӨХ-ны төлбөрөө өгөхийг шаардаж мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө барагдуулахгүй байгаа тул хуулийн дагуу шийдэж, СӨХ-ны төлбөрийг хариуцагч Ц.М-С гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 71 дүгээр байрны “Эв-Эе 84” СӨХ нь 2016 оны 6 дугаар сард байгуулагдсан бөгөөд тус СӨХ нь урд ажиллаж байсан СӨХ нь СӨХ-ны төлбөрийг 5000 төгрөг байсныг нэмэгдүүлж 11,000 төгрөг болгох үед “энэ төлбөр үндэслэлгүй нэмэгдсэн учир үнийг буруулна” гэж байгуулагдсан СӨХ юм. Гэтэл уг СӨХ нь байгуулагдсан даруйдаа төлбөрөө үндэслэлгүй нэмж, 20,000 төгрөг болгож нэхэмжилсэн болно. Тус СӨХ-ны үйл ажиллагаа тодорхой бус их хэмжээний төлбөр нэмж байгааг дургүйцэж нийт оршин суугчдын 40 орчим хувь нь их бага хэмжээгээр СӨХ-ны төлбөрийн асуудалтай болсон. Миний хувьд СӨХ-ны төлбөрийг 5,000 төгрөгөөр тооцдоггүй юм аа гэхэд нийт нэхэмжилсэн 600,000 төгрөгийн төлбөрийг сарын 11,000 төгрөгөөр бодож 330,000 төгрөг төлөх саналтай байна. Үлдсэн 270,000 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Эв-Эе 84” СӨХ-ны захирал Ж.Эрдэнэцэцэг миний бие Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 71 дүгээр байрны оршин суугч Ц.М-С СӨХ-ны төлбөрт нийт 600,000 төгрөг нэхэмжилснээс 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.М нь үлдэх 500,000 төгрөгийн 100,000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдөр төлж, үлдсэн 400,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эв-Эе 84” СӨХ нь хариуцагч Ц.Мт холбогдуулан СӨХ-ны төлбөрт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Эв-Эе 84” СӨХ нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 600,000 төгрөгийн шаардлагаа 100,000 төгрөгөөс багасгаж, хариуцагч Ц.М нь үлдэх 500,000 төгрөгийн шаардлагаас 100,000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлж, үлдсэн 400,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталгаажуулан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Эв-Эе 84” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.Мт холбогдох СӨХ-ны төлбөр 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Эв-Эе 84” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.М нь үлдэх 500,000 төгрөгийн 100,000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлсөн, үлдсэн 400,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-С 9,325 төгрөг, улсын төсвөөс 9,325 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА