Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/386

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2038000000446 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 18-12 тоотод 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагын жижүүрийн утсанд ирсэн дуудлагын дагуу очиж, албан үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн дэд ахлагч **************хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн алгадаж, өшиглөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 18-12 тоотод 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагын жижүүрийн утсанд ирсэн дуудлагын дагуу очиж, албан үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн дэд ахлагч **************хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн алгадаж, өшиглөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн  гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000446 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэгээд 2 цагдаа дуудлагаар ирсэн. Тэр үед би уур хүрсэн байсан болохоор тайвширч чадахгүй байсан. Би цагдаад хандаж манай гэрт ямар байгааг бичлэг хийгээд баримтжуулаад ав гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр жижиг цагдаа нь бичлэг хийгээгүй байсан. Тэгэхээр нь би чи бичлэг хийгээгүй байна ш дээ гэсэн чинь тэр цагдаа инээмсэглэсэн. Би тэр цагдааг доромжлоод байгаа юм болов уу гэж бодоод бухимдаж байсандаа уурлаад нэг алгадсан...Би цагдааг нэг удаа алгадсанаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-18-12 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагаар 03:00 цагт очсон. Би байшинд ороод эмэгтэйгээс юу болсон талаар тодруулахаар асуухад тэр эмэгтэй манай нөхөр миний утсыг авчихлаа, та нар миний утсыг аваад өгөөч гэж хэлсэн. Би нөхрийг нь сэрээгээд таны эхнэрийн утас хаана байгаа юм гэхэд нөхөр нь утсаа түрүүн өөрөө барьчихсан дуудлага өгөөд байх шиг байсан гэж хэлсэн. Нөхөр нь эрүүл өөрийн үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан. Тэр эмэгтэйд хандаж би та одоо гэртээ унтаж, амар, унтаж амарч чадахгүй бол бид таныг авч явж эрүүлжүүлнэ гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй над руу дөхөж ирээд нүүр рүү алгадсан...Цагдаагийн газарт хүргэж эрүүлжүүлэхээр дагуулаад байшингаас нь гарч явтал хашаан дотроо миний зүүн хөлний шагай руу 2 удаа, баруун хөлний өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Цагдаагийн газарт ирээд би эрүүлжүүлэхэд орохгүй гэж орилж хашгираад миний нүүр лүү салаавч гаргаж “түй май” гэж зэрэг үг хэлээр доромжилсон...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5-р хуудас/,

      Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03:00 цагийн үед Мөрөн сумын 14-18-12 тоотод согтуу хүн өөрийгөө эрүүлжүүлэхээр дуудлага өгч байсан гэж жижүүрийн мэдээлэл хүлээн авагч хэлсний дагуу дэд ахлагч **************хамт тухайн хаягаар очсон. Дэд ахлагч М.Буяннэмэх та гэртээ унтаж амар, унтаж амарч чадахгүй агсам тавиад байвад бид таныг авч явж эрүүжүүлэх шаардлагатай гээд яриад зогсож байтал нөгөө эмэгтэй “та нар юу юм, хууль хаана үйлчилдгийг харья л даа” гэснээ Буяннэмэхийг нүүр рүү нь нэг удаа гараараа алгадсан. Би тухайн эмэгтэйд хандаж “чи яагаад шаардлага эсэргүүцээд цагдаагийн алба хаагчийг алгадаж байгаа юм гэхэд тэр эмэгтэй би хэнийг ч алгадна, та нар шиг муу сайн юмнууд юу юм” гэж байсан. Тэгээд тухайн эмэгтэйг машиндаа суулгах гээд дагуулж гарч явахад хашаан дотор Буяннэмэхийг хөлөөрөө тийрээд өшиглөөд байсан. Цагдаагийн газарт хүргэж ирээд тэр эмэгтэйг машинаас буулгаад цагдаагийн газар руу оруулахад нэг давхрын коридоорт Буяннэмэх рүү салаавч гаргаж хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

     Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны эмч Б.Цолмонгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 548 дугаартай...**************биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/,

Шүүгдэгч **************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 23-25, 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000446 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 18-12 тоотод 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагын жижүүрийн утсанд ирсэн дуудлагын дагуу очиж, албан үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн дэд ахлагч **************хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн алгадаж, өшиглөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **************/хх-ийн 3-5-р хуудас/, гэрч **************/хх-ийн 6-7-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Энхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч  М.Буяннэмэх нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Энхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************нь  ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь ам бүл 4нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг  харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг

түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000446 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч **************1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч **************хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       5. Эрүүгийн 2038000000446 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 138.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР