Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 358

 

Д.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01037 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Энхтуяад холбогдох,

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Энхтуяа 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Отгон-Эрдэнийн нөхөр М.Пүрэвсүрэн нь хүнээс мөнгө зээлсэн бөгөөд зээлийн гэрээг түүний ажилтан А.Мөнгөнтуулын нэр дээр хийсэн. 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 11 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл төлөх баталгаа болгож Д.Отгон-Эрдэнийн нөхөр М.Пүрэвсүрэн өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч ачааны машиныг А.Мөнгөнтуулд шилжүүлсэн. Тэгээд зээлсэн мөнгөө өөрийн зорилгод ашиглаж чадалгүй бусдад залилуулсаны улмаас нэг сарын дараа зөвхөн нэг сарын хүүгээ төлөөд үндсэн зээлээ төлж чадаагүй. Ингээд А.Мөнгөнтуулд үнэн байдлаа хэлж “үндсэн зээлээ сар бүр хувааж төлье” гэж тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл төлөөд явж байсан. Нийт 8 280 000 төгрөгийг төлсөн.

М.Пүрэвсүрэн нь А.Мөнгөнтуулд үндсэн зээл 11 500 000 төгрөг, нэг сарын хүүнд 920 000 төгрөг, нийт 12 420 000 төгрөг төлөх ёстойгоос 9 200 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 3 220 000 төгрөгийг төлөөгүй байсан. Учир нь Д.Отгон-Эрдэнийн нөхөр М.Пүрэвсүрэн нь зээлийн төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн учир машинаа буцаан шилжүүлж авъя, үлдсэн 3 220 000 төгрөгийн барьцаанд газар барьцаалъя гэхэд А.Мөнгөнтуул зөвшөөрч 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр А.Мөнгөнтуулын нэр дээр шилжүүлсэн байсан, өөрөө буулгагч ачааны машины нэрийг буцаан нөхөр М.Пүрэвсүрэнд нь шилжүүлэн өгсөн. Ингээд оронд нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадатад байрлалтай 700 м.кв газрыг барьцаалуулахаар болсон. Гэтэл уг газар нь Д.Отгон-Эрдэнийн нэр дээр байдаг учраас барьцааны гэрээг М.Пүрэвсүрэн биш Д.Отгон-Эрдэнийг хийхийг шаардсан. Ингээд гэрээг хийхээр болж нотариат дээр очиход зээл өгсөн гэх хүн нь өөрийн эхнэр Б.Энхтуяа гэдэг хүнтэй гэрээгээ хий гэсэн. Тэрээр Д.Отгон-Эрдэнийн нөхөр М.Пүрэвсүрэнг 12 500 000 төгрөг төлөх ёстой гэж ойлгуулан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулан батлуулсан. Үнэндээ 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд энэ гэрээний дагуу Д.Отгон-Эрдэнэ нь нэг ч төгрөг хүлээн аваагүй. Хожим нь А.Мөнгөнтуул нь Б.Энхтуяатай хамтраад шүүхэд нэхэмжлэл гаргаж 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6838 дугаартай шийдвэр гарч М.Пүрэвсүрэнгээс 4 830 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 14 000 000 орчим төгрөгийг М.Пүрэвсүрэн нь төлсөн. Гэтэл Б.Энхтуяа нь зээлийн гэрээтэй холбоотой үйл баримтыг шүүхийн шийдвэрээр дүгнэж дуусчихаад байхад барьцаалсан гэрчилгээг өөр дээрээ байлгаад өгөхгүй байгаа учраас газар эзэмших эрхийн гэрчилгээр Б.Энхтуяагийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Мөн Б.Энхтуяагаас Д.Отгон-Эрдэнэ нь энэ зээлийн гэрээний дагуу нэг төгрөг ч хүлээж аваагүй. М.Пүрэвсүрэн, Б.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэж, барьцаа хөрөнгөө сольсон учраас зээлийн гэрээний харилцаа анхнаасаа үүсээгүй. Иймд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-69 тоот хаягт байрлах 00528002 дугаар гэрчилгээний дугаартай, нэгжийн талбарын 18650324673790 дугаартай, 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Б.Энхтуяагаас гаргуулж, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Б.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Энхтуяа миний бие 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй, 11 500 000 төгрөг зээлдүүлж, нотариатаар батлуулсан. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадатын ГД000528002 дугаартай нэгж талбарын 18650324673790 дугаартай 700 м.кв газрыг барьцаалбарт бүртгүүлсэн болно. Д.Отгон-Эрдэнэ зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байж барьцааг чөлөөлүүлэх нэхэмжлэл өөрөө түрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцаалбарт байгаа газрыг буцаж өгөхөд татгалзах зүйлгүй. Д.Отгон-Эрдэнэ нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээн дээр нэрээ буруу, хоёр өөр бичсэн байсан. Гэрээг 1 сараар хийе гээд байсан утга нь 1 сардаа хүчинтэй гэдэг хуулийн зохицуулалтыг мэддэг учраас тэгсэн байна. Д.Отгон-Эрдэнэ нь нотариат дээр очихдоо хэний ч эрхшээлд ороогүй. Би өөрийн биеэр барьцаагаа бүртгүүлсний дараа мөнгө өгдөг байсан. Яагаад өөрийнхөө биеэр гэрчилгээгээ авчирч, улсын бүртгэлд бүртгүүлээд мөнгө зээлчихээд одоо ингээд байгаа юм бэ. Би М.Пүрэвсүрэнтэй хэзээ ч гэрээ хийж байгаагүй. Миний компани ноос, ноолууран үйлдвэрлэл болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг. Би ганцхан Д.Отгон-Эрдэнэтэй харилцдаггүй. Улсын бүртгэлийн барьцаалбарт бүртгүүлж, нотариатаар батлуулаад өгөлцөж авалцсан хуулийн дагуу хэний ч шахалтгүйгээр байгуулсан гэрээ. Барьцааны гэрээн дээр н.Отгонбаяр гэж бичсэн атлаа зээлийн гэрээн дээр н.Отгон-Эрдэнэ гэж бичсэн. Зээлийг 1 сарын хугацаатай тохиролцсон. Би 5 000 000 төгрөгөөс дээш зээлд барьцаа шаарддаг. Би М.Пүрэвсүрэнтэй гэрээ хийж байгаагүй.

Харин Д.Отгон-Эрдэнэ нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Б.Энхтуяа би зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11 500 000 төгрөг, зээлийн хүү 5 400 000 төгрөг, алдангид 350 000 төгрөг, нийт 17 250 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтан Б.Энхтуяа, Д.Отгон-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, хариуцагч Б.Энхтуяагийн хууль бус эзэмшлээс 000528002 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнээс 12 770 000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Энхтуяад олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 480 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 128 750 төгрөг, хариуцагч Б.Энхтуяагаас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 244 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнээс 219 270 төгрөг гаргуулан хариуцагч Б.Энхтуяад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

             Д.Отгон-Эрдэнэ миний бие 1 удаа авсан зээлийг 2 удаагийн шүүхийн шийдвэрээр, 2 дахин төлөх болсныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг хууль мэдэхгүйг далимдуулж миний нөхөр М.Пүрэвсүрэнд зээлсэн мөнгөний барьцааг солих нэрээр надтай дахин зээлийн гэрээ хийсэн. Үнэндээ манай нөхөр М.Пүрэвсүрэнгийн зээлсэн мөнгөний асуудал үргэлжилж байгаа болохоос 2 удаа мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Энэхүү зээлийн асуудлаар 2 удаагийн гэрээг ашиглаж 2 удаа шүүхээр мөнгө гаргуулах гэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй.

Манай нөхөртэй хийсэн зээлийн гэрээний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6838 тоот шийдвэр гарч шүүхийн шийдвэрийн дагуу зээлсэн мөнгөө төлж дуусгасан. Энэхүү хэрэг хянагдаж байх үед М.Пүрэвсүрэн А.Мөнгөнтуул нарын нэхэмжлэл, тайлбаруудаар дээрх 1 зээлд 2 гэрээ байгуулсаныг нотлох үйл баримт хангалттай тогтоогддог. Хэдийгээр миний хууль мэдэхгүй, өөрөө зээл аваагүй, мөнгийг хүлээж аваагүй атлаа бусдын худал үгэнд итгэн гэрээнд гарын үсэг зурсан маань алдаа болсон, өөрийгөө ийм эрсдэлд оруулсан нь миний хариуцлагагүй байдал мөн.

            Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох дараах баримтуудыг өөрөө болон шүүхийн журмаар гаргуулж хавтаст хэрэгт тусгуулан, шүүх хуралдаанд нотлох баримтуудаа шинжлэн судлуулан, шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбар гаргасан байтал эдгээр нотлох баримтуудыг огт үнэлэхгүйгээр, яагаад үнэлэхгүй байгаагаа дурдалгүйгээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэхь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015.10.13-ны өдрийн 6838 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан М.Пүрэвсүрэнгийн хариу тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-3 дугаар талд авагдсан А.Мөнгөнтуулын  “Б.Энхтуяагийн өмнөөс нэхэмжилж байгаа. Б.Энхтуяагаас мөнгийг нь аваад би хохиролгүй болсон” гэх тайлбар, мөн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А.Мөнгөнтуулаас анхан шатны шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Д.Энхтуяа нь надтай зээлийн гэрээ байгуулсан боловч надад бэлнээр мөнгө өгөөгүй болох нь хангалттай нотлогдож байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Д.Энхтуяа бид хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд өмнө нь шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин хэлэлцэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

            Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ нь хариуцагч Б.Энхтуяад холбогдуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 17 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр М.Пүрэвсүрэн, А.Мөнгөнтуул нарын хооронд байгуулагдсан 11 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар барьцаалсан барьцааны гэрээний зүйл болох өөрөө буулгагч автомашиныг газар эзэмших эрхээр солихоор тохиролцоход уг газар эзэмших эрх Д.Отгон-Эрдэнийн нэр дээр байснаас шалтгаалж 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг дахин байгуулахад гэрээний зээлдүүлэгч талыг Б.Энхтуяагаар, зээлдэгч талыг Д.Отгон-Эрдэнээр сольсон, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр бодитойгоор мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй...” гэж тайлбарлажээ.

            Хэргийн 20 дахь талд авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад зээлдүүлэгч Б.Энхтуяа, зээлдэгч Д.Отгон-Эрдэнэ нар гарын үсэг зурж, гэрээний 3.5 дахь хэсэгт “Зээлдэгч Д.Отгон-Эрдэнэ би 11 500 000 төгрөгийг бэлнээр авав” гэж бичигдсэн ба уг баримтыг нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ няцаагаагүй байна. Иймд Б.Энхтуяа нь зээлийн гэрээний зүйл болох 11 500 000 төгрөгийг Д.Отгон-Эрдэнэд  шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6838 тоот шийдвэрээр М.Пүрэвсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 4 830 000 төгрөгийг гаргуулж А.Мөнгөнтуулд олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Энэ шийдвэрийн тодорхойлох хэсэгт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан М.Пүрэвсүрэнгийн тайлбарт “…М.Пүрэвсүрэн миний бие 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдр 11 500 000 төгрөгийг зээлж авсан. Зээл төлөх баталгаа болгож өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч ачааны машинаа А.Мөнгөнтуулд шилжүүлсэн. …Би зээлийн төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн учир машинаа буцаан шилжүүлж авъя… гэхэд А.Мөнгөнтуул зөвшөөрч …машины нэрийг буцаан надад шилжүүлэн өгсөн. Ингээд оронд нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадатад байрлалтай 700 м.кв газрыг барьцаалуулахаар болсон. Ингээд А.Мөнгөнтуул нь Д.Отгон-Эрдэнэтэй барьцааны гэрээ байгуулж нотариатаар батлуулна гээд явсан. Гэтэл А.Мөнгөнтуул миний эхнэрт М.Пүрэвсүрэн намайг 12 500 000 төгрөг төлөх ёстой гэж ойлгуулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ 2 дээр гарын үсэг зуруулан батлуулсан байсныг дараа нь мэдсэн. …Үнэндээ 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд энэ гэрээний дагуу миний эхнэр болон би нэг ч төгрөг хүлээн аваагүй юм” гэж дурдагдсан үйл баримтын талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнээгүй тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхгүй.

            Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч А.Мөнгөнтуул “Б.Энхтуяагийн нөхөр Өлзийбаатар нь миний таньдаг хүн юм. Одоохондоо бид хоёрт мөнгө алга. Энэ хүн “Хово” маркийн автомашин гэсэн барьцаатай юм байна, 1 сарын хугацаатай энэ хүмүүст 11 000 000 төгрөг зээлээч гэсэн. …гэрээ хийсэн. М.Пүрэвсүрэн нь …4 дүгээр сард над руу яриад … хүү өндөр байна, би төлж чадахгүй гээд 7 буудлын Хасбанк дээр явж байна. “Хово” маркийн автомашиныг маань буцаагаад миний нэр дээр шилжүүлээд өг 7 хоногийн хугацаатай Хас банкинд барьцаанд тавихаар хүнтэй ярьчихсан байгаа. Тэгээд эргүүлээд чиний үндсэн мөнгийг чинь төлөхгүй бол хүүндээ шатаад дууслаа гээд намайг залилаад алга болсон” гэж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Барьцаанд өөр хөрөнгө барьцаалсан юм уу?” гэх асуултанд гэрч А.Мөнгөнтуул “Ямар ч хөрөнгө барьцаалаагүй”гэж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр М.Пүрэвсүрэн, та хоёрын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэж, барьцаа хөрөнгийг солих үүднээс Б.Энхтуяа, Д.Отгон-Эрдэнэ нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ талаар Б.Энхтуяа таньд хэлж байсан уу” гэсэн асуултанд гэрч А.Мөнгөнтуул “Би Б.Энхтуяа, Д.Отгон-Эрдэнэ нарыг уулзаад ингэсэн талаар мэдэхгүй” гэж хариулснаас үзвэл Б.Энхтуяа, Д.Отгон-Эрдэнэ нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь М.Пүрэвсүрэн, А.Мөнгөнтуул нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоогүй, тэдгээр гэрээний талууд болон гэрээний зүйл өөр өөр байх тул тусдаа байгуулагдсан гэрээ гэж дүгнэхээр байна.

Иймд Б.Энхтуяатай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. Улмаар нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар болох 000528002 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалагч Б.Энхтуяагаас шаардах эрхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул зээлдүүлэгч Б.Энхтуяа нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Д.Отгон-Эрдэнээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр талууд зээлийн хүү болон алдангийг тохиролцсон, тохиролцоо нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан тул уг зээлийн хүү, алдангийг мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэж, үүргийг гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр тооцож 12 770 000 төгрөгөөр шүүх тодорхойлж тооцож сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА