| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2020/0089/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/94 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/94
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Э-н Ч-т холбогдох эрүүгийн 2017000000099 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 25-нд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймаг, Д сумын 3 дугаар баг, Бичигт гэх газар оршин суух албан ёсны хаягтай, одоо Г аймаг, Ш сумын дугаар баг, Хн дух гэх газар түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ө овогт Э-н Ч /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Ч нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 22 дугаар зөрлөгийн орчим 2020 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хоолойг нь боох, чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Э.Ч нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 22 дугаар зөрлөгийн орчим 2020 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр буюу хохирогч Г.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хоолойг нь боох, чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Э.Ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай бага дүү О шинэ гэрийн найр хийгээд манай эхнэр Б бид хоёр өдөр 12 цагийн орчим очсон. Тэгээд найранд сууж байгаад маргааш өглөө нь хүүхдүүд хичээлтэй гээд оройдоо буцах байсан болохоор би 16 цагийн орчим унтаад өгсөн. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад сэрээд хоол цай идэж уучихаад Шивээговь сум руу явсан. Тэгээд замдаа буцаж явсан чинь манай эхнэр чи урьдах эхнэрийнхээ хүүхдэд надад хэлэлгүйгээр юм өгөөд байна, миний хүүхдүүдийг хайхрахгүй байна гэх зэргээр над руу уурлаад байсан юм. Хуримнаас 2-3 хоногийн өмнө манай гэрийн урд найранд суусан залуучуудад ачааны машин үлдээснээс болж бид хоёр маргалдсан юм. Тэгээд замд явж байхад тэрийг яриад уурлаад бид хоёр замдаа маргалдсан. Би өдөр эрт унтсан учраас миний архи гарчихсан би Б-г хэрэндээ аргадаад яваад байсан юм. Тэгээд Шивээговь сум руу салаад явж байсан чинь бүр үгэнд орохгүй уурлаад байхаар нь чи дуугай явж чадахгүй бол буугаад үлд гээд машинаасаа чирээд буулгасан. Тэгсэн чинь намайг цохих гээд дайраад байхаар нь би хоолойг нь боогоод нүүр лүү нь нэг удаа цохичихсон юм. Тэгээд машиндаа ороод суучихсан. Тэгээд Б агсарч байгаад гайгүй болоод бид хоёр хөдөө унтчихаад өглөө Шивээговь суманд ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу манай нөхрийн бага дүү О-н хуриманд явсан юм. Тэгээд хуриманд очоод сууж байгаад манай нөхөр өдөр 16 цагийн орчим унтаад өгсөн. Маргааш өглөө нь хүүхдүүд хичээлтэй байсан учир манай нөхөр шөнө 00 цаг өнгөрч байхад босоод бид хоёр Шивээговь сум руу явсан. Би хуриманд явахаас 2 хоногийн өмнө манай урд голд хэдэн залуучууд машинтай суучихлаа татаад өг гэхээр нь ачааныхаа машинтай очоод чирэх гэсэн чи би чадахгүй байсан юм. Тэгтэл манай нөхөр Ч төвөөс ирж байхаар нь хараад машинаа үлдээчихээд очоод татаад өг гэсэн чинь манай нөхөр намайг баахан залуучууд хараад алцганалаа гээд байхаар нь би буцаж очоод машинаа авчихсан юм. Тэгээд хуримнаас буцаж явсан чинь манай нөхөр тэрийг яриад хэрүүл хийгээд байхаар нь би чи өмнөх эхнэрийнхээ хүүхдүүдэд байгаа бүх зүйлээ өгчих юм, би энэ гэр орныг чинь босгох гэж хамаг байдгаараа зүтгэж байхад чи юу ч хийхгүй байж хүний олсон юм хүүхдэдээ өгөөд байх юм гээд уурласан. Тэгсэн чинь 22 дугаар зөрлөгийн орчимд зогсоод намайг машинаас татаж буулгаад хоолой боогоод нүүр лүү 1 удаа цохиод тэр хавиар намайг баахан чирж явсан. Тэгээд би сүүлдээ машинд ороод суучихсан юм. Тэгээд бид хоёр замдаа унтаад өглөө нь сэрж Шивээговь суманд ирсэн. Шөнө гэр лүүгээ явъя гэсэн чинь Ч машины түлхүүр авч далд хийчихээд байсан.
...Би гомдолтой байна, нэг гэрт 13 жил амьдарчихаад намайг зодсон нь гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөр бид хоёр учраа олж хоорондоо эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
1.4. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаартай дүгнэлтэд:
- Г.Б-гийн биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд, цээжинд зүүн 2, 3-р хавирганы орчимд цус хуралт гэмтлүүд учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/,
1.5. Хохирогч Г.Б-ийн Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Ч-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Ч нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Э.Ч нь хохирогч Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Э.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/,
2.2. Шүүгдэгч Э.Ч-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Э.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Э.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Э-н Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ