Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил 6 дугаар хороолол, 16 дугаар байр 26 тоотод оршин суух, …регистртэй, Сартуул овогт С.Б-н ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 С.Б миний бие 1980 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Авто баазад жолоочоор орж ажиллаж байгаад 1995 онд бааз татан буугдсан учир хувийн байгууллагад ажиллаж байгаа билээ. Миний бие 2015 онд өндөр настны тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үеийн авто баазын нягтлан н.Гэрэлмаа нь 1992 оны бензин сэлбэгийн өртэй байна гээд миний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг барьцаалан өгөхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Уг байдлаас болж миний бие тэтгэвэрт гарч чадахгүй 2 жил өнгөрч, тэтгэврээ авч чадахгүй хохирч байна. Тус авто бааз нь 1995 онд татан буугдсан тул хөдөлмөрийн дэвтэр халагдсан тушаалыг баталгаажуулж чадаагүй. Иймд тус авто баазад 1980 оноос 1995 оны хооронд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Б нь Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Авто баазад 1980 оноос 1995 он хүртэл жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн С.Бын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 С.Б нь Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Авто баазад 1980 оноос 1995 он хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь түүний 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Атарчдын алдар” медалиар шагнуулсан үнэмлэх /хх-5/, хамт ажиллаж байсан Д.Буянхишиг, Д.Мөнхбаатар нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, тэдгээрийг нотлох бичмэл баримтууд /хх 10-11/, гэрчээр асуугдсан тэмдэглэлүүд /хх 13-14/, С.Бын 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний батлах зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.Б дээрх албан тушаалд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, …регистртэй, Сартуул овогт С.Б-ыг Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Авто баазад 1980 оноос 1995 он хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.САРАНТУЯА