Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

Улсын яллагч Ш.Батсүх,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Л-н Б-д холбогдох эрүүгийн 2017001470101 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 25-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Церкон геологи” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, Б-н тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14/а дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5 508 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Сум дундын 6 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 96 дугаартай захирамжаар урд шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 508 000 төгрөгөөр торгох ялын үлдэгдэл болох 4 968 700 төгрөгийн торгох ялаас /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт зааснаар чөлөөлөгдөж байсан гэх Б овогт Л-н Б, /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ханангийн эгнээний баруун үзүүрээс ертөнцийн зүгээр урд чиглэлд байх хатуу хучилттай засмал зам дээр 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн 69-10 УБП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг, мөн дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тус зам дээр цэвэрлэгээ хийж байсан “Тохижилт сүмбэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-т талбайн үйлчлэгч ажилтай Ш.Т-ийг тээврийн хэрэгслээрээ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ханангийн эгнээний баруун үзүүрээс ертөнцийн зүгээр урд чиглэлд байх хатуу хучилттай засмал зам дээр 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн Тоёото приус 20 маркийн 69-10 УБП дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг, мөн дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тус зам дээр цэвэрлэгээ хийж байсан “Тохижилт сүмбэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-т талбайн үйлчлэгч ажилтай Ш.Т-ийг тээврийн хэрэгслээрээ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Л.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би Дундговь аймгийн Баянжаргалан сумаас баруун 30 орчим км газарт байдаг Церког геологи ХХК-ны жоншны уурхайд тогоочоор ажилладаг бөгөөд ажлаасаа 1 өдрийн чөлөө аваад 2020 оны 09 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймагт ирсэн. Ирснийхээ орой найз Даваадэлгэртэй хамт тэдний гэрт архи ууж байгаад шөнө 00 цагийн үед гэртээ харьсан. Би найзтайгаа хоёулахнаа 0.5 литрийн Аураг нэртэй архи 2-г уусан. Тэгээд өглөө нь босоод гэрт ундааны савтай айраг байхаар нь түүнээс нэг балгачихаад гарсан. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн үед Сүмбэр сум 2 дугаар баг, Ханангийн эгнээний урд талд шинээр баригдаж байгаа сургуулийн зүүн талд засмал замаар хойш чиглэлтэй давхиж байхад зам дээр хот тохижилтын 2 хүн хог шүүрдээд зогсож байгаа харагдсан. Нэг нь замын эсрэг урсгалд зорчих хэсэг дээр нөгөөдөх нь миний явж байсан урсгалд замын хажууд зогсож байсан. Тэр үед миний гар утсанд дуудлага ирсэн бөгөөд гар утсаа үзчихээд дуудлагаа авалгүй эргээд зам руугаа харахад засмал замын зүүн гар талд зогсож байсан эгч зам дээр зогсож байсан. Түүнийг хараад би тоормоз гишгэсэн боловч амжилгүй шууд очоод мөргөсөн. Эсрэг урсгал руу дарах гэхээр бас нэг хот тохижуулахын ажилтан зогсож байсан. Тухайн үед би ганцаараа явж байсан бөгөөд тухайн хүнийг мөргөчихөөд машинаа зогсоогоод 103 залгаж эмнэлэг дуудсан. Тэр хүн машинд мөргүүлээд миний машины хамар дээр гараад машин зогсоход доошоо гулсаад уначихсан. 50 гаран насны эмэгтэй хүн байсан бөгөөд түргэний машин ирээд эмнэлэг рүү авч явсан. Намайг очиход ёолоод гар өвдөөд байна гэж хэлж байсан. Тухайн үед би ойролцоогоор 30 орчим км цагийн хурдтай явж байсан бөгөөд урд орой нь архи уусан, өглөө гэрээс гарахдаа айраг уучихсан байсан. Өглөө машинаа унаад ажил руугаа Дундговь аймгийн Баянжаргалан сум руу гарах гэж байсан юм. Ослын дараа цагдаа дээр ирээд драйгер үлээхэд 1.97 хувийн согтолттой гэж гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

1.3. Хохирогч Ш.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2010 оноос хойш одоог хүртэл Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-т зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байна. 2017 оноос өмнө бол худаг дээр усан санчаар ажиллаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 6 цагт босоод Сүмбэр сумын 2 дугаар баг, ханангийн эгнээний урд талын баригдаж байгаа сургуулийн хажууд зүүн талын уулзварыг шүүрдэж цэвэрлэчихээд 8 цаг болж байхад ажилдаа очиж цагаа бүртгүүлээд аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад буцаад Ханангийн эгнээний урд талын замыг цэвэрлэхээр цэнхэр өнгийн том хогийн саваа аваад ажилдаа гарсан. Ханангийн эгнээний баруун талын харалдаа урагш явсан засмал зам буюу баригдаж байгаа сургуулийн зүүн талын уулзвараас хойш цэвэрлээд явж байтал 10 цаг 40 минутын үед намайг 6910 УБП улсын дугаартай Приус 20 маркийн машин зам дээр цэвэрлэгээ хийж байхад баруун хажуу талаас их хүчтэй мөргөсөн. Мөргүүлээд хамар дээр нь тогтоод зогсох үед буцаад зам дээрээ өнхөрч унасан. Тухайн үед би баригдаж байгаа сургуулийн зүүн харалдаа хэсэгт засмал замын зорчих хэсгийн голын хэсгийн шороог шүүрдээд явж байхад урдаасаа ирж байсан машин ирээд мөргөсөн. Тухайн машиныг ирэхийг нь би хараагүй. Доошоо тонгойгоод хогоо шүүрдээд зогсож байхад мөргөсөн. Мөргүүлэх үед миний хойд хэсгийн замыг цэвэрлэж байсан хамт ажилладаг А над дээр гүйж ирсэн. Машины жолооч эмэгтэй хүн байсан. Тэгээд эмнэлэг дуудаад түргэний машин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Миний баруун гарын шуу хугарсан, нурууны сэртэн хугарсан. Зүүн хөлийн өвдөгний доод хэсгийн савхан яс цууралттай гэсэн оноштой байгаа. Өнөөдөр эмнэлгээс гарч байна. Түүнээс хойш байнга эмнэлгээр явсан. Одоо өөрөө явж чадахгүй байна. Хүнээр түшүүлээд л явж байна. 1, 2 сар хэвтрийн дэглэм сахь гэж хэлсэн. Баруун өвдөгний нүдээр хатгаж өвдөөд байна. Эмчилгээ шинжилгээний мөнгийг жолооч эмэгтэй гаргаж өгч байгаа. Тэр хүн ойролцоогоор надад сая төгрөг төлчихөөд байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогоор нэхэмжлэх зүйл тодорхойгүй байна. Энэнээс өмнө гарсан зардлыг жолооч эмэгтэй төлж барагдуулсан. Одоогоор бол гомдолтой байна. Бүхэл бүтэн 8 ам бүл тэжээдэг хүн байгаа юм. Ажлаа хийж байгаад ийм байдалд хүрсэн бөгөөд жолоочид гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

...Намайг мөргөсөн жолооч Л.Б анх намайг Улаанбаатар хот руу явахад хамт явсан бөгөөд КТГ болон бусад эмчилгээнд 460 000 төгрөгийг тэр гаргаж төлсөн. Мөн нааш явах унааны зардлыг гаргасан. Өөрөө машин хөлсөлж намайг авч явсан. Үзүүлсний дараа хөлийн чив, нурууны бүс, гарын сойлт, эм тариа зэргийг мөн тэр л худалдаж авч өгсөн. Анхны удаа явахад 850 000 орчим төгрөг болсон гэж хэлж байсан. Би бол хамт явсан болохоор мөнгөө өөрөөр нь төлүүлээд яваад байсан. Тэрний талаарх баримт нь бол байхгүй. Өөрт нь байгаа байх. Үүнээс хойш гэрээр хэвтэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд Б надад 350 000 төгрөгийг эмчилгээнд хэрэглээрэй гэж өгсөн боловч цалингийн зээлээ  төлөөгүй байсан учраас банк татаад авчихсан. Мөн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөн эмчилгээндээ хэрэглээрэй гэж 500 000 төгрөгийг надад өгсөн. Жолооч Л.Б нь миний эмчилгээ эм тарианы мөнгийг цаг тухай бүрт нь өгч хохирлыг барагдуулж байсан. Одоо баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Бүгдийг нь төлсөн гэж хэлж болно. Миний хувьд ажилгүй 2 сар гарны хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд банкны зээл төлөх болон ар гэрээ тэжээх асуудал хүндрэлтэй болсон гэдгийг хэлмээр байна. Санал хүсэлт гээд байх зүйл байхгүй. Зүгээр ажлаа хийж байхад мөргөсөнд нь гомдолтой байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

...Миний хувьд ослын улмаас гарсан бодит хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэг ёсондоо хохиролгүй болсон гэж хэлж болно. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Адилхан амьдрах гэж байгаа хүмүүс учраас хэн хэндээ гомдоод яахав дээ. Одоо гомдолгүй болсон. Тэр хүн чадлаараа л миний төлөө эмчилгээний мөнгө төгрөг олох гэж явсан гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

1.4. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагт ажилдаа гараад Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээний урд талын засмал зам цэвэрлээд шүүрдээд явж байтал гэнэт ард түс хийх чимээ гарсан. Тэгэхээр нь эргээд хартал хамт ажилладаг Ханангийн баруун уулзвараас урагш замыг цэвэрлэдэг Т машинд мөргүүлээд газарт хэвтэж байсан. Тэр үед 10 цаг өнгөрөөд 11 цаг болох гэж байсан. Тэгэхээр би гүйгээд очиход 6910 УБП улсын дугаартай Приус 20 маркийн машин мөргөчихсөн байсан. Намайг очиход Т ёолоод байсан. Би босгож эмнэлэг дуудаад удалгүй түргэний машин ирээд эмнэлэг рүү авч явсан. Түүнийг замын яг гол хэсэгт мөргөсөн байх, намайг очиход засмал замын гол хэсэгт хэвтэж байсан. Мөргөсөн машины жолооч нь эмэгтэй хүн байсан. Жолооч эмэгтэй ганцаараа явсан байхаа өөр хүн байсан үгүйг анзаараагүй. Тийн хогийн сав, шүүр, хүрз болон багажийг нь хумиад гэрт нь хүргэж өгсөн. Намайг багажийг хумьж байхад цагдаагийн бүрэлдэхүүн ирээгүй байсан. Яг мөргүүлэхийг нь бол хараагүй. Түг хийх чимээ гарахаар нь харахад Т машинд мөргүүлчихсэн байсан. Замаар урдаасаа хойд чиглэлд явж байсан машин түүнийг мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Л.Б бид хоёр найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Манай найз Баянжаргалан суманд жоншин дээр тогоочийн ажил хийдэг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны орой ажлаасаа чөлөө авч ирлээ гээд 21 цаг өнгөрч байхад манайд орж ирсэн бөгөөд би найзыгаа ирлээ гээд хоол унд хийж өгсөн. Мөн гэртээ байсан 1 шил Аураг нэртэй архи задалж бид 2 хувааж уусан. Тэр мөн цүнхэндээ нэг шил Аураг архитай ирсэн. Түүнийг бид 2 бас хувааж уусан. Архиа уучихаад 00 цагийн үед гэртээ харилаа гээд явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй, өчигдөр сонсоход машинтайгаа явж байгаа хүн мөргөчихсөн гэж сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Уг тээврийн хэрэгслийг эхнэр Б-н хамт 2 жилийн өмнө Да хүрээ гэх газраас 8 600 000 төгрөгөөр бодож урьдчилгаанд 4 500 000 төгрөг бэлнээр өгч үлдэгдлийг нь “Андууд финанс” ББСБ-аар зээлээр авч байсан. Гэрээ хийхэд миний гэрийн хаяг хөдөө орон нутгийн хаягтай байсан болохоор эхнэрийн нэр дээр гэрээ хийж байсан. Уг тээврийн хэрэгслийн банк бус санхүүгийн байгууллагад байсан зээл нь дуусахаас өмнө эхнэрийн төрсөн ах Б-н эхнэр Б гэх хүнд зарсан. Б гэх хүн нь Чойрт эхнэрийн ахтай хамт амьдардаг, яг гэрийг нь сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

 

1.7. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Уг тээврийн хэрэгслийг нөхөр Э-н хамт 2 жилийн өмнө Да хүрээ гэх газраас 8 600 000 төгрөгөөр бодож урьдчилгаанд 4 500 000 төгрөг бэлнээр өгч үлдэгдлийг нь “Андууд финанс” ББСБ-аар зээлээр авч байсан. Уг тээврийн хэрэгслийн банк бус санхүүгийн байгууллагад байсан зээл нь дуусахаас өмнө өөрийн төрсөн ах Б-н эхнэр Б гэх хүнд зарсан. Б гэх хүн нь Чойрт ахын хамт амьдардаг, яг гэрийн хаягийг нь сайн хэлж мэдэхгүй байна.

          ...Анх авахдаа л урьдчилгаа өгөөд үлдэгдлийг нь зээлээр авсан. Зээлийн гэрээ дуусахаас өмнө Чойрт байх төрсөн ахын эхнэрт зарсан. Андууд финанс гэх ББСБ-аар авч байсан. Зээл дуусаад нэр дээрээ шилжүүлж чадалгүй зарсан. Хөдөөнөөс орж ирж чадахгүй болохоор нэр дээрээ шилжүүлж авалгүй яваад байгаа. Ахын эхнэр Б гэх хүний нэр дээр шууд шилжүүлэн өгөх санаатай байгаа.

          ...Тиймээ. Э гэж манай нөхөр байгаа юм. Бид хоёр хамт байдаг болохоор энэ машиныг хэнд хэдэн төгрөгөөр зарсан болон хаана байгаа талаар нэг адил зүйл мэдэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

1.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаартай дүгнэлтэд:

1. Л.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

1.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 274 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Т-ийн биед бүх биеийн доргилт, тархи доргилт, баруун шууны зөрөөтэй хугарал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна хэсэгт зулгаралт, баруун, зүүн гуя, өвдөг, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдээс баруун шуу ясны зөрөөтэй хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, тархи доргилт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

1.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 274 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Т-ийн биед бүсэлхийн L2, L3, L4-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн зөрөөтэй, баруун шууны зөрөөтэй хугарал, бүх биеийн доргилт, тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна хэсэгт зулгаралт, баруун, зүүн, гуя өвдөг, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдээс бүсэлхийн L2, L3, L4-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун шуу ясны зөрөөтэй хугарал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлсэн ч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, тархи доргилт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

1.11. Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 513 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

1.12. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагааны дүгнэлт хэсэгт:

1. Явган зорчигч Ш.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Жолооч Л.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/ 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Жолооч Л.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/ 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Дашдондог гэжээ. /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

1.13. Хохирлын тооцоо /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

1.14. Хохирогч Г.Т-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 112-131 дүгээр хуудас/,

 

1.15. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

1.16. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг болно.

                             

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.Б-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гарсан  байна гэж шүүхээс дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч Л.Б-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Бид хоёр найзлаад 9 жид болж байна. 2011 оноос хойш одоог хүртэл найзалж байна. Хувийн зан байдлын хувьд дөлгөөхөн зантай, уур уцааргүй, хүнд их тусархуу, хүн чанартай хүн дээ... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

2.2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Л.Б бид хоёр найзалж нөхөрлөөд 10 гаран жил болж байна. Тэр хүнд их тусар хуу, дөлгөөн зантай, уур уцааргүй сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Элдэв янзын муу зуршилгүй. Амьдрал ахуйн хувьд өрх толгойлсон эмэгтэй. 2 охины хамт амьдардаг. Өөрөө Дундговь аймгийн Баянжаргалан суманд хөдөө уурхайд тогоочоор ажилладаг... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

2.3. Шүүгдэгч Л.Б-ын прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

2.4. Шүүгдэгч Л.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/,

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-86 дугаар хуудас/,

 

2.6. Говьсүмбэр аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 87-91 дүгээр хуудас/,

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14/а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-94 дүгээр хуудас/,

 

2.8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

2.9. Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 96 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгалаа.

 

Шүүгдэгч Л.Б-ын хураагдан ирсэн В ангиллын 956901 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэх нь зүйтэй байна.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-н Б-ыг согтуурсан үедээ  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л-ийн Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Л.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

8. Шүүгдэгч Л.Б-ын хураагдан ирсэн В ангиллын 956901 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ