Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/98

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Ү.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                      

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И овогт Ү-н Н-д холбогдох эрүүгийн 2017001890104 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 30-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Д аймгийн Б сум  дугаар баг, А дугаар гудамж  тоотод оршин суух албан ёсны хаягтай, Г аймгийн С сум, -р баг, Б нарын байрны  тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И овогт Ү-н Н /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ү.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 403 тоотод байх гэртээ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Д.Б-эй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараараа цохих, өрөөнд байсан авдар луу түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ү.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 403 тоотод байх гэртээ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч буюу хохирогч Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараараа цохих, өрөөнд байсан авдар луу түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ү.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 12-ний өдөр гэрээсээ гараад ажилдаа явсан.  Өдөр цайны цагаар ирэхэд манай хүн хоол цайгаа хийгээд байж байсан. Тэгээд үдээс хойш намайг ажилд хүргэж өгчихөөд явахдаа хүнтэй нэг юм ууна гэсэн. Тэгэхээр нь гэртээ уугаарай гэж хэлсэн. Тэгээд орой ажлаасаа ирсэн чинь гэрт гал түлээгүй, хоол унд хийгээгүй байсан. Н рүү залгасан чинь хөдөө явж байна гэхээр нь ямар учиртай хөдөө явж байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй гэж хэлээд утсаа тасалсан. Эргүүлээд залгасан утсаа авахгүй байсан. Хоол ундаа хийх гэж байгаад О рүү залгаад чи Н рүү залгалаа ирэхгүй байна гэсэн чинь хэдүүлээ жаахан шуугилдах уу гээд О ирсэн. О ирээд Н рүү залгуулаад ярьсан. Тэгсэн би дэлгэрэх дэлгүүрийн хажууд явж байна гэж хэлсэн. О яагаад гэр орондоо ирдэггүй юм бэ? гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь дахиад О-ээр залгуулсан чинь одоо хөдөөнөөс орж байна удахгүй гэртээ очлоо гэж хэлээд ирэхгүй удахаар нь би залгаад ирж байгаа юм уу гэхэд одоо очлоо гэж хэлээд 10 минутын дараа гаднаас орж ирэхдээ ууртай орж ирээд та 2 ингэж сууж байдаг гэж хэлээд толины урдаас нэг юм аваад арын харанхуй өрөө лүү орсон. Би араас нь орсон чинь хувцсаа хайрцганд хийж байсан учраас би чи явах гэж байгаа бол явдаа гэж хэлээд гарах гээд эргэсэн чинь миний араас дал руу цохисон аймар өвдсөн. Тэгээд гараас бариад намайг авдар луу түлхсэн.  Их өвдөж байсан учраас өрөөнөөсөө мөлхөж гарч ирээд орон дээр байсан утсаараа түргэн дуудах санаатай авсан чинь миний утсыг булааж авсан. Тэгснээ Н та нарыг түргэн дуудах юм бол ална шүү гэж хэлэхэд нөгөө 2 дуулаагүй О утсаар ярьж байсан. Ц нь согтуу байсан. Би гарч гүйгээд дүүгийндээ ороод түргэн дуудаарай гэж хэлээд түргэн дуудуулсан. Түргэн ирээд шууд эмнэлэг авч яваад аппаратад оруулсан. Тэгээд эмч нараа дуудаад онош тодруулсан гэв.

 

1.3. Шүүгдэгч Ү.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал манай гэрийн хашааны гадна 15 цагийн орчим Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын гэх залуу тааралдаад намайг хөдөө яваад мал авчираад өгөөч би танд мөнгийг нь өгье гэж гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийнхөө эзэмшлийн 29-71 ДУЭ улсын дугаартай Honda CRV маркийн тээврийн хэрэгсэлтэй төмөр замаас баруун урагш явсан юм. Гэрийн гаднаас машинтайгаа дөнгөж хөдлөөд төмөр замын вокзалын хажууд нэг нутгийн залуу болох Ц-тай тааралдаад би түүнд хандан хөдөө хамт яваад ирье гэж хэлэхэд Ц зөвшөөрөөд миний машинд суугаад явцгаасан юм. Тэгээд нөгөө залуугийн мал дээр очоод хонь, ямаа барьж аваад миний машинд ачаад буцаад Чойрт 18-19 цагийн орчим ирсэн. Тэр үед гадаа харанхуй бүрий болж байсан бөгөөд нөгөө залуу миний машинд ачиж ирсэн малаа дэнжид буулгаад үлдсэн. Би тухайн гудамжных нь нэрийн сайн мэдэхгүй байна. Тэгээд 18-19 цагийн орчим Ц-ын хамт Сүмбэр сум 1 дүгээр баг, ТБ-403 тоотод байх гэртээ иртэл гэрт манай эхнэр Б, мөн манай эхнэр бид хоёртой нэг ангийн хүүхэд болох О нар голын өрөөнд сууж байсан. Тэд нар 0.75 литрийн савлагаатай Ерөөл нэртэй нэг шил архи уусан бололтой байсан бөгөөд нөгөө архи нь дундаасаа жаахан доошоо болсон байсан. Тухайн үед манай эхнэр Б, О нар халамцуухан байсан бөгөөд манай эхнэр Б надад хандан чи хувцсаа аваад тэр янхнуудтайгаа зайл гээл хөөгөөд байсан. Тэгэхээр нь би голын өрөөний цаад өрөө болох мухрын өрөөнд ортол миний хувцасыг тараагаад шидчихсэн байсан. Би өөрийн гэсэн хувцас хунараа хамж бөөгнүүлээд цаасан хайрцаг, цүнхэнд хийж байтал Б миний хойноос орж ирээд зайл гэх мэт зүйл хэлээд гартаа гар нүүрийн ногоон алаг алчуур барьсан байсан ба түүгээрээ миний толгойн ар хэсэг рүү 2-3 удаа ороолгосон. Тэгэхээр нь би чи одоо боль л доо гэж хэлээд түүний гартаа барьж байсан гар нүүрийн алчуураас бариад автал Б миний араас гар нүүрийн алчуураа шувт татаж аваад эргэхдээ мухрын өрөөнд байдаг жижиг шаргал өнгөтэй авдрыг зүүн талаараа түшээд суучихсан. Тэгснээ цагдаа дуудна гэж хэлээд гэрээс гараад явчихсан юм. Тэгэхээр нь би хувцасаа аваад түүний хойноос гарч ирээд машиндаа ортол манай эхнэр Б миний машинд байсан бичиг баримт, утас цэнэглэгч зэргийг аваад тухайн хашаанд байдаг Б-ийн төрөл У гэдэг айл руу орчихсон. Тэгээд би өөрийнхөө хувцасыг машиндаа хийчихээд Ц-ыг суулгаж яваад түүнийг вокзалын дэргэд буулгаж өгчихөөд шууд Дундговь аймгийн Баянжаргалан сум руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

 

1.4. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байгаад цайны цагаараа гэртээ ирээд Н-гийн хамт цайгаа уучихаад хамт яваад түрээслэх байр үзсэн. Тэгээд би ажил руугаа буулгуулсан. Тэгсэн Н нэг хүнтэй архи архи ууна гээд гэр лүүгээ явсан, хэнтэй архи уух гэж байгаа талаараа надад хэлээгүй. Тэгээд өдөр 15 цагийн үед Н над руу залгаад миний утас нэгжгүй байна, надад нэгж хэрэгтэй байна гэхээр нь нэгж зээлээд ав гэж хэлсэн. Тэгээд орой 17 цаг 30 минутын үед ажлаасаа гэртээ ирсэн чинь гэрт хүн байгаагүй. Гэртээ орсон чинь гэрт гал түлээгүй хоол унд хийгээгүй, архины шил хэвтэж байсан. Тэгээд би Н рүү залгасан чинь би хөдөө явж байна гээд утсаа салгасан. Цаана нь хүмүүс шуугилдаад байх шиг байсан. Тэгээд эргэж залгаад цаана нь юун хүмүүс шуугилдаад байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ, хэнтэй яаж явах чамд ямар хамаатай юм бэ гээд нилээн согтуу байдалтай надад хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш утас руу нь залгаад аваагүй. Тэгээд би хоолоо хийх гэж байгаад болиод гэртээ байж байсан чинь О гэж манай ангийн хүүхэд над руу залгаад юу хийж байна, Н байна уу гэхээр нь Н байхгүй байна хөдөө явсан, чи ирж хоол ид гэсэн. Тэгээд удалгүй О манайд хүрээд ирсэн. Ирээд Н-г асуухаар миний утсыг авахгүй байна, чи залгаад үз гэж хэлээд би бие засахаар гараад явсан. Тэгээд намайг гарсны дараа О Н рүү залгасан чинь утсаа аваад би Дэлгэрэх дэлгүүр дээр байна хүрээд ир гэж байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд намайг ороод ирэхэд О дэлгүүр явж 1 шил хараа нэртэй 0.75 граммын архи авчирсан байсан. Тэгэхээр нь би О-ад хандаад чи дахиж залгаад гэртээ ир гэж хэл гэсэн чинь О Н рүү залгаад танай гэрт байна, чи гэртээ хүрээд ир би нэг шил архи авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд Н рүү 10 орчим минутын дараа залгасан чинь одоо хөдөөнөөс орж ирж байна, ингэсгээд очно гэсэн. Тэгээд 30 минут болоод ирэхгүй байхаар нь дахиж залгаад чи хэнтэй яваад байгаа юм бэ гэсэн чинь Ц гэдэг хүнтэй явж байна одоо очлоо гээд нээх удахгүй Ц-ын хамт гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ Н нилээн ууртай та 2 ингэж байдаг юм уу гээд мухрын өрөөнд ороод хувцасаа хайрцаглаад эхлэхээр нь би араас нь ороод очсон. Тэгсэн чинь О та хоёр багахан намайг дарлаарай ингэж байдаг юм уу гэсэн. Тэгэхээр чи юу яриад байгаа юм ямар ч хамаагүй шүү хувцасаа аваад явах гэж байгаа юм бол явдаа гээд эргээд харсан чинь араас зүүн тал хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд араас зүүн гарын булчингын араас барьж аваад урагшаа түлхсэн. Тэр түлхэлтэнд урагшаагаа ойчсон. Ойчихдоо өрөөнд байсан улбар шар өнгийн авдаранд зүүн талын хавирга хэсгээ цохиж ойчсон. Тэгээд амьсгаа авч чадахгүй өрөөнөөсөө мөлхөж гараад орон дээр байсан утсаа авах гэсэн чинь Н булаагаад аваад явсан. Тэгээд би гэрт байсан хүмүүст хандаад түргэн дууд гээд гараараа дохиод хэлсэн чинь Н О-ыг занаад байх шиг байсан. Тэгээд босоод гэрээс гараад хажуу айл руу ороод түргэн дууд гээд түргэн дуудуулсан. Удалгүй түргэний тэрэг ирсэн, цагдаа бас ирсэн байсан. Тэгээд фургонд орж чадахгүй байсан учир цагдаагийн жижиг тэргээр эмнэлэг дээр ирсэн.

...Би гомдолтой байна, эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

...Би Н-д зодуулснаас болж миний зүүн талын 6 ширхэг хавирга хугарсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Улаанбаатар хот явж биеэ үзүүлж цээжний зураг авахуулсан. Би биеэ эдгээх гэж нэлээд их эм тариа авч хэрэглэсэн. Тухайн баримтуудыг нотлох баримт болгож өгч байна. Би одоо 365 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ талаарх баримтаа гаргаж өгч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Ү.Н, эхнэр Д.Б бид гурав Дундговь аймгийн Баянжаргалан суманд нэг ангид байсан. Өнөө орой 19 цагийн үед би ажлаасаа буугаад явж байтал Б над руу залгаад намайг хүрээд ир гэсэн. Тэгээд би таксидаад гэрт нь очсон. Намайг очиход Б гэртээ ганцаараа байсан. Манай нөхөр Н намайг залгахаар утсаа авахгүй байна, чи залгаадах гэхээр нь би өөрийнхөө дугаараас залгатал Н тэр дор утсаа авсан. Тэгэхээр нь би танайд байна, чи хаана байгаа юм бэ гэж асуухад Дэлгэрэх дэлгүүр дээр явж байна гэсэн. Тэгээд эхнэр нь өөрийнхөө дугаараар залгатал харин утсаа аваад одоо очлоо гээд түүнээс хойш 10 орчим минутын дараа Баянжаргалангийн С-н Ц-тай хамт орж ирсэн. Эхнэр нь нөхөр лүүгээ хөдөө явлаа гэж худлаа яриад алга болчихлоо гээд уурлаад хувцасыг чинь бэлдчихсэн, түүнийгээ аваад зайлаарай гэсэн. Тэгээд хамт урд өрөө рүү дөнгөж оронгуутаа л эхнэр нь ёоёо аллаа гээд 4 хөллөөд мөлхөөд гараад ирсэн. Тэгээд Б элгээ тэврээд гараад явсан. Тэгээд нөхөр Н нь цаасан хайрцагтай хувцаснуудаа аваад гараад явсан. Би тэр үед хүргэнтэйгээ утсаар ярьж байсан, сайн анзаараагүй. Тэгээд араас нь гартал бүгд алга болсон байсан. Б нэг хашаанд байгаа хамаатны дүүгийнх гээд айлд орсон байсан. Н Ц нар хаашаа юугаар явсныг нь би анзаарч хараагүй.

...Н Бийг зодсон эсэхийг би нүдээрээ хараагүй. Хамт урд өрөө рүү оронгуутаа л Б ёо ёо гээд мөлхөөд гарч ирсэн. Б энэ муу пиздаа намайг аллаа гээд гарч ирсэн. Араас нь юу ч болоогүй мэт л гарч ирсэн. Цаад өрөөнд юу болсныг мэдэхгүй. Эргүүлийн цагдаа нар очсоны дараа Б намайг Н түлхсэн. Тэгээд би унахдаа авдарны булан руу биеэрээ мөргөсөн гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан шиг санагдаж байна. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр 15-16 цагийн орчим төмөр замын баруун талаас вокзал дамжаад явган гарч ирээд явж байтал Н төмөр замын Дэлгэрэх дэлгүүрийн гадна талд өөрийнхөө хөх саарал өнгийн суудлын машинтай зогсож байхад нь тааралдсан. Тэгээд Н-гээс та намайг төв рүү хүргээд өгөх үү гэж гуйтал Н зөвшөөрөөд би машинд орж суутал зүс таних С /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг залуу бас нэг үл таних залуутай хамт хүрч ирээд Н ахаа энүүхэн энд айлаас мах ачиж ирэх гэсэн юм, та унаагаараа яваад өгөөч гэж гуйсан. Н ах С болон нөгөө залуутай ярилцаж байгаад үнэ мөнгөө тохироод хөдөө явах болсон. Тэгээд С гэх залуу ирээд мөнгийг нь өгнө гэж хэлээд Н ахаас мөнгө аваад Дэлгэрэх дэлгүүр орж 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй 1 шил архи боов, боорцог худалдаж аваад очих айлдаа өгнө гэж ярьж байсан. Би тухайн үед зүгээр дэмий байхаар Н ахтай хамт хөдөө явчихаад ирье гэж бодоод хамт хөдөө явсан юм. Тэгээд хөдөө явж байгаад очих ёстой айлдаа дөхөж байхад Н ахын машины дугуй хагарсан. Тэгээд тэр чигээрээ явсаар байгаад нөгөө айлд нь очоод нөгөө залуучууд гэрийн эзэнтэй ярьж байх үедээ авч ирсэн зүйлээ гаргаж ирж өгөөд 0.5 литрийн савлагаатай Хараа гэдэг нэртэй архийг Сансар болон түүнтэй хамт байсан залуу, гэрийн гэх залуу бид нар хувааж уусан. Н ах машин барьж яваа гээд архи уугаагүй. Тухайн айл нь Чойроос баруун хойд зүгт 20 орчим км байсан болохоор Н ах машиныхаа дугуйг хагархай чигээр явсаар байгаад Чойр орж ирсэн. Чойр орох замд явж байхад Нгийн эхнэр түүний гар утас руу залгаад байгаа бололтой байсан. Н ахын утас хэд хэдэн удаа дуугарсан бөгөөд Н ах утсаа аваад очиж явна, дөхөж явна, дугуй хагарчихаад явж болохгүй байна гэж ярьж байсан. Тэгээд Чойрт ирэх замдаа Н ах нэг машин дуудтал нөгөө машин нь хүрч ирээд С болон нөгөө залуу нарыг суулгаад явсан. Би Н ахтай хамт үлдээд машинтай нь Чойр орсон. Н ахын гэрт орой болж харанхуй болсон нар шингэсэн /хэдэн цагт эсэхийг санахгүй байна/ ирэхэд Н ахын гэрт түүний эхнэр Б гэх эмэгтэй архи уусан байдалтай байсан бөгөөд мөн гэрт нь манай Баянжаргалан сумын харьяат О гэх залуугийн хамт гаднаас орж ирэхэд эхний өрөөндөө сууж байсан. О-ын хажууд шилтэй архи тал дундуураа болсон байгаа харагдаж байсан. Ямар архи байсныг мэдэхгүй байна. Гэрт ороход Н ахын өөдөөс эхнэр гэх Б гэх эмэгтэй уурлаж загнаад яв зайл гэх утгатай зүйл яриад байсан. Эхнэр нь Н ахын хувцасыг сууж байсан өрөөндөө тараагаад хаячихсан байсан. Тэгээд Н ах эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн бөгөөд Н ах тухайн байсан өрөөний цаад талын мухрын өрөө рүү орж хувцас хунараа авлаа гээд орсон. Түүний араа эхнэр нь дагаад хэрүүл хийгээд орсон. Тэгээд Н ах эхнэртэйгээ мухрын өрөөндөө маргалдаад байгаа сонсогдож байсан. О бид хоёр наад өрөөнд нь сууж байсан бөгөөд тэр хоёрын юу хийж байгаа нь надад харагдахгүй байсан. Тэгтэл мухрын өрөөнд Н ахын эхнэр нь ёоёо пизда минь гэж хэлэх чимээ гараад ямар нэгэн зүйл хана налаад унаж байгаа мэт түчигнэх чимээ гарсан. Тэгэхээр нь би босоод Н ах эхнэртэйгээ байгаа өрөө рүү орох гээд явж байтал өөдөөс Н ахын эхнэр 4 хөллөөд мөлхчихсөн гарч ирсэн. Тэгээд босч ирээд Б гэрээс шууд гараад явсан. Араас нь Н ах хайрцагтай хувцасаа барьж гарч ирээд намайг явъя гэж хэлэхээр нь би түүнтэй гэрээс гарахад Б хашаандаа байдаг байшингийнхаа баруун талд байдаг гэртэй айлын хаалгыг нүдээд зогсож байсан. Тэгээд Н ах бид 2 машиндаа сууж хашаанаас гараад машиных нь дугуйг янзалчихаад Н ах намайг төмөр замын баруун талд үлдээсэн байсан мотоцикл дээр хүргэж өгчихөөд Баянжаргалан сум явлаа гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

1.7. Гэрч Б.Буянжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санагдаж байна. Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Тэр өдөр орой харанхуй болсон байсан. Яг хэдэн цаг болж байсныг би санахгүй байна. Манай хажуу талын байшинд амьдардаг авга эгч Б манай гэрт зүүн талынхаа хавирга дээр дараад амьсгалж болохгүй байна үхлээ гээд орилж хашгираад орж ирсэн. Манайх тухайн үед Б эгчийн хашаанд гэрт амьдардаг байсан бөгөөд тэр үед гэртээ 3 хүүхдийнхээ хамт байсан. Тэгээд Б эгч түргэн дуудаарай, үхлээ, Нараа намайг зодчихлоо гээд байхаар нь би эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд удаагүй байж байтал цагдаа болон эмнэлгийн хүмүүс хүрч ирээд Б эгчийг аваад явсан. Тухайн үед Н ах манай гэрт орж ирээгүй, үзэгдэх ч үгүй байсан. Тэр өдөр Н ахыг гэртээ байхгүй хөдөө яваад утас нь холбогдохгүй байна гээд миний гар утсаар Б эгч ахын гар утас руу 17-18 цагийн орчим залгаж үзээд байсан. Би Н ахыг хөдөөнөөс хэзээ ирсэн талаар ч мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтэд:

- Д.Бийн биед зүүн 4,5,6,7,8,9-р хавирганы зүүн хугарал, зүүн бугалга, зүүн далны доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүдээс хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн бугалга, зүүн далны доод хэсгийн цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

1.9. Хохирогч Д.Бийн “Люкс Центр” компьютер томографикийн оношилгоо /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

1.10. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Магадлуулагч Д.Бийн биед үүссэн зүүн талын 4,5,6,7,8,9-р хавирганы хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр хавирганы хугарлууд нь нийтдээ биеийн зүүн талаар  авдаран дээр дарж унах үед үүсгэгдэх боломжгүй. Харин ардаас болон хажуугаас өөр өөр хүч үйлчилсний үндсэн дээр дээрх олон хавирганы хугарал үүсэх боломжтой.

..Магадлуулагчийн зүүн далны орчим гараар нэг удаа хүчтэй цохих үед далны шугамаар 8-9-р хавирга хугарсан байх боломжтой.

...Цээжний зүүн хэсгийн хавирганы хугарлууд нь өөрийн биеийн жингээр авдар болон ирмэгтэй зүйл дээр унах үед үүсгэгдэхгүй. Харин гадны нөлөөллөөс болж хүчтэй түлхэгдсэний улмаас авдар болон ирмэгтэй зүйл дээр унахад үүсгэгдсэн байх боломжтой хугарлууд байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

 

1.11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

1.12. Хохирогч Д.Бийн өвчтөний түүх /хх-ийн 66-77 дугаар хуудас/,

 

1.13. Хохирогч Д.Бийн гаргасан хохирлын тооцоо /хх-ийн 79-81 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ү.Н-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ү.Н нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ү.Н, хохирогч Д.Б нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ү.Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ү.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Н нь өмнө нь нэг хүнтэй сууж байгаад салсан. Б-тэй суугаад 2 жил гаран л болж байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүлдээ дуугай ноомой хүн байдаг. Айлын ганц хүүхэд, хааяа нэг архи уудаг... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

2.2. Гэрч Б.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Н бол манай том хүү байгаа юм. Жаахан эрх дураараа өссөн, архи жаахан уудаг, гэхдээ агсам согтуу тавиад байдаг асуудал байхгүй. Зан чанарын хувьд тайван, уурлаад байдаггүй. Энэ хүүхэнтэй хамт амьдраад 2 жил болж байгаа байх. Хоёулаа нийлээд архи дарс уугаад байдаг юм шиг байгаа юм. Би нэг удаа та 2 нийлж архи уувал амьдрал цаашаа явах уу гэж хэлж байсан удаа байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

2.4. Хохирогч Д.Б-ийн прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

2.5. Шүүгдэгч Ү.Н-гийн прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ү.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

           Иймд шүүгдэгч Ү.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Ү.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Ү.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б-т 500 000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч  И овогт Ү-н Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ү.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Н-д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ү.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ү.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б-т 500 000 төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         

6. Хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАНДАХ