Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/97

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Бгийн Б, А овогт Дын Б нарт холбогдох 2017000000108 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, А овогт Бгийн Б /РД:ИД/, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Г аймгийн Бл сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Алаг адуун овогт Дын Б /РД:ИД/, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1976 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 6 дугаар баг, ... гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Б нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Малхын тал, Үет гэх газар /Б.Бын гэрт/ иргэн Д.Бтай маргалдан улмаар түүний уруулыг хазах, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр үргэлжилсэн үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Б.Б нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Малхын тал, Үет гэх газар /Б.Бын гэрт/ иргэн Б.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр үргэлжилсэн үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг,  Малхын тал гэх газарт Приус 20 маркийн автомашин дотор Д.Бгийн уруул дээр нь хазаж, улмаар маргалдан автомашинаас бууж харилцан зодолдсон, мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 цагийн орчимд тус багийн Үет гэх байрлах гэртээ Д.Бтай маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт, хамар, баруун шанаанд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг,  Малхын тал гэх газарт Б.Быг уруулаас хазсан гэх шалтгаанаар Приус 20 маркийн автомашинаас буулгаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж харилцан зодолдсон,  мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 цагийн орчимд тус багийн Үет гэх байрлах Д.Бгийн гэрт түүнтэй эвлэрэх зорилгоор очоод дахин маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хамрын таславчийн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хөмсөгний дээд хэсэг, хамрын үзүүрт зулгаралт, уруулын дотор хэсэгт  язрал, баруун, зүүн үүдэн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Өвөрхангайн айлын эхнэртэй төв яваад ирэхэд Б, Б нар ирсэн байсан. Тэгээд тэр хоёр архи авчирсан уу гэхээр нь би архи аваагүй гэж хэлэхэд айлын хүн нэг шил архи задлахад Б намайг архи уусангүй хэзээ ийм байсан юм гэж хэлэхээр нь би архинаас уусан. Архиа ууж байхдаа та нар Өвөрхангайн айл буулгасан байна, Бадгийнхаа худгийг цоолж усал гэсэн. Архиа ууж дуусаад Б, Б хоёр урд айлд очъё гээд бид гурвыг очиход айлын гаргаж өгсөн 2 шил архи уугаад яаж явснаа мэдэхгүй байгаа. Б ах намайг гэртээ зодуулсан байдалтай ирсэн гэж хэлсэн. Намайг нүүр гараа угаагаад унт гэхэд би ухаангүй байсан учраас газраар унтсан. Б, Б хоёр намайг зодоод гэрт хүргэж өгсөн байсан. Тэгээд дахиж шөнө ирээд намайг зодсонд гомдолтой байгаа. Бид нар нэг нутгийн, нэг овгийн хүмүүс. Бг хэрхэн яаж зодсон болон хазсанаа мэдэхгүй байгаа. Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Бын гэрт очиход гэртээ байхгүй болохоор нь наад талынх нь айлд ороход Б төв яваад ирж байсан. Тухайн айлын хүн нь нэг шил архи гаргасныг бид нар хувааж уусан. Тэгээд урд талын айлд очоод хоёр шил архи уугаад буцаад машинтай явж байтал Б миний уруулыг хазаад бид хоёр машинаас буугаад зодолдсон. Тэгээд Б бид хоёр гэрт нь хүргэж өгсөн. Б гэдэг хүн гэрт нь байсан учраас аваарай гэж хэлээд буулгаад орхисон. Тэгээд шөнө нэг пиво аваад Баас уучлалт гуйхаар очоод дахин зодолдоод гэртээ очоод унтсан. Б бид хоёр нэг дор өссөн нэг нутгийн хүмүүс. Би Өвөрхангай айл буулгасан гэж хэрүүл хийгээгүй. Харин ус хүрэхгүй байх Бадгийн худгийг онгойлгох юм болно гэж хэлсэн. Би Быг 2-3 удаа нүүр хэсэгт цохисон. Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.3. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хоёр нүд хөхөрсөн, хамар хугарсан байсан хот явж үзүүл гэсэн байгаа. Одоо хамар хугаралтай, тархи толгой жаахан өвддөг. Гэхдээ гомдол саналгүй гэв.

 

1.4. Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний уруул сэтэрсэн, зүүн нүд хөхөрсөн байсан. Тэрнээс их хүнд гэмтэл аваагүй учир ямар нэгэн гомдол саналгүй гэв.

 

1.5. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд Быг ав гэж хаалгаар хашхирахаар нь би гадаа гарахад Приус-20 маркийн автомашинтай хүмүүс яваад өгсөн. Быг гэртээ оруулж ирэхэд нүүр ам нь хавдчихсан цус болсон байсан. Би гэртээ орж унт, нүүрээ усаар угаа гэхэд Б суугаагаараа унтаад өгсөн. Хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна. Машинтай хүн ирээд гэрлээ асаа гэж хэлэхээр нь би асаагуурын гэрэл асаахад над руу гэрэл асаадаг хэн бэ гээд шар залуу нь хэлсэн. Ногоон дээлтэй Баяртогтох байсан санагдаж байна. Тэр хоёр залуу Быг унтаж байхад зодохоор дайрахаар нь би хувцсаа өмсөөд тэр хоёрыг хорьсон. Тэгтэл Б өндөр хар залуутай зодолдсон. Би ногоон дээлтэй шар залууг нь хориод наад хүнээ аваад яв яаж байгаа юм гэж хэлсэн. Тэр хоёр залуу над руу огт дайраагүй. Шар залуу нь удалгүй гараад явсан. Өндөр залуу нь Бтай юм ярьж байгаад гараад явсан. Б нэлээн согтуу байсан. Нөгөө хоёр залуу нь согтолт гайгүй байх шиг байсан. Быг өндөр залуу нь нүүр лүү нь өшиглөсөн. Ямар шалтгааны улмаас зодолдсоныг мэдэхгүй байна. Б хаана ямар хүмүүстэй архи уусныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/

 

1.6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Бтай хамт Бадагын баруун талын айлд очтол Бадага ирж таарсан. Тэгээд тэр айлд 1 шил архи уусан. Б Б бид гурав урд талын Өвөрхангайн айлд очоод 2 шил архи уусан. Тэр айлаас Б Баяртогтохын Приус маркийн автомашиныг жолоодоод хажууд нь Б сууж, би ард нь сууж явсан. Тэгтэл Б Б нар хоорондоо отрын айл, адуу мал их орж ирж байна гээд ярьж байснаа гэнэт Б Бгийн уруулыг нь хазсан. Б машинаа зогсоогоод Бтай буугаад зодолдохоор нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд Быг гэрт нь буулгаж өгөөд би гэртээ үлдээд Б явсан. Бын нүүр хэсэг бага зэрэг хавдсан шалбарсан байдалтай байсан. Харин Бгийн уруулаас цус гараад байсан. Тэр хоёрын согтолт гайгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/

 

1.7. Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг Малхын баруун хойно 11 дүгээр сарын 09-ний өдөр нүүж ирээд гэрээ бариад дуустал танихгүй 3 залуу хар өнгийн Приус маркийн автомашинтай ирээд 2 шил архи уусан. Манай гэрт байхдаа маргалдсан муудсан зүйл байхгүй. Юм ярьж байгаад 21 цагийн орчимд явсан. Согтолт нь гайгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

 

1.8. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагт Б бид хоёр Чойр ороод 20 цагийн орчимд буцаад хөдөө гэрт очиход өндөр залуу, намхандуу бараан куртиктэй хоёр залуу хар өнгийн Приус маркийн автомашинтай ирээд Б ахаас архи байна уу гэж хэлсэн. Б ах юм аваагүй байхгүй гэж хэлсэн. Би гэрт байсан 0,5 граммын Хараа нэртэй архийг тэр гуравт гаргаж өгсөн. Б болон нөгөө хоёр залуу миний гаргаж өгсөн архийг уугаад отрын айл орно гээд гараад явсан. Манайд муудсан зүйл байхгүй. Согтолт гайгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

1.9. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой манайд Б, Б хоёр Бтай зодолдсон гээд ирсэн. Б нь Б миний уруулыг хазчихсан гээд цус гарсан байдалтай байсан. Тэгээд Б манай гэрт үлдээд Б бид хоёр миний Приус маркийн автомашинтай Б дээр очсон. Би Бад чи яагаад Бгийн ам хамрыг хазчихдаг юм бэ гэхэд Б хашхираад босож ирээд Б Б хоёр харилцан зодолдож байгаад салсан. Тэгээд Б бид хоёр Бгийн гэрт очиж хоносон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

 

1.10. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 356 дугаар дүгнэлтэнд: Б.Бын биед хамрын таславчийн хугарал, баруун, зүүн нүдний дэд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хөмсөгний дээд хэсэг, хамрын үзүүрт зулгаралт, уруулын дотор хэсэгт  язрал, баруун, зүүн үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 50-51 хуудас/

 

1.11. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дугаар дүгнэлтэнд: Д.Бгийн биед дээд уруулд шарх, зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт, хамар, баруун шанаанд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 55-56 хуудас/

 

1.12. Б.Бын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /х.х-ийн 83-85 хуудас/ зэрэг болно.   

 

Шүүхээс шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

       

Шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

        Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.2. Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.3. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал маллаж байгаа. Зан байдлын хувьд даруу дөлгөөн зантай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

 

2.4. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь сэргэлэн цовоо тусч эелдэг хөдөлмөрч хичээнгүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь үг дуу цөөн, хүнтэй эерэг зөв харилцаатай, хүнд гэм хүргэдэггүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.6. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 65-66 хуудас/

 

2.7. Б.Б, Д.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбарууд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолтууд /х.х-ийн 74, 76, 78-79 хуудас/

 

2.8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 86, 87, 94 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгч нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Бгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овогт Дын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА