Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2038006060461 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Алтганы нуруу” гэх газраас 9 куб метр мод хууль бусаар бэлтгэж тээвэрлэн ойн санд 1.571.895 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч ************** нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Алтганы нуруу” гэх газраас 9 куб метр мод хууль бусаар бэлтгэж тээвэрлэн ойн санд 1.571.895 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038006060461 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би түлх түлшгүй болчхоод аргагүй эрхээр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн зил-130 машинаар Түнэл сумын Алтганы нуруу гэх газар руу түлээнд явсан... Модоо бэлтгэж ачиж дуусаад шөнө аймгийн төв рүү хөдөлсөн. Үертийн аманд цагдаа шалгаад гоожин байхгүй болохоор журамласан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,    

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-10-р хуудас/,

Хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...************** манай байгууллагын хэнд ч мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргаж байгаагүй. Модны экологи эдийн засгийн үнэлгээг сумын орон нутгийн орлогод тушаалгах санал хүсэлт байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...************** надаас модонд яваад ачилцаад өгөөч гэж гуйсан. Ингээд Мөрөн сумын төвөөс **************ийн Зил-130 маркийн машинтай түүний эхнэр Азбилэг нарын хамт Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Алтганы нуруу гэх газар луу явсан. Модонд очоод ************** цахилгаан хөрөөгөөр унанги мод тайрч бэлтгэсэн. Тайрсан модыг бөөгнүүлж машинд ачихад бэлэн болгосон...Мөрөнгийн арын постод цагдаа зогсоож **************ийг шалгаад гарал үүслийн гэрчилгээгүйгээр түлээ тээвэрлэсэн гээд машинтай модыг саатуулсан. Постон дээр ирээд цагдаад шалгуулахад гарал үүслийн эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Мөрөн сумаас нөхөр **************, Дамбийням нарын хамт Зил-130 маркийн машинаар Түнэл сумын Алтгана гэх газар луу түлшний модонд явсан. Модонд очоод нөхөр цахилгаан хөрөөгөө асаагаад унанги мод тайрч бэлтгэсэн. Миний хувьд модноос бол бэлтгээгүй зүгээр хараад зогсож байсан. Машинд ачих үед шөнө болсон байсан болохоор гэрэл тусгаж өгч байсан. Машиндаа модоо ачаад уулнаас бууж ирэхэд 23 цаг өнгөрч байсан. Ингээд Мөрөнгийн төв рүү өглөөний 05 цагийн үед орж ирэхдээ үертийн постон дээр цагдаад шалгуулсан. Цагдаа шалгаад гоожин, гарал үүслийн гэрчилгээ аваагүй мод тээвэрлэсэн гээд модтой машиныг журмын хашаанд журамласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Б.Болдбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтэд:

  1. Иргэн **************ийн түлээний зориулалтаар бэлтгэсэн гэх мод нь 9 метр куб хуурай шинэс мод болох нь тогтоогдов.
  2. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.571.895 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтэд:

       1. Ойн санд учруулсан нөхөн төлбөр 1.571.895 төгрөгийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 4.715.685 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4 дэх хэсэгт Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөр ногдуулна гэсний дагуу нөхөн төлбөрийг тооцно...гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

      Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038006060461 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Алтганы нуруу” гэх газраас 9 куб метр мод хууль бусаар бэлтгэж тээвэрлэн ойн санд 1.571.895 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ************** /хх-ийн 15-р хуудас/, гэрч **************/хх-ийн 17-р хуудас/, гэрч **************/хх-ийн 18-19-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-10-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Б.Болдбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

    Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33-р хуудас/,

    Нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт /хх-ийн 66-69-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ************** нь экологи эдийн засагт 1.571.895 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ************** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 4.715.685 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 4.715.685 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч **************ид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2038006060461 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Мөрөн 13 дугаар багт байрлах “Хүдрэнт Шүтээн” ХХК-ний хашаа/ 9 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж хэрэгт битүүмжлэгдсэн 06-89 ХӨА улсын дугаартай Зил-130 маркийн машины хууль ёсны өмчлөгч нь иргэн Г.Буянт мөн болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 1.050.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 06-89 ХӨА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038006060461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч **************оос 4.715.685 /дөрвөн сая долоон зуун арван таван мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038006060461 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 9 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.050.000 төгрөгийг гаргуулж хохирол 4.715.685 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 06-89 ХӨА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

      6. Эрүүгийн 2038006060461  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР