| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Жадамбад холбогдох эрүүгийн 2038000000468 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага элээт” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 46 ширхэг 9.3 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж экологи эдийн засагт 2.240.703 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага элээт” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 46 ширхэг 9.3 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж экологи эдийн засагт 2.240.703 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000468 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Жадамбын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хөгшин ээж Бадамын өвлийн түлшний модыг бэлтгэхээр өөрийн маяти маркийн машинаар Цагаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг Бага элээт гэх газар луу явсан. Модонд очоод цахилгаан хөрөөгөөр 5-6 ширхэг босоо хуурай мод огтолсон...Цагаан-Уул сумын байгаль хамгаалагч нартай тааралдаад шалгуулсан. Байгаль хамгаалагч эрхийн бичиг аваагүй журамлана гэсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-12-р хуудас/,
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг Төгсийн улааны ар гэх газарт байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Одгэрэл, сумын байгаль хамгаалагч Б.Ариунболд нарын хамт хяналт шалгалтын ажлаар явж байхад түлээтэй машин тааралдаад шалгахад иргэн Жадамба нь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэж явсан. Ингээд мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн болохоор машиныг модтой нь Цагаан-Уул сумын төв рүү оруулж журмын хашаанд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай хадам аав машинтайгаа манайд ирээд модноос ачаад өгөөч гэж гуйхаар нь модноос нь ачиж өгөхөөр цуг явсан. Модонд очиход модны хаяанд модоо гаргаад бэлдчихсэн модыг машиндаа ачиж аваад намайг буулгаж өгөхөөр явж байсан. Хэзээ бэлтгэснийг нь бол мэдэхгүй байна. Бэлтгэсэн модыг л машинд ачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Жадамбааг завтай бол мод ачаад өгөөч гээд түлшний модонд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бага элээт гэх газар луу явуулсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Шинжээч Р.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Анхны хэмжилтийг Цагаан-Уул сумын байгаль хамгаалагч хэмжилт хийлгэхдээ буруу ойлголцоод түлээний модыг бүх төрлийн босоо хуурай мод гэж андуурч 3 м куб гэж дүгнэлт гаргасан. Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг модонд хэмжилт хийхэд урт 1.80 метр, өргөн 3.70 метр, өндөр 1.40 метр модны нийлбэрээр 9.3 м.куб гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд:
...2. *******агийн бэлтгэсэн гэх мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 9.3 м.куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод болох нь тогтоогдов.
3. Экологи-эдийн засгийн үнэлгээ 746.901 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 9 дугаартай дүгнэлтэд:
1. 746.901 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж тооцоход 2.240.703 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4 дэх хэсэгт Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөр ногдуулна гэсний дагуу нөхөн төлбөрийг тооцно...гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-49-р хуудас/,
Хохирол 500.000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 82-р хуудас/,
Хохирогч ******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 83-84-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2019 оны жилийн эцсийн малын тооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 67-68, 70-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000468 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль
ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага элээт” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 46 ширхэг 9.3 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж экологи эдийн засагт 2.240.703 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Жадамбын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******ийн /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч ******* /хх-ийн 22-р хуудас/, гэрч ******* /хх-ийн 25-р хуудас/, шинжээч Р.Отгонжаргалын /хх-ийн 40-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-12-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 9 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-49-р хуудас/,
Хохирол 500.000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 82-р хуудас/,
Хохирогч ******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 83-84-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******* нь экологи эдийн засагт 746.901 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2.240.703 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100171600952 дугаарын дансанд 500.000 төгрөгийг төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 82-р хуудас/-аар тогтоогдсон ба хохирогч ******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 83-84-р хуудас/-ээр үлдэгдэл хохирлыг хоёр хувааж төлөхөөр тохиролцсон байна. Иймд шүүдэгч ******* экологи-эдийн засгийн хохирлоос төлөөгүй үлдсэн 1.740.703 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол,
хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2038000000468 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 81-35 УБЕ улсын дугаартай Маяти маркийн машины хууль ёсны өмчлөгч нь иргэн Ц.Анхцэцэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах ба тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгөөс хохиролд төлсөн 500.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.
Иймд эрүүгийн 2038000000468 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 9.3 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирол 1.740.703 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000468 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ас 1.740.703 /нэг сая долоон зуун дөчин мянга долоон зуун гурав/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038000000468 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 9.3 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирол 1.740.703 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2038000000468 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР