Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ийн  Тт холбогдох эрүүгийн 2038002370189 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Т нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр  багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас хууль бусаар 7.07 куб.метр мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 424.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Х.Т нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр  багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас хууль бусаар 7.07 куб.метр мод хууль бусаар бэлтгэж тээвэрлэн ойн санд 424.200 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038002370189 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Бага хавчиг гэх газраас малын хашаа барихаар 11 ширхэг босоо мод огтолж унагаасан бэлтгэж нутгийн танил залуу Бямба-Очир, Дүүрэнбаяр нарыг гуйж өөрийнхөө пронтер маркийн машинаар тээвэрлэж Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Халуун усны ам гэх нэртэй газарт буулгасан юм. Модоороо хашаагаа барьж чадаагүй байхад Алаг-Эрдэнэ сумаас байгаль орчны байцаагч нар ирээд зөвшөөрөлгүй мод бэлтгэж байна гээд шалгаж эхэлсэн.  Пронтер маркийн машин бол худалдаж авсан хүний нэр дээр байгаа юм. Тээврийн хэрэгслийн мөнгийг гүйцэт өгөөгүй байгаа болохоор миний нэр дээр шилжүүлж авах юм. 2019 оны 11 дүгээр сард худалдаж 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдан авах гэрээ бол хийгээгүй. Амаараа л ярьж тохиролцсон юм. ... Цахилгаан хөрөө ашигласан. Уг хөрөө бол Эрдэнэбаатарын хөрөө байсан. Эрдэнэбаатар бас модны хэрэгт шалгагдаж байгаа учраас хөрөөгөө хураалгасан гэсэн гэх, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ч.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Албан ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1-р багийн нутаг дэвсгэр Алаг-Эрдэнэ сум, Түнэл сумын нутгийн зааг болох газраар эргүүл шалгалт хийж ажиллахад 2020 оны 03 сард Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас Түнэл сумын иргэн Х.Т нь зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэж хууль зөрчиж экологид хохирол учруулсан байсан. Малын хашаа сэлбэх модны зөвшөөрөл нь Түнэл сумын 4-р багийн байгаль хамгаалагчаас авсан байсан. Уг мод бэлтгэх зөвшөөрөл нь Түнэл сумын 4-р багийн Халуун усны ам гэх газраас бэлтгэхээр заасан байсан. Тэгтэл иргэн Т нь Алаг-Эрдэнэ сумын нутгаас бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх- 22-23х/

            Гэрч Б.Дэлгэрдалайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мод бэлтгэх эрхийн бичгийг Түнэл сумын байгаль хамгаалагч Бат-Эрдэнэ гэх хүнээс авсан байсан. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гоожин байсан. Уг гоожин дээр Түнэл сумын нутаг 4-р багийн Халуун усны ам гэх газрыг зааж өгсөн. Мөн цэвэрлэгээний зориулалтаар болон малын хашаа сэлбэх гэж зориулалтыг бичиж өгсөн байсан. Иргэн Х.Т нь Түнэл сумын авсан гоожингийн дагуу харьяалах нутаг дэвсгэр болох Халуун усны амнаас мод бэлтгээгүй Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн зөрчил гаргасан” гэх мэдүүлэг, /хх-24- 26х/,

            Гэрч П.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагтай хил залгадаг Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг болон 1 дүгээр багийн даргын хамт хяналт шалгалтаар явахад Түнэл сумтай хил залгадаг Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх зөрчил гарсныг илрүүлж хэмжилт хийж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

            Гэрч Х.Х-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хаваржааны хашааны мод сэлгэх гээд өөрийн төрсөн хүү болох Х.Т-аар Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас хуурай мод бэлтгүүлж одоо байгаа Түнэл сумын 4-р багийн “Халуун усны ам” гэх газарт 3 тэвш Бонго Пронтер машинаар буулгуулсан юм” гэх мэдүүлэг, /хх-29-31х/,

            Гэрч Ө.Батцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Тт Пронтер маркийн 49-61 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 05 дугаар сард 10.000.000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед 5 сая төгрөгийг бэлнээр авсан. Одоо үлдсэн 5 сая төгрөгийг энэ жилийн хаврын ноолууран дээр өгөхөөр тохиролцсон юм. Одоо хөдөөгийн айлууд ямаагаа самнаж эхлэхээр үлдэгдэл мөнгийг Т өгнө гэсэн. Т үлдэгдэл мөнгийг өгөхөөр албан ёсоор машины эзэмшигчийн нэрийг сольж өгөхөөр тохиролцсон” гэх мэдүүлэг /хх-38х/,

            Гэрч Д.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Ямаан даваа гэх газарт хаваржиж байгаа. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз Дүүрэнбаярын хамт Хавчгийн аманд үхэрт явж байхад Т портер машинаар мод ачна гээд тааралдсан. Хаанаас ачих гэж байгааг нь асуухад Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг хавчиг гэх нэртэй газарт буюу бид хоёрын үхэрт явж байсан газраас холгүй газарт мод бэлдсэн гэж хэлсэн. Т бид хоёрыг туслалцаад ачаад өгөөч гэж гуйхаар нь  бид хоёр очиж машины тэшин дээр ачилцаж өгөөд явуулсан.” ... гэх /хх-39х/,

            Гэрч М.Дүүрэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.Манайх Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Ямаан даваа гэх газарт хаваржиж байгаа юм.  2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз Бямба-Очирын үхэрт явж байхад найз Т өөрийнхөө портер машинтай хүрч ирээд Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг хавчиг гэх газарт малын хашаа сэлбэх гээд хэдэн мод бэлтгэсэн юм ачилцаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь Бямба-Очир бид хоёр зөвшөөрөөд модонд очиход 4 метрийн нэлээн хэдэн ширхэг мод ачилцаж өгөөд явуулсан.”... /хх-40х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №09 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 57 ширхэг, 4.25 метрийн дундаж урттай хэрэглээний хуурай мод байв. Уг модны байгаль экологид учруулах хохирлын хэмжээ 424.200 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, хавсралт /хх-45-46х/,

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн: “...Иргэн Х.Т-ын ойн санд учруулсан нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 424.200 төгрөг, ойн санд учруулсан нөхөн төлбөр 1.272.600 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-52х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №10 дугаартай: “...

  1. Иргэн Х.Т нь мод бэлтгэсэн гэх газрын GPS N49, 57, 13, 85, E100, 18, 358, 25 байршил нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн цэст хамаарч байна.
  2. Уг GPS байршлаар аль сумын нутаг дэвсгэр болохыг тодорхойлсон палан зургийг хавсаргав. Уг бэлтгэсэн модонд “Байгал орчин, аялал жуулчлалын сайдын” 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. ...гэх дүгнэлт, хавсралт /хх-н 58-59х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан : “... Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн Ө.Батцэцэгийн 49-61 ХӨВ Kia Frontier маркийн автомашины үнийг 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт /хх-63-64х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-9-16х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/9 дугаартай дүгнэлт /хх-45х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/10 дугаартай дүгнэлт /хх-58х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-63-64х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр  багийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа,  төрсний бүртгэлийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 1/96 дугаартай албан бичиг, эвлэрлийн гэрээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74, 76, 79-80, 84х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038002370189 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 Шүүгдэгч Х.Т нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр  багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас хууль бусаар 7.07 куб.метр мод хууль бусаар бэлтгэж тээвэрлэн ойн санд 424.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

   Хохирогч Ч.Х-ийн /хх-22-23х/, гэрч Б.Дэлгэрдалайн /хх-24-25х/, гэрч П.Нямдоржийн /хх-27-28х/, гэрч Х.Хаянхирваагийн /хх-29-31х/, гэрч Ө.Батцэцэгийн /хх-38х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-9-16х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/9 дугаартай дүгнэлт /хх-45х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/10 дугаартай дүгнэлт /хх-58х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-63-64х/,

Шүүгдэгч Б.Т-ын экологи-эдийн засгийн хохирол нөхөн төлсөн төлбөрт 1.272.600 төгрөгийг төлсөн талаарх Эвлэрлийн гэрээ /хх- 84х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

  Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

  Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Х.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

   Шүүгдэгч Х.Т нь экологи эдийн засагт 424.200 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Х.Т нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1.272.600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-84х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

    Шүүгдэгч Х.Т нь ойн санд буюу хүрээлэн буй орчинд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа ойн санд буюу хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

     Kia Frontier маркийн 49-61 ХӨВ улсын дугаартай Өвгий овогтой Батцэрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэдэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба Х.Тт 2019 оны 05 дугаар сард 10.000.000 төгрөгөөр зарж 5.000.000 төгрөгөө авсан. Үлдэгдэл 5.000.000 төгрөг 2020 оны хавар авна гэж мэдүүлэх боловч хавтаст хэрэгт дээрх тээврийн хэрэгслийг худалдсан болон худалдан авсан тухай нотлох баримт байхгүй байгаа тул Kia Frontier маркийн 49-61 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ө.Батцэрэнд буцаан олгохоор шүүх шийдвэрлэв.

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн 114/99 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 49-61 ХӨВ улсын дугаартай Kia Frontier маркийн Өвгийн Батцэрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 5.400.000 төгрөгөөр үнэлжээ.

     Энэ хэрэгт 49-61 ХӨВ улсын дугаартай Kia Frontier маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Ө.Батцэрэнд олгох, мөн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 7,07 куб.метр модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.400.000 төгрөгийг шүүгдэгч Х.Таас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х-д овогт Х-ийн  Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-д овогт Х-ийн  Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Kia Frontier маркийн 49-61 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ө.Батцэрэнд буцаан олгосугай.

5. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 7,07 куб.метр модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 49-61 ХӨВ улсын дугаартай Kia Frontier маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Х.Т-аас гаргуулж улсын орлогот оруулсугай.

7. Шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тт шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЭЭЖИН