| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07688/И |
| Дугаар | 102/ШШ2016/05987 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/05987
2016 оны 12 сарын 07 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05987 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ 65б байр 25 тоотод оршин суух, эрхэлсэн ажил байхгүй, регистр УХ96080840, Ихэр овогтой Ганбаатарын Энхжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 26-р байрны 12 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ОГ89040717, Тайж овогтой Самдангийн Баасанхүүд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхжаргал, хариуцагч С.Баасанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд С.Баасанхүүтэй танилцаж, жирийн найзалж үерхэж эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 3-р сарны 1-нд хүү Наранбат төрсөн. Би 2014 оны 5 дугаар сард жирэмсэн болсон, тэр үедээ насанд хүрээгүй, АШУҮИС-н харьяа Сувилахуйн сургуулийн 1-р курсэд сурч байсан. Анх жирэмсэн болсон гэдгээ мэдээд айн сандарч яах ч учраа олохгүй байсан. С.Баасанхүүд хэлсэн боловч хүүхдээ авахуул гээд мөнгө өгсөн. Гэхдээ эмч болохгүй гэсэн учраас хүүхдээ төрүүлсэн. Би ам бүл 6-уулаа амьдардаг, хүү 1 нас 9 сартай. С.Баасанхүү огт холбоо барихгүй алга болсон. Иймд С.Баасанхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Баасанхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхжаргалын нэхэмжлэлийг зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлэг төлнө. Би өөрөө эхнэр, хүүхэдтэй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь С.Баасанхүүд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г.Энхжаргал, С.Баасанхүү нар нь 2013 онд танилцсан, гэр бүл болж хамт амьдраагүй боловч 2015 оны 03-р сарын 01-ний өдөр хүү Э.Наранбатыг төрүүлж, түүнд төрсний гэрчилгээ /хх 8/ олгогджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Хариуцагч С.Баасанхүү нь хүүхдийн эцэг, тэтгэлэгийн талаар маргаагүй байх тул 2015 оны 03-р сарын 01-ний өдөр төрсөн хүү Энхжаргалын Наранбатад хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 03-р сарын 01-ний өдөр төрсөн Энхжаргалын Наранбатыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.Баасанхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, С.Баасанхүүгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА