Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/99

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бын Бт холбогдох 2017001790103 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Бын Б /РД:ЕЙ/, Завхан аймгийн Улиастай суманд 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, Г аймгийн С сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны ... тоотод оршин суух, Г аймгийн Ср сумын .. дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны 3-32 тоотод гэртээ өөрийн төрсөн охин А.Тг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгаанаар түүнийг хуванцар сандлаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2 дугаар байр 3-49 тоотод гэртээ өөрийн төрсөн охин А.Тг /бага насны буюу 12 нас 11 сар/ “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгаанаар түүнийг хуванцар сандлаар зодож эрүүл мэндэд нь баруун далны хэсэгт, зүүн шуу бугуйнд, зүүн сарвуугаар, баруун бугалганд, хэвлийн баруун талаар, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би 19 цагийн үед ажлаа тараад ирэхэд манай охин Т гэртээ байгаагүй тул утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 23 цаг 30 минутын үед гэртээ орж ирэхээр нь утсаа авахгүй яасан юм бэ? гэтэл тоохгүй, та хэд унтаагүй байсан юм уу, саравчинд найзуудтайгаа сууж байгаад ирлээ гэсэн. Өмнө нь эгч нь гарч хайхад гадаа байхгүй байсан. Би Тг хуванцар сандлаар хоёр удаа цохиход Т газар хэвтээд уйлсан. Нөгөө өрөөнөөс эгч нь гарч ирээд Тг аваад гарсан. Би охиндоо гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, гадаа тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад гэртээ ортол ээж охин хүүхэд байж оройтож болохгүй гээд сандлаар баруун гарын бугалга, далны хэсгээр, зүүн хөл өвдөг хэсэгт цохисон. Эгч Т намайг эмээгийнх рүү хамт явъя гээд дагуулаад гэрээс гарсан. Ээж намайг зодох үедээ эрүүл байсан. Ээжийн зодсон сандал нь тавцан хэсэг нь хатуу, доод талын хөл хэсэг нь хуванцар сандал байдаг. Миний хөл рүү шилбэ рүү, гар, бугалга руу сандлаар цохиод байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-17 хуудас/

 

1.3. Насанд хүрээгүй гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын эхээр, хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Манай дүү Т нэлээн оройтоод гэртээ орж ирсэн чинь ээж уурлаад хаагуур тэнээд яваад байгаа юм, хичээлээ тараад гэртээ ирэхгүй байх юм, гэр орноо цэвэрлэхгүй байна гэх зэргээр загнасан чинь Т ээжийн өөдөөс уурлаад эсэргүүцсэн. Тэгсэн чинь ээж уурандаа Тг зодсон. Т яая гээд хашхираад эхлэхээр нь би өрөөнөөсөө гарч очоод ээжийг хүүхдэд яагаад гар хүрээд байгаа юм гээд болиулсан. Миний уур хүрээд дүү Тг хувцсаа ав гээд гэрээс бүх юмыг нь аваад эмээ Тийнд хүргэж өгөөд буцаад гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/

 

1.4. Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 322 дугаар дүгнэлтэнд: А.Тгийн биед баруун далны хэсэгт, зүүн шуу бугуйнд, зүүн сарвуугаар, баруун бугалгад, хэвлийн баруун талаар, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 24 хуудас/

 

1.5. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6-7 хуудас/

 

1.6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч А.Тгийн нас тоолсон тухай тэмдэглэл /х.х-ийн 36-38, 54 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бт гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Насанд хүрээгүй хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ээж Б, эгч Т нартай байнга илэн далангүй ярилцдаг. Надад зөвлөмж зөвөлгөө маш сайн өгдөг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-17 хуудас/

 

2.2. Гэрч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь аливаа зүйлд хүлээцтэй, зөв хүмүүжилтэй, асуудалд их нухацтай ханддаг хүн. Хүүхдийн байгууллагад ажилладаг, хүүхэдтэй зөв сайхан харилцаатай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

2.3. Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 49 хуудас/

 

2.4. Б.Бийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 42, 46-48, 50 хуудас/

 

2.5.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 55-56, 62 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Б нь 4 хүүхдийн хамт амьдардаг ба түүний сарын цалин хөлсийг харгалзан торгох шийтгэлийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.БАТТУЛГА