| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07361/И |
| Дугаар | 102/ШШ2016/05988 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/05988
2016 оны 12 сарын 07 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05988 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн бүс, Нөхөрлөлийн гудамж-59 тоот, “Стийл энд Конкрийт” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Эко 26-р байрны 6 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХА86092319, Тугчин овогтой Энхжаргалын Содмагнайд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 304 228 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Э.Содмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Стийл энд конкрийт” ХХК-нь иргэн Э.Содмагнайтай 2015 оны 6-р сарын 27-ны өдөр 15-11 тоот “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Бид гэрээний үүргээ биелүүлж худалдан авагч талд гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгсөн. Э.Содмагнай бүтээгдэхүүний үнийг 2015 оны 8-р сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгах байсан. Бидний хувьд худалдан авагчийн санхүүгийн хүндрэлтэй асуудлыг хүндэтгэн өнөөг хүртэл хүлээсэн. Дээрх нийлүүлсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд хүүтэй мөнгө зээлсэн ба одоо зээл зээлийн хүүндээ маш их хэмжээний мөнгө төлж алдагдалд орж байгаа болно. Хариуцагчийн төлөх мөнгөн төлбөр нь 16 000 000 төгрөг байсан боловч түүнийг ажлаас халагдах үед нь би захиралдаа хэлээд “одоо ажилгүй болсон учраас нэхэмжлэх үнийн дүнгээсээ 3 000 000 төгрөгийг хасах” хөнгөлөлт үзүүлэх боломж гаргасан. Э.Содмагнай нь манайд бүтээгдэхүүн худалдах худалдах авах гэрээг хариуцаж ажилладаг байсан. Тухайн үед Э.Содмагнайтай эдийн засагч Нямцэцэг гэрээ байгуулсан. Иймд Э.Содмагнайгаас 13 341 274 төгрөгийг төлөөгүй, гэрээгээр тохирсон хугацаа хэтэрсэн тул гэрээний 6.3-т заасны дагуу 4 962 954 төгрөгийн алданги тооцож нийт 18 304 228 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Э.Содмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Стийл энд конкрийт” ХХК-нд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа орон сууц худалдан авах зорилгоор байгууллагаас бүтээгдэхүүн худалдан
авах талаар удирдлагатаа хэлсэн. Ингээд би тухайн үед байгууллагатайгаа 50 000 000 төгрөгийн бараа материалыг борлуулах замаар худалдан авах гэрээ хийсэн. Тооцоогоо цалингаасаа хийдэг байсан. Гэтэл 2016 оны 6 дугаар сард намайг ажлаас халсан. Ингээд ажлаас халагдсанаас хойш алданги тооцож эхэлсэн. Надтай 2016 оны 7-р сард гэрээнд гарын үсэг зурагдсан. Би нэхэмжилж байгаа 13 341 274 төгрөгийг нь төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрөөс 3 000 000 төгрөг хасагдсан гэж байгаа нь намайг ажлаа хийж байх 2016 оны 2-р сард хасагдсан юм. Миний цалин бага, борлуулалтын орлого бага байна гэдэг хүсэлтийг тавьж байгаад хасуулсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Стийл энд Конкрийт” ХХК нь Э.Содмагнайд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 304 228 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
“Стийд энд Конкрийт” ХХК нь борлуулалтын менежер Э.Содмагнайтай 2015 оны 6-р сарын 27-ны өдөр “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 50 727 500 төгрөгийн үнэ бүхий сантехникийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч үнийг 2015 оны 8-р сарын 25-ны дотор төлөхөөр /хх 5-8, 45,46/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Худалдагч нь гэрээний Хавсралт-1-ээр тохирсон бараа бүтээгдэхүүнийг Э.Содмагнайд шилжүүлсэн, худалдан авагч хүлээн авсан авсан талаар маргаагүй байна. Харин Э.Содмагнай барааны үнийг гэрээний хугацаанд бүрэн төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Талууд 2015 оны 10-р сарын 08-ны өдөр тооцоо нийлж төлбөрийн үлдэгдэл 16 703 274 төгрөг болохыг баталгаажуулсан /хх 10-11/ байх ба үүнээс хойшх хугацаанд хариуцагч төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна.
“Стийл энд Конкрийт” ХХК-ний захирлын 2015 оны 6-р сарын 24-ний өдрийн 44/15 тоот “Бүтээгдэхүүний үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай” тушаалаар Э.Содмагнайд худалдсан бүтээгдэхүүний үнийг 3 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн /хх 47/ байна.
Тооцоо нийлсэн дүнгээс хөнөгөлөлт үзүүлэх журмаар хасч нэхэмжилсэн 13 341 274 төгрөгийг хариуцагч төлөхөөр зөвшөөрсөн, харин алданги төлөхгүй гэж маргадаг боловч гэрээний 6.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон байх тул 4 960 954 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Хэргийн 23-30 дахь хуудсанд авагдсан баримтууд, CD болон флашт бичигдсэн бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Энхжаргалын Содмагнайгаас 18 304 228 /арван найман сая гурван зуун дөрвөн мянга хоёр зуун хорин найм/ төгрөг гаргуулж “Стийл энд Конкрийт” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Содмагайгаас 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА