Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Сувд, 

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Одгэрэлд холбогдох эрүүгийн 2038000000485 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 16-05 тоотод байрлах гэртээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч ******* нүүр, бие хэсэгт нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 16-05 тоотод байрлах гэртээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч ******* нүүр, бие хэсэгт нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000485 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Баасанбилэгийн гэрт очиход 0.75 литрийн Арвай нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгсөн. Тухайн архийг би ганцаараа уугаад тасарсан байсан. Би тэгээд хальт санахад би Баасанбилэгтэй муудалцсан юм. Тэгсэн цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Би яг тухайн үеийн үйл явдлыг санахгүй байгаа ямар ч байсан Баасанбилэгтэй маргалдаж байснаа санаж байна. Би Баасанбилэгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний орой би хамтран амьдрагч болох Одгэрэлд авдарт байсан нэг шил архийг задалж өгсөн. Тэгээд тухайн архинаас Одгэрэл хэд татаж байгаад над руу уурлаж уцаарлаж эхэлсэн. Тэр уурлах болсон шалтгаан бол өмнө нь намайг Одгэрэл зодоод шүүхээр ороод 1.000.000 төгрөгөөр торгуулсан асуудал юм. Одгэрэл над руу чи намайг хорлосон би 1.000.000 төгрөгөөр торгуулахгүй байсан юм чи хорлож торгуулсан. Чи өөрөө торгуулах ёстой гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгээд гэнэт босож ирээд хувцаснаас өргөж газар луу шидсэн. Мөн өмсөж байсан куртик сугалан авч фудволкноос заамдаж аваад цохиод эхэлсэн. Би тухай үед нь нүд рүүгээ цохиулчихгүй юмсан гээд би нүүрээ хаасан. Тэгтэл хаа хамаагүй хайр найргүй цохиж эхэлсэн. Тэр үед миний хамраас цус гоожсон...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одгэрэл надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 13-р хуудас/,

Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний орой би Мөрөн сумын 3-16-06 тоотод өөрийн аавындаа ирж хоносон. Тэгээд цаг нилээн орой болсон хойно би гарч бие засаад гэртээ орох гэтэл хашааны хаалгаар тусламж гуйсан нүүр нь цус гоожсон, уйлсан байдалтай эмэгтэй хүн орж ирсэн. Тэгээд цагдаа дуудаад өг гэхээр нь би цагдаа дуудсан. Тухайн хүн надад нөхөртэй зодуулсан алах гэж байна гэж тухайн үед хэлсэн дээгүүрээ нүцгэн лэвчиктэй доогуураа нимгэн трикотой байсан. Харин нүүр нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 37-39-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 581 дугаартай:

1. ***********биед тархи доргилт, баруун хацар, баруун дээд зовхинд  зулгаралт, баруун зүүн чихний дэлбэнгийн урд эрүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байх боломжтой.

      3. ******* биед үүссэн тархи доргилт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      5.  Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-31, 33-36-р хуудас/,

Хохирогч Ж.Баасанбилэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000485 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 16-05 тоотод байрлах гэртээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч ******* нүүр, бие хэсэгт нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ж.Баасанбилэгийн /хх-ийн 5, 13-р хуудас/, гэрч******* /хх-ийн 7-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 37-39-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 581 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,      

Хохирогч Ж.Баасанбилэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Р.Одгэрэл нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Р.Одгэрэл нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Р.******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч******* нь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-36-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Одгэрэл нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000485 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038000000485 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР