Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/100

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,  

шүүгдэгч, хохирогч Ц.Ц,

шүүгдэгч, хохирогч А.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А-н С, Ц-д овогт Ц-н Ц нарт холбогдох эрүүгийн 2017001960105 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19 оны 08 дугаар сарын 25-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, М гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Говьсүмбэр аймгийн шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25 000 төгрөгөөр торгох ялаар,

мөн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

мөн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх Ц овогт Ц-йн Ц /РД:ЕЙ80082576/,

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 27-нд Дундговь аймгийн Сайхан овоо суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Д аймгийн С овоо сумын  дугаар баг, Н гэх газар оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б овогт А-н С /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Сайн ус гэх газар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим иргэн А.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдож байхдаа түүний зүүн далны доод хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Сайн ус гэх газар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим иргэн Ц.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хүзүүг боох, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Сайн ус гэх газар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим хохирогч А.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдож байхдаа түүний зүүн далны доод хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай,

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Сайн ус гэх газар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим хохирогч Ц.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хүзүүг боох, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.3. Хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш гэртээ ганцаараа байхад Б ирээд Баянтал хамт яваад хүн хүргэж өгөөд ирье гээд цуг явсан. Тэгээд Баянталаас буцаж явахад хороон дээр өвс буулгаж байсан. Бид 2 хаанахын ямар өвс байна, үнийг нь асууя гээд очиход Д байсан. Д манайх хойно байгаа манайхаар орж цай уу гэж хэлсэн. Д-нд очоод нэг шил архи уусан. Тэгээд замдаа явж байхдаа Баянталаас авсан нэг шил архиа уучихаад Б эгчийнд очсон. Б эгчийнд Ж эгч, Б ах нар байсан. Удалгүй олон хүн ирсэн. Тэгээд С-тай маргалдаж байснаа муухан мэдэж байгаа. Тэгээд миний дээр нэг хүн гарчихсан боогоод байсан. Тэгэхэд ухаан орсон. Би өмнөх өдөр мал хийгээд гутлынхаа түрүүнд хутга хийсэн байгаагаа санаад хутгаа аваад хатгасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.4. Хохирогч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед манай эхнэрийн дүү Б, Д 2 нутаг үзээд манайд ирээд 2 шил архи уугаад орой нь малаа хотлуулчихаад 21 цагийн үед Б эгчийндээ очсон. Очиход Б эгчийн найз нь эхнэртэйгээ байсан. Ороод цай унд уугаад сууж байтал Ц хаанахын хүмүүс вэ? гэхээр нь Дундговь аймгийнх гэж хэлсэн. Тэгсэн хаагуур яваа цагаачид уу гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд 2-лаа гарч уулзъя гээд Ц түрүүлээд гарсан. Б ах согтуу хүнтэй муудаад яахын гэхээр нь би эрүүл байгаа юм чинь зүгээрээ муудахгүй гэж хэлээд араас нь гараад очиход заамдаад авахаар нь зөрүүлээд заамдаад ноцолдож байгаад би дээр нь гарсан. Тэгээд Ц-ыг нэг удаа цохисон. Тэгтэл нуруу нойтон болоод ирэхээр нь үзсэн чинь хутгалсан байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.5. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Ц бид хоёр нэг нутаг усны ойрхон нутагладаг хүмүүс байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цаг өнгөрч байхад найз Б-д очиж хөдөө яваад өгөөч, хоол түлээгүй болчихлоо гэж хэлэхэд тэр зөвшөөрөөд түүний 09-40 ГСА улсын дугаартай Портер маркийн машинтай 19 цаг болох гэж байхад Б, түүний эхнэр Ж бид 3 манай хөдөө гэр Сүмбэр сум 6 дугаар баг, Сайн-Ус гэх газар руу явсан. Уг газар нь Чойроос зүүн тийш 60 орчим км газар байдаг юм. Манай хөдөө гэрт очиж хоноод 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой манайд байж байтал 21 цаг өнгөрч байхад Б, Ц 2 машинтай ирсэн. Тэгээд тэр 2-г ирэхэд манай гэрт Б, Ж, саахалт айлын Д бид 4 байсан. Бид нар архи дарс уугаагүй эрүүл саруул байсан. Харин Б, Ц 2 согтуу ирсэн. Ц нь согтуу байх шиг байсан. Тэр 2-г цай унд уугаад сууж байтал манай талийгаач нөхрийн эгчийн хүүхэд болох С, эхнэр Б нар 2-с 5 насны 2 хүүхэдтэйгээ, мөн Б-ийн дүү гээд 2 эрэгтэйн хамт ирсэн. Энэ үед манай гэрт хүмүүс бараг багтахгүй олуулаа байсан болохоор Б гараад явчихсан. Ц С-аас аль нутгийнх вэ гэж асуухад С Дундговийнх гэж гэхэд муу цагаач гэж хэлсэн. Тэгэхэд С өөдөөс нь би Монгол Улсын хаана ч явна, чи залуу хүн байж энэ хонхроосоо гарч үзээгүй хүн байна гэж хэлсэн. Тэгэхэд Ц С руу салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. Ц гэрийн баруун хэсэгт С гэрийн зүүн хойд хэсэгт сууж маргалдаж байгаад Ц нь 2-лаа гарчихъя гэхэд С за гаръя гаръя гээд гэрээс гараад явсан. Тэр хоёр хоёуулахнаа гарсан. Араас нь гарсан хүн байхгүй. Гадаа яг юу болсныг мэдэхгүй байна. Гадаа гараад 5 орчим минут болоод С гаднаас орж ирээд гэрийн баруун хэсэгт зогссон. Түүний царай цайчихсан сонин царайтай болчихсон орж ирсэн бөгөөд эхнэр нь түүнээс яасан бэ гэхэд эхнэрээсээ энэ яацан байна гээд дээлээ тайлаад нурууныхаа арыг харуулсан. Тэгэхэд зүүн далны доод хэсгээс цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд л шууд гэрийн зүүн орны толгой дээр доошоо хараад хэвтчихсэн. Гарч яваад Ц түүний зүүн далны доод хэсэгт нь хутгалчихсан байсан. Тэр 2 гадаа гарах үед 22 цаг л өнгөрч байсан байх, цаг хараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. С дуугарахгүй доошоо хараад л хэвтээд байсан. Тэгтэл гаднаас Ц орж ирээд би хэргээ хүлээнэ гээд байсан. Би түүнээс яагаад хутгалчихаж байгаа юм бэ гэхэд би хэргээ хүлээнэ миний буруу гээд гэрийн баруун хэсэгт суугаад байсан. С ёолоод хэвтээд байсан. Нөгөөх нь юу ч дуугарахгүй гэрийн баруун талд суугаад байсан. Тэгээд эхнэр нь эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. 00 цагийн эмнэлэг цагдаа нар ирж С-ыг эмнэлэг рүү авч явсан. Ц-ыг цагдаа аваад явсан. Хутгалсан хутга манай гэрийн хутга бишээ, Ц нь өчигдөр мал хийгээд миний гутлын түрийнд явж байсан хутга байгаа юм аа гээд байсан. Манайд ирээд архи уусан хүн байхгүй. С халамцуу байсан. Тэр 2-оос өөр хоорондоо маргалдаж муудсан хүн байхгүй. Тэр 2-г гарч муудахад харсан хүн байхгүй. Гадаа гараад чанга дугарах маргалдах чимээ ерөөсөө сонсогдоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

1.6. Гэрч С.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой гэртээ байж байтал манай найз Д.Б манайд 18 цаг өнгөрч байхад орж ирээд түлш, хоолгүй болчихлоо хөдөө гэр болох Сүмбэр сум 6-р баг Сайн-Ус гэх газар руу Портер машинтай яваад өгөөч гэж манай нөхөр Б-аас гуйсан. Гуйлтыг зөвшөөрөөд Сүмбэр сум 6-р баг, Сайн-Ус гэх газар руу өөрийнхөө 09-40 ГСА улсын дугаартай Портер маркийн машинтайгаа 19 цаг болох гэж байхад Б, найз Д.Б нарын хамт хөдөлсөн. Машиныг манай нөхөр жолоодож явсан. Тэдний хөдөө гэрт нь очиж хоноод 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой тэднийд байж байтал 21 цаг өнгөрч байхад Б, Ц 2 машинтай ирсэн.

          Тэгээд тэр 2-г Д.Б-нд ирэхэд гэрт нь Д.Б, Б, саахалт айлын Д бид 4 байсан. Бид нар архи дарс уугаагүй эрүүл саруул байсан. Харин Б, Ц 2 согтуу ирсэн. Тэр 2-г цай унд уугаад сууж байтал гаднаас Д.Б-н хамаатны хүн болох С эхнэр Б нар 2-оос 5 насны 2 хүүхэдтэйгээ, мөн Б-н дүү гээд 2 эрэгтэйн хамт ирсэн. Энэ үед манай нөхөр Б гараад явчихсан. Ц С-аас аль нутгийнх вэ гэж асуухад С Дундговийнх гэж гэхэд муу цагаач гэж хэлсэн. Тэгэхэд С өөдөөс нь би Монгол Улсын хаана ч явна, чи залуу хүн байж энэ хонхроосоо гарч үзээгүй хүн байна гэж хэлсэн. Тэгэхэд Ц С руу салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. Ц гэрийн баруун хэсэгт С гэрийн зүүн хойд хэсэгт сууж маргалдаж байгаад Ц нь 2-лаа гарчихъя гэхэд С за гаръя гээд гэрээс гараад явсан. Тэр хоёр хоёуулахнаа гарсан. Араас нь гарсан хүн байхгүй. Гадаа яг юу болсныг мэдэхгүй байна. Гадаа гараад 5 орчим минут болоод С гаднаас орж ирээд гэрийн баруун хэсэгт зогссон. Түүний царай цайчихсан сонин царайтай болчихсон орж ирсэн бөгөөд эхнэр нь түүнээс яасан бэ гэхэд эхнэрээсээ энэ яасан байна гээд дээлээ тайлаад нурууныхаа арыг харуулсан. Тэгэхэд зүүн далны доод хэсгээс цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд л шууд гэрийн зүүн орны толгой дээр доошоо хараад хэвтчихсэн. Гарч яваад Ц түүний зүүн далны доод хэсэгт нь хутгалчихсан байсан. С дуугарахгүй доошоо хараад л хэвтээд байсан. Тэгтэл гаднаас Ц орж ирээд би хэргээ хүлээнэ гээд байсан. Б яагаад хутгалчихаж байгаа юм бэ гэхэд би хэргээ хүлээнэ миний буруу гээд гэрийн баруун хэсэгт суугаад байсан. С ёолоод хэвтээд байсан. Нөгөөх нь юу ч дуугарахгүй гэрийн баруун талд суугаад байсан. Тэгээд эхнэр нь эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. 00 цагийн эмнэлэг цагдаа нар ирж С-ыг эмнэлэг рүү авч ясвсан. Ц-ыг цагдаа аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой гэртээ байж байтал манай найз Д.Б манайд 18 цаг өнгөрч байхад орж ирээд түлш, хоолгүй болчихлоо хөдөө гэр болох Сүмбэр сум 6-р баг Сайн-Ус гэх газар руу Портер машинтай яваад өгөөч гэж гуйсан. Гуйлтыг зөвшөөрөөд Сүмбэр сум 6-р баг, Сайн-Ус гэх газар руу өөрийнхөө 09-40 ГСА улсын дугаартай Портер маркийн машинтайгаа 19 цаг болох гэж байхад С.Ж, найз Д.Б нарын хамт хөдөлсөн. Тэдний хөдөө гэрт нь очиж хоноод 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой тэднийд байж байтал 21 цаг өнгөрч байхад Батсүх, Ц 2 машинтай ирсэн. Ж, саахалт айлын Д бид 4 байсан. Бид нар архи дарс уугаагүй эрүүл саруул байсан. Харин Б, Ц 2 согтуу ирсэн. Тэр 2-г цай унд уугаад сууж байтал гаднаас Д.Б-н хамаатны хүн болох С эхнэр Б нар 2-оос 5 насны 2 хүүхэдтэйгээ, мөн Б-н дүү гээд 2 эрэгтэйн хамт ирсэн. Тэд нар ирээд бас цай унд уугаад сууцгааж байхад нь гэрт олуулаа багтахгүй болохоор нь би гадаа гарч хороонд мал хуй янзалж байгаад орж ирэхэд үйл явдал болчихсон байсан. Миний хувьд болсон хэрүүл маргааны талаар мэдэх зүйл байхгүй. Орж очиход Б-ий дүү С зүүн орны толгойн хэсэг дээр цаашаа хараад тонгойгоод хэвтчихсэн байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Ц хутгалсан гэж ярьцгааж байсан. Би хорооны зүүн талд байсан болохоор тэр 2-н гадаа маргалдсан муудсан зүйл сонсоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

1.8. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Баянтал сум руу хүн хүргэж өгөх ажилтай явж байгаад замаар Ц-ын гэрээр очсон. Тэгээд Ц хийсэн юм байхгүй гэхээр нь Баянтал хамт явахаар болоод миний Ниссан эдван маркийн 74-52 ГСА улсын дугаартай машинаар Баянтал явсан. Тэгээд Баянтал явж хүнээ хүргэж өгөөд машиндаа бензин хийж дэлгүүр орчихоод буцаж явж байсан чинь Эвзэд гэх газар хороон дээрээ хүн өвс буулгаж байхаар нь өвсний үнэ асуух зорилготой очсон чинь Доржсүрэн гээд миний танил залуу өвс буулгаад байж байсан. Тэгээд мэнд ус мэдээд явах гэтэл бид 2-г гэрээр ороод цай уугаад яв гэсэн. Тэгээд Доржсүрэнгийнд очоод цай унд уугаад сууж байхад Доржсүрэн нэг шил 0.75 граммын Эдэн нэртэй архи гаргаж өгөөд түүнийг нь Ц бид 2 хувааж уусан. Доржсүрэн нээх уугаагүй ганц нэг л татсан байх. Тэгээд Д-с 17 цагийн үед хөдөлсөн. Тэгээд замаараа А-нд очно гэж 1 шил архи авсан байсан болохоор А-нд очоод Баянталаас авсан нэг шил архиа Амгалан Ц бид 3 хувааж уугаад цааш гэр лүүгээ явах гээд хөдөлсөн. Нилээн харанхуй болсон байсан. Яг хэд болж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд явж байсан чинь Ц Д-р очно юм захисан байгаа гээд Д-нд очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд Б эгчийнд очсон чинь Д-н тэнд байсан. Тэнд очиход Б, Д, Б, Б-ны эхнэр Ж нар байсан. Архи дарс уусан эсэхийг мэдэхгүй байна. Бид хоёр Б эгчийнд очоод цай унд уугаад сууж байсан чинь гаднаас С гэх залуу эхнэр хүүхдүүд болон 2 залуутай орж ирсэн. Тэгээд байж байтал Б гэрээс гараад явсан. Тэгээд байж байсан чинь Ц, С нар маргалдаад байсан. Юунаас болсон эсэхийг нь мэдэхгүй. С нь Ц-т хандаад чи энэ хонхроосоо гарч үзээгүй хүн байна, би Монгол Улсын хаана ч явна гэж хэлж байсан. Тэгээд маргалдаад гэрээс гарахаар болоод С босох гэхээр нь би согтуу хүнтэй маргаад яах вэ суу гэсэн чинь бид хоёр муудаж сайндахгүй, эвээ олчихоод ороод ирнэ зүгээр гээд гэрээс гараад явсан. Тэгээд нээх удаагүй, 4 минут орчим л болсон байх. С нь Ц нуруу руу хутгалчих шиг боллоо гээд дээлээ тайлаад ороод ирсэн. Тэгээд хувцсыг нь тайлаад харсан чинь зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалчихсан байсан. Тэгээд би гэрээс гараад ирсэн чинь гэрийн үүдэнд Ц-ыг С-тай ирсэн 2 залуугийн нэг нь Д-тэй хамт хориод зогсож байсан. Тэгээд Ц-т хандаад яаж байгаа юм бэ, хүн аллаа гэж хэлээд буцаад гэр лүү орсон. Нилээн байж байгаад Ц араас гэрт орж ирээд би хэргээ хүлээнэ гээд баруун урд буланд сууж байсан. Тэгээд цагдаа дуудах болсон чинь дугаарыг нь мэдэх хүн байхгүй байсан чинь Ц цагдаа дууд, би хэргээ хүлээнэ гээд цагдаагийн дугаарыг хэлж байсан. Тэгээд би гэрт ажилтай болоод цагдаагаас хүн ирвэл хэлээрэй гэж хэлээд гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

1.9. Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байсан чинь манай дүү Г ирсэн. Тэгээд манай дүү С, дүү Г манай адуучин Д нар 2 шил архи хувааж уусан. Тэгээд манайд байж байгаад 21 цагийн үед малаа хотлуулчихаад Б эгчийнд очиж хүнтэй уулзаж хороо бууц усны асуудал ярих гэж очсон. Б эгчийнд манай нөхөр С, дүү Г, манай адуучин Д бид 4 очсон. Бид нарыг очиход Б эгчийнд Б эгч, Ц, Б, Б эгчийн найз гээд нөхөр 2 байсан. Нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд бас Дэлгэрхэрлэн нар байсан. Бид очоод цай унд уугаад сууж байсан чинь Бат-Эрдэнэ эгчийн найзын нөхөр гараад явсан. Тэгээд байж байсан чинь Ц манай нөхөр С-аас хаанахын хүмүүс юм бэ гэж асуусан чинь бид нар Дундговь аймгийн хүмүүс байна гэсэн чинь муу сайн цагаачид энд юу хийж яваа юм гээд хэрүүл өдөөд салаавч гаргаад байсан. Манай нөхөр С Монгол хүн хаана ч явна гэж хэлсэн. Тэгээд Ц зүгээр байхгүй С-т хандаад 2-лаа гарч уулзъя гээд байсан. Тэгээд Ц гараад араас нь С гарсан. Би дүү Г ахынхаа араас гар гээд гаргасан чинь буцаад С-ыг дагуулаад ороод ирсэн. Өөр гэрээс гарсан хүн байхгүй. Тэгээд С-ын дээлийг нь тайлаад харсан чинь зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалуулсан цус гарч байсан. Тэгээд Ц араас нь орж ирээд гэрийн зүүн буланд суугаад миний буруу би хэргээ хүлээнэ гээд байсан. Тэгээд цагдаа дуудах гэсэн чинь дугаарыг нь мэдэхгүй байсан чинь Ц би хэргээ хүлээнэ гээд цагдаагийн дугаар хэлээд би цагдаа дуудсан. Ц гаднаас орж ирэхдээ нүүр нь зүүн нүдний ойролцоо хацар хэсэгтээ шалбарсан байсан. Өмсөж байсан цамц нь урагдсан байгаа харагдсан. Яг хаанаа яаж урагдсан эсэхийг нь мэдэхгүй байна. Бас эмнэлэг дуудаад удалгүй эмнэлэг цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

1.10. Гэрч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байсан чинь Г гээд С-ын эхнэрийн дүү ирсэн. Тэгээд С, Г, бид нар 2 шил архи хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед малаа хотлуулчихаад Б эгчийнд очиж хүнтэй уулзаж хороо бууцны асуудал ярина гэж очсон. Б эгчийнд С, эхнэр нь, Г бид 4 очсон. Тэгээд байж байсан чинь Ц С-аас хаанахын хүмүүс юм бэ гэж асуусан. Бид нар Дундговь аймгийн хүмүүс гэж байна гэсэн чинь муу сайн цагаачид энд юу хийж яваа юм гээд хэрүүл өдөөд салаавч гаргаад байсан. С Монгол хүн хаана ч явна гэж хэлсэн. Тэгээд Ц зүгээр байхгүй С-т хандаад 2-лаа гарч уулзая гээд байсан. Тэгээд Ц гараад араас нь С гарсан. Ц-ын эхнэр нь дүү Г ахынхаа араас гар гээд гаргасан чинь буцаад С-ыг дагуулаад ороод ирсэн. Өөр гэрээс гарсан хүн байхгүй. Тэгээд С-ын дээлийг нь тайлаад харсан чинь зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалуулсан цус гарч байсан. Тэгээд Ц араас нь орж ирээд гэрийн зүүн буланд суугаад миний буруу би хэргээ хүлээнэ гээд байсан. Ц гаднаас орж ирэхдээ нүүр нь зүүн нүдний ойролцоо хацар хэсэгтээ шалбарсан байсан. Өмсөж байсан цамц нь урагдсан байгаа харагдсан. Тэгээд С-ын эхнэр эмнэлэг цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

1.11. Гэрч А.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед С ахтай уулзаж юм асуух гээд гэрт нь очсон юм. Намайг С ахынд очиход С ах эхнэртэйгээ тэгээд бас С ахын адуучин ах байсан. Бид нар С ахынд 2 шил архи уусан. Тэгээд 21 цагийн үед хонь малаа хотлуулчихаад С ах, Б эгч, С ахын адуучин бид хэд Б эгчийнд очиж Э гэж хүнтэй уулзахаар очсон. Бид нарыг очиход Б эгч, Ц, Б, тэгээд бас 2 эмэгтэй, нэг эрэгтэй байсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Нэг эрэгтэй бид нарыг орж ирсний дараа гараад явсан. Тэгээд Б эгчийнд очоод цай унд уугаад сууж байсан чинь Б эгчийн найзын нөхөр гараад явсан. Тэгээд байж байсан чинь Ц нь Саас хаанахын хүмүүс юм бэ гэж асуусан чинь бид нар Дундговь аймгийн хүмүүс байна гэсэн чинь муу сайн цагаачид энд юу хийж яваа юм гээд хэрүүл өдөөд салаавч гаргаад байсан. С Монгол хүн хаана ч явна гэж хэлсэн. Тэгээд Ц зүгээр байхгүй Ст хандаад 2-лаа гарч уулзая гээд байсан. Тэгээд Ц гараад араас нь С гарсан. Тэгтэл манай эгч Б намайг ахынхаа араас гар гээд би гараад очсон чинь Ц, С ах хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Ц дээгүүрээ цээж нүцгэн байсан. Ц анх гэрээс гарахдаа дээлээ тайлаад гарч байгаа харагдсан. Өөр хүн гэрээс гарч ирээгүй. С ах надад нуруунаас нойтон оргиод байна гэхээр нь би гэр лүү дагуулж ороод дээлийг нь тайлуулаад харсан чинь зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалуулсан байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор нээх юм харагдаагүй. Тэгээд харин Ц гэрт орж ирэхэд харсан чинь дээгүүрээ цамцаа өмсчихсөн байсан, цамц нь урагдсан нүүрний баруун нүдний хавьдаа халцарсан байгаа харагдсан. Анх гэрт ороход Ц-ын нүүрэнд нь шарх шалбархай харагдаагүй. Би удалгүй гэрээс гараад явсан. Удалгүй эмнэлэг цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

1.12. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 21 цаг хавьцаа саахалтын Б-нд очоод байж байсан чинь гаднаас Ц Б нар орж ирсэн. Тэгээд тэр 2 цай унд уугаад сууж байсан чинь Б эгчийн садангийн хүн С эхнэр хүүхдээ дагуулаад бас 2 залуу орж ирсэн. Тэгээд байж байсан чинь Ц нь С-аас хаанахын хүмүүс юм бэ гэж асуусан чинь бид нар Дундговь аймгийн хүмүүс байна гэсэн чинь муу сайн цагаачид энд юу хийж яваа юм гээд хэрүүл өдөөд салаавч гаргаад байсан. С Монгол хүн хаана ч явна гэж хэлсэн. Тэгээд Ц зүгээр байхгүй С-т хандаад 2-лаа гарч уулзая гээд байсан. Тэгээд Ц гараад араас нь С гарсан. С-ын эхнэр хамт ирсэн нэг дүүгээ ахынхаа араас гар гээд гаргасан чинь буцаад С-ыг дагуулаад ороод ирсэн. Өөр гэрээс гарсан хүн байхгүй. Тэгээд С-ын дээлийг нь тайлаад харсан чинь зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалуулсан цус гарч байсан. Тэгээд Ц араас нь орж ирээд гэрийн зүүн буланд суугаад миний буруу би хэргээ хүлээнэ гээд байсан. Ц гаднаас орж ирэхдээ нүүр нь зүүн нүдний ойролцоо хацар хэсэгтээ шалбарсан байсан. Өмсөж байсан цамц нь зах хэсгээрээ урагдсан байгаа харагдсан. Тэгээд Сын эхнэр эмнэлэг цагдаа дуудаад удалгүй эмнэлэг цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

1.13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 348 дугаартай дүгнэлтэд:

- А.С-ын биед зүүн далны доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 349 дугаартай дүгнэлтэд:

- Ц.Ц-ын биед баруун нүдний гадна хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүдээс баруун нүдний гадна хэсгийн зулгаралт гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нурууны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

1.15. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ц.Ц, А.С нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Ц, А.С нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ц.Ц, А.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Стай ханилаад 16 жил болж байна. Хүний өөдөөс яаран үг дуугардаггүй. Даруухан зантай, хүнд их тусархуу, найз нөхөд хамаатан садангийнхаа дунд нэр хүнд сайтай. Хар багаасаа мал маллаж өссөн. 1999 оны онд цэргийн алба хаасан. Айлын бага хүүхэд байгаа юм. Архи дарс уугаад байдаггүй. Хань ижил үр хүүхдэдээ халамж анхаарал сайтай. Өмнө ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

2.2. Гэрч А.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А.С манай эгчтэй ханилж суугаад 15 гаран жил болж байна. 4 хүүхэдтэй. Хүнтэй эвтэй найртай байдаг. Хүнд их тусархуу зантай. Нээх архи дарс уугаад байдаггүй. Өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

2.3. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Ц нь нэг хүүтэй хоёулахнаа амьдардаг. Төлөв даруу зантай. Эхнэр нь хүүхдээ бага байхад нь салаад явсан. Одоо хүүхэд нь 12 настай. Энэ хүүхдээ Ц өсгөж хүмүүжүүлсэн. Ер нь хүүхдийнхээ төлөө амьдардаг. Хэзээ цэргийн алба хаасан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан цэргийн алба хаагаад ирсэн. Говьсүмбэр аймагт сургуульд сурч төгссөн. Дээд сургуульд сурч байгаагүй, тэрнээс хойш мал маллаж амьдарч байна. Найз нөхөд хамаатан садангийхаа дунд нэр хүнд сайтай. Архи дарс нээх уугаад байдаггүй, хаа нэг уусан гэж сонсож байсан. Надтай архи дарс уугаад таарч байгаагүй. Миний үгэнд их сайн ордог. Ер нь хүний үгнээс зөрөөд байдаггүй тийм хүн байгаа юм. Өмнө нь ганц нэг удаа хэрэг төвөгт орооцолдож байсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

2.4. Шүүгдэгч Ц.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

2.5. Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

2.7. Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-61 дүгээр хуудас/,

 

2.8. Шүүгдэгч А.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

2.9. Шүүгдэгч А.С мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 108 дугаар хуудас/,

 

2.10. Шүүгдэгч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 109 дүгээр дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Ц, А.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

          Иймд шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

          шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч А.С-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.

 

 Шүүгдэгч Ц.Ц, А.С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүү,лээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Ц.Ц, А.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 22.3 сантиметр урттай, шаргал өнгийн хуванцар бариултай, хажуу ажлын хэсэг дээрээ HONG LI гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдаж байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Цэрэндоржийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Б овогт А-н С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

          шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч А.С-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Ц, А.С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Ц, А.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 22.3 сантиметр урттай, шаргал өнгийн хуванцар бариултай, хажуу ажлын хэсэг дээрээ HONG LI гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ