Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/390

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ

        Улсын яллагч Д.Батзаяа,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг

  Шүүгдэгч Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн М-т холбогдох эрүүгийн 2038005780440 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг  “Халуун ус” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.36 шоо метр хуурай шинэс модыг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 809.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Д.М  нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг  “Халуун ус” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.36 шоо метр хуурай шинэс модыг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 809.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005780440 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д.М-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...  2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Халуун ус гэх газраас ганцаараа унанги модноос түлээний мод бэлтгэсэн. Мод бэлтгэсэн газрын ойролцоо хадмууд нутагладаг болохоор уг газраас мод бэлтгэсэн. Модоо бэлтгэчхээд аймгийн төвд гэртээ ирж унтчихаад маргааш өглөө нь найз Амарсанааг машинаараа ачиж өгөхийг гуйхад ачиж өгөхөөр болсон. Ингээд А-гийн  машинд түлш хийж өгөөд мод бэлтгэсэн газар луу хөдөлсөн. Модонд очоод модоо машиндаа ачаад аймгийн төв рүү хөдөлсөн. Аймгийн төв рүү шөнө орж ирж байхдаа үертийн амны постод цагдаад шалгуулсан. Цагдаа модны бичиг баримтаа гаргаад ир гэхээр нь хүнд бичиг баримт байгаа гэж хэлсэн. Уг нь Чулуунаа ахад мод бэлтгэх эрхийг бичиг авч өгөөрэй гэж өмнө захисан байсан юм. Тэгсэн Чулуунаа ах мод бэлтгэх эрхийн бичгийг авч чадаагүй гээд ирээгүй.Тэгээд цагдаа мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гээд түлээтэй машиныг журмын хашаанд журамласан. ... Цагаалаагүй. Модоо өнхрүүлж бөөгнүүлээд л ачсан. Урдаас угтах Чулуунаа ах мод бэлтгэх эрхийн бичиг, гарал
үүслийн гэрчилгээг авчихна гэж хэлсэн боловч эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ аваагүй байсан.
/хх-н18х/,

  Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Модны экологи эдийн засгийн үнэлгээг сумын орон нутгийн орлогод тушаалгах санал хүсэлттэй байна. Өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-17х/

          Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... . 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр танил М  манайд ирээд мод ачиж өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь бичиг баримттайг нь асуухад бичиг баримтыг нь авчихсан манай хамаатны ах угтана гэж хэлсэн гэж ярихаар зөвшөөрсөн. Тэгээд өөрийн эзэмшлийн кантер маркийн 7484 хөв улсын дугаартай тээврийн хэрэгслээр модонд явахаар Түнэл сумын Халуун ус гэх нэртэй газарт очсон. Модонд очиход модоо бэлтгэсэн байсан. Тэр модыг машиндаа ачиж аваад Мөрөн сум руу хөдөлсөн. Мөрөнгийн үертийн амны постонд цагдаа зогсоогоод шалгахад М  бичиг баримт ах аваад ирнэ гэсэн. Ахыг нь ирэхийг хэсэг хүлээж зогсоод ирэхгүй болохоор нь цагдаа түлээтэй машиныг журмын хашаанд оруулсан.н” гэх мэдүүлэг, /хх-19х/

              Гэрч Э.Ц-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагтай хил залгадаг Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг болон 1 дүгээр багийн даргын хамт хяналт шалгалтаар явахад Түнэл сумтай хил залгадаг Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх зөрчил гарсныг илрүүлж хэмжилт хийж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-27-28х/

              Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн: “...Иргэн Д.М-ын  бэлтгэсэн гэх мод түлээний зориулалтаар бэлтгэсэн 3.36 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод болох нь тогтоогдов. 2. Уг модны экологи эдийн засгийн үнэлээг дараах байдлаар тооцов. Босоо модноос бэлтгэсэн гэх 4.3 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ: 269.850 төгрөг, 3.Уг мод мөн. Мод бэлтгэсэн Халуун ус гэх газар нь ойн сангийн дугаар мужид хамаарч байна. 4. Мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамарддаггүй. Түнэл суманд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг газар байхгүй.. “...гэх дүгнэлт, хавсралт /хх-25х/,

Хөвсгөл аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн: “...Иргэн Д.М-ын  ойн санд учруулсан нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 809.550 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-29х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан : “... Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Д.А-ийн 74-84 ХӨВ улсын дугаартай Mitsubishi Canter маркийн автомашины үнийг 3.840.000 /гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /хх-33-34х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5х/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-7-8х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-9-12х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт /хх-25х/,

Хөвсгөл аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өдрийн дүгнэлт /хх-29х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-33-34х/,

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр  багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45-46,61х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Эрүүгийн 2038005780440 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг  “Халуун ус” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.36 шоо метр хуурай шинэс модыг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 809.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.М-ын  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

  Хохирогч Ч.Х-ийн /хх-22-23х/, гэрч Д.А-гийн /хх-24-25х/, гэрч Э.Ц-ны /хх-27-28х/, гэрч Х.Х-ийн /хх-29-31х/, гэрч Ө.Б-ийн /хх-38х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-9-16х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/9 дугаартай дүгнэлт /хх-45х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/10 дугаартай дүгнэлт /хх-58х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-63-64х/,

Шүүгдэгч Д.М-ын  экологи-эдийн засгийн хохирол нөхөн төлсөн төлбөрт 809.550 төгрөгийг төлсөн талаарх Голомт банкны орлогын баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүгдэгчийг өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй гэв.

   Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг шүүгдэгч Д.М  нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

    Шүүгдэгч Д.М  нь экологи эдийн засагт 269.850 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Д.М  нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 809.550 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Голомт банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Д.М  нь ойн санд буюу хүрээлэн буй орчинд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа ойн санд буюу хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

     74-84 ХӨВ улсын дугаартай Д  овогтой А-гийн  эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэдэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хөрөнгийн 114/200 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер маркийн Д.А-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 3.840.000 төгрөгөөр үнэлжээ.

      20380057800440 дугаартай хэрэгт 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 64 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгч  Д гийн Амарсанаад олгох, мөн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 3,36 шоометр түлээний зориулалттайгаар бэлтгэсэн хуурай шинэс модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.840.000 төгрөгийг шүүгдэгч Д. М-аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д-ийн  М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Манууст овогт Д-ийн  М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 64 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Д-гийн А-д 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 3.36 шоометр түлээний зориулалттайгаар бэлтгэсэн хуурай шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 2038005780440 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.840.000 /гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч Д. М-аас гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М т шүүхээс  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЭЭЖИН