| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Наранчимэгт холбогдох эрүүгийн 2138000000015 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус багийн иргэн ******* биед халдаж баруун бугалга, хэвлий, нуруу, баруун гуя, зүүн гуя, дагз, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус багийн иргэн ******* биед халдаж баруун бугалга, хэвлий, нуруу, баруун гуя, зүүн гуя, дагз, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000015 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Эмч Алтантунгалагийг орж ирэхээр нь чи яагаад манай нөхөртэй худаг дээр уулзаад байгаа юм бэ гэхэд өөдөөс би яагаад уулзаж болдоггүй юм гэхэд манай эгч Нарантунгалагт бид хоёрт хандаж та хоёр гадаа гар аавынд хэрэлдэхгүй гэхэд бид хоёр гадаа гарсан. Гадаа гараад үснээс нь зулгаагаад татсан чинь газар өөрөө унасан. Газар унахаар нь би дээр нь гараад 1-2 удаа цохисон. Босож ирээд шилбэ рүү нь нэг удаа өшиглөөд хоёр охиноо дагуулаад аавынхаа гэрт орсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Алтантунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ 11 цагийн үед гараад багийнхаа иргэдийн гэрийн эргэлт хийх ажлаар багаа тойрч явсан. 17 цагийн орчимд Зоригоо гэх айлд орсон...Наранчимэг нь үгээр өдөж үгийн зөрөөгүй миний аавын гэрээр орж ирдэг чи хэн бэ? янхан минь зайл гичий минь гэхэд би ажил үүргээ гүйцэтгэж явна, чамтай хэрүүл хийх гэж ирээгүй гэж хэлэхэд Наранчимэг чи миний нөхөртэй одоо болтол явалдаад байна. Хоёулаа гадаа гарна гээд намайг гэрээс түлхээд гэрээс гаргасан. Гэрээс гараад эргээд гарах гэтэл шууд үснээс зулгааж газарт унагаасан. Намайг өшиглөж цохиж байгаад миний дээр суугаад намайг зодоод байсан....Бид хоёр эвлэрч учир зүйгээ олцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай багийн эмч Алтантунгалаг гаднаас орж ирэхээр нь би сандал авч өгөөд цай хийж өгсөн. Нарантунгалаг чи үзүүл гэхээр нь би гараа угаагаад эмчид үзүүлээд дуусахад манай дүү Наранчимэг Алтантунгалаг эмчийг чи айлаар явахгүй байж яагаад манай нөхөртэй худаг дээр юм яриад байгаа юм бэ гээд манай дүү эмчийг хувцаснаас нь татаж босгоод түлхээд гадаа гарсан. Тэгээд гэрт байж байхад Алтантунгалаг эмч орилоод дүүгээ аваач гэхэд нь би гэрийн хаалга онгойлгож харахад манай дүү Наранчимэг Алтантунгалаг эмчийн дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим хадам аав ******* гэрт эхнэр Нарантунгалагийн хамт очоод сууж байтал манай багийн эмч Алтантунгалаг гаднаас орж ирсэн. Эмч ээж Отгонбаярыг та даралтаа үзүүл гэхэд би цай аягалж байна. Манай охин Нарантунгалагийг үз гэхэд нь манай эхнэр үзүүлсэн. Тэгтэл гэнэт манай хадам дүү Наранчимэг Алтантунгалагт хандаж чи айлаар явахгүй байж яагаад манай нөхөртэй худаг дээр юм яриад байгаа юм бэ гэж хэлээд уурлаж Наранчимэг эмчийг хувцаснаас нь татаж босгоод гэрээс гарсан. Гадаа гараад зодолдоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зоригоо өвөөгийн гэрт байж байтал гаднаас эмч орж ирээд манай эгч Нарантунгалагийг үзээд байж байтал манай ээж эмчид хандаж чи ямар нүүрээрээ манайд орж ирж байгаа юм гээд эмчийг дагуулаад гадаа гарсан. Би өвөөгийн гэрт цай уугаад үлдсэн. Ээж гадаа орилохоор нь би эгч Нандин-Эрдэнэтэй хамт гэрээс гарахад манай ээж Алтантунгалаг эмчийн үснээс барьсан байхаар нь ээжийн гараас татах үед эмч ээж рүү шороо цацаад бид 3 гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай:
1. ******* биед баруун бугалга, хэвлий, нуруу, баруун гуя, зүүн гуя, дагз, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. ******* биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,
Хохирогч Ш.Алтантунгалаг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 62-63-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-47, 49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000015 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус багийн иргэн ******* биед халдаж баруун бугалга, хэвлий, нуруу, баруун гуя, зүүн гуя, дагз, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ш.Алтантунгалагийн /хх-ийн 14-17-р хуудас/, гэрч ******* /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч ******* /хх-ийн 22-23-р хуудас/, насанд хүрээгүй гэрч ******* /хх-ийн 26-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,
Хохирогч Ш.Алтантунгалаг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 62-63-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2138000000015 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР