Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/89

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Г.У түүний өмгөөлөгч Б.Батчимэг /ҮД:1342/,

шүүгдэгч С.А түүний өмгөөлөгч С.Ганбат /ҮД:1426/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г-ын У, С овогт С-ын А нарт холбогдох эрүүгийн 2017000000074 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1992 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  2 дугаар баг, Рэгцэгийн 1-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, С Г-ын У /РД:............../, 

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй,  ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр 2 дугаар баг, Цагаан-Усны 2-7 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, баяжуулахын оператор мэргэжилтэй, С овогт С-ын А /РД:........./,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Г.У, С.А нар нь бүлэглэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Урсахын Ухаа гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Э.Б давхар саран тамгатай хээр зүсмийн бүдүүн морь, давхар саран тамгатай зээрд зүсмийн хязаалан үрээ зэрэг 2 тооны адуу буюу олон тооны малыг мотоцикль ашиглан хулгайлж үлэмж хэмжээний буюу 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.У, С.А нар нь бүлэглэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Урсахын Ухаа гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Э.Б давхар саран тамгатай хээр зүсмийн бүдүүн морь, давхар саран тамгатай зээрд зүсмийн хязаалан үрээ зэрэг 2 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж үлэмж хэмжээний буюу 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Адуу хулгайлах санааг би анх гаргасан. Тэр 2 адуутай Шивээговь сумаас урагшаа явж байхад таарсан. Тэгэхээр нь барьж аваад  хийсэн. Би Ад адуу хулгайлах талаар хэлээгүй. Адуугаа хийх гэж байхдаа хот хооронд явдаг М ах дээр очоод мах ачих уу? гэхэд ачна гэсэн. Улаанбаатар явах такси зогсоолоос очиж утасных нь дугаарыг авсан. Хулгайн адуу гэдгийг хэлээгүй. Бичиг гаргаж өгч чадах уу? гэхэд чадахгүй гэсэн. Улаанбаатар хот орсны маргааш нь  очиж уулзаад мах муудлаа гэхэд М гэдэг ах хөргүүр олж өгсөн. Тэгэхээр нь би А гэдэг хүнээс 200 000 төгрөг аваад 100 000 төгрөгийг М ахад өгсөн. Би мөрдөн байцаалтад хохирогч Б-т 1 800 000 гаран төгрөг өгсөн. Одоо хохирол төлбөргүй гэж бодож байсан. Гэтэл надаас 1 237 000 төгрөг нэхэмжилсэн байсан.  Түүнийг гайхаж байгаа. М гэдэг хүн надаас хөргүүрийн мөнгө гэж мөнгө аваад байсан. Үүнийг сайн мэдэхгүй байгаа гэв.

 

2. Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг ажлаас бууж ирэхэд У хамт хөдөө явчихаад ирье гэсэн. Түүнээс өөр зүйл хэлээгүй, тэгээд би хамт Шивээговь сумаас урагшаа хөдөө явсан.  Тууж ирээд хогийн балгасанд тушиж хонуулсан. Би адууг барьж өгсөн. Мөн 1 адууг нь тал хүртэл нь арьсыг нь хуулж өгсөн. Тухайн адууг хулгайн адуу гэж мэдээгүй. У надад хэлэхдээ хүнээс адуу авна гэж байсан.  Хотод очоод малын бичгээс болоод хулгайн адуу гэдгийг мэдсэн. Надад малыг бичиг олоод өгөөч гэж хэлсэн. Хохирол төлбөрт өчигдөр 400 000 төгрөг өгсөн гэв. 

 

3. Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3-р баг Луугар төгрөг гэх газар мал маллаж амьдардаг. Би 80 гаран тооны адуутай бөгөөд манайх давхар саран тамгатай. Манай хээр морь, зээрд үрээ, хээр шүдлэн үрээ, цавьдар даага, сартай хүрэн даага зэрэг 5 адуу тусдаа явдаг бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр урд айлын Хү-аас уг адуунуудыг сурахад Шивээговь сумаас урагш Халзан уулын рашаанаас зүүн урд Олон Овоогийн ард дээр байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5 адууныхаа араас тэр өдөр нь болон маргааш нь яваад олоогүй. Хүлэгбаатарын хэлсэн газар болон ойр орчимд нь байгаагүй. Ажил гараад би 08 сарын 10-нд хот яваад 11-ний өдөр эргэж ирээд байж байтал Чойрын цагдаагаас надруу залгаад давхар саран тамгатай 2 адуу хулгайд алдсан уу гэхээр нь би Чойр дээр тэр оройдоо ирж үзэхэд миний хээр морь, зээрд үрээ 2-ын толгой болон арьсыг надад үзүүлсэн. Би тамгаар нь болон дэл, зүсийг нь хараад 2 адуугаа шууд таньсан. Адуунуудын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохиролын Мс 1 071 000 төгрөгийг 2 адууны махаа зараад эргүүлэн авсан. Н байцаагчаас 400 000 төгрөг бэлнээр, нийт 1 471 000 төгрөгийг хүлээн авсан. Одоо үлдэгдэл 529 000 төгрөгийг авч чадаагүй, энэ мөнгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /х.х 9-12 хуудас/

 

4. Иргэний нэхэмжлэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа явж байхад М залгаад 2 адууны мах зарах гэсэн юм авах хүн байна уу, асуугаад өгөөч гэхээр нь хуучин ажиллаж байхдаа таньдаг байсан Баянзүрхийн махны ченж Аийн дугаарыг өгсөн. Тэгээд байж байтал өдөр цайны цагаар А надруу залгаад нөгөө 2 адууны мах чинь ямар ч бичиггүй юм байна тэгэхээр нь би авсангүй, хөргүүрт хийчихлээ хүний юмыг муудуулаад яахав дээ гэж хэлсэн. Хэд хоногийн дараа А надруу залгаад би ер нь мөнгөө авъя наад хэд чинь мөдгүй юм байна би мөнгөө эргэлдүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүмүүст хэдэн төгрөг өгсөн юм бэ гэхэд 737 000 төгрөг өгсөн гэсэн. Тэгэхээр нь би анхнаасаа зуучилсан болохоор надруу ярьж байгаа юм байна гэж ойлгоод 737 000 төгрөгийг Аэд бэлнээр өгсөн. Мөнгө өгөхөд эхлээд 200 000 төгрөгний урьдчилгаа өгчих гээд адууны мах зарсан залуу авсан. Үлдсэнийг нь дансаар өгсөн гэж хэлсэн. Энэ болохоор 1 адууны мөнгө юм билээ. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өглөө хөдөө явах гээд зах дээр очиход М байхаар нь би түүнтэй уулзаад 2 адууны бичгээ яасан бэ, А надаас 1 адууны мөнгийг нь авчихсан шүү гэж хэлэхэд 2 адууны махны бичгийг авна гээд явсан. Мөнгөний хэрэг байна чи үлдсэн 1 адууных нь мөнгийг надад өгчих тэртээ тэргүй мах нь байгаа юм чинь гэхээр нь би Мд бэлнээр 540 000 төгрөг өгөөд 40 000 төгрөгийг нь би хөргүүрт өгнө гээд аваад үлдсэн. Тэгээд нөгөө 2 адууны махны бичиг ирээгүй. Одоо болтол 2 адууны мах нь хөргүүрт байгаа. Хэд хоногийн дараа М надад наад 2 адууны мах чинь хулгайнх юм байна шүү гэж хэсэн. Би адууны махны оронд 1 237 000 төгрөг төлчихөөд байна. Энэ мөнгийг авмаар байна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

 

5. Гэрч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өдрийг нь сайн санахгүй байна Нийгмийн даатгалын хэлтэс дээр ажилд гарч байгаад өдөр 13 цагийн үед өөрийн саарал өнгийн 75-70 ГСА лсын дугаартай Приус-20 маркийн машинаар малаа харахаад хөдөө гэрлүүгээ явсан. Явж байх замд манай хорооны урд талд улаан өнгийн мотоцикль зогсож байхаар нь яваад очиход хорооны баруун талд цагаан өнгийн Алпард маркийн машин зогссон, хороон дотор 4 хүн ,А, таксинд явдаг яс М, өөр танихгүй 2 залуу байсан/ 2 тооны адуу нядлаад байж байсан. Би хорооруу ороод юу болж байна, юун адуу мал хийгээд байгаа юм гэхэд А хүний эмнэг адуу авч яваад дийлэхгүй болохоор нь танай хороонд нядалчихлаа, танайхаар орсон та гэртээ байхгүй байсан гэхээр нь би ямар учиртай адуу хийгээд багаа юм цагдаад мэдэгдэнэ шүү гэсэн чинь Атай хамт байсан нэг залуу фейсбүүкийн зар дээр бид 2 энэ хоёр адууг өртөгийг нь өгөөд хийж өгч байгаа юм, зураг хөргийг нь утсан дээрээ авчихсан байгаа гэхээр нь та нар хороо цэвэрлээрэй, наад адууныхаа эзнийг надтай ярь гэж хэлээрэй гээд явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

6. Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би яг өдрийг нь санахгүй байна. Одооноос хэд хоногийн өмнө орой нар жаргаж байхад манай төрсөн хүү А манай хашаанд хээр зүсмийн нэг тооны адууны толгой авчираад та шулаад авчих гэсэн. Тэгэхээр нь би тэр толгойг шулаад арьс ясыг нь нохойд өгчихсөн. Мах нь одоо манай хөргөгчинд байж байна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 

7. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр намайг гэртээ байж байхад яс М дуудахаар нь гараад очсон. М намайг 2-уулаа гадуур жоол явъя гэхээр нь би тэгье гээд машинд нь суусан. Тэгээд нилээн байж байтал Мгийн утас нь дуугараад нэг хүнтэй ярьсан. Нөгөө хүн нь ярихдаа цангаад байна хүйтэн ус хутгатай аваад ир гэж хэлж байсан. Тэгээд бид 2 төв Андууд дэлгүүрээс 3500 төгрөгөөр цэнхэр алаг иштэй хутга, мөн доод давхараас нь цэвэр ус худалдаж аваад Чойроос зүүн урагш 3 км орчим зайд балгаснаас зүүн урагш байсан айлын хороон дээр очсон. Бид 2-г очиход тэр айлын хороон дотор 2 залуу хоёр адуу нядлаад унагаачихсан арьсыг нь нэг нэгээр нь өвчиж байсан. Тэгээд байж байтал тэр хорооны эзэн гээд нэг ах ирээд та нар хороон дотор юу хийж байгаа юм гээд уурлаад байх шиг байсан. Тэгээд байж байгаад М бид 2 Чойр орж хоол идэхээр явсан. Явахдаа адуугаа хийж дуусгаад залгаарай гэж М тэр 2-т хэлж байсан... ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/

 

8. Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чойрын хот явдаг зогсоод дээр хотруу хүн авч явах гээд зогсож байхад Улаанаа /У/ өдөр 13 цагийн үед надтай ирж уулзаад хотруу 2 адууны мах ачуулах гэсэн юм гэхэд нь би адуугаа хийчихсэн юмуу гэхэд  хийж байгаа гэсэн. Тэгэхээр нь би хийчихээд хэлээрэй гэсэн чинь 6 байшин чиглээд явган аваад өгсөн. Тэгээд байж байтал Улаанаа утсаар залгаад хутга даадаггүй, та хутга, уух юмтай аваад ирээч Чойроос зүүн урагш айлын өвөлжөөн дээр байна гэсэн. Тухайн үед би Б-тай явж байсан бөгөөд дэлгүүрээс ус, хутга аваад утсаар хэлсэн айлын өвөлжөөн дээр нь очиход Улаанаа нэг танихгүй залуутай хамт 2 адууг хороон дотор нь оруулаад арьсыг нь өвчөөд байж байсан. Тэгээд байж байтал хорооны эзэн гэх хүн ирээд юун хүмүүс хороон дотор мал хийгээд байгаа юм бэ гээд ууралсан чинь Улаанаатай хамт байсан залуу тэр хүнийг таньдаг юм  шиг байсан. Хоорондоо юм яриад байсан. Тэгэхээр нь би Улаанаад дуусаад хэлээрэй гээд Чойр буцсан. Тэгээд 1 цаг орчим өнгөрсний дараа Улаанаа залгаад дуусчихлаа одоо ачъя гэхээр нь Батбаярын хамт очоод 2 адууны махыг машиныхаа ар талд ачаад Чойрын зогсоол дээрээс 3 хүн аваад Улаанаагийн хамт хотод 20 цагийн үед ирсэн. Би Улаанаад мах ачихдаа 60 000 төгрөгөөр ачна гэж хэлж байсан. Тэгээд замд явж байхад Улаанаа мах авдаг таньдаг хүн байна уу гэхээр нь би найзынхаа эхнэр Эрдэнэчимэгрүү яриад мах авах таньдаг хүн байна уу гэж асуухад одоо орой болсон байна, өглөө ярья гэсэн. Хотруу ороод хүмүүсээ буулгахад Улаанаа махаа зарж чадахгүй болчихлоо таньд таньдаг айл байна уу гэхээр нь би Цайзын ард манай найзын хашаанд буулгах юмуу гэхэд тэгье гээд Цайзын ард байдаг манай найзын грашид буулгаад би гэрлүүгээ харьсан. Улаанаа замд ботаник дээр буухдаа маргааш махаа зараад мөнгө өгье гээд надаас 20 000 төгрөг аваад үлдсэн. Мах грашид буулгаж байхад Эрдэнэчимэг надруу залгаад наад мах чинь бичигтэй биздээ гэхэд бичиг нь байхгүй маргааш өглөө багийн эмчээсээ бичиг авчихна өнөөдөр авах гэсэн чинь тарилгатай хөдөө явсан байсан гэж У-ийн хэлснийг дамжуулсан. Тэгээд маргааш өглөө нь У надруу залгаад нөгөө хүнтэйгээ яриад өгөөч гэхээр нь би Э-ээс асуухад мах авах хүн нь Ургах наран хорооллоос ирж байгаа, махны бичгээ авчраарай гэсэн шүү гэснийг дамжуулж хэлсэн. Улаанааг дагуулаад найзынхаа грашаас махыг нь ачаад Нарантуул орсон. Улаанаа надаас махны бичиг авах гэсэн юм гээд 40 000 төгрөг зээлсэн. Тэгээд мах авах хүн Нарантуул дээр ирээд махны бичиг ирээгүй гэдгийг мэдээд бичигггүй бол авахгүй, бичгийг нь иртэл хөргүүрт хийж байхгүй юу, муудлаа ш дээ гэсэн. Тэгээд махаа хөргүүрт аваачиж хийчихээд Улаанаа мах авах хүнээс урьдчилгаа 400 000 төгрөг бэлнээр аваад үлдсэн мөнгийг нь бичиг ирэхээр авья гэж хэлээд явсан... ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/

 

9. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С.А миний төрсөн дүү байгаа юм. Эхээс 2-уулаа айлын бага хүүхэд. Сүмбэр сумын 2-р сургуульд 8-р анги төгссөн. Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийг уурхайн баяжуулалт мэргэжлээр 2010 онд төгссөн. Тусгай дунд боловсролтой, эхнэр хүүхэдгүй. Одоо Булган-Уул ХХК-д уулын баяжуулалтын оператороор ажиллаж байгаа. 2017 оны 07-р сараас хойш ажиллаж байна. Хувийн зан байдлын хувьд ээжийн хувьд амьдардаг, үг дуу цөөтэй, түргэн ууртай, даруухан архи дарс хэрэглэдэггүй. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/

 

10. Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С.А миний төрсөн хүү байгаа юм. Сүмбэр сумын 2-р сургуульд 8-р анги төгссөн. Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийг уурхайн баяжуулалт мэргэжлээр 2010 онд төгссөн. Тусгай дунд боловсролтой, эхнэр хүүхэдгүй надтай хамт амьдардаг. Хувийн зан байдлын хувьд миний үгнээс гардаггүй. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57 хуудас/

 

11. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Э надруу залгаад зооринд чинь мах хийчихье, мөнгө төгрөгийг нь өгнө гэхээр нь би лагер дээрээ байна, манай хашаанд байдаг хүүхнээс  түлхүүр аваарай гэж хэлсэн. Намайг маргааш нь гэртээ ирэхэд манай хөргөгчинд адууны мах хийчихсэн байсан. Ахын хүүхдээс асуухад А ах адууны мах хийсэн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/

 

12. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өглөө надруу зах дээр гэдэс зардаг байсан Эрдэнэчимэг залгаад 2 адууны мах авах уу гээд утасны дугаарыг чинь мах зарах хүнд өгчихье гэсэн. Удалгүй нэг танихгүй дугаараас залгаад Эрдэнэчимэг яриуллаа мах авах уу гэхээр нь би үзье гээд Нарантуул захаас Чойр явдаг зогсоол дээр хилээ аваад очсон. Үзэхэд зөвхөн мах нь байсан, арьс шир, толгой нь байгаагүй. Тэгээд би махыг нь үзээд 1 кг-г нь 4700 төгрөгөөр авъя гэхэд тэг тэг гэсэн. Яг авахаар болоод махны бичгээ гэхэд мах зарах гэж байсан залуу махны бичиг байхгүй, авах гэсэн чинь малын эмч нь согтуу байсан гэсэн. Тэгэхээр нь би бичиггүй мах авдаггүй гэсэн..:” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-35 хуудас/

 

13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 2-7, 14-17 хуудас/

 

14. тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 52-55 хуудас/

 

15. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт, эд хөрөнг битүүмжилсэн тэмдэглэл  /х.х-ийн 40, 46-49, 51 хуудас/

 

16. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84 хуудас/

 

17. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-89 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.А, Г.У нарыг олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч С.А, Г.У нар гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлтээс үүдэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.У, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан J5053407 тоот моторын дугаартай 08-42 ГСЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль нь  Т.О-рын нэр дээр байх боловч шүүгдэгч Г.У айлд хонь хяргаж өгөөд хөлсөнд авсан болох нь Т.О-ын /хх-ийн 36-р хуудас/ мэдүүлэг, шүүгдэгч Г.Уын /хх-ийн 64 дүгээр хуудас/ мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 14-нйи өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Б нийт 2 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Эийн нэхэмжилсэн 1.237.000 төгрөгөөс шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлгийн явцад 618500 төгрөгийг төлснийг дурдаж, шүүгдэгч Г.Уаас 618.500 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот  Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 10Б-519 тоотод оршин суух Жалайр айгир овогт Г-ын Э-т олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт С-ын А, С овогт Г-ын У нарыг олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аг 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг  02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан J5053407 тоот моторын дугаартай 08-42 ГСЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Уаас 618.500 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот  Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 10Б-519 тоотод оршин суух Жалайр айгир овогт Г-ын Э-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, Г.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ