| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07403/И |
| Дугаар | 102/ШШ2016/05990 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/05990
2016 оны 12 сарын 07 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05990 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороо, 49-р байрны 16 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ТЕ81030779, Тунгалаг овогтой Тунгалагийн Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 86-р байрны 7 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр КЮ85100702, Түлээчин овогтой Эрдэнэтөгсийн Золзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40 680 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Э.Зоригоо, хариуцагч Э.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зоригоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Э.Золзаяа нь 2015 оны 05-р сарын 25-ны өдөр Т.Бямбасүрэнгээс 25 сая төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны 15-3 тоот хаягт байрлах 335 м.кв газар, хувийн орон сууц, гаражийг барьцаалж зээлсэн. Энэ зээлээс хүү 6 сая төгрөг, зээлд 4 сая төгрөг төлж, үндсэн зээлээс 21 сая төгрөг төлөөгүй. Гэрээний хугацаа дуусаад 8 сар болсон, гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон тул 10 500 000 төгрөг нийт 31 500 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2016 оны 1-р сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 1-р сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг зээлсэн боловч 1 620 000 төгрөгийг төлж, 9 180 000 төгрөг төлөөгүй. Иймд Э.Золзаяагаас 40 680 000 төгрөг нэхэмжилсэн. Э.Золзаяа нь 2016 оны 11-р сарын 9-нд 400 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 40 280 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Золзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Бямбасүрэнгээс хашаа байшин, газар, гаражаа барьцаалан 25 000 000 төгрөгийг зээлж, үүнээс 10 000 000 төгрөгийг төлсөн. Дараа 2015 оны 11-р сарын 22-нд 5 000 000 төгрөг, 2016 оны 1-р сарын 22-нд 5 000 000 төгрөг зээлсэн. Мөнгийг өдөр өдөрт 180 000 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Зээлийг зах дээр бараа зарахаар зээлсэн боловч чадаагүй, одоо ажилгүй байгаа. Бямбасүрэнтэй сар сард мөнгө өгч байя гэж гуйсан, үлдсэн мөнгийг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн нь Э.Золзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40 680 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч 4 280 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Т.Бямбасүрэн нь 2015 оны 05-р сарын 25-ны өдөр Э.Золзаяатай “Зээлийн гэрээ” байгуулж 25 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Г-2201010338 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны 15-3 тоот хаягт байрлах 335 м.кв газар, Ү-2201042591 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гаражийг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 4-8/ байна.
Зээлдүүлэгч 2015 оны 5-р сарын 25-ны өдөр 25 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байх ба үүнээс 10 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.
Талууд 2016 оны 01-р сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 01-р сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байх ба үүнээс 1 620 000 төгрөгийг зээлдэгч буцаан төлсөн байна.
Зээлдэгч Э.Золзаяа нь 2015 оны 05-р сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 25 000 000 төгрөг, 8 сарын хүү 10 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 10 000 000 төгрөгийг төлсөн, бусад 25 000 000 төгрөгийг төлөөгүй байжээ.
Гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар зээлдэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх тул зээл 25 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг нийт 31 500 000 төгрөгийг хангах үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагч нь 2016 оны 01-р сарын 11-ний өдрийн 5 000 000 төгрөг, 2016 оны 01-р сарын 22-ны өдрийн 5 000 000 төгрөгийг тус бүр 8 хувийн хүүтэйгээр тооцож нийт 10 800 000 төгрөгийг төлөхөөс 1 620 000 төгрөг төлсөн, үлдэх 9 180 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Зээлдэгчийн төлбөл зохих үүрэг 31 500 000+9 180 000 =40 680 000 төгрөг, үүнээс 2016 оны 11-р сарын 9-ний өдөр төлсөн 400 000 төгрөгийг хасч 40 280 000 төгрөг байна.
Хариуцагч Э.Золзаяа нь 40 280 000 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэтөгсийн Золзаяагаас 40 280 000 /дөчин сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж Тунгалагийн Бямбасүрэнд олгосугай.
2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Г-2201010338 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны 15-3 тоот хаягт байрлах 335 м.кв газар, Ү-2201042591 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гаражийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 300 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Золзаяагаас 358 300 /гурван зуун тавин найман мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА