| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2018/0059/Э |
| Дугаар | 294 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 294
Б.Ц-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор М.Хэрлэнчимэг,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1706020830312 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Б-ийн Ц-, 1987 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Өмнөговь аймаг төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Солонго” ресторанд зохион байгуулагч ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: /,
Б.Ц- нь 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” ресторанд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа бараа материалын мөнгө 6.336.382 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ц-ийг итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ээс 736.382 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Сэргэлэнд олгож, Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц- давж заалдах гомдолдоо: “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үүндээ гэмшиж байгаа бөгөөд өр төлбөртөө 5.600.000 төгрөгийг хохирогч Л.Сэргэлэнд төлсөн. Одоо үлдэгдэл 736.382 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг авсан. Өр төлбөрөө барагдуулахын тулд одоо ажиллаж байгаа ажлаасаа цалингийн зээлд 5.600.000 төгрөгийг авсан бөгөөд тухайн зээлээ төлж барагдуулахын тулд ажилдаа ажиллах нэн шаардлага тулгарч байна. Мөн үлдэгдэл төлбөрөө ч гэсэн түргэн хугацаанд төлж дуусгах тал дээр анхаарах бодолтой байна. Иймд надад оногдуулсан 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэнсэх ялаар сольж, өөрчилж өгөхийг хүсэж байна...” гэжээ.
Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Б.Ц-ийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж, чанар хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Б.Ц- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” ресторанд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс мөн оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд тус байгууллагын бараа материалын мөнгө болох 6.336.382 төгрөгийг хувьдаа авч завшсан болох нь:
- хохирогч Л.Сэргэлэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би “Солонго” зоогийн газрыг ажиллуулдаг юм. Ц- нь тус зоогийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс зөөгчөөр ажилд орсон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагчаар дэвшин ажилласан... 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай зоогийн газартай хамтарч ажилладаг байгууллагууд бараа бүтээгдэхүүн авсан мөнгө төгрөгөө нэхэмжилсэн. Би гайхаад хаанаас ямар өр тооцоо гараад ирэв гэж ... зохион байгуулагч Ц-ийг дуудаж асуухад “надад мөнгөний хэрэг гараад бараа бүтээгдэхүүн худалдан авах мөнгийг хувьдаа хэрэглэсэн юм, би зоогийн газарт учруулсан хохирлыг ... бүрэн төлж барагдуулна” гэж хэлсэн. Тэгээд энэ тухай амлалт бичгийг Ц-ээр бичүүлж, нотариатаар баталгаажуулсан байгаа... Ц- нь учруулсан хохирлоосоо 5.600.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 736.382 төгрөгөө нэхэмжилж байна...” /хх-ийн 31, 98/,
- гэрч Б.Халиунгэрэлийн “...би “Солонго” ресторанд ерөнхий менежерийн ажил эрхэлдэг... 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай ресторанд үхэрийн хавирга нийлүүлдэг харилцагч маань тухайн өдөр кассан дээр сууж байсан эмэгтэйд хандан “Танай ресторан манайхаас 2 сар гаран хугацаанд мах зээлээр авсан байна, өрөө төл” гэж хэлсний дагуу рестораны захиргаа энэ талаар мэдсэн. Тэгээд маргааш өдөр нь зохион байгуулагч Ц-ээс энэ талаар асуухад өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусад харилцагч нараас зээлээр бараа материал авах ёстой байсан нийт 6.336.382 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байсан...” /хх-ийн 39/,
- гэрч Э.Алтанцомтын “...Ц- гэх хүн миний эхнэр байгаа юм. Тухайн үед эхнэр бид хоёр 4,0 сая гаруй төгрөгийн өрөнд орсон байсан. Тэгээд энэ өрөө төлөх гэж байгаад ийм асуудалд орсон. Учруулсан хохирлыг эхнэр бид хоёр төлж барагдуулах болно...” /хх-ийн 41/ гэсэн мэдүүлгүүд,
- шүүгдэгч Б.Ц-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 36-52/,
- Б.Ц-ээс “Шинэ хөдөлгөөн” ХХК-д бичиж өгсөн тайлбар /хх-ийн 6/, нэхэмжлэл, зарлагын баримтууд /хх-ийн 9-16/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Ц- ажил албан тушаалын хувьд байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үүнээс Б.Ц-ийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг Б.Ц-ээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан заалтад тус тус нийцжээ.
Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ийн ял шийтгэлийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ц-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад, анхан шатны шүүх “Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай” шийдвэртээ “Шүүх хуралдааныг хүртэл шүүгдэгч Б.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж ташаарч бичсэнийг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Н.БАТСАЙХАН