Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 426

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, нэхэмжлэгч О.О-н нэхэмжлэлтэй, ХХААХҮС-д холбогдох захиргааны хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О /итгэмжлэл хх 110 арын нүүр/, өмгөөлөгч М.М /гэрээ хх 14-15/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н /итгэмжлэл хх 33/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.О-н нэхэмжлэлийн агуулга /хх 1-2, 16-17/:

ХХААХҮС нь Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно.”, “ХХААХҮС, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам”-ын 1.2-т “Буудай үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд байгууллага /цаашид буудай үйлдвэрлэгч гэх/-аас дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Улсын нөөцийн газарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудай тонн тутамд Засгийн газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгоно”, 1.4-т “Тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжээс энэ журамд заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ХХААХҮС урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэнэ”, 3.16-д “Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь урамшуулалд хамрагдах аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг ХХААХҮС урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэнэ”, 3.16-д “ХХААХҮС-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь урамшуулалд хамрагдах аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг ХХААХҮС-н тушаалаар шийдвэрлүүлнэ.” гэж заасны дагуу зохих шаардлага хангасан хүнсний буудайнд урамшуулал олгох үүрэгтэй билээ. 

Нэхэмжлэгч О.О нь 2016 онд хураан авч  нийлүүлсэн хүнсний буудайнд урамшуулал авах материалаа бүрдүүлэн хугацаанд нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуй мэргэжилтэнд өгсөн байдаг боловч, материалыг авсан мэргэжилтэн ажлын хариуцлага алдаж нэхэмжлэгчийн материалыг хугацаанд нь явуулаагүйгээс 2017 оны урамшуулалд хамрагдаж чадаагүй. Ингээд 2017 оны хавраас эхлэн дахин хөөцөлдөж, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргаар уламжлуулж, дараа нь нэхэмжлэгч өөрөө ХХААХҮС-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр холбогдох материалаа хавсарган урамшуулалд хамруулах хүсэлт гаргасан. Гэвч ХХААХҮС-н өмнөөс ХХААХҮС-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 2016 онд нийлүүлсэн буудайнд урамшуулал олгох боломжгүй” гэсэн хариуг 2018 оны 01 дүгээр сард өгсөн. 

Нэхэмжлэгч нь хураан авч нийлүүлсэн буудайн талаар ямар нэгэн буруу, ташаа мэдээлэл өгөөгүй, холбогдох хууль тогтоомж, журам зөрчөөгүй, хугацаандаа материалаа өгсөн. Харин төрийн албан хаагч ажлын хариуцлага алдсан. Хариуцагчийн зүгээс энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, хүнсний буудайнд урамшуулал олгох шийдвэр гаргах ёстой байтал буудайн урамшуулал олгох боломжгүй гэсэн үндэслэлгүй хариу өгч байгаа нь хариуцагч ХХААХҮС өөрөө хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл, ХХААХҮС өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн нийлүүлсэн хүнсний буудайнд урамшуулал олгохоос татгалзаж байгаа нь хууль бус байгаа тул холбогдох захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХХААХҮС Б.Б бичгээр гаргасан буудайн урамшуулал хамруулж өгнө үү гэсэн хүсэлтэд ХХААХҮС-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Б бичгээр хариу өгсөн бөгөөд уг албан бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авахад албан бичгийн огноог 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж буруу бичсэн байсан. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ямар нэгэн албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгөөгүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлтэд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой хариу өгч байгаа нь өөрөө техникийн алдаатай гэдгийг албан бичигтэй танилцахдаа мэдсэн болно. 

Иймд “2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг ХХААХҮС-д даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргаж байна гэжээ. 

2.Хариуцагч ХХААХҮС-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга /хх 37 х/: 

ХХААХҮС, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 тоот тушаалаар батлагдсан “Хүнсний буудайнд урамшуулал олгох журам”-ын 11 дүгээр заалтад тухайн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газар, дотоодын гурилын үйлдвэрүүд болон улсад хүнсний зориулалтаар буудай нийлүүлсэн аж ахуй нэгж, иргэд буудайн урамшуулалд хамрагдах хүсэлт гаргаж болно гэж заасан.

Мөн тухайн жилдээ урамшуулалд хамрагдаагүй иргэн, аж ахуйн нэгжид урамшууллыг нөхөн олгох эрх зүйн үндэслэл энэ журамд заагдаагүй байна.

Тиймээс тус журмын 1.4, 3.16 дугаар заалт нь зөвхөн тухайн жилд нийлүүлж урамшууллын материалаа хугацаанд нь бүрдүүлж ирүүлсэн иргэн аж ахуй нэгжийн хүнсний буудайнд хамаарах тул иргэн О.О-н нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Жич: 2016 онд хугацаандаа материалаа бүрдүүлэн ирүүлсэн 726 иргэн, хуулийн этгээдийн 292,4 мянган тонн хүнсний буудайн урамшуулалд 14.962.349.400,0 төгрөгийг  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолын дагуу ХХААХҮС-н 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А-26 дугаар тушаалаар олгогдсон болно

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О-с шүүхэд дараахь нэхэмжлэлийн шаардлагыг ХХААХҮС-д холбогдуулан гаргажээ /хх 28-31/:

1.2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа ХХААХҮС-н эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох;

2.Буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг ХХААХҮС-д даалгах.

Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч О.О нь 74.9 тн хүнсний улаан буудайг “ЭФ” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нийлүүлжээ /хх 5-8/.

Нэхэмжлэгчээс төрөөс тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор улаан буудайн 1 тн тутамд олгодог урамшуулалыг 2016 онд хураан авсан 74.9 тн хүнсний улаан буудайнд авахаар материал бүрдүүлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн мэргэжилтэнд өгсөн боловч түүний материалыг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хугацаанд нь хүргүүлээгүй гэдэг нь нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын албан тоот зэргээр тогтоогдож байна /хх 9/.

Үүний дараа Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргаас “...тус сумын 2-р багийн иргэн О.О нь 74.9 тн улаан буудайг “ЭФ” ХХК-д тушаасан урамшууллын материалыг хүргүүлэлгүй хоцроож, хариуцлагагүй алдаа гаргасан байна. Иймд тус сумын иргэн О.О-н материалыг нөхөн авч урамшуулалд хамруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий албан тоотыг хариуцагч ХХААХҮС-д 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлжээ /хх 9/. 

Нэхэмжлэгчээс “...2016 онд орхон аймгийн “ЭФ” ХХК-д хураан авсан 74.9 тн улаан буудайг тушаасан билээ...урамшуулалд хамрагдах хүсэлтээ Булган аймгийн Сэлэнгэ сумын ХААН мэргэжилтэн А.Алтанбаганад өөрийн гарт нь өгсөн боловч харамсалтай нь миний материал танай яаманд ирээгүй ...дээрх мэргэжилтний хариуцлагагүй алдаанаас болж материалыг хоцроосон байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж материалыг нөхөн авч урамшуулалд хамруулж өгнө үү.” гэсэн хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч ХХААХҮС-д гаргажээ.  

Энэхүү нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч талаас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, “...ХХААХҮС, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 тоот тушаалаар батлагдсан “Хүнсний буудайнд урамшуулал олгох журам”-ын 11 дүгээр заалтад тухайн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газар, дотоодын гурилын үйлдвэрүүд болон улсад хүнсний зориулалтаар буудай нийлүүлсэн аж ахуй нэгж, иргэд буудайн урамшуулалд хамрагдах хүсэлт гаргаж болно гэж заасан тул 2016 онд нийлүүлсэн буудайнд урамшуулал олгох боломжгүй байгааг мэдэгдэж байна.” гэсэн хариуг нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн гэдэг нь тогтоогдож байна /хх 27/.

Хууль зүйн үндэслэлийн талаар: 

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно.”, 19.6-д “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг тариалангийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь эрхтэй: 20.1.1.хууль тогтоомжид заасны дагуу төрөөс дэмжлэг авах;” гэжээ. 

Эдгээр заалтаас үзэхэд тариалан эрхлэгч нь тариалангийн үйлдвэрлэл эрхэлснийхээ төлөө төрөөс дэмжлэг авах эрхтэй бөгөөд төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор мөнгөн дэмжлэг үзүүлж болдог байна. 

Хүнсний улаан буудай үйлдвэрлэгч иргэд, байгууллага дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн газарт стандарт нийцсэн хүнсний буудай нийлүүлсэн тохиолдолд хүнсний буудайн тонн тутамд Засгийн газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгодог байна .  

Тухайн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газар, дотоодын гурилын үйлдвэрүүд болон хүнсний зориулалтаар буудай нийлүүлсэн байх шаардлагад нийцсэн тариалан эрхлэгч иргэн, байгууллага нь урамшуулалд хамрагдах хүсэлт гаргаж болохоор байна.  

Энэ шаардлагад нийцсэн буудайн урамшуулалд хамрагдах хүсэлт гаргах иргэд, байгууллага хүсэлт, бүрдүүлэх шаардлагатай материалын хамт Сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, Сумын Засаг даргын Тамгын газар нь материалыг хүлээн авч, материалын бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг хянан баталгаажуулж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор албан тоотоор хүргүүлдэг. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар нь материалыг дахин хянаж, ХХААХҮС-ны Тариалан эрхлэлтийг дэмжих санд жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор албан тоотоор хүргүүлдэг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь материалыг эцэслэн хянаж, нэгтгэн ХХААХҮС-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлдэг байна. Үүний дараа яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь урамшуулалд хамрагдах аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг ХХААХҮС-н тушаалаар шийдвэрлүүлдэг байна. 

Дээрх хууль зүйн үндэслэлийг маргааны хувьд авч үзвэл, хэдийгээр нэхэмжлэгч О.О нь тариалангийн үйлдвэрлэл эрхэлж тухайн жилд хураасан улаан буудайнд урамшуулал авах эрхтэй. Гэвч 2016 онд хураан авч, “ЭФ” ХХК гэх гурилын үйлдвэрт нийлүүлсэн улаан буудайнд урамшуулал авах түүний хүсэлт, холбогдох материал нь хариуцагч ХХААХҮС-н харьяаллын байгууллага болох Тарилан эрхлэлтийг дэмжих санд тухайн жилдээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирээгүй харин нэг жилийн гаруйн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр /өмнөх жилд буюу 2016 онд хураан авч гурилын үйлдвэрт нийлүүлсэн нэхэмжлэгчийн урамшуулал авах хүсэлт/ хариуцагчид иржээ. 

Иймээс хариуцагч захиргааны байгууллага нь дээр дурдсан журмын 3.11 дэх заалтын .”..тухайн жилийн ургацаас ... дотоодын гурилын үйлдвэрүүд болон улсад хүнсний зориулалтаар буудай нийлүүлсэн аж ахуй нэгж, иргэд буудайн урамшуулалд хамрагдах хүсэлт гаргаж болно”. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн 2016 онд хураан авч, гурилын үйлдвэрт нийлүүлсэн улаан буудайн урамшууллыг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус гэж буруутгах үндэслэлгүй байна. 

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлахаар заажээ. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д  захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэхийг сонгох боломжыг заажээ. 

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж заажээ. 

Эдгээр хуулийн зохицуулалтын дагуу дүгнэвэл, ХХААХҮС, Сангийн сайдын хамтарсан 2010 оны А/24/34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хүнсний буудайнд урамшуулал олгох журам”-аар хариуцагч ХХААХҮС-д улаан буудай хураан авч гурилын үйлдвэрт нийлүүлсэн иргэн, байгууллагад төрөөс жил бүр үзүүлэх дэмжлэг болох урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг олгосон. Цаашлаад уг эрх хэмжээг сайд хэрэгжүүлэхдээ зөвхөн “тухайн жилийн ургацаас гурилын үйлдвэрлэлд нийлүүлсэн”, мөн “тухайн жилийн 11 дүгээр сарын 20-ны дотор иргэд, байгууллагаас ирүүлсэн” хүсэлтийг хүлээн авч дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Энэ нь сайдад улаан буудайн дэмжлэгийн асуудлыг шийдвэрлэхдээ баримтлах хүрээ хязгаар, боломжит хувилбарыг захиргааны хэм хэмжээний актаар сайдад олгосон. 

Хариуцагч захиргааны байгууллага нь зөвхөн энэ журамд өөрт олгогдсон эрх, боломжит хүрээ хязгаарын дагуу иргэд, байгууллагад хүнсний улаан буудайн урамшуулал үзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь сайд хүнсний улаан буудайн урамшуулал үзүүлэх асуудлыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд /хуульд үндэслэн/ хэрэгжүүлэх хэм хэмжээний зохицуулалт юм. Хэрэв сайд уг журмыг зөрчин тухайн жилд нийлүүлээгүй өмнөх жилд гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний улаан буудайн урамшуулал авах нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх, эсхүл өмнөх жилд нийлүүлсэн улаан буудайг дараа жил нь хүлээн авч нөхөн олгох хэлбэрээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх тохиолдолд дээр дурдсан хэм хэмжээг буюу хуулиар зөвшөөрсөн /хуульд үндэслэх/ хүрээ хязгаарыг зөрчсөн шийдвэр болно. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрт хуулиар эрх олгогдоогүй, хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй эрхийг хэрэгжүүлсэн хууль бус шийдвэр болно.  

Иймээс хуулиар өөрт олгогдсон, хүлээн зөвшөөрсөн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн “2016 онд нийлүүлсэн улаан буудайнд төрөөс урамшуулал авах” эрхийг хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

           3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.О-с ХХААХҮС-д холбогдуулан гаргасан “2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг ХХААХҮС-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       А.САРАНГЭРЭЛ