Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүнс, хөдөө аж ахуйн яам,

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05903 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Алтантал ланд” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 037 233 290 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Сугар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/129 тоот тушаалыг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2013 оны 09 дүгээр гарын 06-ны өдрийн №2013/02 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын 11/9 тоот /Ү-2201025892, РД:000129000/, Найрамдлын 11/12 тоот /Ү- 2201025895, РД:000139403/, Найрамдлын 11/13 тоот /Ү-2201025896 РД:000139404/ хувийн сууцнууд, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Сонсголонд байх /РД:02934493/ дугаартай 40 000 м.кв газар зэргийг барьцаалж нийт 1 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй хариуцагч нь зээлж авсан.

Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж “Алтантал ланд” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл     1 500 000 000 төгрөг, хүү 129 045 163 төгрөг, алданги 408 168 127 төгрөг болон нотариатын төлбөр 20 000 төгрөг, нийт 2 037 233 290 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтантал ланд" ХХК-ийн захирал Ц.Эрдэнэсүх нь Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2013/02 тоот зээлийн гэрээ байгуулан, 1 500 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан.

Тус компани нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 26 650 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд нэхэмжлэгч талд төлсөн бөгөөд зээл авах үед ам.долларын ханш огцом өссөний улмаас их хэмжээний бодит алдагдал хүлээсэн. Ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч зээлийн хүү болон үндсэн зээлийг түр хугацаанд эргэн төлөх боломжгүй болсон тул үндсэн зээлийн хүүгээр нэг жилийн хугацаатай сунгалт хийж өгөхийг хүссэн 0/4 тоот албан бичгийг нэхэмжлэгч талд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн боловч ямар нэг хариу өгөөгүй болно.

Мөн нэхэмжлэгч талаас гэрээний 10.4 болон 12.1 дэх заасныг зөрчиж зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу эхлүүлж байгаагаа зээлдэгчид урьдчилан мэдэгдээгүй бөгөөд гэрээ байгуулсан талуудын хооронд үүссэн маргааныг юуны түрүүнд хэлэлцээрийн журмаар шийдвэрлэж харилцан тохиролцох боломжийг олгосонгүй.

Эдийн засгийн энэхүү хүндрэл нь зөвхөн манай байгууллагын хувьд үүсээд байгаа нөхцөл байдал биш бөгөөд нийт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд тулгамдаж буй асуудал юм.

Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойгоо тун сайн ухамсарлаж өөрсдийн зүгээс авч болох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч талд цаг алдалгүй мэдэгдэж ирсэн. Нэхэмжлэгч тал үүнийг ойлгож харилцан тохиролцох арга хэмжээг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх ёстой байсан. Түүнчлэн нэхэмжилж буй алданги 408 168 127 төгрөгийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Алтантал ланд” ХХК-иас 1 830 136 852 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 207 096 438 төгрөгт холбогдох хэсэг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч “Алтантал ланд” ХХК-иас 9 308 634 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...зээлийн гэрээний 6.1.1-т "Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэлд 0.1 хувийн алданги тооцно" гэж тусгасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь болон талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөлөөс дүгнэвэл зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх төлбөрийг төлөлгүй 30 хоног хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн эргэн төлөх төлбөрөөс хоног тутам 0.1 хувийн алданги тооцож төлөх үүрэгтэй байна." гэж дурдсан байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.1.1 дэх заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлийн төлбөр буюу гүйцэтгээгүй үүрэг гэдэгт зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хамтад нь ойлгоно гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасан байдаг. Энэхүү зохицуулалт нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээдүүдийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд ач холбогдолтой зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл Хүнс, Хөдөө Аж Ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон "Алтантал ланд" ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн компанийн хооронд байгуулагдсан байх тул зээлийн хүүгээс алданги тооцож шийдвэрлэсэн нь буруу байна. Түүнчлэн шүүх шийдвэр гаргахдаа уг зүйл заалтыг хэрхэн хэрэглэх талаар тодорхой тайлбар гаргаагүй болно.

Иймд шүүхээс 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд төлөх зээлийн хүүгийн төлбөрт алданги тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн дээрх хугацаанд хамаарах үндсэн зээлийн төлбөрт алдангийг тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх төлбөрийн дүнг буруу тодорхойлжээ. Нийт алдангийн хэмжээ 198 531 301 төгрөг болсон гэж шүүх шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсгийг үндэслэн алдангийг 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах үндсэн зээлийн төлбөрийн хувьд тооцвол 114 986 373.98 төгрөг болж байгаа бөгөөд ийнхүү төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1 500 000 000 төгрөг, зээлийн хүү 124 056  173 төгрөг, алданги 114 986 373.98 төгрөг болон нотариатын төлбөр 20 000 төгрөг нийт 1 739 062 546.98 төгрөгийг төлөхөөр байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн хүндэтгэн үзвэл зохих нөхцөл байдлыг харгалзан төлөх ёстой төлбөрт хуульд зааснаар дараалал тогтоон өгөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь заавал биелүүлэх шинжтэй хэм хэмжээ биш боловч гэрээний талууд нэгэнт үүрэг гүйцэтгэх дарааллыг гэрээгээр тогтоогүй тохиолдолд хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт тус заалтыг дараах байдлаар тайлбарласан байдаг. Үүнд: "Үүнийг хуулиар тогтоохдоо гэрээний талуудын хүндэтгэн үзвэл зохих хүслийг харгалзан тогтоодог" гэжээ. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ барьцааны хөрөнгөөр хангахыг хүлээн зөвшөөрсөн боловч шүүх "...барьцааны гэрээ нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч тэргүүн ээлжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалуулагч уг үүргийн гүйцэтгэлийг хангах хөрөнгө барьцаалснаар маргааны нэг тал болох бөгөөд хариуцагч "Алтантал ланд" ХХК нь барьцаалуулагч этгээд биш байх тул түүний зөвшөөрлөөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй" гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжгүй болсон тул хариуцагч зээлийн төлбөр болон түүний хүү, алдангид нийт 1 739 062 546.98 төгрөгийг ямар нэг дараалалгүйгээр нэг дор мөнгөн хэлбэрээр төлөх үүргийг хүлээж байна.

Хариуцагчийн хувьд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал нь валютын ханшны огцом өсөлт, барилгын салбарын зогсонги байдал зэрэг өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас бий болсон, түүнчлэн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах боломжгүй болсон зэрэг түүний энэхүү хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоон өгөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн зээлийн болон барьцааны эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч “Алтантал ланд” ХХК-д холбогдуулж 2013 оны 09 дүгээр гарын 06-ны өдрийн №2013/02 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үндсэн үүрэг 1 500 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн хүү 219 045 163 төгрөг, алданги 408 168 127 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 20 000 төгрөг нийт 2 037 233 390 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Алтантал ланд” ХХК нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр хариуцагч нь 1 500 000 000 төгрөгийг жилийн 4.5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан, хариуцагч зээлийн хүүд 26 650 000 төгрөг төлсөн талаар маргаангүй, талуудын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нь зээлийн гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хавсралтад тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй, хариуцагч нь зээлийн хүүг 2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлөхдөө хуваариар тогтоосон хугацааг зөрчсөнөөс гадна 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2 жилийн хугацаанд огт төлбөр хийгээгүй тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. /хх 31-34/

 

Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн дараалал хамаарахгүй юм.

 

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлд төлөх үүрэг 1 500 000 000 төгрөг, зээлийн хүү 129 045 163 төгрөг болсон талаар хариуцагч тал маргаагүй ба алдангийн тооцооллын талаар маргажээ.

 

Гэрээний 6.1.1 дэх хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон бөгөөд шүүх алдангийг 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцож, хариуцагчийн уг үүргийг 198 531 301 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийг 1 830 136 852 төгрөгөөр хангаж, үлдэх 207 096 438 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч талын зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэрээр тогтоогдох бөгөөд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудаас алданги тооцох, барьцаа байршуулах аргыг сонгосон нь хуульд харшлахгүй юм.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хуулиар хүү тогтоосон иргэний эрх зүйн хариуцлага нь талуудын гэрээгээр тогтоосон хүүд хамааруулан ойлгохгүй юм.

Иймд зээлийн гэрээний хүү нь зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамаарах ба талууд уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдангийн талаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хүүд, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасан анз тооцохгүй гэх зохицуулалт нь энэ зээлийн гэрээний үүрэгт үйлчлэхгүй болно.

 

Түүнчлэн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2013/02 тоот зээлийн барьцааны гэрээгээр С.Туулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/, Найрамдлын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, гэрчилгээний 000129000 дугаартай, 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/, Найрамдлын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, гэрчилгээний 000139403 дугаартай, 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/, Найрамдлын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, гэрчилгээний 000139404 дугаартай, 98.20 м.кв талбайтай хувийн сууц, “Монграфито” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайран дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий, 40 000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийг барьцаалжээ.

 

Барьцаалуулагч нар нь зээлийн гэрээний оролцогч тал биш, гуравдагч этгээдүүд байх ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй тохиолдолд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцаалуулагч талыг оролцуулах байжээ.

 

Иймд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, алдангийн тооцоо буруу гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 613 321 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА