| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0085/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/90 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/90
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Х.Анхсүрэн,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.О,
хохирогч Г.Ч түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З овогт Б-ын От холбогдох эрүүгийн 2017001420092 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Айраг суманд Цэцэрлэгийн манаач ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Айраг сум, .......-р баг Төмөр замын ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх З овогт Б-ын О /РД:::::::::::/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.О нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 209/464 километр шонгийн орчим 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчим 58-99 ДГА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Г.Чийн жолоодон явсан улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн араас мөргөж жолооч Г.Чийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 209/464 километр шонгийн орчим 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчим 58-99 ДГА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Г.Чийн жолоодон явсан улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн араас мөргөж жолооч Г.Чийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн машинтай Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Айраг сум орох гээд 2 зорчигчийн хамт явж байсан. Би 70 км цагийн хурдтай явж байсан. Баянтал сум өнгөрөөд явж байтал гэнэт л миний гэрэлд мотоцикль ороод ирсэн. Осол 22 цаг 05 минутанд болсон. Миний бодлоор зам тээврийн осол гарахад хохирогч бид хоёрын хоёулангийнх нь буруутай үйл ажиллагаа байгаа гэж бодож байна. Хохирол төлбөрт 3 сая төгрөг өгсөн, мөн осол гарсны маргааш нь хохирогчийг Улаанбаатар хот явахад гарсан 180 000 төгрөгийг манай ээж төлсөн. Мотоциклийн хохирол төлбөрт гарсан 210 000 төгрөгийг даатгалаас төлнө гэсэн гэв.
2. Хохирогч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Миний биеийн байдал одоогоор гайгүй байна. От холбогдуулж гаргах гомдол байхгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
3. Хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Чойр Хайрхан ХХК-д 2020 оны 08 дугаар сард ажилд орсон. 2020 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ харьсан. Харихад гэрт эхнэр хүүхэд 2 байсан. Тэгээд би 21 цаг 45 минутын үед Чойр орохоор өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклийг унаад ганцаараа хөдөлсөн. Чойр орж мотоциклио засварт өгчихөөд Далангаас ээж наашаа гарч байна гэхээр нь ээжийн сууж яваа машинд дайгдаад буцаад ирье гэж бодсон. Намайг хөдлөхөд гадаа харанхуй болчихсон байсан. Мотоциклийн бөгсний улаан гэрэл бүдэгхэн асдаг, дохио нь ажилладаг байсан гэж бодож байсан сая өөрөө мотоциклио очиж үзлээ монтажны утас нь холбоогүй болохоор ямар ч гэрэл дохио нь ажиллахгүй байсан байна. Мотоциклийн урд их гэрэл бас асахгүй байсан бөгөөд би Чойр орохын тулд духанд зүүдэг гар чийдэн толгойдоо зүүгээд замаа гэрэлтүүлээд хөдөлсөн. Тэгээд Лүнгийн овоо уруудаад явж байтал гэнэт нэг машин араас ирээд мөргөчих шиг болсон. Цаашаа юу болсныг мэдэхгүй нэг сэрэхэд хотод эмнэлэгт сэрсэн. Машинд мөргүүлэхийн өмнө миний мотоциклийн толинд араас ирж яваа машины хурц гэрэл гялбаад байсан. Машин ирж байна гэж бодоод урсгалдаа баруун гар талруугаа шахасхийгээд явж байтал тэр машин араас ирээд мөргөчихсөн. Унаж явсан мотоцикль миний эзэмшлийнх, улсын дугааргүй, энэ хавар манай ах Равжир надад тухайн мотоциклийг чи унаж бай гэж хэлээд бүр өгсөн. Түүнээс хойш би унаж хэрэглэж байгаа. Би тухайн орой гэрт байсан хахарсан айрагнаас уучихаад мотоциклио унаад хөдөлсөн... Ослоос болоод миний зүүн хөл гар бадайраад байгаа мөн толгой дүүрч өвдөөд байгаа. Эмчилгээ, эм тарианы мөнгө болох баримтаарт тогтоогдсон 3 сая төгрөгийг Б.Оаас дансаар шилжүүлж авсан. Мотоциклийн үнэлгээгээр тогтоогдсон 210 000 төгрөг, банкны зээлийн үлдэгдэл 5.059.721 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нэхэмжилнэ. Б.От гаргах гомдолгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 дугаар хуудас/
4. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Улаанбаатараас Айраг сум явах унаа хайгаад байж байтал Facebook дээр манай ажлын газрын О Айраг сумруу хүн авч явна гэсэн зар тавьсан байхаар нь түүнтэй холбогдоод би зах дээр очиж машинд нь суусан. Намайг машинд нь суухад нэг танихгүй залуу байсан. Намайг ирсэнээс хойш 1 танихгүй ах ирж суусан. Тэгээд О өөрийнхөө Приус 20 амркийн машинаа бариад хөдөлсөн. Би тухайн үед архи уучихсан согтуу байсан. Хэдэн цагийн үед хөдөлснийг нь мэдэхгүй байна. 17-18 цагийн үед гарсан байх, би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явсан. Замдаа 16-р зөрлөг дээр 1 хүн буулгасан, би сандлаа хойш нь болгоод унтаад явсан. Яг миний харалдаа 1 ах сууж явсан. Тэгээд явж байгаад машин гэнэт зогсоод ухрах үйлдэл хийж байхад нь би сэрээд харахад машины урд талын шил хагарчихсан. Байсан бөгөөд машинаас буухад машины урд харалдаа замын хөвөө хэсэгт мотоцикль баруун хажуу талаараа унасан байдалтай байсан. Тэгээд бид 3 жолоочийг нь хайхад машинаас нилээн ард замын баруун хэсэгт шороон дээр доошоо хараад хэвтсэн байдалтай байсан. Тэгээд бид 3 тэр хүнийг дээш нь харуулж хэвтүүлээд эмнэлэг, цагдаа дуудсан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
5. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:
2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нарантуул захаас Дорноговь аймгийн Айраг сумруу явах гээд 16 цаг өнгөрч байхад 55-88 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн машинд суугаад жолооч мөн танихгүй 2 эрэгтэй хүний хамт хөдөлсөн. Би жолоочийн эсрэг талын арын суудал дээр суусан. 16 дугаар зөрлөг дээр жолоочийн харалдаа ард сууж явсан ах буусан. Тэгээд Баянтал өнгөрөөд Лүнгийн овоо уруудаад давхиж байтал гэнэт л түр тар хийх чимээ гарсан. Тэгэхээр нь би юу болов гээд урагшаа харахад машины урд талын шил хагарсан юу ч харагдахгүй байсан. Тэгээд жолооч машинаа зогсоогоод бид 3 машинаас буугаад харахад машины урд талд замын баруун хажууд баруун талаараа унасан байдалтай мотоцикль байсан. Бууж ирээд л мотоцикль мөргөсөн гэдгийг мэдсэн. Тэгээд бид 3 мотоциклийн жолоочийг хайхад замын баруун талд шороон дээр доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид 3 очоод тэр хүнийг дээш нь харуулаад толгойг нь өндөрлөж хэвтүүлсэн. Тэр хүний хамраас нь цус гарчихсан юу ч дуугархгүй байсан. Тэгээд жолооч эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Удалгүй эмнэлэг ирээд тэр хүнийг аваад явсан. Осол гарах үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
6. Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Г.Ч бид 2 гэр бүл болоод жил гаруй болж байна. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг өнгөрч байхад манай нөхөр ажлаа тараад гэртээ ирсэн. Баянтал сумын ноосны үйлдвэрт ажилладаг юм. Ажлаасаа ирээд Чойр орж мотоциклио хүнд үлдээгээд янзлуулчихаад ирье, өглөө ажилтай юм чинь одоо явчихаад буцахдаа Далангаас наашаа гарсан унаанд дайгдаад ирье гээд ганцаараа явсан. Тухайн үед би 11 сартай хүүгийнхээ хамт гэртээ үлдсэн. Мотоцклийн гэрэл нь асахгүй байсан бөгөөд толгойндоо угалдаг гар чийдэнгийн гэрэл тусгаад хөдөлсөн. Би яг ямар гэрэл дохио нь ажиллахгүй байсан талаар хэлж мэдэхгүй байна. Манай нөхрийн биеийн байдал муу, ухаан санаа нь орж гараад байгаа. Толгойндоо хүнд гэмтэл авсан гэж эмч нар хэлсэн. Ослын өмнө зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дүгээр хуудас/
7. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
55-88 ДГА улсын дугаартай машиныг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Бэрс Финанс ББСБ-д 2 сая төгрөгөнд барьцаалж зээл аваад тухайн ББСБ-ийн нэр дээр шилжүүлсэн. Зээлээ төлж чадахгүй болохоор нь төрсөн дүү От 2020 оны 06 дугаар сард 5 сая төгрөгөөр зарчихсан. Тухайн машин нь одоо Б.Оын өмч байгаа юм. Тухайн ББСБ-д зээлээ төлж дуусгасан. Миний хувьд машинтай холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар хуудас/
8. Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б.О бол миний төрсөн хүү байгаа юм. 1992 онд Дорноговь аймгий Айраг суманд төрсөн, эхээс тавуулаа, жоохон түргэн ууртай, хүний үгнээс гардаггүй, төлөв даруу үг дуу цөөтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
9. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаартай дүгнэлтэд:
- Б.Г-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/,
10. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны 244 дугаартай дүгнэлтэд:
1. С.Э биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 35 дугаар хуудас/,
11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 245 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 35 дугаар хуудас/,
12. шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4841 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г.Ч 27н, эр” гэж хаягласан цусанд 2,0 промилли спирт илэрсэн. Цусан дэх 2,0 промилли спирт согтолтын дунд зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан цагдаагийн дэслэгч А.Б гэжээ.
13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 291 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Чийн биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал хүнд зэрэг, гэмтлийн гаралтай зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр, авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэж ээ. /хх-ийн 52-53-р хуудас/
14. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн томографи шинжилгээний хуулбар /хх-ийн
15. Шинжээч эмч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Г.Чийн биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал хүнд зэрэг, гэмтлийн гаралтай зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлсэн ч учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
16. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаанд:
-Жолооч Б.О нь Тоёота приус 20 маркийн 59-88 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасны зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
- Жолооч Г.Ч нь БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг -5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол услын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлоыг дадлага хийхээс бусад/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй авчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
- Жолооч Б.О нь Тоёота приус 20 маркийн 59-88 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасны зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна
- Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нар мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. Магадлагаа гаргасан ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Дашдондог гэжээ. /хх-ийн 60-62 дугаар хуудас/
17. Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 3-13 дугаар хуудас/,
18. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дүгээр хуудас/,
19. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 112-127 дугаар хуудас/
20. Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/
21. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэв. Ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.От оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Г.Ч нь мотоциклийн эвдрэл 210 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлсөн, мөн эмчилгээний зардал 388 330 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Оын В ангиллын 1273762 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуутраг овогт Бямбажавын Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Зуутраг овогт Б-ын Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.От оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Б.Оаас 388 330 төгрөгийг гаргуулж хохирогч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Цэвэр усны төв худаг гэх газар оршин суух Нэрэнжав овогт Г-ийн Ч-ид олгуулж, цаашид гарах эмчилгээний зардал болон цалингийн зээлийн үлдэгдэл 5 059 721 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Оын В ангиллын 1273762 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч Б.От хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ