Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/58

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, ерөнхий шүүгч М.Энхмандах, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Иргэдийн төлөөлөгч Ч.Болормаа, С.Нэргүй

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М

Гэрч Ц.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М холбогдох 2040000000061 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 40 настай, яс үндэс халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 сарын 18-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын баривчлах ялаар, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг 02 жил 01 сарын хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Д.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2020 оны 06 сарын 19-ний орой Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Дунд булаг” гэх газарт өөрийн гэртээ М.Г  маргалдаж улмаар түүний хүзүүний ар хэсэгт хутгалж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.   

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гэрэл зургууд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост шинжилгээ хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 01-49/

2.Хэрэгт хар өнгийн хуванцар иштэй хутга, алаг эрээн өнгийн даавууг эд баримтаар тооцсон тогтоол /1-р хх-ийн 25/

3.Талийгаач М.Гэрэлтулгын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-36/

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М 2020 оны 06 сарын 21-ний өдөр өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багийн нутаг Өвдөг гэх газарт хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд ганц гэрээрээ амьдардаг. Эхнэр бид 2 хүүхдүүдийнхээ хамт хөдөө байдаг, манай том хүү Г  хөдөө цуг байсан. 2020 оны 06 дугаар сарын 18-ны орой манай том хүү гэртээ хоносон. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ ганцаараа өөрийнхөө мотоцикльтой адуу хайна гээд гарсан. Манай адуунаас 1 тооны хул зүсмийн үрээ олдохгүй хэд хонож байгаа. Уг үрээгээ хайж олно гээд явсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 19-ний орой гэртээ ирээгүй, хаана хоносныг нь мэдэхгүй, утсаар холбоо бариагүй. Тэгтэл 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн хүмүүс манай том хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн. Хаана яаж яваад, ямар байдалтай нас барсныг нь мэдэхгүй. Талийгаачийн биеийн эрүүл мэнд сайн, өвдөж зовиурласан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/

5.Гэрч Ц.Д 2020 оны 06 сарын 21-ний өдөр өгсөн: “Манайх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр багийн харьяат малчин айл. Манай нутгаар зуншлага муу, өвс ногоо байхгүй учир Хэнтий аймгийн Галшар сумын нутагт отроор ирээд байгаа. Галшар сумын нутаг Дунд булаг гэх газарт ирээд 10 гаран хонож байна. Галшар сумын Дундбулаг гэх газарт нэг гэрээрээ Д.М ах, Б бид 3 хамт гарч ирээд байгаа юм. 2020 оны 06 дугаар сарын 18-ны орой би Галшар сумын төв дээр найз Т  гэрт хоносон. Д.М ах, Б 2 хөдөө гэртээ мал дээрээ хоносон. Би Галшар сумын төвд хоноод 2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө эрт 07 цагийн үед гараад хөдөө Дунд булаг гэх газарт очоод гэртээ очилгүй шууд Х  гэрийн гадаа очсон. Гэр рүү харьж байхад Х  гэрийн гадаа Д.М ахын ногоон өнгийн мотоцикль харагдахаар нь яваад очсон. Тэгэхэд Х Д.М ах, О 3 нэг шил 0.75 литрийн Хараа гэх архи хуваагаад ууж байсан. Надад архинаасаа нэг хийж өгөхөөр нь уусан. Архи ууж байхдаа би хонь худалдахаар ярьсан. Би Галшар сумын төвд байдаг гуанзны хүнд хонь зарна гэж ярьсан чинь О надад хонио өгөөд мөнгө авчих гэж хэлсэн. Би О 4 тооны төлөг, 1 хургатай хонь өгөөд 300.000 төгрөг авахаар болсон. Тэгээд манай гэрт очилгүй, хонио дараа нь авъя гэж ярилцаад Х Оюун-Эрдэнэ, Д.М ах 3 миний машинд суугаад Галшар сумын төвд ирсэн. Галшар сумын төвд Хаан банк руу орж О надад 300.000 төгрөг авч өгсөн. Би О авсан мөнгөөрөө хүнсний дэлгүүрт байсан өрөө өгч дуусгасан. Илүү мөнгөөр нь 2 шил 0.75 литрийн Экс гэх архи, 1 том савалгаатай Сэрүүн гэх пиво, бэлэн гоймон 6 ширхэг, ундаа, хиам аваад 70.000 төгрөг үлдсэн. Тэгээд Галшар сумаас гараад хөдөө гэр рүү явцгаасан. Хөдөө явж байх замдаа зогсоод 1 том савалгаатай пивоо бид нар хуваагаад уусан. Пивоо ууж дуусаад Х  гэрийн урд байдаг худаг дээр очиж зогссон. Тухайн үед худаг дээр Х  үхэр ирчихсэн байсан юм. Худаг дээр Х  үхрийг услаад байж байхад Галшар сумын нэг залуу ирж Х  уулзсан. Тэр залууг би танихгүй, тэр залуу Х  ирж уулзаад адуу хайж яваа гэж ярьж байсан. Тухайн үед худаг дээр Х Д.М ах, О бид 4 хамт байсан. Тэгтэл Х тэр залууг хамт яваад 2 шил архи хуваагаад ууя гэж ярихаар нь би Ажилтай яваа хүнийг ажлыг нь алдуулаад яахав дээ гэж хэлсэн чинь Х зүгээрээ миний найз байгаа юм, бид 2 хамт архи уудаг юм гэж хэлээд дагуулаад Х  гэрийн гадаа эхлээд очсон. Тэгээд О гэрийнх нь гадаа буулгаад, эмээл аваад машины тэвшин дээр ачаад манай гэр рүү очсон. Тэгэхэд Б нэг азарга адуу хашчихсан байхаар нь нөгөө азарга адуугаа аваад эргээд явуулсан. Бид нар Дэлгэрэх сумаас отроор ирэхдээ 5 азарга адуутай ирсэн, гэхдээ тэнд 2 азарга адуу нь байсан, бусад нь наашаа Галшар сум руу чигтэй бэлчээд байсан юм. Тэгэхээр нь Б гэрийн ойролцоо бэлчиж байгаа хашаагүй байсан нэг азарга адуугаа олоод ир гээд явуулсан. Б адуунд явсан хооронд манай гэрт Галшар сумын төвөөс авчирсан архины нэгийг нь задлаад хуваагаад уусан. Энэ архийг ууж байхдаа халуун савтай цайнаасаа бэлэн гоймонд хийгээд дарж идсэн. Эхний уусан нэг шил архийг ууж дуусахад Д.М ах тасраад гэрт унтаад өгсөн. Тэгэхээр нь Х нөгөө залуу бид 3 гэрээс гараад гэрийн зүүн урд талд эмээлийн тохом дэвсэж байгаад үлдсэн нэг шил архиа задалж уусан. Сүүлийн архийг ууж байхад нөгөө залуу Х хажуунаас нь цохиод байсан, архи уугаад сууж байхад нь цохиж унагаад байсан, босоод ирэхээр нь дахиж цохиод байсан. Тэгтэл Б адуугаа туугаад ирэхээр нь Х гэрт нь хүргэж өгөөд ир гээд явуулсан. Б Х мотоцикльтой аваад явсан. Тэгээд нөгөө танихгүй залуутай хамт бид 2 үлдээд архиа хуваагаад ууж байсан. Тэгтэл тэр залуу бас над руу агсраад байсан. Тэр залуу өөрийгөө би Галшар сумын атаман гэж хэлж байсан. Тэгж байхдаа миний мөр, бугалга руу цохиод байсан. Тэгэхээр нь би мөр муутай зодолдож чадахгүй гэдгээ хэлээд цохиулж байсан. Миний баруун мөр мултраад байдаг юм. Б Х гэрт нь хүргэж өгөөд ганцаараа ирсэн. Б ирэх үед архиа уугаад дуусаж байсан. Тэр залуу над руу агсраад дайраад байсан, тэгэхэд Д.М ах гэрээсээ гарч ирсэн. Тэр залуу над руу агсарч байгаад миний мөрийг мулталсан. Б  мөрөө эргүүлж оруулсан. Д.М ах гарч ирээд тэр залуутай хоорондоо муудаад байхаар нь Б бид 2 хамт салгах гээд голоор нь орсон чинь тэр залуу Д.М ахын нүдийг цохьсон. Тэгэхэд Д.М ахын нүд нь хавдсан. Тэр залуугийн хамраас цус гарч байсан, Д.М ах хамар руу нь цохьсон байсан. Тэр 2-ыг салгасны дараа Б хойшоо алхаад явсан. Би тэр 2-ыг салчихаар нь гайгүй болсон байх гээд явах гээд машиндаа суусан чинь Д.М ах гартаа урт нарийн төмөр барьчихсан тэр залууг хөөж байсан. Тэр залуу малын хашаа руу гүйж байгаад хашааны хойд талд ойчсон. Тэгээд яасныг нь мэдэхгүй байна. Би хөдлөөд явсан. Ер нь Д.М ахтай муудаж байх үедээ Д.М ахыг гартаа юм барингуут тэр залуу юмыг нь булааж аваад байсан. Би гэрийн гаднаас хөдлөөд Галшар сумын чигтээ яваад Галшар сумын зүүн талд У  гэдэг айлд ирж зогсоод сумын төвөөс Т  рүү яриад хүрээд ир гээд дуудсан. Удалгүй Т г ирэхээр нь машинаа үлдээгээд Т гийн мотоцикльтой хөдөө гэр рүү яваад гэрийн гадаа очоод зогсоход гэрийн гадаа хүн байгаагүй. Гэр рүү орсон чинь гэрийн зүүн хойд талд орны толгойн хажууд Галшар сумын гэх манай гэрт ирж архи уусан танихгүй залуу доошоо хараад хөлөө нугалсан, 4 хөллөсөн маягтай сууж байсан, доод талд нь аягүй их цус гоожсон, тогтсон байсан. Тэгэхээр нь тэр залууг нэрээр нь дуудсан. Би тэр залуутай анх архи уух гэж байхдаа танилцсан юм. Тэр залууг нэрээр нь дуудаад байхад хариу өгөхгүй болохоор нь цээжнээс татаад эргүүлж харсан чинь нүүр ам нь хөхөрсөн, цус гойжсон, амьсгаа байхгүй байх шиг байна гэхээр нь Т  бид 2 хамт гараад Х  гэрт очсон. Тэгэхэд тэнд Д.М ах байж байсан, мөн Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнийн дүү, өөр нэг залуу, Х нар хамт байсан. Би тэдний гэрт очоод Д.М ахаас та 2 үлдсэн биздээ юу болсон юм асуухад Д.М ах Ах нь шаачихсан юм, яадаг юм нисээд 20-25 жил авна шдээ гэж хэлэхээр нь би яаж байгаа юм бэ та гэж хэлсэн. Д.М ахын хэлсэн үгийг тэнд байсан хүмүүс сонссон. Тэгээд Т  бид 2 яаралтай эмнэлэгт дууддага өгөх гээд явсан. Х  гэрийн гаднаас хөдлөөд баруун талд нь байдаг айлд очоод утсаар нь ярьж сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд эргээд Х  гэрт очоод түргэний машин ирэхийг хүлээж байсан. Түргэний эмч нартай хамт цагдаа ирсэн. Түргэний эмч нар манай гэр рүү явсан. Бид нарыг Х  гэрийн гадаа байхад цагдаа нар ирээд Д.М ах, Х бид гурвыг бариад Галшар сумын төвд авчирсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57/

6.Гэрч Э.Энхтүвшингийн 2020 оны 06 сарын 21-ний өдөр өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 19-ний Галшар сумын төв дээр байхад манай найз Ц.Д над руу утсаар яриад Танай сумын хүн бид 3-ыг зодоод байлгүй байна гэж хэлэхээр нь ямар хүн юм бэ асуухад Эхлээд ээгий гэдэг хүн гэж хэлээд байхаар нь би ямар хүн юм бол бодоод, хэн гэдгийг нь олохгүй байсан. Тэгээд Д хаана байгаа юм, яваад очьё гэж хэлэхэд У  эгчийнд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоцикльтой гэрээсээ гараад зүүн тийшээ явсан. Тэгэхэд Галшар сумын зүүн талын хадны цаана Галшар сум руу ирж байхад нь Дорждаваатай таарч уулзаад У  эгчийн гадаа очоод Д  машиныг үлдээгээд миний мотоцикльтой гэр рүү нь явсан. Ц.Д бид 2 хамт тэдний гэр рүү явж байх замаараа Х  гэрээр орж, гэрийнх нь гадаа зогсоод Д.М ахаас Нөгөө залуу хаана байна гэж асуухад Д.М ах манай гэрт унтаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.Д бид 2 Х  гэрийн гаднаас хөдлөөд Д.М ахын гэрийн гадаа очиж зогсоод гэрт нь ороход гэрийнх нь зүүн хойд талд, орны толгойн хажууд доошоо хараад эвхэрэлдээд хэвтэж байхаар нь зүүн мөрнөөс нь татаж хажуу тийш нь харуулахад нүүр ам нь хөхрөөд цус болсон байсан. Толгой нь цус болсон байсан, хамраас нь шингэн зүйл гарч байсан. Тэгээд би артерийн судсан дээр нь гараараа дарж үзэхэд юу ч мэдрэгдэхгүй байсан, амьсгалгүй болсон байсан. Ц.Д зүрхэн дээр алгаараа дарж үзэхэд мэдрэгдэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд Ц.Д бид 2 гараад Х  гэр рүү очсон. Х  гэрийн гадаа очиж зогсоод утас асуусан, утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Х  гэрийн гадаа Даваахүү гэх залуутай уулзаад зогссон, харин Ц.Д Х  гэр рүү орж Д.М ахтай уулзсан. Ц.Д Х  гэр рүү ороод Та яаж байгаа юм бэ, та яасан юм бэ гэж асууж байгаа нь гэрийн гаднаас сонсогдож байсан. Тэгэхэд удалгүй Ц.Д гарч ирээд утас байхгүй байна гэхээр нь би явъя, хурдан дуудлага өгье гэж хэлээд Дорждаваатай хамт мотоцикльтой яваад Х  гэрээс баруун урагш байдаг Тамсагбаатар гэх айлд очоод утсаар нь Галшар сум руу дуудлага өгсөн. Тэгээд Ц.Д бид 2 хамт буцаад Х  гэрт очоод түргэний эмч нар ирэхийг хүлээсэн. Намайг Х  гэрийн гадаа байхад түргэний машин Д.М ахын гэр рүү явахаар нь би ганцаараа мотоцикльтой Д.М ахын гэр рүү явсан. Д.М ахын гэрийн гадаа очоод эмч нартай уулзахад талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би тэнд цагдаа нартай хамт байж байгаад мотоцикльтой явж сүлжээ олж дуудлага өгсөн. Би тэр шөнө тэнд цагдаа, эмч нартай хамт хоносон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60/

7.Гэрч Н.Болдхэтийн 2020 оны 06 сарын 21-ний өдөр өгсөн: “Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг. Манай нутгаар зуншлага муу байгаа учир Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багийн нутаг хэдэн малаа оторлож байгаа. Би Д.М ах, Ц.Д ах нарын хамт анх отроор ирэхэд нь хамт ирсэн. 2020 оны 06 дугаар сарын 18-ны орой Д.М ах бид 2 гэртээ хоносон. Ц.Д ах Галшар сумын төвд айлд хоносон. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө босоход Д.М ах байхгүй байсан. Хаашаа явсаныг нь мэдэхгүй байна, хониндоо явсан юм байна гэж ойлгосон. Би унтаж байгаад босоод байж байтал Ц.Д ах ганцаараа ирээд намайг адуугаа дөхүүлээд бөөгнүүлж бай моринд ажил хийнэ гэж хэлээд явсан. Ц.Д ах явахдаа Ах нь Галшар сумын төв яваад ирье гэж хэлсэн. Ц.Д ах хэлэхдээ Х Оюун-Эрдэнэ, Д.М ах нартай хамт яваад ирье гэж хэлсэн. Би тэд нарыг явсны дараа мотоцикльтой адуундаа яваад нэг азарга адуугаа тууж ирээд гэрийн гадаа байсан малын хашаанд хашсан. Намайг адуугаа хашаад хонио эргүүлж ирээд, хэдэн үрээ байхгүй байхаар нь хайж явсан. Намайг олдохгүй байсан хэдэн үрээгээ хайж яваад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь Х ах, Ц.Д ах нэг танихгүй залуугийн хамт гэрийн гадаа тохом дэвсээд архи уугаад сууж байсан. Харин Д.М ах гэртээ унтаж байсан. Намайг гэртээ ирсэн чинь Ц.Д ах Х гэрт нь хүргээд өгчих, энэ залуутай муудах гээд байх шиг байна, Х согтсон байна гэж хэлэхээр нь би мотоцикльтой Х ахыг гэрт нь хүргэж өгсөн. Х ахыг гэрт нь хүргэж өгөхөд гэрээс нь хүн гарч ирээгүй, Х ахыг гэрийнх нь гадаа буулгаж өгөөд хөдлөөд явсан. Тэгээд гэрийнхээ гадаа очиход Ц.Д ах, тэр танихгүй залуутай хамт архи уугаад сууж байсан. Би гэртээ ороод сууж байхад тэр танихгүй ах намайг гараад ир гээд дуудсан. Тэгэхээр нь гараад очиход Танай ах чинь надтай адууны наймаа хийсэнгэж ярьсан. Тэгэхэд Ц.Д ах Согтуудаа хоёулаа наймаа хийгээд дэмий байх, маргааш эрүүлдээ сайхан наймаа хийе гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу Чи юу яриад байгаа юм, эр хүн хэлсэн дээ байдаг юм байгаа биздээ гэж хэлэхэд Ц.Д ах Би тэгж хэлээгүй шдээ, эрүүл дээ болъё гэж хэлээд тэр залууг Галшар сум явъя гэж хэлээд ногоон мотоцикль дээр суусан чинь тэр залуу очоод мотоциклийнх нь түлхүүрийг булаах гэж байхад нь Ц.Д ах түлхүүрээ өгөхгүй гэсэн. Тэгтэл тэр залуу мотоциклийн түлхүүрийг өг гэж нэхэж байгаад Ц.Д ахтай маргалдаад 2 удаа тонгорч унагаасан. Тэгэхэд Ц.Д ахын мөр нь мултарсан. Тэгэхээр нь Ц.Д ахын мултарсан мөрийг би хийж өгсөн. Тэгэхэд Д.М ах гэрээсээ гарч ирсэн. Д.М ах гэрээсээ гарч ирээд мотоциклийн түлхүүрээ нөгөө танихгүй залуугаас нэхсэн чинь нөгөө залуу мотоциклийн түлхүүрийг нь өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Д.М ах мотоциклийн түлхүүрнээс болж нөгөө залуутай маргалдсан. Тэр 2 хоорондоо маргалдаж байгаад нөгөө залуу Д.М ахыг Чи тийм том юм уу, би Галшар сумын атаман байна гэж хэлээд нүүр рүү нилээн хэдэн удаа цохьсон. Д.М ахыг газар унагаж байгаад дээрээс нь цохьсон. Тэгэхэд Ц.Д ах очоод нөгөө залууг татаж Д.М ах дээрээс холдуулсан. Би Д.М ахыг босгоод цаашаа холдуулаад хорьж зогссон. Тэгэхэд тэр залуу Ц.Д ахыг түлхэж өөрөөсөө холдуулаад над руу гүйж ирээд намайг цохих гээд далайсан. Тэгэхээр нь би Д.М ахыг тавиад холдоод өгсөн. Тэгэхэд Д.М ах гэрийн гадаа байсан нарийн гадас бариад тэр залууг хөөсөн. Гэрээсээ зүүн хойшоо чигтээ хөөж байхад малын хашааны хойд тал тэр залуу ойчсон. Тэгэхэд гутлынх нь түрийнд байсан гар утас унаж байгаа харагдсан. Тэр залууг зугатаж байгаад газар унахад нь Д.М ах хөөхөө болиод гэр рүүгээ орсон. Тэгээд би Ц.Д ахын мөрийг татаж оруулж өгсөн. Тэгэхэд Ц.Д ганцаараа машиндаа суугаад баруун тийшээ хөдлөөд явсан. Би мотоциклио бариад хониндоо явсан. Гэрт Д.М ах, тэр залуугийн хамт үлдсэн. Би Ц.Д ахыг машинтайгаа хөдлөөд явахаар нь зодуулчих байх гэж айгаад хониндоо явсан. Намайг хониндоо дээрээ очоод удаагүй байхад 10 минут орчим болж байхад манай гэрийн гадаа цагаан өнгийн машин баруун талаасаа ирээд зогссон. Би гэрийнхээ хойд талаас хонин дээрээс харж байсан. Цагаан машинтай хүн гэрийн гадаа ирж зогсоод удаагүй хөдлөөд явсан, 5-6 минут болсон байх гэж бодож байна. Цагаан машинтай эхлээд хөдлөөд явсан чинь араас нь Д.М ах мотоциклио бариад дагаад явсан. Цагаан машинтай хүнийг гэрийн гаднаас хөдөлсний дараа Д.М ах мотоцикльтой хөдөлсөн. Би хонин дээрээ явж байгаад нилээн удаж байгаад гэр рүүгээ харьсан. Би Д.М ахыг мотоцикльтой гэрийн гаднаас хөдөлснөөс хойш багцаагаар 20 орчим минутын дараа гэртээ очоод хаалгаараа орох гэтэл гэрийн зүүн хойд талын хэсэгт нөгөө залуу цус болчихсон, доошоо хараад хэвтэж байхаар нь айгаад гэртээ оролгүй шууд Дорноговь аймгийн Дэлгэрэх сум руу ганцаараа мотоцикльтой явсан. Намайг Дэлгэрэх сумын төвд гэртээ байхад цагдаа нар шөнө очиж дагуулаад хэрэг гарсан газарт ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63/

8.Гэрч Б.Х 2020 оны 07 сарын 02-ны өдөр дахин өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багийн нутаг Хуурай хоолойн бууц гэх газарт зусаж байгаа, манайх Галшар сумын 4 дүгээр багийн харьяат айл ч гэсэн 5 дугаар багийн нутагт нутагладаг. Манай гэрээс зүүн тийш Галшар сумын 5 дугаар багийн нутаг Дунд булаг гэх газарт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Д.М гэх залуу малтайгаа отроор гарч ирээд байсан юм. Д.М гэх залуутай хамт Дорждаваа, Б гэх 2 дүү нь цуг ирээд нэг гэрт амьдарч байсан. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үдийн үед манай эхнэр Д.М 2 хамт Галшар сумын төв рүү мөнгө авахаар явсан. Д.М манай эхнэрээс мөнгө зээлж авна гэж яриад явцгаасан. Мэндбаяр, О 2 Галшар сумын төв яваад орой 16 цаг өнгөрч байхад ирцгээсэн. Тэр 2 ирэхдээ 1 шил 0.75 литрийн архи авчирсан байсан бөгөөд уг архийг нь Д.М бид 2 хувааж уусан. Тухайн үед М  дүү Б манай гэрт ирчихсэн байсан, Б архинаас уугаагүй. Д.М бид 2 архиа хувааж ууж дууссаны дараа Д.М дүүгээ дагуулаад гэр рүүгээ харьсан. Тэр орой дахиж манай гэрт ирээгүй. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, өглөө эрт Д.М ганцаараа, мотоцикльтой манай гэрт ирсэн. Мэндбаярыг ирэхэд нь манай эхнэр гэрт байсан Хараа гэх 0.75 литрийн архи гаргаж өгсөн. Уг архийг задлаад ууж байхад Галшар сумын төвөөс Ц.Д ганцаараа машинтайгаа ирсэн. Тэгээд манай гэрт архи уугаад юм яриад сууж байхад Ц.Д Галшар суманд хүн мөнгө өгөх өртэй болчихлоо, мал борлуулж өрөө дарна гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр Дорждаваагаас Өгөх гэж байгаа малыг нь авъя, надаас мөнгө авчих гэж хэлсэн. Дорждаваагаас хэдэн хонь аваад 300.000 төгрөг өгөхөөр болж архи ууж дуусаад бүгдээрээ Галшар сумын төв явахаар болсон. Ингээд Д  машинтай М, О, Ц.Д бид 4 хамт Галшар сумын төв рүү явцгаасан. Галшар сумын төв рүү явахаасаа өмнө Д.М мотоциклио гэрийнхээ гадаа аваачиж үлдээсэн. Галшар сумын төвд очоод Хаан банкнаас манай эхнэр 300.000 төгрөг аваад Д өгсөн. Ц.Д манай эхнэрээс 300.000 төгрөг аваад юу хийснийг нь сайн мэдэхгүй, хүнд өрөө өгсөн гэж хэлж байсан. Тэгээд нэг их удалгүй Галшар сумын төвөөс хөдөө гэр рүүгээ гарцгаасан. Сумаас гарахын өмнө Ц.Д 2 шил 0.75 литрийн архи, 1 том савалгаатай пиво, хэдэн ширхэг бэлэн гоймон, хиам, ундаа зэрэг зүйл худалдаж авсан. Би дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи худалдаж авсан. Галшар сумын төвөөс гараад хөдөө гэр рүүгээ явж байхдаа 1 том савалгаатай пивийг нь хувааж уусан. Пивоо ууж дуусаад хөдлөөд явж байхад манай худаг дээр үхэр ирчихсэн байхаар нь очиж үхрээ усалсан. Үхэр усалж байхдаа миний авсан архийг хувааж уусан. Бид нарыг худаг дээр байхад Галшар сумын харьяат Г  гэдэг залуу мотоцикльтой, ганцаараа ирсэн. Г  адуу хайгаад явж байгаа гэж ярьж байсан. Бид нарыг архи уугаад дуусаж байхад ирсэн болохоор Г  гэдэг залууд архинаас өгөөгүй. Тэгээд үхрээ усалж дуусаад манай гэр рүү явсан, Тэгэхэд Г  худаг дээрээс салаад урагшаа явсан. Манай гэрийн гадаа очоод О гэрт нь буулгаж үлдээгээд Дорждаваа, Д.М бид 3 хамт М  гэрт очиход Б гаднаас хашаандаа адуугаа хашчихсан байсан. Бид нар М  гэрт ороод Галшар сумын төвөөс авчирсан архийг задлаад ууж байсан. Тэгж байгаад Д.М гэртээ унтаад өгсөн. Ц.Д бид 2-ыг архи уугаад сууж байхад гадаа мотоцикльтой хүн ирэхээр нь гарч харахад Г  ганцаараа ирсэн. Г  ирээд М  гэрт ороод гэрийнх нь баруун талаар суугаад архинаас уусан. Гэрэлтулгыг орж ирэхэд нь архинаас хийж өгсөн. Бид нарыг архи ууж байхад Г  намайг өшиглөөд байхаар нь М  гэрээс гарсан. Намайг М  гэрээс гарсан чинь миний араас гарч ирээд намайг татаж унагаад, нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би М  дүү Б  гэр рүүгээ хүргүүлсэн. Б  гэртээ хүргүүлэхэд гэрт О хүүхдүүдтэйгээ байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө мотоциклийг унаад хонь руу явсан. Хонин дээрээ явж байгаад, хонио эргүүлчихээд бэлчээр дээрээ унтаад өгсөн. Намайг хээр унтаж байхад О дүүтэйгээ ирээд намайг сэрээгээд гэр рүүгээ авч харьсан. Намайг гэрт хүргэж өгөхөөр нь гэртээ ороод унтсан. Намайг гэрт унтаж байгаад сэрэхэд Мэндбаяр, Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнийн дүү, нөхөртэйгээ хамт байсан, удалгүй цагдаа нар ирээд бид нарыг бариад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/

9.Гэрч Б.О 2020 оны 06 сарын 21-ний өдөр өгсөн: “...2020 оны 06 сарын 18-ны өдөр 14 цагийн үед М  хамт Галшар сум явсан. Галшар суманд очоод би өөрийн данснаас 100.000 төгрөг авч Д.Мэндбаярт өгсөн. Сумын төвөөс ирээд манай нөхөртэй хамт архи уусан. Б манай гэрт ирчихсэн байсан. Д.М Х 2 архиа хувааж ууж дуусаад Д.М дүүтэйгээ гэр рүүгээ харьсан. 2020 оны 06 сарын 19-ний өглөө 06 цагт Д.М манай гэрт ирсэн. Би архи гаргаж өгсөн. Х Д.М хоёр архиа хувааж уусан. Өглөө 07 цагийн үед Ц.Д ирсэн. ...М  уулзсан чинь “Д.М гэрт байгаа хүнтэй муудах гээд байна” гэж хэлэхэд нь манай гэрт очихгүй юу даа гэж хэлсэн. Энэ үед М  гутлын түрүүнд нь хутганы иш харагдахаар нь согтуу хүн яагаач билээ гээд наад хутгаа хаяач гэж хэлэхэд миний үгэнд орж хутгаа газар хаясан. ...Д.М ирээд “нөгөө залуутай муудчихлаа, бие нь гайгүй байгаа гэж ярьсан. Тэгтэл орой эмнэлэг, цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69/

10.Гэрч Э.Даваахүүгийн 2020 оны 07 сарын 20-ны өдөр өгсөн: “Би Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдийн хамтаар ажиллаж амьдардаг юм. Гэтэл Хэнтий аймгийн Галшар суманд амьдардаг манай хүргэн ах Зоригтбаатар нь нас барчихсан юм. Би эхнэр хүүхдүүдээ дагуулаад ажил явдалд нь оролцохоор Хэнтий аймгийн Галшар суманд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр очсон. Ингээд ажил явдал нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Тэгсэн манай эхнэр Д ын үеэл эгч О  нь бид 2-т буцахдаа хөдөө гэрт очиж шөлний хонь аваарай гэж хэлсэн юм. Эхнэр бид хоёр тэгэхээр нь тэр өдөрт нь О  эгчийн гэр буюу Х д очсон. Бид 2 Х д 16 цаг 20 минут гэхэд шөлний хонио авахаар ирсэн. Эхнэр бид 2-ыг Х  ирэхэд Х О  нар хүүхдүүдийн хамтаар унтаж байсан. Ингээд биднийг ирэхэд тэд сэрэхэд Х болон О  нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой халамцуу байсан. Ингээд Х нь хонио эргүүлэхээр явсан. Тэгсэн удалгүй Х нь хонио ил гаргаж өөрөө мотоцикльноосоо буугаад унтаад өгсөн. Тэгсэн энэ үеэр эхнэр О  нь хонио харчихаад манай хонь дутуу байна, тасарчихсан юм шиг байна гээд манай эхнэр Д ыг дагуулаад машинтайгаа хониндоо явсан. Харин би гэрт нь хүүхдүүдийнхээ хамтаар үлдсэн. Ингээд намайг Х  гэрт байж байхад ертөнцийн зүгээр зүүн талаасаа цээж нүцгэн мотоцикль унасан хүн ирж яваа харагдсан. Харин энэ үед манай эхнэр Д  болон О  эгч нар нь зүүн хойд талаас машинтайгаа ирж байсан. Ингээд нөгөө мотоцикльтой хүн гэрт орж ирээд надтай мэнд мэдчихээд байж байхад нь О  эгч, Д  нар хойноос нь орж ирсэн. Тэгсэн О  эгч нөгөө цээж нүцгэн ахад хандаж Хоньчин нийлчихсэн байна шдээ гэхэд Харин тийм ээ маргааш ялгая гэж байсан. Ингээд тэр 2 нээх онц юм яриагүй. Уг цээж нүцгэн ирсэн ах нилээн халамцуухан байсан. Ингээд удалгүй бид хөдөө бэлчээр дээр унтаад үлдсэн О  эгчийн нөхөр Х очиж авахаар бид машинтайгаа бүгд явцгаасан. Харин нөгөө цээж нүцгэн ах гэрт нь үлдсэн. Ингээд бид Х очиж авчихаад буцаж ирэхэд нөгөө цээж нүцгэн ах явчихсан байсан. Ингээд биднийг ирээд удаагүй байтал нөгөө ах дээгүүрээ ногоон өнгийн пудволк өмсөөд дахин ирсэн. Ингээд эхнэр бид 2-ын сумаас авчирсан архийг Х нөгөө ногоон пудволктай ах, О  эгч 3 хувааж уух зуураа өдрийнхөө хийсэн ажил болон хонь малны талаар ярьж байсан. Тэгсэн 18 цагийн үед мөн л нэг залуу ирсэн. Тэр залууг Ц.Д гэж дуудаж байсан. Тэр залуу ирээд нөгөө ногоон пудволктай ахтай Хүнтэй муудалцсан уу? Яасан юм юу болсон юм гэхэд нөгөө пудволктай ах Жаахан муудаад гэж хариулж байсан. Би ч тэр үед тэр 2-ын яриаг анхаараагүй. Яриаг нь хальт сонсоход л тийм зүйл ярьж байсан. Тэгсэн сүүлд ирдэг Ц.Д Х  гэрээс гарч явсан. Ингээд удалгүй буцаж ирэхдээ нилээн айж сандарсан байдалтай ирээд нөгөө ногоон пудволктай ахад хандаж Хүн алчихсан юм уу? гэр орон цус болчихсон, гэрийн орон дээр эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байна ш дээ гэхэд нөгөө ногоон пудволктай ах өмнөөс айхтар юм яриагүй. Тэгээд Ц.Д цагдаад мэдэгдэнэ гээд гараад явсан. Тэгсэн Х О  нар нь нөгөө ногоон пудволктай ахаас Яасан юм, хүн алчихсан юм юу болсон юм гэхэд хариулахгүй өмнөөс нь хулилзаад суугаад байсан. Тэгэхээр нь бид хүүхдүүдээ аваад машиндаа суулгаад цагдаа ирэхийг хүлээсэн. Ингээд цагдаа ирэхийн өмнө нь тэд гэрээс гарч гадаа сууцгаахаар нь би нөгөө ахыг ажиглахад өмсөж явсан түрийтэй гутал нь хажуугаараа цус болсон байсан. Энэ үеэр Ц.Д ирээд нөгөө ногоон пудволктай ахад Та яаж байгаа юм бэ, зодуулчихаад л зугтаачихгүй яасан юм гэхэд хариу юм ярихдаа дунд үсрээд л 10-20 жил л авна биздээ гэх мэт зүйл ярьцгааж байсан. Ингээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө хүнийг авч явсан. Харин би эхнэр хүүхдүүдийн хамтаар Х хаас орой 22 цагийн үед явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76/

11.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 56 тоот дүгнэлт:

1.Талийгаачийн биед хүзүүний хэсгийн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, судасны гэмтэл, орчины булчингийн эд дэх цус хуралт, зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, дух, баруун бугалга, сарвуу, цээж, хэвлий, бүсэлхий, баруун өвдөг, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүлд нь ир үзүүртэй, бусад гэмтлүүлд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Химийн шинжилгээгээр цусанд 4.9 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

5. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.

6.Талийгаач нь хүзүүний хэсгийн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 98-101/

12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 333 тоот дүгнэлт:

1.Д.Х  биед зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтэл нь 1-2 хоног, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна..

4.5 Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 122-123/

13. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 334 тоот дүгнэлт:

1.Д.М  биед зүүн доод 5-р шүд булгарал, завьжинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, зүүн бугалга, шуу, баруун бугалга, шуу, баруун зүүн дал, бүсэлхий зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Дээрх 5-р шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шүдний булгарлаас бусад гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыцн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Дээрх 5-р шүдний булгарал гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна, бусад гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 129-130/

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 34 тоот дүгнэлт /1-р хх-ийн 173-174/

15.Яллагдагч Д.М  2020 оны 06 сарын 22-ны өдрийн өгсөн мэдүүлэгтээ: “Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр багийн харьяат хүн, Дэлгэрэх сумын 1 дүгээр баг Дунд баян гэх газар нутаглаж байсан. Манай нутгаар зуншлага муу болохоор Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багийн нутаг Дунд булаг гэх газарт малтайгаа оторлож ирээд 8 хонож байсан. Би отроор гарч ирэхдээ Д, Б нарын хамт ирсэн. 2020 оны 06 дугаар сарын 18-ны гэрээсээ баруун тийш нутаглаж байгаа Оюун-Эрдэнэтэй хамт Галшар сумын төв рүү миний мотоцикльтой явсан. Миний дансанд ноолуурын урамшууллын мөнгө орох ёстой байсан учраас мөнгөө шалгах гэж явсан. Тэгээд Галшар сумын Хаан банкнаас өөрийнхөө мөнгийг орсон эсэхийг шалгахад мөнгө орсон байсан, гэхдээ би бичиг баримтгүй байсан учраас надад мөнгө өгөөгүй. Мөнгө авч чадахгүй болохоор О 100.000 төгрөг зээлж аваад өөрийнхөө хэрэгцээнд гар утас, гар утасны цэнэглэгч, батерей зэрэг зүйл худалдаж аваад үлдэгдэл мөнгөөрөө мотоцикльдоо бензин хийсэн. Мөн нэг шил 0.75 литрийн Ерөөл гэх архи аваад хөдөө гэр рүүгээ явцгаасан. Галшар сумаас хөдөө яваад эхлээд Х  гэрт очсон. Х  гэрт очоод сумын төвөөс авчирсан архиа Х  хувааж уусан. Намайг тэдний гэрт байхад Б ирээд, архиа уугаад дууссаны дараа хамт гэр рүүгээ явсан. Гэртээ хариад гэрээсээ эргэж гаралгүй унтаж амарсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг өнгөрч байхад босоод хонио бэлчсэн байхаар нь эргүүлээд Х  гэр рүү ганцаараа мотоцикльтойгоо очсон. Х  гэрт очсон чинь нэг шил 0.75 литрийн Хараа гэх архи гаргаад хувааж уусан. Бид нарыг архиа задлаад ууж байхад Галшар сумын төвөөс Ц.Д ганцаараа өөрийнхөө машинтай ирсэн. Ц.Д Х  гэрт ирээд архинаас уугаагүй, бид нартай юм яриад суусан. Ц.Д юм ярьж байхдаа Галшар сум руу хүнд мал өгч мөнгөтэй болох гэж байгаа, Галшар сумын төвд хүнд мөнгө өгөх өртэй гэж хэлж байсан. Тэгэхэд О мал өгөх гэж байгаа бол хэнд ч өгсөн яахав дээ, би малыг чинь авъя гэж хэлсэн. Ц.Д О 300.000 төгрөг авч оронд нь бог мал өгье гэж ярьсан. Яг хичнээн тооны мал өгөх болсоныг нь мэдээгүй. Тэгээд Д хамт Х О бид 4 Галшар сумын төв рүү машинтай нь явсан. Би мотоциклио унаж яваад гэрийн гадаа үлдээгээд сум төв рүү явсан. Бид нар Галшар сумын төвд Хаан банкнаас О 300.000 төгрөг авч Д өгсөн. Ц.Д авсан мөнгөөрөө хүний өрийг өгөөд үлдсэн мөнгөөр бэлэн гоймон, хиам, 2 шил 0.75 литрийн архи, 1 том савлагаатай худалдаж аваад машиндаа суусан. Х нэг шил 0.75 литрийн Ерөөл архи аваад хөдөө гэр рүүгээ буцсан. Хөдөө гэр рүүгээ буцаж явах замдаа зогсоод нэг том савлагаатай пиво, 1 шил 0.75 литрийн Ерөөл архиа бид нар хуваагаад уусан. Архи, пивоноос бид нар бүгд ууцгаасан. Бид нар архи пивоо ууж дуусаад замдаа орж хөдлөөд Х  худаг дээр очиж мал усалж байсанаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй, уусан архиндаа согтоод тасарсан байсан. Тэгээд унтаж байгаад сэргэхэд гэрт ирчихсэн, гэр дотроо гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан. Унтаж байгаад сэрээд гэрээсээ гарсан чинь гэрийн гадаа нэг танихгүй залуу, Д, Б 3 байсан. Намайг гэрээс гарч ирсэн чинь тэр танихгүй залуу намайг ямар нэгэн шалтгаан байхгүй шууд миний өөдөөс цохьсон, хаана цохиулсанаа санахгүй байна. Тэгээд би тэр залуутай гэрийн гадаа зодолдсон. Намайг тэр залуутай зодолдож байгаад би доор нь ороод хэвтэж байхад тэр залуу миний дээр гараад намайг зодож байхад Дорждаваа, Б 2 машиндаа суугаад хөдлөөд явж байгааг нь харсан. Би тэр залуутай зодолдож байгаад дээрээсээ буулгаад гэр рүүгээ гүйгээд орсон. Гэртээ гүйж ороод гэрийн баруун хойд талд байх нааран модон орны толгой хэсэгт байсан цүнхнээс хар иштэй хутгаа гаргаж автал тэр залуу араас дагаад орж ирээд намайг цохьсон. Тэгэхээр нь би өөдөөс нь зодолдож байгаад гартаа байсан хутгаараа тэр залууг хутгалсан, яг хаана нь яаж хутгалсанаа мэдэхгүй байна. Би тэр залууг ямар ч байсан хутгалсан гэдгээ мэдэж байна. Би тэр залууг хутгалчихаад гэрээсээ гүйж гараад мотоциклио унаад гэрээсээ зүүн хойшоо чигтэй хөдлөөд явсан. Тэр залуу манай гэрээс гарч ирээгүй. Гэрийн зүүн хойд талд байх цагаан дэл хадны хажууд зогсож байхад цагаан өнгийн машинтай хүн ирж уулзахад дотор нь О суугаад явж байсан. О надтай уулзаад хонь хүнд өгөх гэсэн чинь танай хоньтой нийлсэн байна гэж хэлсэн. Тэгээд миний гутлын түрийг хараад Наад хутгаа хая гэж хэлэхээр нь би хутгаа гаргаж хаясан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Тэгж байгаад сэргэж, миний санаж байгаагаар гэртээ ороход манай гэрт ирсэн байсан танихгүй залуу гэрийн зүүн хойд талд доошоо харсан байдалтай байсан, цус гарсан байсан. Тэгэхээр нь гэрээс цэнхэр өнгийн хагас ханцуйтай пудволк өмсөөд Х  гэр рүү явсан. Х  гэрт очоод О манайд байгаа хүн цус алдсан байна гэж хэлсэн. Тэгээд намайг Х  гэрт байхад Дорждаваа, Энхтүвшин 2 мотоцикльтой ирээд гэр рүүгээ харьж эргэж ирээд түргэн дуудсан. Намайг Х  гэрт байж байгаарай гэж хэлсэн. Намайг Х  гэрт байхад Галшар сумын цагдаа нар ирээд бариад авч явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-221/

16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 247/

17.Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 сарын 18-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 01-03/

18.Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 95-98/

19.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хувьд гомдолтой байна. Шүүгдэгч Д.Мэндбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

20.Гэрч Ц.Д  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр үед би, Болдхэт, Мэндбаяр, Г , Х нар байсан. Шалтгаангүйгээр архи уусан Б архи уугаагүй. Бид нар 2 шил архи уусан. Архи уугаад сууж байхад талийгаач орж ирсэн. Уг архинаас Д.М нэг их уугаагүй. 2 шилтэй 0.75 литрийн архи байсан. Өмнөх өдөр нь Х Д.М нар архи уусан байсан. Тухайн өдөр бас архи уусан. Би болсон үйл явдлыг мэдэж байгаа. Талийгаач агсан тавиад байсан. Эхлээд Хүрэлбаатарт агсан тавьсан. Тэгээд дүү Б  хүргүүлсэн. Дараа нь надад агсан тавиад байсан. Талийгаач зодолдоё гээд байсан. Тэгээд 2-уулаа Галшар сум явна гээд байсан. Х  хамт цуг явна гээд байсан. Х аваад явах гэж байхад талийгаач гэрээс гарч ирээд агсан тавьсан. Талийгаач агсан тавиад М  зодолдоно гээд байсан. Би салгана гэхээр гар хөл муу байсан. Би айлд очиж Т г авчирсан. Тэгээд бид хоёр цагдаа дуудсан. Намайг явахад М, талийгаач хоёр гэрт үлдсэн. Муудалцаад байсан.Талийгаач М зодоод байсан. Би эхлээд хэд хэдэн удаа салгасан. Би удаагүй ирсэн. 40-50 минут болоод ирсэн.  Д.М баруун айлд очсон байсан. Намайг ирэхэд талийгаач суугаа байдалтай байсан. Эмнэлэг, цагдааг Т  бид хоёр дуудсан. Цус гоожсон байсан. Тэгээд баруун айлд очиход Д.М ах байсан. Би яасан юм бэ гэхэд Д.М ах би хутгалчихсан гэж хэлсэн. М  гутал нь цус болсон байсан. М  нүд нь хөхөрсөн байсан. Талийгаач Х дээрэлхэж цохиод байсан. Талийгаач нэг их согтуу байгаагүй. Талийгаач намайг тонгорч унагаагаад миний мөрийг 2-3 удаа мулталсан. Тэгээд миний мөрийг буцаагаад оруулсан. Мэндбаяр, талийгаач хоёр муудах шалтгаан байгаагүй. Талийгаач эхэлж муудалцаж эхэлсэн. Тэр хоёр барилцаад зодолдоод байхад нь 2 удаа салгасан” гэх мэдүүлэг

21.Шүүгдэгч Д.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би мөрдөн байцаалтын шатанд холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би М.Гэрэлтулгыг хутгалсандаа гэмшиж байна. Би маш их харамсаж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мэдүүлэг, гэрч Ц.Дорждаваа, Э.Энхтүвшин, Н.Болдхэт, Б.Хүрэлтулга, Б.Оюун-Эрдэнэ, Э.Даваахүү нарын мэдүүлэг, яллагдагч Д.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Д.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 56 тоот дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

   Тодруулбал Д.М нь согтуургаар 2020 оны 06 сарын 19-ний орой Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Дунд булаг” гэх газарт өөрийн гэртээ М.Г  маргалдаж улмаар түүний хүзүүний ар хэсэгт хутгалж, хүнийг алсан болох нь тогтоогдож байна. 

Энэ нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 56 тоот:

1.Талийгаачийн биед хүзүүний хэсгийн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, судасны гэмтэл, орчиний булчингийн эд дэх цус хуралт, зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, дух, баруун бугалга, сарвуу, цээж, хэвлий, бүсэлхий, баруун өвдөг, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Химийн шинжилгээгээр цусанд 4.9 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

5.Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.

6.Талийгаач нь хүзүүний хэсгийн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас шүүгдэгч Д.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Мэндбаярыг “хүнийг алахгэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Д.Мэндбаяр, хохирогч М.Г  нарын архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогч М.Гэрэлтулгын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч Д.М нь “Хүнийг алах” гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Болормаа, С.Нэргүй нар нь “шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1-д зааснаар Хүнийг алсангэмт хэргийг  үйлдсэн нь тогтоогдож байна гэх дүгнэлтийг гаргасан нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.М нь “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нь “шүүгдэгч Д.Мэндбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

              Шүүгдэгч Д.М  гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь “шүүгдэгч Д.Мэндбаяраас нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Мэндбаяраас гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хүнийг алах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хууль бус үйлдэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг 02 жил 01 сарын хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд уг ялыг бүрэн эдэлж дууссан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 334 дугаартай “Д.М  биед зүүн доод 5-р шүд булгарал, завьжинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, зүүн бугалга, шуу, баруун бугалга, шуу, баруун, зүүн дал, бүсэлхий зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Д.М нь “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

Тухайлбал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.М  биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мэндбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, улсын яллагчийн шүүх хуралдаанд  “шүүгдэгчид 8 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан” зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар  “шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болохоор заасан байх тул шүүгдэгч Д.Мэндбаярт 5 жил 5 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Д.М нь “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж үзэх үндэслэлгүй, тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлгүй, нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлан ирсэн зан заншлыг үл тоомсорлосон, ямар ч шалтгаангүйгээр, ялимгүй зүйлийг шалтаг болгож архидан согтуурч хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн пудволк 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, ногоон, цэнхэр алаг эрээн даавуу 1 ширхэг, амь хохирогч М.Г-ын өмсөж явсан саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хөлийн ороолт 2 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Д.М  өмсөж явсан хар өнгийн хоромон гутал 1 хос, саарал алаг эрээн өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг шүүгдэгч Д.Мэндбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

         Шүүгдэгч Д.М  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

              Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2 дугаар зүйлийн 4, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд

 тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 8 /найман/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 8 /найман/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М  цагдан хоригдсон 119 /нэг зуун арван есэн/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн пудволк 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, ногоон, цэнхэр алаг эрээн даавуу 1 ширхэг, амь хохирогч М.Г-ын өмсөж явсан саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хөлийн ороолт 2 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Д.М  өмсөж явсан хар өнгийн хоромон гутал 1 хос, саарал алаг эрээн өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг шүүгдэгч Д.М-т буцаан олгосугай.

6.Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.М  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР

                                    ШҮҮГЧИД                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                    М.ЭНХМАНДАХ