| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00055/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/59 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч холбогдох 2040000540076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Ч Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Д.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны ар талын газраас иргэн Г.Б гээгдэл эд хөрөнгө болох “Орро А9” гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 400000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруу болон хэргийн зүйлчлэл, ялын саналыг зөвшөөрч байгаа” гэв.
2040000540076 дугаартай хэргээс
Шүүгдэгч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын зүүн урд хэсэгт байх гаалийн гэх тодотголтой жоншны талбай дээр хувиараа хүнд жонш ялгаж өгч мөнгө олдог юм. 2020 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна ажлаасаа багцаагаар 15 цагийн орчимд буугаад ганцаараа гэр рүүгээ алхаж явахдаа Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрд байх аав Д орж цай уухаар болоод 43 дугаар байр болон 42 дугаар байрны дундуур ороод явахад 43 дугаар байрны ертөнцийн зүгээр урд хэсэгт нь хар өнгийн корпустай хавтгай дэлгэцтэй утас байхаар нь авсан. Ингээд уг утсыг авахад тэр утсанд “Хань” билүү “Хайр” гэсэн дугаараас залгахаар нь би аваагүй. Тэр дугаараас намайг утас олсон байх үед 1 л удаа залгасан. Ингээд би аавын гэрт ороод уг утсыг унтраасан. Би тухайн үед гаднаас олсон утсаа аавын гэрт ороод унтраахдаа аав ээжид мэдэгдээгүй, мөн утас олсон талаараа мэдэгдээгүй. Ингээд би цай уучихаад гэр рүүгээ явсан. Намайг гэрт очиход манай гэрт хүн байгаагүй. Учир нь манай эхнэр ажилдаа харин хүүхдүүд манай найз С-д байсан юм. Ингээд би гэртээ ороод газраас олсон утсаа үзэхэд “ОРРА”" гэсэн бичигтэй утас байсан. Ингээд би олсон утсаа асаалгүй бичиг баримт хийдэг савандаа далд хийсэн. Би эхнэр О-д утас олсон талаараа хэлээгүй. Харин 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу найзынхаа машиныг засварлуулахаар авч явахдаа эхнэртээ “Би утас олсон байсан юм, хот руу авч явж найздаа зараад ирье” гэж хэлээд авч яваад Улаанбаатар хотод очиж М гэдэг найздаа зарж М-гийн өөрийнх нь барьж байсан “А7” загварын гар утсыг нь авч дээр нь 200.000 төгрөг авахаар болсон. Тухайн үед М нь бэлэн мөнгө байхгүй байна, дараа цалингаа буухаар 200.000 төгрөгийг нь өгье гээд надад өөрийн барьж байсан гар утсаа өгсөн. Ингээд удалгүй М нь манай эхнэрийн хаан банкны ............. дугаарын дансанд 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөгөө шилжүүлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байранд байдаг юм. Манай байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь манай машины авто граж байдаг юм. Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнхөө машинд засвар үйлчилгээ хийж байгаад машиныхаа тросыг хэмжих гээд эхнэр рүүгээ өөрийнхөө утсаар залгаж цонхоороо метр шидүүлж авахуулчихаад буцаж автомашиныхаа граж дээр ирж машинаа янзалж байгаад машины засагдсан эсэхийг нь шалгахаар асаагаад гражны үүднээс хойд зүгт буюу 43, 42, 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талаар нь 40 дүгээр байр хүртэл яваад эргэж ирсэн юм. Ингээд граж дээрээ ирсэн. Би машинаа шалгаж үзэхээр асаагаад унаж явахдаа гражныхаа хаалгыг цоожлоогүй явсан. Ингээд би гар утсаараа ярих гээд гар утсаа олоогүй. Тэгэхээр нь намайг машинаа шалгахаар хойшоо явсан хойгуур эхнэр орж ирээд утас аваад явчихлаа гэж бодоод гражаа цоожлоод гэр рүүгээ орж эхнэрээс асуухад манай эхнэр аваагүй, мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би эхнэрийн утсаар өөрийнхөө утас руу олон дахин залгасан боловч авахгүй байж байгаад сүүлдээ холбогдохоо больсон. Тэгэхээр нь би гар утсаа гражнаасаа алдчихлаа гэж цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Би тухайн үед гар утсаа гражны дунд хэсэгт байх ширээн дээр тавьсан гэж бодож байсан. Тэрнээс яг ширээн дээр тавьж үлдээсэн гэдгээ бас санахгүй байгаа юм. Миний утсыг авсан гэх залуутай уулзахад уг утсыг маань 43 дугаар байрны урд хэсгээс олсон гэж байсан. Тэгэхээр би эхнэрлүүгээ утсаар залгаж метр авахуулахаар ярьчихаад метр авах замдаа халааснаасаа унагасан байх гэж бодож байна. Цагдаагийн байгууллага нь миний гар утсыг олж бүрэн бүтнээр нь эргүүлж хүлээлгэж өгсөн. Иймд надад цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр Б 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд хоол ундаа идчихээд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны ард талд байрлах 262 дугаартай өөрийн эзэмшлийн грашт ачааны машинаа янзлах гээд граш руугаа орсон. 14 цаг нэлээд өнгөрч байх үед Б гэртээ орж ирээд миний утсыг нуучихсан юм уу утас аваад ир гээд гэртээ орж ирэхээр нь би юу гэж чиний утсыг авдаг юм хэзээ завандаа тийшээ орох юм гэтэл чи сая намайг машин шалгах хооронд граш руу ороогүй юм уу гэхээр нь би аваагүй ээ гэтэл буцаад гараад явчихсан. Удалгүй буцаж орж ирээд намайг машин шалгах гээд явах хооронд грашны ширээн дээр байсан утсыг маань хүн аваад явчихжээ гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ 2 охины хамт байсан манай хоёр охин гэртээ унтаж байсан юм. Манай 2 охин нэг нь 11 настай, нөгөөдөх нь 16 настай. Би Б-г граштаа юм хийж байх үед нь граш руу нь хараагүй, грашнаасаа машин шалгах гээд гарсныг нь хүртэл хараагүй уг нь манай хүн грашнаасаа ийш тийшээ явахдаа хэлдэг юм тэр өдөр хэлээгүй гараад явчихсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр cap билүү 05 дугаар сарын аль нь гэдгийг сайн санахгүй байна. Хамт ажилладаг байсан Чинбилэг гэгч нь хотод байна уулзах уу гэж утсаар ярихаар би явж очтол надад мөнгөний хэрэг байна. Чи энэ ОРРО А-9 гар утсыг авах уу гэхээр би надад бэлэн мөнгө бага байна энэ утсаа өгье дээр нь 200.000 төгрөг цалин буухаар өгий гэсэн чинь за тэг гэж хэлээд миний барьж байсан Самсунг А-7 гар утсыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 177 дугаартай ОРРО-А9 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 400.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.М гийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “М би өөрийн найз болох Чинбилэгт өгсөн А7 гар утсаа бүрэн бүтэн байдлаар эргүүлэн авч утасны зөрүү мөнгө болох 200.000 төгрөгийг бэлнээр авсан тул цаашид Чинбилэгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-94 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Д.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны урд талын газраас иргэн Г.Б 400.000 төгрөгийн үнэ бүхий “Орро А9” гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Ч “...2020 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна ажлаасаа багцаагаар 15 цагийн орчимд буугаад ганцаараа гэр рүүгээ алхаж явахдаа 43 дугаар байрны ертөнцийн зүгээр урд хэсэгт нь хар өнгийн корпустай хавтгай дэлгэцтэй утас байхаар нь авсан. Ингээд уг утсыг авахад тэр утасанд “Хань” билүү “Хайр” гэсэн дугаараас залгахаар нь би аваагүй. ...Ингээд би аавын гэрт ороод уг утсыг унтраасан” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Б “...би гар утсаараа ярих гээд гар утсаа олоогүй. ...Тэгэхээр нь би эхнэрийн утсаар өөрийнхөө утас руу олон дахин залгасан боловч авахгүй байж байгаад сүүлдээ холбогдохоо больсон” гэх мэдүүлэг
Хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчаас Д.Ч “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал, дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Өөрөөр хэлбэл прокуророос Д.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Г.Б “...Цагдаагийн байгууллага нь миний гар утсыг олж бүрэн бүтнээр нь эргүүлж хүлээлгэж өгсөн. Иймд надад цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг. Иргэний нэхэмжлэгч М.М гийн “Чинбилэгт өгсөн А7 гар утсаа бүрэн бүтэн байдлаар эргүүлэн авч утасны зөрүү мөнгө болох 200.000 төгрөгийг бэлнээр авсан тул цаашид Ч нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР