| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00057/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/60 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б холбогдох 2040000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороолол оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Б.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Э.Б нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороололд Н.Э “айлын гэрт ирээд ууж чадахгүй, хүнтэй муудлаа” гэж хэлж маргалдаж, улмаар түүний ар нуруу, зүүн бугалга, хүзүү рүү нь банз модоор цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороолол хашаанд Н.Э “айлын гэрт идээд ууж чадахгүй, хүнтэй муудлаа” гэж хэлж маргалдаж, улмаар түүний ар нуруу, зүүн бугалга, хүзүү рүү нь банз модоор цохиж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэм буруу болон хэргийн зүйлчлэл, ял оногдуулах тухай прокурорын саналыг зөвшөөрч байгаа” гэв.
Эрүүгийн 204000000082 дугаартай хэргээс
Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороололд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ унтаж амрахаар хэвтсэн. Тэгтэл 2020 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 01 цаг өнгөрч байхад манай найз Х гэрийн гадаа ирээд хаалга тогшоод орж ирсэн. Х надтай уулзаад, намайг дагуулаад гэрээс гарсан. Бид хоёрыг хашааны гадаа гарахад Э, А 2 хамт машинтай сууж байсан. Тэд нарын машинд суухад 1 шил архи уугаад сууж байсан. Би архинаас нь уусан. Бид нар архиа ууж дуусаад бүгдээрээ манай гэр рүү орсон. Гэрт орж ирээд удаагүй байхад Э, А 2 архи аваад ирье гээд явсан. Х манай гэрт үлдсэн. Э, А 2 архинд яваад 1 шил архи авчирсан. Уг архийг манай жижиг өрөөнд бид 4 хувааж уусан. Бид нарыг архи ууж байхад манай эхнэр босож хоол хийсэн. Хоол болж байх үед Э, Х 2 хоорондоо маргалдаад байхаар нь гэрээс гаргасан. Би тэр хоёрыг гэрээс чирээд гаргасан. Э, Х 2 гэрээс гараад хоорондоо зууралдаад, барилдаж байгаа юм шиг ноцолдож байгаад хамт газар унасан, 2 биенийгээ цохьсон асуудал байхгүй. Газар унахаар нь би Х татаж босгоод гэр рүү оруулсан. Харин Э А аваад манай хашаанаас гараад явсан. Тэгээд гэртээ ороод унтаж байхад өглөө 06 цаг өнгөрч байхад Э, А М гурав хамт ирээд манай гэр рүү орж ирээд Х дагуулаад гарсан. Би араас нь удаагүй гарсан чинь тэд нар уулзаад зогсож байсан. Би байшингийн зүүн талд хашааны орчимд очоод шээчихээд эргээд явж байхад тэд нар дундаас Э, ганцаараа над руу гүйж ирээд миний энгэрээс заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би Э газар унагаасан. Тэгтэл Э, босож ирээд хашааны нарийн банз мод аваад миний баруун гарын бугалга руу цохихоор нь би зөрүүлж хашааны нарийн банз мод гартаа бариад Эрдэнэбаярын ар талын далны орчим, хүзүүний орчимд 2-3 удаа цохьсон. Энэ үед А гүйж ирээд салгасан. А намайг салгаж байхад эхнэр гарч ирээд намайг гэр рүү оруулсан. М , А 2 Э дагуулаад явсан байсан, би яаж явсныг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 09-ний орой 22 цагийн найз А уулзаад машиндаа юм ярьж байгаад А хамт ажилладаг Х Бор-Өндөр сумын 3 дугаар баг гэр хороололд байна гэхээр нь авахаар шөнө 00 цаг өнгөрч байхад очсон. Х уулзаад Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороололд Б хашааны гадаа очиж зогссон. Тухайн үед Х 1 шил архи байсныг нь машиндаа ууцгаасан. Бид нар архиа ууж дуусаад Б дуудаж гаргаж ирээд хамт гэрт нь орсон. Б гэрт ороод сууж байгаад А бид хоёр хамт архи авчрахаар гараад явсан. А бид хоёр алхаж яваад Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрнаас 1 шил 0.5 литрийн Хараа гэх архи аваад Б гэрт очсон. Б гэрт авчирсан архиа хуваагаад ууж байхад эхнэр нь хоол хийж өгсөн. Архиа ууж байгаад би Х маргалдаад гэрээс нь гадаа гарч уулзсан. Б гэрийн гадаа Х маргалдаж байгаад барилдахаар болсон. Ялихгүй юмнаас болж маргаад яахав, зүгээр сайхан барилдая гэж хэлээд барилдсан. Х бид хоёр барилдаж байгаад хамт газар унасан. Тэгээд босоод буцаж Б гэрт орж үлдсэн архиа уусан. Тэгэхэд Х ийн нүүр зулгарсан байсан, надтай барилдаж байгаад унахдаа нүүрээрээ унасан юм шиг байсан. Тэгээд архиа ууж дуусаад А бид хоёр Б гэрээс гараад алхаж яваад Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Намын байрны хажуу талын Нийтийн байранд М гэрт ирсэн. Тэгээд А бид хоёр, М дагуулаад буцаад Нарлаг хороолол руу Б гэрт очсон. Би Х гадаа барилдаж байх үедээ машиныхаа түлхүүрийг унагасан юм шиг байсан, надад байхгүй байхаар нь Б хашаанд байж магадгүй гээд бид гурав хашаанд хайж байтал Х , Б гэрээсээ хоёр гарч ирсэн. Би машины түлхүүрээ хайж байхдаа Б хашаанд байсан эзэнгүй гэрийн ар талаар орж хайсан. Энэ үед Б надтай хамт явж байсан юм. Би машины түлхүүрээ хайж байхдаа Б тай маргалдсан. Б намайг “Айлын гэрт ирээд ууж чадахгүй, хүнтэй муудлаа” гэж хэлэхээр нь уур хүрээд хашааны нарийн банзаар Б баруун мөр рүү нь цохьсон. Тэгтэл Б хашааны нарийн банз мод барьж аваад намайг зөрүүлээд цохьсон. Б миний ар нуруу, зүүн бугалга, хүзүү рүү банз модоор цохьсон. Тэр үед банзаар цохиулсандаа ухаан балартаад газар сууж байтал А М хоёр намайг аваад эмнэлэг рүү явсан. Х , Б хоёр гэртээ үлдсэн. Намайг Б тай муудаж байх үед дэргэд хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед найз Э Бор-Өндөр сумын 48-р байрны гадаа уулзсан. Э, өөрийнхөө Марк-2 маркийн автомашинтайгаа явж байсан. Тэгээд бид Бор-Өндөр сумын 3-р баг Дэнжийн гудамжинд 2 пиво машин дотроо ууж дуусаад 00 цагийн үед Х ахтай утсаар яриад уулзсан. Х ах 1 шил 0.75 литрийн савлагаатай архи аваад ирсэн. Тэгээд бид гурав Эрдэнэбаярын машинтай Нарлаг хороололд байх Х ахын найз Б гэрт нь очсон. Тэдний гэрт нь ороод бид дөрөв авсан архиа хувааж уусан. Би Б гэрээс гараад бие засаад орж ирэхэд Э, Х хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд Э, Х хоёр гадаа гараад хоорондоо муудалцаад ноцолдоод байсан. Тэгэхээр нь би Э аваад найз М гэр рүү явсан. М гэрт очоод Б н гэрийн гадаа үлдээсэн Эрдэнэбаярын машиныг түгжсэн эсэхийг шалгах гээд буцаад бид гурав хамт Нарлаг хороолол руу явсан. Очоод Э, машиныхаа түлхүүрийг авах гээд Б гэр рүү ороод гарч ирэхдээ Х ахтай хамт гарч ирсэн. Тэр үед би 00-д бие засаад байж байхад Б хашаанд байх монгол гэрийн хойд талд хүн хашхирсан. Тэгэхээр нь би гүйгээд очиход Э, газар уначихсан байдалтай, Б хойд талд нь гартаа модон банз барьчихсан зогсож байсан. Би Э сэрээх гэж оролдоод сэрэхгүй босож чадахгүй байхаар нь М бид хоёр өргөөд эмнэлэг рүү явсан. Эмнэлгийн хүлээн авахад хүлээлгэж өгөөд гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би 18 цагт ажлаасаа буугаад гэртээ ирээд амарсан. Тэгээд гэртээ ганцаараа унтаж байхад 10 дугаар сарын 10-ны өглөөний 04 цагийн үед гэрт Э, А хоёр хамт согтуу байдалтай Эрдэнэбаярын бие нуруу ташаа хэсэгтээ шалбарсан байдалтай орж ирсэн. Надад хэлэхдээ Бор-Өндөр сумын Нарлаг хороололд хүнтэй муудалцсан гэж хэлсэн. Тэгээд Э, буцаж очиж машинаа авна түлхүүрээ олохгүй байна гэхээр нь бид 3 хамт гэрээс гараад Нарлаг хороолол руу явсан. Тэнд 6 дугаар эгнээнд байх Б гэх залуугийн гэрт А бид хоёр ороод машиных нь түлхүүрийг асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Б гэрт байсан Х гэх залуу тамхи татахаар гэрээс нь гараад хашааны үүдэнд очсон. Х би Э зодлоо гэж өмөөрөхөд Х над руу дайрахаар нь би Х өргөөд унагаасан. Тэгтэл Б н хашаан дотор байх монгол гэрийн хойд талд хүн хашхирах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би яваад очиход Э, газарт хэвтэж байсан. Намайг очиход Эрдэнэбаярын хажууд А Б нар байсан. А надад хэлэхдээ Э хашааны банзаар цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд Э, ухаан алдсан юм шиг байхаар нь А бид хоёр үүрээд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт 06-07 цагийн хооронд ирсэн. Эмнэлгийн хүлээн авахад хүлээлгэж өгөөд би гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Хохирогч Н.Э цагдаагийн хэлтэст гаргасан “Миний бие Н.Э, нь Э.Б д гомдол санал байхгүй. Эмчлүүлж байх хугацаанд гарсан эм тариа, хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн зардал мөнгийг нэхэмжлэхгүй. Энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хорооллын дахь өөрийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Э маргалдан улмаар түүнийг модоор цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэг, зүүн мөрний гадна дээд хэсэг, хүзүүний урд хэсэг, зүүн бугалганы гадна дээд дунд хэсэг, зүүн суганы ар хэсэг, зүүн далны дунд хэсэг, баруун гарны тохойны дээд хэсэг, нурууны 2 хажуу хэсэг, бүсэлхүйн баруун, зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүдийг үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Н.Э “...Б намайг “Айлын гэрт ирээд ууж чадахгүй, хүнтэй муудлаа” гэж хэлэхээр нь уур хүрээд хашааны нарийн банзаар Б баруун мөр рүү нь цохьсон. Тэгтэл Б хашааны нарийн банз мод барьж аваад намайг зөрүүлээд цохьсон. Б миний ар нуруу, зүүн бугалга, хүзүү рүү банз модоор цохьсон...” гэх мэдүүлэг
Гэрч Б.А “...Б хашаанд байх монгол гэрийн хойд талд хүн хашхирсан. Тэгэхээр нь би гүйгээд очиход Э, газар уначихсан байдалтай, Б хойд талд нь гартаа модон банз барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 104 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Н.Э биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Н.Э, нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдол, санал байхгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогчийн хэн аль согтуурсан байдал, бие биенээ үл хүндэтгэсэн харилцаанаас шалтгаалсан байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай нарийн банз мод 4 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР