Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05992

 

2016 оны 12 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05992

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 70-р сургууль хичээлийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Асгат” ОНӨААТҮ-ийн газрын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамж-3 өөрийн байр, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 677 597 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Асгат” ОНӨААТҮ-газар нь 2010 оноос “Баянгол Сэлбэ” амралтын газрыг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас менежментийн гэрээгээр авч үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байсан. 2012 онд дүүрэг амралтын газрыг татан авсан. 2013 онд амралтын газрын уурын зуух хөлдсөн бөгөөд хөлдөөсийг манайх хариуцан ажиллаж гаргасан. Хөлдөөсийг арилгахад 5 677 597.85 төгрөгийн зардал гарсан, энэ зардал нь авлага болж одоо хүртэл “Асгат” ОНӨААТҮ-газар нь санхүүгийн тайланд бүртгэгддэг. Энэ авлагыг яаралтай барагдуулах үүрэг өгсөн бөгөөд Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт удаа дараа хандаж байсан боловч тодорхой шийдвэрт хүрээгүй өдийг хүрсэн. Иймд хууль журмын дагуу 5 677 597 төгрөгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн харьяанд байх “Баянгол Сэлбэ” ахмадын амралтыг анх 2006 онд Дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 93 дугаар тогтоолоор “Материал Импэкс” ХК-иас  худалдаж авсан байдаг. Үүнээс хойш 2010 оны 4-р сарын 28-ны өдрөөс эхлэн менежментийн гэрээгээр “Асгат” ОНӨААТҮ-газар шилжүүлэн ажиллуулж байгаад 2013 оны 1 дүгээр сараас Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоол гараад буцааж өөрийн харьяанд авсан. Нэхэмжлэгч нь төлбөр байсан гэж үздэг юм байна. Энэ төлбөр нь

хэзээ, ямар засварын ажилд хэдэн төгрөгний зардал гаргасан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Асгат” ОНӨААТҮ-ийн газар нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 677 597 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 04-р сарын 28-ны өдрийн 93 тоот “Баянгол амралтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор “Баянгол Сэлбэ” ахмадын амралтын газрыг менежментийн гэрээгээр “Асгат” УҮГ-ын харъяанд /хх 11/ шилжүүлжээ.

“Асгат” ОНӨААТҮ-газар тус амралтын газрыг хариуцан ажиллуулж байгаад Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 01-р сарын 17-ны өдрийн 05 тоот “Баянгол сэлбэ” амралтын газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор “Баянгол хүүхдийн зуслан” болгон өөрчлөн байгуулж Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэдэлд шилжүүлсэн /хх 10/ байна.

Нэхэмжлэгч нь “2013 оны 2-р сард амралтын газрын уурын зуух хөлдсөн, үүнийг 5 677 597 төгрөгөөр засварласан” талаар маргасан  байх ба 2013 оны “Асгат” үйлдвэрийн газрын санхүүгийн тайлан балансад 5 677 597 төгрөгийн дансны авлага бүртгэгджээ.

Хэдийгээр авлага бүртгэгдсэн боловч энэ нь “Баянгол сэлбэ” амралтын газрын уурын зуухны засварын ажилд гаргасан зардал, хийсэн ажлын хөлс зэргийг нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хэзээ хийгдсэн ажилд ямар хэмжээний материалаар гүйцэтгэсэн ажил болох нь тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Асгат” үйлдэрийн газрын 2010-2012 оны санхүүгийн тайлан балансыг нотлох баримтаар гаргуулсан /хх 33-74/ боловч эдгээрт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой авлага тусгагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 5 677 597 төгрөг гаргуулахыг хүссэн “Асгат” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 785 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА