Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт Н-н Г-д холбогдох эрүүгийн 2117000000001 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 27-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг Л- тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо тус сумын  дугаар баг, Лүнгийн ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ч овогт Н-н Г /РД:................/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.Г нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед иргэн Х.Ө-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “пизда” гэж хэллээ гэж өөрийн жолоодон явсан мотоциклоор Х.Ө-ын жолоодон явсан мотоциклын урд дугуй руу мөргөж унаган улмаар босож ирэхэд түүний нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохиж цохонд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.Г нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хохирогч Х.Ө-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “пизда” гэж хэллээ гэж өөрийн жолоодон явсан мотоциклоор Х.Ө-ын жолоодон явсан мотоциклын урд дугуй руу мөргөж унаган улмаар босож ирэхэд түүний нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохиж цохонд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Н.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би үхрээ туугаад дэрснээс гараад явж байсан. Тэгэхэд мотоциклтой хүн хүрээд ирсэн. Миний тууж явсан үхэр дотроос 10 гаран үхэр тасдаад аваад явсан. Би цаашаа явж байхад буцаад хүрээд ирсэн. Тэгээд ирээд миний тууж явсан үхэр дундуур яваад байсан. Тэгээд үхэрт мөргүүлээд оочоод өгсөн. Тэгээд босож ирээд намайг хараасан. Би наад үхэр дотроос чинь үхрээ аваадхая зогсож бай пизда минь гэсэн. Тэгээд би ерөөсөө юм хэлээгүй үхрээ туугаад яваад л байсан. Тэгэхэд намайг дахиад хараагаад л байсан. Хараагаад байхаар нь би үхэр хумих гээд явж байхад учиргүй давхиж ирээд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь миний уур хүрээд тэгээд би бууж очоод заамдсан чинь дээлнийх нь энгэр урагдаад тэгээд нэг цохисон чинь хөмсөг нь язарчихсан тэгээд л би давхиад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

1.3. Хохирогч Х.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Чойроос Сүмбэр сум 4 дүгээр баг, Өехий гэх газар хөдөө очиж малд явсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн орчим хонио эргүүлээд явж байтал манай үхрийг нэг мотоциклтой хүн бэлчээрээс нь ширүүн хөөгөөд явж байсан. Би өөрийн хэдэн үхрээ ялгаж авсан. Тэр олон үхэр дунд миний 3 үхэр орчихсон салахгүй байсан. Чи байж бай гээд хэлтэл тэр хүн сонсохгүй байсан юм уу яасын мэдэхгүй хөөгөөд л байсан. Би өөрийнхөө үхрийг салгаж авах гээл 1 км шахуу явсан. Тэгтэл нэг үхэр намайг дайраад мотоциклтой унагаачихсан. Тэгэхээр нь чи байж байлдаа гэтэл тэр залуу намайг сонсохгүй байсан. Тэгээд би хажуугаар очоод байж бай гэхэд харсан хэрнээ хөөгөөд л байсан. Тэгээд төмөр замын гүүр ойртохоор нь би гүүр лүү гаргахгүйгээр урдуур нь орж өөрийн гэр чигтээ эргүүлсэн. Тэгсэн чинь тэр залуу /Г/ уурлаад наад үхрээ тэгээд салгаад аваач гээд уурлаад байсан. Тэгээд би үхрийг нь эргүүлсэн. Харин Г үхэрний цаагуур ороод буцаагаад төмөр замын нүхэн гүүр рүү хөөсөн. Тэгэхээр нь би уурлаад хажууд нь очоод байж бай гэхэд Г мотоциклтой эргэж ирээд миний мотоциклын урд дугуйг мөргөсөн. Би чи яаж байнаа гэхэд Г ална шүү гэж хэлээд гараараа миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэр үед миний нүүрнээс цус гараад байсан. Харин Г цаашаа үхрээ хөөгөөд яваад өгсөн. Би мотоциклоо босгоод жоохон байж байгаад явъя гээд зогсож байтал Г буцаад хүрээд ирсэн, чи муу өөрөө далчиганаад байсан биздээ, цагдаа дотроо хэн хэн нь том алхах нь уу үзэх үү гээд байсан. Би чамтай ярих юм байхгүй, би явлаа гэж хэлэхэд намайг явуулахгүй мотоциклийн рульнээс барьчихаад байсан. Тэгээд би мотоциклоо гэрийн гадаа аваачиж тавьчихаад цагдаад дуудлага өгсөн.

...эмчилгээний зардалд одоогийн байдлаар 458 000 төгрөгийн зардал гарсан байгаа. Түүнийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

1.4. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Х.Ө-ыг анх харахад нүүр нь 2 газраас цус гарч байсан. Хамартайгаа цуг. Тэгээд толгой өвдөөд байна, баруун талын гар эвгүй болчихжээ гэсэн. Тэгээд яасан гэсэн чинь мотоциклтой явж байхад хажуугаас мөргөж унагачихаад нүүр лүү цохисон.  Би харахад цус гарч байсан. Цохисон юм уу, өшиглөсөн юм уу гэж асуухад цохисон байх гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

1.5. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан байдлаар хүзүүний 3,4-р шугамын их биеийн шахадсан хугарал гэж жижүүр эмчээс зургийг харж оношилж би утсаар хэвтүүлчих гэсэн.

...Тархины доргилт, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал.

...Толгой өвдөнө, хүзүү өвдөнө. Баруун гар бадайрна. Биеийн байдал дунд зэрэг байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Уг мотоцикл манай өөрийн мотоцикл. Уг мотоциклийг 2019 оны хавар ноолуурын мөнгөөрөө Улаанбаатар хотоос 2 150 000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Улсын дугаар бичиг баримт огт авч байгаагүй. Хөдөө малд унадаг унаа юм. Хятад улсад үйлдвэрлэсэн. HAOJUE маркийн мотоцикл.

...Миний мотоциклд ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/,

 

1.7. Гэрч Х.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би хөдөө ганцаараа байдаг манай дүү ер нь завтай үедээ дандаа ирж надад тусалдаг. Тэр өдөр ирээд би үхрийг чинь дөхүүлж ирчээд буцлаа гэсэн. Тэгээд дүү мордоод явсан. Тэгээд үхэр дөхүүлээд ирэх хугацаа болсон байхад ирэхгүй байхаар нь би араас гарсан. Тэгээд урд талын овоон дээр гарахад дүү Х.Ө залгаад намайг Г-д байдаг залуу зодчихлоо та хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд хаана байгаа юм гэхэд урд нүхэн гүүрний зүүн талд байна гэхэд би очиход нүүр ам нь нил цус болчихсон дээл нь урагдчихсан байсан. Очоод мотоциклоо орхичих хоёулаа наад толгой тархийг чинь үзүүлье гэхэд дараа яаж ирж авах юм бэ гээд мотоциклтойгоо явах гээд мотоцикл руугаа алхаад явж байхдаа гуйваад явж чадахгүй байсан. Бид 2 тэнд нилээн байсан. Бараг 20-30 минут болсон байх. Тэгээд мотоциклоо асаагаад явах гэж байхад тэр Г гэх залуу хүрээд ирсэн. Одоо эндээ асуудлаа шийдчээд яв гээд зууралдаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

1.8. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтэд:

- Х.Ө-ын биед цохонд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн  гэжээ. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

1.9. Хохирогч Х.Ө-ын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

1.10. Хохирогч Х.Ө-ын өвчний түүх /хх-ийн 57-68 дугаар хуудас/,

 

1.11. Хохирогч Х.Ө-ын гаргасан хохирлын тооцоо /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

 

1.12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Г-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Н.Г, хохирогч Х.Ө нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай дүү Г уг нь их дөлгөөхөн хүүхэд. Их тайван, түргэн уур бол гаргахааргүй хүүхэд. Би ийм зүйл болсонд гайгаад байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

2.2. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г нь 2000 оны 10 дугаар сарын 27-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. Айлын том, 3 дүүтэй. Говьсүмбэр аймгийн 2-р 10-н жил төгсөөд Уул уурхайн Политехникийн коллеж төгссөн. 2020 онд Төв аймгийн 016-р ангид цэргийн алба хаасан. Манай хүүхэд даруу төлөв зан ааштай хүүхэд. Одоо Сүмбэр сум 4 дүгээр багт малчин. Ээж аав дүү нарын хамт амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

2.3. Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г нь төлөв даруу зантай хүүхэд юм. Би Хар өвгөн гэдэг айлд бэр болоод 30-аад жил болж байна. Энэ хүүхэд их дөлгөөн тайван зантай хүүхэд. Хүн зодсон гэхээр нь маш их гайхаж байна. Үгнээс гардаггүй их л итгэл найдвартай хүүхэд гэж бодож явдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

2.4. Хохирогч Х.Ө-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт  гаргасан хүсэлт /хх-ийн 90 дугаар хуудас/,

 

2.5. Шүүгдэгч Н.Г-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт  гаргасан хүсэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

         

Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Н-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАНДАХ