| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00058/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/61 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Т холбогдох эрүүгийн 2040000000081 дугаартай хэргийг 2020 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, яс үндэс халх, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 11-25 насны 4 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р багт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Т Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Хажуу улаан” гэх газар иргэн Т.М толгойн үснээс зулгааж, толгой, гар, далан тус газар нь гараараа болон хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн тухай:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Хажуу-Улаан” гэх газар иргэн Т.М толгойн үснээс зулгааж, толгой, гар, далан тус газар нь гараараа болон хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Т.М албан ёсоор уучлалт гуйж, 2 удаа уулзсан. Хохирогчид 78000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Миний буруу” гэх мэдүүлэг,
-Хохирогч Т.М 2020 оны 10-р сарын 05-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 2-р багийн нутаг “Хажуу-Улаан” гэх нэртэй газар ах М, эгч Н, нөхөр Ц нарынхаа хамтаар гар аргаар жонш олборлодог юм. Бидний ойролцоо миний танихаас Бор-Өндөр сумын харьяат Т нөхөр Ц хамтаар, мөн зүс үл таних хүмүүс жонш ялгаж олборлодог юм. 2020 оны 09-р сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед ах М, эгч Н нарын хамтаар жоншоо ялгаад олборлож дуусаад багажнуудаа бариад гэрлүүгээ харих гээд машинруугаа явж байтал Т эгч, Ц ах хоёртой таарахад манай ах М эхнэр Н нь Т хандаж “Мөнгөө авна шүү” гэж хэлэхэд Т эгч уурласан өнгө аястай "Би энэ гичий шиг луйварчин биш, би авснаа өгнө" гээд намайг оролцуулаад хэлэхээр нь би "Та юу гээд байгаа юм бэ" гэснээр бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгсэн энэ үед манай ах М нь өөрийнхөө машинруу, харин Ц ах мөн мотоцикльруугаа явцгаасан. Ингээд Т эгч; Н эгч бид гурав үлдэхэд Т эгч намайг үсдэж зулгаагаад духны зүүн дээд хэсгийн хэсэг газраас туг үс зулгааж унагаахаар нь би "Та яаж байгаа юм, үс унагачихлаа" гэхэд "Хохино, чамайг цусанд чинь булж ална" гэх мэтээр дайрч давшин нулимаад гартаа барьж байсан урт иштэй хүрзээр хүрзний урд хэсэг буюу хутгуур хэсгээр нь ална гээд дайрч цохихоор нь би хоёр гараараа ээлжлэн хаахад миний зүүн гарын шуун тус газар хоёр удаа, баруун гарын шуун тус газар нэг удаа нийт гурван удаа цохисон. Мөн миний зүүн далны доод хэсэгт хүрзний ишээр нэг удаа цохисон. Энэ үед манай эгч Н нь салгах гэсэн боловч Т нь болихгүй надруу улам дайрч давшлан миний толгой тус газар гараараа 4-5 удаа цохисон. Ингээд Т нь намайг цохиж зодохоо больж хэлэх хэлэхгүйгээр хэл амаар доромжилж байгаад надаас холдсон.
...Бид ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэрэлдэж маргалдах үед манай ах М, эгч Н, мен Т эгч болон нөхөр Ц нар байсан. Харин зодуулах үед Н эгч л байсан. Би биеэ хамгаалах гэж л өөдөөс нь эсэргүүцсэн үйлдэл гаргасан. Тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй. Т нь надад "танайх удмаараа янхан" гэж хэлэхэд нь "танайхан л тийм байх" гэж хэлсэн. Тэрнээс өөр хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Намайг элдэвээр хэлэх бүрт нь би “Та л тайм байх, танайх нь тийм байх” гэсэн хариулт өгч байсан. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Харин Т зодуулснаас болж миний толгой хөдөлсөн байсан. Би толгойгоо Сараа гэдэг толгой тархи барьдаг эгчээр өдрийн 10.000 төгрөгөөр бодож 7 хоног буюу 70.000 төгрөгөөр бариулсан. Би энэ мөнгөө өөрөөсөө гаргасан. Мөн дээр нь эмчийн бичиж өгсөн эмнүүдийг нийт 18.000 төгрөгөөр худалдан авч уусан. Өөр эм тариа эмчилгээ хийгээгүй. Би нийт 88.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Би Т болж энэ мөнгийг зарцуулсан тул Т энэ мөнгөө нэхэмжилнэ. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Т нь энэ мөнгийг өгчихвөл ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/
-Гэрч Т.М 2020 оны 10-р сарын 11-ний өдөр өгсөн: “Би эхнэр Н болон төрсөн дүү М нарын хамтаар Хэнтий аймгийн Дархан сумын 2-р бар "Хажуу-Улаан" гэх газарт гар аргаар жонш олборлодог юм. 2020 оны 09-р сарын 30-ны өдөр мөн л жоншоо ялгаж тавиад зөөвөрлөхөөр гарч ирэхэд Т эгч Ц ах хоёртой таарсан юм. Тэгсэн гэнэт л М Т эгч хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Би тухайн үед тэр хоёрыг юунаас болж хэрэрэлдсэнийг анзаараагүй, хэрэлдээд эхлэхээр нь би больцгоо гэж хэлчихээд л машинруугаа явсан. Намайг машинруугаа явахад Ц ах мотоциклио асаагаад жоншоо зарж борлуулах айлруугаа чиглээд явсан. Харин Т эгч М хоёр хэрэлдээд үлдсэн. Тэр хоёртой хамт манай эхнэр Н нь бас үлдсэн. Ингээд намайг машинаа аваад эргээд ирэхэд Т эгч, М хоёр хоорондоо зодолдсон бололтой М нь нүдэнд нь нулимс цийлгэнэсэн байдалтай "Т эгч миний үсийг зулгаагаад тугаар нь унагаж намайг хүрзээр гарруу цохиж зодлоо" гээд гартаа унасан үсээ барьчихсан зогсож байсан. ...М гар өвдөөд байна гэхээр нь машинаа зогсоож байгаад гарыг нь үзэхэд 2 гар нь шуу хэсгээрээ улайрч халцарсан байдалтай болчихсон байсан. Ингээд л манай дүү цагдаагийн байгууллагад хандана гээд байхаар нь би машин олж өгөөд Бор-Өндөр сумруу явуулсан. Миний мэдэх зүйл энэ л байна. ...Т эгчийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг эргэж ирэхэд Т эгч, манай эхнэр Н, манай дүү М нар л байсан. Ойр орчимд нь өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/
-Гэрч Ч.Н ын 2020 оны 10 сарын 11-ний өдөр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа 15 цагийн үед буух гээд Т, М нарын хамтаар явж байтал Т эгч Ц ах хоёртой таарсан юм. Тэгэхээр нь би өмнө нь зээлж байсан мөнгөө буюу 70.000 төгрөгөө нэхэхэд Т эгч "Би өгнө өгнө, би хүн шиг луйвардахгүй" гээд М руу хандаж юм хэлсэн. Тэгсэн гэнэт л М Т эгч хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэр үед нь хамт явж байсан манай нөхөр болон Т эгчийн нөхөр Ц ах хоёр яваад өгсөн юм. Би Т эгчийг М д яг юу гэж хэлсэн эсэхийг нь сонсоогүй. Би мөн тэр үед нь М Т эгч хоёроос холдоод явчихсан юм. Тэгсэн тэр хоёр хэрэлдэж байгаад сүүлдээ зууралдаж авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд очсон боловч дийлдээгүй, Т эгч М ыг үсдсэн байж байгаад духны зүүн дээд хэсгээс нь туг ус зулгааж унагасан. Тэгснээ Т эгч ажлынхаа багаж буюу модон иштэй хүрзээр М ын 2 гарлуу цохиод байсан. Тэгж байгаад л салцгаасан. Би сүүлдээ тэр хоёрын дундуур нь орж байгаад цохиулж магадгүй гэж айгаад тэр хоёроос холдсон. Намайг холдоод удаагүй байхад тэр хоёр зодолдож зууралдахаа больцгоосон. Ингээд л манай нөхөр ирээд бид хоёрыг суулгаад аваад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Тэр 2-ыг юунаас болсон эсэхийг би анх мэдээгүй. Намайг Т эгчээс мөнгөө нэхэхэд Т эгч М руу хандаж үг хэлсэнээр тэр хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Би Т эгчийг анх юу гэж хэлсэн эсэхийг сонсоогүй, өмнө нь энэ хоёрыг хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан эсэхийг мэдэхгүй. Ажил хийж байсан болохоор архи соггууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
-Яллагдагч Д.Т 2020 оны 10 сарын 16-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Хажуу-Улаан” гэх нэртэй газар нөхрийн хамтаар гар аргаар жонш олборлоод ажлаасаа буух үедээ Бор-Өндөр сумын харьяат Т.М гэдэг эмэгтэйтээ маргалдаж уурандаа Т.М үсийг зулгааж унаган, гартаа барьж явж байсан хүрзээрээ хоёр гарруу нь цохьсон нь үнэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад ямар нэгэн ярих зүйл байхгүй. Би Т.М ахад нь 70.000 төгрөгний өртэй байсан юм. Тэр мөнгөний ярианаас болж л бид хоёр хэрэлдэж маргалдах болсон юм. Тухайн үед М болон түүний төрсөн ах М эхнэр Н бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. ... Т.М нь миний өөдөөс эсэргүйцэж намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр хүрз нь миний хүрз, би жонш ухахдаа ашигладаг байсан юм. Уг хүрз нь 1 метр орчим урттай, улаан шаргал өнгөтэй модон иштэй хүрз байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Т.М уучлалт гуйх болно. Би өөрийн уураа барьж дйилэхгүй ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 101 дугаартай “Хүний биед хийсэн шүүхийн эмнэлгийн шинжилгээ”-ний шинжээчийн дүгнэлт:
1.Т.М биед толгойн зулай хэсгийн халзрал, баруун, зүүн шууны хэсэг, зүүн суганы ар дээд хэсгүүдийн цус хуралт, баруун, зүүн шууны гадна дээд, доод хэсгүүдийн зулгаралт, зүүн шууны ар доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй болон хатуу хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт,
Эд мөрийн баримтаар “98 см урттай, ажлын хэсэг нь 25 см, улаан хүрэн өнгийн, будаг нь халзарч хуучирсан, модон иштэй, төмөр хүрз”-ийг хураан авсан тэмдэглэл, “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:
-Гэрч Б.О-ийн 2020 оны 10 сарын 20-ны өдөр өгсөн: “Д.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Жаргалант хороололд нөхөр 4 хүүхдийн хамтаар манайтай хөрш зэрэгэлдээ монгол эсгий гэрт амьдардаг. Д.Т нь тогтсон ажил хөдөлмөр байхгүй, харин энэ тэнд ажил олдвол хийж мөнгө төгрөг олж амьдралаа залгуулдаг. Нөхөр Очироо нь мөн л ажил хөдөлмөр байхгүй. Миний хувьд Түмэндэлгэрийг ааш зан сайтай, хүнтэй эвтэй харилцдаг, цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархаг гэж бодож явдаг. Харин гэм нь түргэн ааштай, огцом ууртай, гэхдээ цайлган сэтгэлтэй болохоор юмыг амархан мартдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, би хэрэглэж байхыг хараагүй. Бие эрүүл мэнд сайн. Ямар нэгэн өвчин зовлон ярьж байгаагүй, харин ямар архаг хууч өвчтэй гэдгийг мэдэхгүй, надад хэлж ярьж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл саруул хүн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
-Шүүгдэгч Д.Т “Иргэний үнэмлэхний лавлагаа” /хх-ийн 34-р хуудас/
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 656 дугаартай “Д.Т нь ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт 4 дүгээр багийн тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/
-Шүүгдэгч Д.Т урьд ял шйитгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 36-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэлэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, Д.Т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын харилцаа, хандлага, бие биедээ хүндэтгэлгүй хандсан байдал, шүүгдэгчийн хувийн зан чанар, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон, шүүгдэгч Д.Т нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 56-р хуудас/ байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргасан, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.М биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хохирогч Т.М нь 2020 оны 10 сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, толгойгоо бариачаар өдрийн 10.000 төгрөгөөр бодож, 7 хоног буюу 70.000 төгрөгөөр бариулсан. Мөн эмчийн бичиж өгсөн эмнүүдийг 18.000 төгрөгөөр худалдан авч уусан. Т болж зарцуулсан энэ мөнгөө нэхэмжилнэ. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй, Т энэ мөнгийг өгчихвөл ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 7-р хуудас/ байдаг.
Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 сарын 30-ны өдөр хохирогч Төмөрбаатарын М ын ХААН банкны 5946471311 тоот дансанд эмчилгээний зардал 78.000 /далан найман мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтаар нотлогдож байна.
Хохирогч Т.М д 2020 оны 11 сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “Шүүх хуралдааны товыг мэдлээ. Надад гомдол, санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгсөн байх тул шүүгдэгч Д.Түмэндэлгэрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж шүүх үзэж, Д.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа ба улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98 см урттай, ажлын хэсэг нь 25 см, улаан хүрэн өнгийн, будаг нь халзарч хуучирсан модон иштэй, төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс үүрэг болгосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Т.М д 78.000 төгрөг төлснөөр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Д.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98 см урттай, ажлын хэсэг нь 25 см, улаан хүрэн өнгийн, будаг нь халзарч хуучирсан, модон иштэй, төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийг биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ